Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Наадам, Үндэсний бөх » “Таван цагариг”-ийнхны таамаглал

GD Star Rating
loading...

“Таван цагариг”-ийн сэтгүүлчид Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны талаар өөрсдийн санал бодлоо бичиж байна. Санал бодол ч юу байхав, өчигдөр 17:00 цагийн үед нэгэн зэрэг үзэг цаас аваад л наадмын бөхийг тоймлолоо. Даалгавар гэнэт “гарч ирж”, богино хугацаанд гүйцэтгэсэн болохоор алдаа оноо байж юу магад. Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, спортын ахмад сэтгүүлч Р.Чулуун ах ч өөрийн таавраа уралдуулав.
Хэн нь ойртуулж “буудсаныг” хэдхэн хоногийн дараа шалгамз. “Таван цагариг”-ийнхан бид ч бөхийн хорхойтон билээ.

Таваас илүү начин тодрох биз
Наадам эхлэхэд үзэгчийн хувьд догдлон баярлах юм даа. Хэдэн сайхан начин тодрох биз ээ. Наадмын маргаашнаас шинэ цолтнуудад баяр хүргэхийг хичээгээрэй, таминь.
Увсын А.Бямбажав, Завханы Ш.Жаргалсайхан, Төвийн Ө.Даваабаатар, Өвөрхангайн Т.Санчир, Говь-Алтайн Ш.Тогтохбаяр, Б.Соронзонболд…гээд улсын цолтны эрэмбэтэй залуус улсын начин болоосой. Улсын заан нэгээр нэмэгдэх боломж баймаар санагдах юм. Наадмын түрүү бөх Г.Өсөхбаяр болж мэднэ.
Тоосгүй замаар давхиж торгон жолоо өргүүлэх морьдыг зурагтаар харж заншлаа. Хүүхэд энэдэхгүй, морь дутуу эргэхгүй л бол уралдаан сайхан. Тийм наадам болоосой.
Гавьяат харваач А.Цэвээн, Ш.Даваахүү, Ч.Мөнхцэцэг нарын энд хүрэх мэргэчүүл тодрох болтугай. Улсын мэргэн Д.Норжмаа дахин түрүүлбэл ах нь яасан их баярлах бол…

Р.Чулуун

Хэн түрүүлэхийг хэлэхэд бэрх наадам болох нь
Энэ жилийн улсын их баяр наадамд уламжлал ёсоор 512 бөх зодоглоно. Өнгөрсөн жил төв цэнгэлдэхийн зүлэг ногоон дэвжээнд улсын цолтой 100 бөх (дархан аварга хоёр, далай аварга нэг, улсын аварга хоёр, арслан дөрөв, гарьд нэг, заан 19, харцага 14, начин 57) тэргүүтэй дээрх тооны хүчтэн барилдсан. Ардын хувьсгалын 87 жилийн наадмаар улсын цолтой бөхчүүдийн тоо өмнөх жилийнхээс өсөх хандлагатай байна.
Наадамд зодоглох дархан аварга, далай аварга, аваргуудын тоонд нэг их өөрчлөлт гарахгүй болов уу. Харин гарьд цолтнууд хоёроор нэмэгдэнэ. Хэрэв Ц.Цэрэнпунцаг гарьд наадамд зодогловол одоо ид хүч үзэж буй  дөрвөн гарьд маань жигдрэн босох нь. Наадам болгоноор шинэ цолтон төрдөг болохоор заан, харцага, начингуудын тоо ч нэмэгдэх нь ойлгомжтой. Иймд энэ жил улсын цолтой 120 гаруй бөх барилдах магадлал зөн билэгт маань буугаад байна. Харин хэн хэн улсын цолд хүрч, цолоо ахиулж, батлах бол? Энэ асуулт бөхийн хорхойтнуудын дунд бөөн  таавар эргэлдүүлж, унтах нойр, идэх хоолноос нь хасч байна.
Наадмаар их шөвөгт далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу нар үлдэх өндөр магадлалтай. Далай аварга ам хэрхэн авахаас наадмын  түрүү бөхийн “асуудал” шийдэгдэнэ. Харин энэ жил улсын гарьд цолтон төрөхгүй. Заан цолд харцага Г.Ганхуяг, Н.Ганбаатар, Ц.Магалжав нарыг миний бие бээр дэвшүүлж байгаа. Гэтэл хөлнийхөө бэртлээс болж Г.Ганхуяг харцага барилдахгүй сураг гараад байдаг. За яахав, нас, бяр, мэх байхад юу алзах вэ. Ирэх жилийн наадам ингээд л хүрээд ирнэ. Дөрвөн удаа начин цолоо баталсан До.Ганхуягийг энэ жил цолоо ахиулна гэдэгт эргэлзэхгүй явна. Эрс шийдэмгий мэх л түүнд хэрэгтэй дээ.
Аймгийн арслан Ш.Тогтохбаярыг уг нь улсын начин болоосой гэж их дэмжих юм. Хоёрын даваанд л яваад өгчихнө. Энэ жил арай өөр барилдах байх. За тэгээд цэргийн арслан А.Бямбажав, цэргийн арслан Ч.Санжаадамба нар начин цол авчихаад зогсож байхад хэн ч гайхахгүй. Харин наадмын өдрүүдэд эх болсон байгаль дэлхий маань бороо хураа багасгаж, тэнгэр хангайгаа наадамчин олонд тааламжтай сайхан байлгаасай гэж мөргөмү.

