Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 5.Олимпизм » Анагаах ухаанаар тамирчдын бэлтгэлийг удирдах боломж бүрдлээ

GD Star Rating
loading...

МҮОХ-ны төв байрны дэргэд шинэ барилга сүндэрлэн босоод удаагүй байна. Энэхүү барилгын хананд хадсан “Спортын анагаах ухааны төв” гэсэн шинэхэн хаяг эл барилгын зорилгыг олон түмэнд таниулна. Тус төвийн нээлтийн ажиллагаа өнгөрсөн даваа гаригт буюу Олон улсын олимпийн өдөр (VI.23) тохиов. Нээлтийн ёслолд оролцохоор Монголын спортынхон бултаар цугларчээ.

Харин хүндэтгэлийн тавцанд МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, тэргүүн дэд ерөнхийлөгч Д.Баясгалан, БТСУХ-ны дарга Ч.Наранбаатар, Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч, гавьяат эмч Ж.Хатанбаатар, олимпийн мөнгөн медальт Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, хүрэл медальт Д.Сэрээтэр, Н.Баярсайхан, Д.Нармандах, Х.Цагаанбаатар, гавьяат дасгалжуулагч С.Магсар  тэргүүтэй төлөөлөгч залрав.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн олон жилийн өмнөөс ийм төвтэй болохыг хүссээр иржээ. Улмаар гурван жилийн өмнөөс зорилгоо ажил хэрэг болгохоор шийдэж. Тус төвийг байгуулахад “Голомт” банк, “Дүнжингарав” худалдааны төв зэрэг бизнесийн байгууллагууд  ч санхүүгийн  дэмжлэг үзүүлсэн гэсэн. Эдгээр байгууллагад талархаж буйгаа тэрбээр өгүүлсэн юм. Энэхүү цогцолбор ашиглалтад орж, тамирчдаа хүлээн авлаа. МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн нээлтийн үеэр “МҮОХ бүтээн байгуулалтын дөрвөн томоохон зорилт тавьсан.

Нэгдүгээрт Олимпийн хорооны төв байр “Olympic house”-ийг байгууллаа. Хоёрдугаарт спортын томоохон цогцолбортой болох асуудлыг хөндөн тавьж, Улсын ерөнхийлөгч маань энэ саналыг дэмжин улмаар БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 5000 хүний суудалтай томоохон ордон байгуулах болсон. Одоо энэ ажлыг БТСУХ хариуцан амжилттай ажиллаж байна. Гуравдугаарт Булган аймагт Олимпийн бэлтгэлийн төв байгуулах зорилт тавьсан. Мөн л биеллээ олж, наймдугаар сард ашиглалтад орохоор боллоо. Дөрөвдүгээрт “Спортын анагаах ухааны төв” байгуулах явдал байсан. Өнөөдөр энэ төвийн нээлтийг хийж байгаадаа сэтгэл хангалуун байна. Алдарт бөх Карелин орчин үеийн тамирчдын амжилт спортын анагаах ухааны хөгжлөөс шууд хамаарна гэж хэлсэн байдаг. Энэ бол маргаангүй үнэн” гэв. Ийм сайхан төвтэй болсон явдал  спортынхны хувьд хосгүй баяр шүү гэж тамирчин, дасгалжуулагч бүхэн хоорондоо ярилцаж байлаа.

“Спортын анагаах ухааны төв”-д тамирчдад зориулсан бүх л зүйл бий. Тухайлбал, тамирчид хоёр хоёроороо байрлах, нийт 50 ор бүхий амралтын өрөөнүүдтэй. Биохимийн лабораториудыг орчин үеийн техник хэрэгслээр тоноглосон агаад тамирчдын булчингийн үйл ажиллагааг хянах боломжтой гэнэ. Мөн тамирчин дасгалжуулагчтайгаа хамтран өөрийгөө болон өрсөлдөгчөө судлах судалгааны танхим ч тэнд бий. Судас болон булчингаар нэмэгдэл тэжээл олгох өрөөтэй. Сэтгэлзүйгээ бэлтгэх сэтгэл заслын кабинет, бясалгалын танхим ч байв. Энэхүү кабинет БНХАУ-ын уламжлалт Шаолины сүмтэй холбоо тогтоосон гэсэн. Бас болоогүй, 50 хүний багтаамжтай ресторан ч байрлах. Энэ ресторанд зүгээр ч нэг хоол хийхгүй, Германы нэгдүгээр зэргийн тогооч тамирчдад зориулсан тусгай хоол бэлтгэх аж. Герман тогооч ажилдаа аль хэдийнэ орчихсон харагдав. Мөн наран шарлагын газар ч байгуулчихаж. Энэ нь дөрөвдүгээр давхарт байрладаг юм билээ. Мөн тун удахгүй усан эмчилгээний төв байгуулахаар зэхэж буй гэнэ. Гэхдээ энэ нь  даралттай усаар цохих, сүү, эм, зөгийн бал зэргийг ашиглан хэт халуун болон хүйтэн усаар эмчилгээ хийх зориулалтай аж.
Нээлтийн үеэр Д.Загдсүрэн ерөнхийлөгч өрөө тус бүрийнхээ “ид шид”-ийг хүмүүст тайлбарлан танилцуулж байлаа. Тус төвд Үндэсний шигшээ багийн зарим тамирчин төвхнөчихсөн харагдав.Ийнхүү тамирчид маань тохилог, цэвэрхэн, бас шинжлэх ухаан анагаах ухааныг хослуулсан шинэхэн гэртэй боллоо. Будаг нь ханхалсан шинэхэн ордонтой танилцаж явах үеэрээ Ж.Мөнхбат аварга “Ийм сайхан орчноос олимпийн аварга төрөхгүй яах юм. Энэ Загдсүрэн лут хүн шүү” гэж Д.Сэрээтэр гавьяатад ярих нь чих дэлсэв.

Ж.Хатанбаатар:
Анагаах ухааны эрдэмтэд, магиструуд энд ажиллана

“Спортын анагаах ухааны төв”-ийг удирдан ажиллуулах, Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгч Ж.Хатанбаатараас дараах асуултад хариулт авлаа.

-Юуны өмнө би тамирчдынхаа бэлтгэл сургуулилтыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр удирдан явуулах орчин үеийн шаардлага хангасан “Спортын анагаах ухааны төв”-ийг байгуулан, ашиглалтад оруулж байгаа МҮОХ-ны хамт олон болон ерөнхийлөгч Д.Загдсүрэнд талархлаа илэрхийлье.

-Энэ салбарыг хэрхэн удирдах, үйл ажиллагааг нь олон улсын жишигт дүйцүүлэн явуулах талаар төлөвлөсөн ажил их байгаа байх?
-Спортын эмнэлгийн холбооны зүгээс та бүхний итгэлийг алдахгүй ажиллана гэдгээ амлая. Энд манай мэргэжлийн өндөр ур чадвартай ажилтнууд ажиллана. Сар гаруйхны дараа болох Бээжингийн олимпод оролцох эрх авсан Монголын баг тамирчдын бэлтгэлийг өндөр түвшинд хийлгэхэд шаардлагатай бүхнийг хийж ажиллах болно. Ажлын маань үр дүн олимпийн үеэр гарна гэдэгт итгэлтэй байгаа. Цаашид төлөвлөсөн ажил их байна.

-Энэ төвд ажиллах ажилтнуудаа хэрхэн шалгаруулж авсан бэ?
-Мэргэжилдээ дадаж, туршлага хуримтлуулсан ажилтнуудыг шалгаруулж авсан. Анагаах ухааны нэрт эрдэмтэд, магистр багш нар, өндөр зэрэглэлийн нарийн мэргэжилтнүүд бүх үйлчилгээг удирдан явуулна. Тухайлбал, тамирчдад хүч тамирын нэмэлт тэжээл бэлдмэл өгөх хэсэгт анагаах ухааны магистр Х.Дэлэг, ургамал зүйч Д.Адьяахүү, Ж.Цэрэндагва нар ажиллана. Хоолны орц хэмжээг хоол судлалын магистр Б.Алтанзаяа тохируулна. Эрдэм шинжилгээ судалгааны багт МҮОХ-ны ерөнхийлөгч, анагаах ухааны доктор Д.Загдсүрэн, анагаах ухааны доктор профессор Л.Лхагва болон доктор Б.Хадхүү, магистр Б.Өнөржаргал, Ч.Насанбат бид нар ажиллана. Сэтгэл зүйн дасгалыг сэтгэл зүйч Б.Чимэдрэгзэн, У.Эрдэнэзул болон миний бие хариуцна. Тамирчдад зориулсан тусгай хоолыг ХБНГУ-ын нэгдүгээр зэргийн тогооч Бамбергер Леопольд хийж, туслахаар Э.Мөнгөнцэцэг болон зөөгчөөр Д.Нарангэрэл нар ажиллах болсон. Манай төвийн захирлаар Б.Наранцэцэг томилогдсон. Цаашид манай төв хүрээгээ тэлж, залуу боловсон хүчнээ мэргэжил дээшлүүлэх тал дээр онцгой анхаарна.

-Та Спортын эмнэлгийн холбооны ерөнхийлөгчийн албыг хэд дэх жилдээ хашиж байна вэ?
-Өнгөрсөн жилээс энэ холбооны ерөнхийлөгчөөр ажилласан.

Хэн, юу өгүүлэв
Энэ үеэр тус төвийн талаар зарим хүнээс сэтгэгдлийг нь сонслоо.

Олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар
-Үнэхээр сэтгэл хангалуун байна. Ийм сайхан төвийг ашиглалтад оруулсан МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн даргад тамирчдынхаа өмнөөс талархал илэрхийлье. Таван тивийнхэн уулзах олимпийн талбарт амжилт гаргахын төлөө бид чармайна.

Гавьяат тамирчин Д.Намжилмаа
-Спортын хөгжлийг шинжлэх ухаан, анагаах ухааны хөгжлөөс салгаж ойлгож болохгүй гэж Заагаа дарга хэллээ. Энэ үнэн. Орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглосон, дутуу зүйл үгүй ийм том цогцолбортой болсон нь Монголын спортын хөгжилд асар ихээр нөлөөлнө гэдэгт итгэлтэй байна.

БТСУХ-ны ҮШБ-ийн эмч Ш.Болормаа
-Загдсүрэн ерөнхийлөгч өөрөө эмч хүн болохоор Спортын анагаах ухааны төв гэсэн сайхан газрыг ашиглалтад оруулсанд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Энэ бол тамирчдад төдийгүй спортын анагаах ухааны салбарт оруулсан томоохон хөрөнгө оруулалт юм.

Б.ӨЛЗИЙТОГТОХ (2008-06-26)

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: