loading...
Бээжингийн олимпийн сагсан бөмбөгийн тэмцээнд оролцох эрэгтэй 12 багийн 9 нь оролцох эрхээ аван олимпийн бэлтгэлээ эрчимтэй хийж байгаа билээ. Харин үлдсэн 3 эрхийн төлөөх сонгон шалгаруулалт өчигдөр Грекийн нийслэл Афинд эхэллээ. Тус тэмцээнд олимпийн сүүлчийн гурван эрхийн төлөө Бразил, Капе Верде, Канад, Камерун, Хорват, Герман, Грек, Өмнөд Солонгос, Ливан, Шинэ Зеланд, Порто-Рико, Словенийн шигшээ багууд оролцон, 4 хэсэгт хуваагдаж энэ сарын 14-20-ны хооронд тоглох юм.
А хэсэгт: Грек, Бразил, Ливан
Б хэсэгт: Шинэ Зеланд, Капе Верде, Герман
С хэсэгт: Словень, Өмнөд Солонгос,Канад
Д хэсэгт: Камерун, Хорват, Порто-Рико
Өчигдөр хэсгийн эхний тоглолтууд явагджээ.
1. Грек : Ливан 119-62
Багийн ахлагч Оросын ЦСКА багийн хамгаалагч Папалукас болон ҮСБХ-ны Хьюстон рокетс багт тоглож байсан Спаниулас нар багаа сайн удирдан тоглож чаджээ.
2. Шинэ Зеланд : Капе Верде 77-50
3. Словен : Өмнөд Солонгос 88-76
ҮСБХ-ны Торонто багийн төвийн довтлогч Рашо Нестерович аргагүй ур чадвар илүү гэдгээ харуулж багаа тэргүүлэн 26 оноо, 9 самбараас бөмбөг авалт хийн багаа тэргүүлжээ.
4. Хорват : Камерун 93-79
Хэсгийн тоглолтууд энэ сарын 16нд дуусч хэсгээс 2 баг гаран олимпийн системээр хасагдах дүрмээр явагдах бөгөөд тэргүүн байрын төлөө шалгарсан 2 баг тоглохгүй бөгөөд 3- байрын төлөө тоглолтонд ялсан баг Бээжинд хөл тавих сүүлийн эрхийг өвөртлөх юм байна.
Сонирхуулахад Ангол, Аргентин, Австрали, БНХАУ, Иран, Литви, ОХУ, Испани болон АНУ-ын мөрөөдлийн шигшээ олимпод орох эрхээ авчихсан байгаа билээ.
loading...