Ч.Сүхбаатар

Тааварлаагүй хүн ч түрүүлж болно
Түрүүлж үзүүрлэх бөхчүүдийг нэрлэе гэтэл их л урт жагсаалт хөврөх шинжтэй. Тэдэн дундаас онцлон шилэх гэвэл тоймгүй хэцүү байна аа. Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргууд, Х.Мөнхбаатар, Д.Азжаргал арслангууд, Б.Гантогтох, И.Доржсамбуу гарьдууд, Б.Ганбат, М.Баяржавхлан заанууд…гэхчилэн цол бүрийн төлөөлөл ч харагдана. Аймгийн цолтнуудыг дээгүүр хүлээх хүмүүс бас бий бололтой. Үнэндээ хэн нь ч яаж ч магадгүй байдал өдгөөгийн монгол бөхийг нөмөрчээ. Тааварлаагүй хүн ч түрүүлж мэднэ.

Миний хувьд гэмтэл нь илааршиж буй Ө аварга, ойрд зодоглоогүй Су аварга нарыг их шөвөгт үлдээсэй гэж хүснэ. Зургаагийн нугалааны оноолтоос энэ бүхэн хамаарах биз ээ. Харин хоёр арслангийн  нэг нь шөвгийн дөрөвт үлдэх болов уу. Тэдэнд ийм эрэмбэ бий. Дөрөвдэх бөхөөр хэн нэгэн шинэ зааныг “зүтгүүлье”. Шинээр заан цолд хүрэх хүнийг. Ийм тохиолдолд Өсөхөө аварга түрүүлж таарна.

Үнэн хүчийг үзээд, үйлс золбоотой барилдваас Т.Мөнгөнцоож, Н.Ганбаатар харцага, аймгийн арслан Ц.Содномдорж нар заан цолд хүрэх боломжтой. Харцагын тааварт До.Ганхуяг, Ду.Батбаяр начингуудыг түлхлээ. Таван удаа туг тойрох бөхчүүдийн тоонд Увсын А.Бямбажав, Завханы Ш.Жаргалсайхан, Баянхонгорын Ж.Чулуунбат, Хөвсгөлийн Ц.Содномдорж (дахиад л) нарыг нэрлэе.
Бага буурай цолтнууд дээгүүр эрэмбийнхнээс “айж чичирдэг” цаг хэдийнэ ард хоцорсон болохоор барилдаан хаашаа ч эргэж магадгүй. Морьд осол эндэлгүй уралдаад, бороо хур нь наадамчдаа бага зутраавал наадам ч сайхан болно доо.

Б.ЦАГААНБААТАР

Их тэсрэлт айсуй
Энэ жилийн наадам их тэсрэлтийн эхлэл байх вий дээ. Үзүүштэй барилдааны тоо жил ирэх тусам цөөрсөөр өдгөө наадам, цагаан сарын үеэр л том цолтнуудыг харж, залуу бөхчүүдийг шинжих боломж олддог боллоо. Энэ ч үүднээс монголчууд идэр залуу бөхчүүд хэзээ хүч түрэн гарч ирэхийг хүлээх болсон нь нууц биш. Гэтэл ард түмнийхээ дээрх хүлээлтийг биелүүлэх нь үү гэлтэй, хурц барилдаан, даацтай мэхт шижигнэсэн бөхчүүд ар араасаа төрөн гарч, нэг бус  барилдаанд бужигнуулах болов. Тэдний зарим нь ноднин, уржнангийн наадамд одтой зодоглон улсын цолонд  хүрсэн нь нэг бус нэжгээд хүмүүс цол ахимаг ах нарынхаа толгойд цахиур хагалахыг илтгэсэн анхны дохио болсон биз ээ. Өнөөдөр тэдгээр залуус хэнтэй ч барилдаж, хэнийг ч хаях хэмжээнд хүрч төлөвшсөн гэдэгтэй бөх сонирхогчид маргахгүй байх. Тиймээс тэд энэ жилийн наадамд өмнөх онуудынх шиг ганц нэгээрээ довтлох бус бөөн бөөнөөрөө дайрах магадлал тун өндөр байна. Ноднин л гэхэд Н.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ, А.Цацабшир нарын шижигнэсэн залуус шуугиулан байж харцага, начин цолонд хүрсэн бол энэ онд Ц.Содномдорж, Ч.Санжаадамба, Ш.Жаргалсайхан, Ө.Даваабаатар зэрэг аймгийн цолтнууд тэдний  араас замнаж магадгүй байна.
Хэрэв ингэх аваас 2008 оны наадамд залуу бөхчүүд зонхилон шөвгөрч мэдэх таамаг бийг бөхөөр мэргэшсэн цөөнгүй хүмүүс өөр хоорондоо хэлэлцэх боллоо.

Ж.Баяржаргал

Залуус сайн байгаа ч…
Ардын хувьсгалын 87 жилийн ой, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор нартай, хуртай, начинтай, заантай болох биз ээ. Бөх сонирхогч олон энэ жил аймгийн арслан Б.Соронзонболд, Ц.Содномдорж, Ш.Тогтохбаяр, Ш.Жаргалсайхан, Ө.Даваабаатар, А.Сүмбээ, Т.Санчир, Ш.Мөнгөнбаатар, Н.Түвшинбаяр, цэргийн арслан А.Бямбажав, Ч.Санжаадамба…нарын  бөхчүүдийг  улсын цолд хүрч, цаашлаад харцага, заан болно гэж итгэж буй. Эр бяр нь ханасан, бэлтгэл нь жигдэрсэн эдгээр шижигнэсэн залуус аз од нь гийвэл үзүүр түрүүнд ч хүрэх  чадвартай гэдгээ нотолсон.

Гэхдээ уламжлал ёсоор далай аварга Г.Өсөхбаяр, аварга Д.Сумъяабазар, арслан Д.Азжаргал, Х.Мөнхбаатар, гарьд И.Доржсамбуу нар дээгүүр өрсөлдөх байх.  Их аварга Б.Бат-Эрдэнийн халааг үргэлжлүүлэн монгол бөхийн өнөөгийн өнгө төрхийг тодорхойлон авч явах учиртай залуу аваргууд сүүлийн үес өдрийн од шиг ховорхон зодоглох болсноос энэ “номинаци”-д өрсөлдөгчид ийн олширсон. Өндөр аваргын хувьд төдийлэн олон барилдаанд хүч үзээгүй ч нэг гарахаараа чамлахааргүй амжилт үзүүлж буй. Харин Д.Сумъяабазар гурав, дөрвийн даваанаас хэтрэхгүй байгаа нь рейтингийг нэлээд доош татсан. Тэгвэл Х.Мөнхбаатар арслан наадмаар тун одтой барилддаг бөх.

Ноднин аваргуудыг эзгүйчлэх сайхан боломжоо алдсан И.Доржсамбуу гарьдын хувьд энэ наадам түрүүлэх сүүлийн боломж байж ч болох. Хоёр аваргын бэлтгэл тааруу, араас гарч ирэгсдийн дундаас тодорч товойсон хүн байхгүй зэрэг нь харих тал руугаа яваа түүнд завшаан болж байна. Тэгээд ч гарьд Цагаан сарын барилдаанд түрүүлэн манай сониноос гаргадаг бөхийн чансааг тэргүүлж байгаа зэрэг нь нэгийг өгүүлнэ.

Р.Манлай

Үе солигдох цаг
Өнгөрсөн намраас энэ хаврыг хүртэл болсон заалны барилдаануудад улсын залуу начингууд болон аймаг, цэргийн цолтнууд урьд жилүүдийнхээс илүү сайн барилдлаа. Нийслэлийн ойгоор аймгийн хурц арслан Ц.Содномдорж, хамгийн сүүлд наадмын сорилгод аймгийн арслан Ө.Даваабаатар нар түрүүлснийг бөхийн хорхойтнууд тод санаж буй нь лавтай. Үүн дээр улсын цолгүй бөхчүүдийн үзүүрлэж, шөвгөрснийг тооцвол богино биш жагсаалт гарах нь тодорхой. Үүгээр юуг өгүүлэх гээд байна вэ гэвэл залуучуудын тэсрэлт хийх, өөрөөр хэлбэл үе солигдох цаг болжээ. Зарим хүн залуучуудад наадмын дэвжээ заалны барилдаанаас хатуу байдаг гэж магадгүй юм. Энэ үнэн. Гэхдээ энэ зөрүү, цолтнууд болон залуучуудын ялгаа аажим аажмаар арилж байгааг өнгөрсөн жилийн наадмаар бид тод харсан. Энэ жилд бүр ч илүү мэдрэгдэх биз.

2007 оны наадмаар урьдчилан тааварлашгүй барилдаан олон гарч, үүний дүнд бөхчүүдийн дунд өөртөө итгэх итгэл, дээшээ зүтгэх тэмүүлэл нийтдээ нэмэгдсэн. Хэдэн аваргад дарагдаж, хүссэн амжилтдаа хүрч чадахгүй явсан олон бөх энэ байдлаа хүлээн зөвшөөрч, цолтон төрүүлэх “ажил”-д эртлэн орсондоо амаа барьсан нь лав. Чухам эндээс л авсан, алдсаны хүсэл зориг бадарч, түрүү, үзүүрт хүрэх хол биш гэдгийг ойлгоцгоосон биз ээ.
Дүнд нь бид сонирхолтой барилдаан олныг харна гэдэгт найдаж байна.

Ж.Батмөнх
GD Star Rating
loading...
“Таван цагариг”-ийнхны таамаглал, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Би бөхөд хорхойтой бөхөөр хичээллэдэг а.а Содномдорж,у.н Лхагвадорж,
    Ду.Батбаяр,Өсөхирээдүй,Соронзонболд г.м бөхчүүдийг сайн барилдаж аварга болоосой гэж хүсэх байна.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: