loading...
Асашёорюү Котомицүкид “дээрэлхүүлэв”

Башёгийн өмнөх бэлтгэлээ базаахаар ёкозүна Асашёорюү энэ сарын 5, 7-нд “Садогатакэ” дэвжээнд очжээ. Энэхүү хоёр айлчлалаараа тэр озэки Котомицүкитэй голчлон барилдсан байна. Эхний удаа очихдоо түүнтэй 12 удаа тулахад дөнгөж тав ялсан ба энэ дундаа дараалан таван удаа өвдөг шорооджээ. Удаах бэлтгэл дээр найман удаа хүч үзэхэд мөн л арслан илүүрхэж, тав унагаасан байна. Их аваргын хувьд Котомицүкиг 28 дараалж ялсны эцэст Харү башёд нэг дийлдэн, ялалтын цувралдаа завсар оруулсан билээ. Асашёорюү сүүлийн бэлтгэл дээр “Садогатакэ”-гийн цолтнуудтай нийт 19 барилдаж 11 ялсан байна.
Хакүхо хавтай байна
Харин ёкозүна Хакүхо энэ өдрүүдэд “Нарүто”, “Сакаигава” дэвжээнүүдэд очиж бэлтгэл хийжээ. “Нарүто”-д очиход түүний хамгийн эвгүй өрсөлдөгчид байдаг “Исэгахама”-гийнхан мөн тэнд байв. Аварга дэвжээний эзэд Кисэносато, Ваканосато болон Ама, Аминишики нартай 16 удаа барилдаж 13-т яллаа. Бэлтгэлийн дараа тэр тун үр өгөөжтэй бэлтгэл боллоо хэмээн сэтгэл хангалуун өгүүлсэн. Үүний маргааш (VII.8) “Сакаигава”-д очин Гоэйдо, Ивакияма, Тоёохибики болон мөн хамтарсан бэлтгэл хийхээр ирсэн “Коконоэ”-гийн шинэ маэгашира Чиёхакүхо, “Токицүказэ”-гийн Тоёоношима нартай 20 барилдаан хийж бүгдэд нь ялсан байна.
Монголын шинэ сүмоч
Мэргэжлийн сүмод элсэх шинэ бөхийн шалгалт долдугаар сарын 7-нд Нагоя хотноо боллоо. Үүнд гурван бөх орсны нэг нь Ванчигцэрэнгийн Цэрэндорж хэмээх монгол залуу байна. Шалгуулагчид биеийн ерөнхий үзүүлэлт 173 см-ээс дээш өндөр, 70 кг-аас илүү жинтэй байх хязгаарыг давжээ. Их сүмо дахь монголчуудын бүлийг нэмсэн В.Цэрэндорж нь Ооцүкаса, Масацүкаса нарын бөхчүүдтэй “Ирүмагава” дэвжээнд орж буй аж. Тэрбээр “Сүмод орж байгаа хүн бүр л ёкозүна болохыг мөрөөддөг. Харин би Ама шиг уран, сайхан барилдахыг хүсч байна” хэмээн өгүүлсэн байна. В.Цэрэндорж Аратоши гэсэн шиконатай болжээ.
Акэбоно ялжээ
Халз тулааны “GRAND PRIX 2008″ тэмцээн Японы Фүкүока хотноо эхэллээ. Энэхүү тэмцээний эхний тойрогт урьд нь мэргэжлийн сүмод хүч үзэж явсан Акэбоно, Тэнрюү нар хоорондоо таарчээ. Уг тулаанд Акэбоно дэвжээн дээр унасан өрсөлдөгчөө хүнд биеэрээ нидэрч өнхрөн 5 минут 53 секундэд нокаутаар ялалт байгуулав. 16 тулаанч хасагдах системээр өрсөлдөж буй энэ тэмцээнд монголчууд бидний сайн таних Боб Сапп мөн эхний тойргоо эсэн мэнд давжээ.
loading...



