loading...
Ж.БАТМӨНХ, Фотог Ц.БАТБААТАР (2008-07-14) 
Монголын үндэсний их баяр, Их Монгол Улс байгуулсны 802 жил, Ардын хувьсгалын 87 жилийн ойн наадмын хүчит бөхийн барилдаанд далай аварга нэг, улсын аварга хоёр, арслан дөрөв, гарьд гурав, заан 11, харцага 13, начин 54, аймаг, цэргийн арслан 71, заан 24, харцага тав, начин 29, цолгүй 295, нийт 512 бөх барилдлаа.
Дархан аваргагүй наадам
Энэ жилийн баяр наадамд дархан аваргуудаас нэг нь ч зодоглоогүй нь тодотгох нэгэн онцлог байлаа. Монгол бөхийн дээд цолыг анх Булган аймгийн Хангал сумын харьяат цуут аварга Бадамдоригийн Түвдэндорж 1946 онд авснаас хойш ийм тохиол тэр бүр гараагүй юм. Залуухан дархан аварга улсын наадамдаа зодоглоогүй 1949, 1950 онд л Ц.Чимэд-Очир аварга зүүний магнайд босч явав. Түүнээс хойш Д.Дамдин, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, Б.Бат-Эрдэнэ дархан аваргууд дор хаяж тавын даваа хүртэл манлайлан зодоглож байсан билээ.
1985 онд улсын начин болсноосоо хойш тасралтгүй шөвгөрсөн цувралдаа өнгөрсөн жил завсар оруулж, улсын начин Ц.Лхагвасүрэнд тавын даваанд унасан отгон дархан аварга Б.Бат-Эрдэнээс баяр наадамдаа яагаад зодоглоогүй тухай тодруулахад “Энэ жил бэлтгэл хангалттай хийж чадсангүй. Хоёрхон өдөр л бэлтгэлд гарсан болохоор наадамд зодоглох боломжгүй байлаа. Ирэх жил хүч үзнэ” хэмээсэн юм.
Ийнхүү дархан аваргагүй наадамд боссон залуу аваргууд цол дуудах бүх даваанд гарсан бол О.Балжинням аварга гурвын даваанд ам бөхөө бараагүй.
Ахмадууддаа баярлалаа
Наадамчин олон бөхийн барилдаан үзүүштэй сайхан болсныг ахмад бөхчүүд барилдаагүйтэй холбон тайлбарлаж байна. Хэдий эрт дээр үеэс том цолтнууд ирээдүйтэй залуучуудыг цолд хүргэдэг уламжлал байсан гэх авч энэ нь сүүлийн үед зорилгоосоо гажин, олон бөхийг хохироох дүр зураглалтай болсон билээ. Тиймээс наадмын жинхэнэ оргил хэсэг нь хоёрын давааны сүүлч болон тунасан бөхчүүдийн барилдаанд, мөн зургаа, долоогийн даваанаас хойш тохиодог байлаа. Харин энэ нь сүүлийн хоёр жилд, ялангуяа энэ наадмаар эрс өөр харагдав.
Тав, зургаагийн давааны ихэнх барилдаанд хэн давах нь “тодорхой”, начингууд дуу дуугаа авалцан төрж, амархан цолд хүрсэн тэд удаах даваанд гарын үзүүрээр унадаг байдал энэ удаа харагдсангүй. Начин, харцагын даваа бараг гурван цаг орчим үргэлжилсэн ч үзэгчдийг чилээж, уйдаагаагүй. Барилдаан бүр амттай, сонирхолтой болж, дүү цолтнууд түлхүү давсан билээ.
Наадмыг сонирхолтой болгосон ахмадууддаа баярлалаа.
Засуул, цэцүүдийг багахан шүүмжлэхэд
Байнга л шүүмжлэлийн бай болж байдаг засуул, хөлийн цэц энэ удаа ч үүргээ хангалттай гүйцэтгэж чадсангүй. Маргаантай барилдааныг зөв, шуурхай шийдчихгүй, үзэгчдийг бухимдуулж байсныг дурдалгүй өнгөрч болохгүй биз ээ.
Хоёрын даваанд “Шонхор” БТДС-ийн залуу бөх Д.Энхболдтой учраа таарч өвдөг шороодсон О.Балжинням аварга тахим өгөхгүй гэдийв. Энэ үед нь Б.Ганбат, О.Одгэрэл заанууд тэдний барилдаж байсан талбайн баруун хойд хэсэгт очин залуу бөхийг дуудан үг сольж байгаа харагдлаа. Үүний дараа Д.Энхболд ах нарын “тушаал”-ыг биелүүлж, аваргад эргэлзээгүйгээр унасан. Энэ мэт барилдаан цөөнгүй гарсныг засуул, хөлийн цэцүүд шуурхай шийдэлгүй, дээд цолтонд ашигтай байдлыг бий болгож байсан юм.
Гурвын даваанд аймгийн заан Б.Батгэрэл энэ наадамд цолоо батлах, ахиулах магадлалтай бөхчүүдийн нэг Ду.Батбаяр начинг хорлочихов. Ойролцоо газардсан ч түрүүлээд түүнийг тохойлдсоныг хоёр засуул, хөлийн цэцээс бусад хүн харсан. Гэвч тэд шийдвэртээ үнэнч байсаар Б.Батгэрэлийг давуулсан. Үүнээс хойшхи даваанд цөөнгүй хэрэглэсэн бичлэг үзэх аргыг энэ үед ашигласан бол…
Наадмын дэвжээ хатуу
Жилдээ ганц болдог наадмын дэвжээ хатуу. Өчүүхэн төдий алдаа л тухайн хүний бүтэн жилийн хөдөлмөрийг үнэ цэнэгүй болгодог. Тиймдээ ч бөхчүүд энэ л хоёр өдөрт бусад үеийнхээсээ илүү хянамгай, хашир, нөгөө талаар бэргэнгүй барилддаг билээ. Энэ наадмаар улсын цол авах хамгийн өндөр магадлалтай бөхчүүдийн нэг Хөвсгөл аймгийн хурц арслан Ц.Содномдорж хоёрын даваанд Төв аймгийн заан Ч.Бямбадоржид гэнэ алдаад өвдөглөчихлөө. Уул нь барилдааны арга барил, хүч бяраар илэрхий илүү ч төрийн наадамдаа анх барилдсан тэрбээр төдий л идэвх гаргасангүй. Ч.Бямбадоржийн хувьд олон жил барилдсан туршлагаараа залуу арсланг хазайлгасан гэж болно. Түүнчлэн аймгийн арслан Т.Санчир өмнөх өдөр нь Сэлэнгэ аймгийн наадамд үзүүрлэсэн Н.Ганзориг арсланд өвдөг шороодлоо. Аймгийн арслан Р.Түвшинбаатар, аймгийн заан С.Мөнхбат нарын начны тааварт ордог залуучууд энэ даваанд бүдэрсэн. Гурвын даваанд амлагдалгүй үлдсэн залуучуудын нугалаанд таарсан Н.Түвшинбаяр, Ж.Чулуунбат нарын барилдаан ч тун сонирхолтой болсон билээ. Хэн нь ч улсын цолтны эрэмбэтэй энэ хоёр бөхийн барилдаанд Ж.Чулуунбат чацархаж давсан ч харамсалтай нь дараагийн давааг гэтэлсэнгүй.
Залуу цолтнууд даанч эрт…
Сүүлийн жилүүдэд улсын цол авсан залуу заан, харцага, начингууд эрт уналаа. Их ойн жилээр заан цол хүртсэн Д.Амгаланбаатар харцага Ч.Чулуунбаатарыг амлаад сэрвүүгээс зүүн хөлд суусан ч сөрж гуядуулаад унав. Тэрбээр өнгөрсөн жилийн наадмаар дөрөвт Н.Ганбаатарт гуядуулж өвдөг шороодсон билээ. Мөн 2007 оны наадмын их шөвөгт шалгарсан Б.Сайнбаяр заан Н.Баярмагнай начинг амлаад барсангүй. Г.Ганхуяг, Л.Пүрэвжав харцагууд, Б.Чинзориг, Л.Нямсүрэн нарын отгон начингууд амласан аймгийн арслангууддаа тахим өгч, зохих түвшиндээ хүртэл барилдаж чадсангүй.
Оноолтын давааны ширүүн барилдаанууд
Үндэсний бөхийн барилдааны шинэчилсэн дүрэмд дөрвийн давааг оноодог болсон нь наадмыг улам сонирхолтой болгосон билээ. Энэ жил ч оноолт чамгүй хатуу таарч, гал гарсан барилдаан олон гарлаа.
Хоёрхон жилийн өмнө улсын наадамд үзүүрлэсэн залуу арслан Д.Азжаргал түүнээс хойш А.Сүхбат аваргын шавь нарт бүдэрч, шөвгөрч чадсангүй. Ноднин Ж.Отгонбаярыг начин цолд дөрөөлүүлсэн бол энэ удаа Ө.Даваабаатартай оноолтод таараад барьц сонгуулж унав. Мөн Ц.Мягмарсүрэн заан Дундговь аймгийн арслан А.Алтанхуягт барьц сонгоод доор нь орсон. Өсөх идэр начингууд бараг бүгдээрээ оноолтоор таарсан бөхчүүддээ өвдөглөлөө. Гагцхүү дөрөв шөвгөрсөн До.Ганхуяг начин л сар шинийн барилдааны их шөвөгт үлдсэн аймгийн арслан Ш.Жаргалсайханыг давав.
Энэ давааны нэг онцлог нь ах, дүүс хоорондоо таарсан явдал байсан. Монгол бөхийн түүхэнд ах, дүү бөхчүүд цөөнгүй байдаг ч ийнхүү улсын наадамд хоорондоо барилдсан нь ховор билээ. 1990 онд улсын начин Л.Эрхбаяр өөрийн ихэр Ло.Энхбаярыг тавын даваанд амлан цолд хүргэж байсан нь бидний хамгийн сайн мэдэх нэг тохиолдол. Харин энэ удаа эрэмбээр тааруулсан оноолтод улсын харцага М.Батжаргал өөрийн дүү, аймгийн арслан М.Бат-Отгонтой таарч давааг нь ахиулсан. Сонирхолтой нь хоёр жилийн өмнө М.Бат-Отгон начны даваанд Б.Гантогтох гарьдад унасан бол дөнгөж начны болзол хангаад байсан ах нь гарьдаар зургаалж, харцага болж байлаа.
Хоёр начин төрлөө
Энэ жилийн анхны начин тавын даваа эхэлснээс хойш бараг хагас цагийн дараа төрөв. Булган аймгийн арслан А.Отгонбаатар, Сэлэнгэ аймгийн арслан Ч.Баянмөнх, Архангай аймгийн харьяат, Хэнтий аймгийн арслан М.Бат-Отгон, Дундговь аймгийн арслан А.Алтанхуяг цолд хүрэх мөрөөдлөө наанадаж нэг жилээр хойшлуулаад байх үед Ж.Оргил заан Ч.Батзоригийг баруун мордож тав давсан. Энэ даваанд аймаг, цэргийн арслан цолтой 11 бөх босоход дөрөв нь өвдөг шороодсоны эцэст ийнхүү анхны начин төрсөн. Үүний дараа Б.Соронзонболд, Ш.Тогтохбаяр, Ө.Даваабаатар гэсэн дарааллаар начны болзлыг хангалаа. Тэднээс хоёр нь цолоо ахиулж, начин цолны үнэмлэхийг хоёрхон бөх гардав. Шинэ цолтон олноор төрдөг болсон 1990-ээд оноос хойш 2002 онд л дөрвөн начин төрж байлаа.
Хоёроос цөөн начинтай наадмуудыг сонирхуулбал:
1948-1 Г.Наваан (Баянхонгор)
1952-1 Д.Дамдин (Хөвсгөл)
1953-1 Ц.Гочоодорж (Төв)
1960-2 Ц.Гомбо (Завхан), С.Цэрэн (Булган)
1962-2 С.Сугар (Өвөрхангай), С.Цэдэвсүрэн (Өвөрхангай)
1966-2 Т.Намсан (Завхан), Ч.Өвгөнхүү (Сүхбаатар)
1970-2 Ч.Амартүвшин (Говь-Алтай), Ц.Юүвээ (Архангай)
1978-2 Н.Бүрэнзэвсэг (Ховд), Ж.Чулуун (Сүхбаатар)
2008-2 Ж.Оргил (Завхан), Ш.Тогтохбаяр (Говь-Алтай)
Мөн До.Ганхуяг, Ц.Сумьяабэйс, Т.Амартүвшин нар цолоо батлав.
Начны хүү начин болов
Монгол Улсын начин Б.Шоовдойхүүгийн хүү Тогтохбаяр бөхийн хорхойтнуудын олон жилийн хүлээлтийг эцэс болгож, начин цолны болзол хангалаа. Тэрбээр өмнөх жилийн наадмуудад ихэвчлэн хоёрын даваанд үеийн залуучууддаа бүдэрч байсан юм. Ийнхүү улсын цолтой бөхийн хүү улсын цол авсан түүхийг Ш.Тогтохбаяр арвижуулав.
Даагаа нэхсэн барилдаанууд
2006 онд цолоо батлах даваанд начин Ц.Магалжавт амлан өвдөг шороодсон Т.Мөнгөнцоож харцага энэ удаа тавын даваанд дахин амлаад даагаа нэхэж шөвгөрөв. Ц.Магалжав харцага тавын даваанд тав дахиа унасан нь энэ юм. Анх 2000 онд Д.Сумьяабазар аваргыг заан цолтойд амлуулж унасан тэрбээр 2001 онд хүргэн ах Б.Адьяахүү начингаар тав давж байв. Үүний дараа 2003 онд аймгийн заан Ду.Батбаярт, 2004 онд харцага Г.Ганхуягт, өнгөрсөн жил аймгийн арслан Л.Нямсүрэнд тус тус өвдөг шороодож байлаа.
Т.Амартүвшин начин 2006 онд тавын даваанд тунаад унасан М.Өсөхбаярыг энэ удаа амлаж барилдаад орхиж, цолоо баталсан.
Ч.Батзориг заан ес дэхээ тавын даваанд унав
Завхан аймгийн арслан Ж.Оргилыг начин цолд хүргэсэн улсын заан Ч.Батзориг тавын даваанд ес дэхээ унасан нь энэ юм. 1995 онд цэргийн заан цолтойдоо Увсын Ц.Баянмөнхтэй начны даваанд тунаж унасан тэрбээр 1998 онд даян аварга А.Сүхбатыг заан цолтойд тунаад начингаа батлах боломжоо алдаж байв. Үүний дараагийн хоёр жилд “жижиг”-т мөн гурван хүнээс амлуулж тухай бүрт нь унасан бол 2001 онд заан болсноосоо хойш Д.Азжаргал (2002), Ц.Лхагвасүрэн (2004), Т.Амартүвшин (2005), Б.Чинзориг (2007), Ж.Оргил нарыг начин болголоо. Зургаан бөхийг начин болгосон нь арслан П.Дагвасүрэн, Л.Сосорбарам, заан Д.Амгаа, С.Хүрэлбаатар, Д.Хишигдорж нартай зэрэгцэж буй юм.
Амласан бөх, ах цолтонд халгаатай шөвгийн барилдаан
Шөвгөрсөн 16 бөхийн барилдаан эхэлсэн зургаагийн даваанаас хойш ам авсан бөхчүүд түлхүү уналаа. Зургаагийн даваанаас шөвгийн дөрөв хүртэл ам авсан 11 тохиолдлоос дөрвөөс бусдад ах цолтнууд нь өвдөг шороодов. Энэ нь нэг талаар аварга, арслан, заанууд амаа буруу сонгосон, нөгөөтэйгүүр залуучууд дээдчүүлээс айж бэргэхээ больж, зоримог барилддаг болсонтой холбоотой биз ээ. Бас аварга, арслангуудад бэлтгэл, барилдаан илт дутаж буй нь мэдрэгдсэн. Зургаагийн даваанд До.Ганхуяг, Т.Амартүвшин, Б.Соронзонболд, Ө.Даваабаатар нар угтуул бөхөө унагаж, харцага цолны болзол хангасан бол дараагийн даваанд тэднээс Говь-Алтайн залуучууд хоёр аваргыг хазайлган зааны босгыг давсан билээ. Мөн До.Ганхуяг хоёр долоо хоногийн өмнө сорилго барилдааны үзүүрт дийлдсэн Ө.Даваабаатараас даагаа нэхэн гурав дахь шинэ заан болсон.
Их шөвөгт Б.Ганбат заан урьд нь хэд хэдэн удаа амлаж, таарч барилдахдаа унаагүй Н.Ганбаатарт сэнжигнээс татуулаад сөхөрчих юм. Ийм өндөр даваанд даанч хайхрамжгүй барилдлаа даа, заан. Өмнөх хүнээ хаяагүй байж үзүүр түрүүнд хэрхэхээ бодож яваад гэнэгүй уначихлаа гэж наадамчин олон харамсангуй таамаг дэвшүүлж байсан. Б.Ганбат их шөвөгт гурав дахиа үлдсэнээр бүх заануудын манлайд эрэмбэлэгдэх болов.
Б.Соронзонболд аваргыг давж, амжилтыг нь давтав
Аймгийн хурц арслан Б.Соронзонболд долоогийн даваанд далай аварга Г.Өсөхбаярыг давуулж далбааны араас барихад нь сөрж хутгаад арагш нь суулгачихлаа. Ингэснээр тэр улсын заан цолыг шууд хүртэж, 1995 оны наадамд шуугиулсан Г.Өсөхбаярын амжилтыг давтлаа. Урьд нь ийм амжилтыг цөөнгүй бөх үзүүлсэн ч түүн шиг их шөвөгт үлдэж авсан нь ховор юм. Улсын цолгүй бөх шууд заан болсон тохиолдлуудыг сонирхуулъя.
1946 С.Намжаа (Хөвсгөл), Б.Чойндонсүрэн (Архангай), Д.Абдигааш (Баян-Өлгий), П.Аюуш (Баянхонгор) бүгд 6 давсан, Л.Балбар (Булган) 7 давсан
1950 Ц.Бадамсэрээжид (Хөвсгөл)
1955 Б.Бадам (Булган)
1958 Ж.Чойжилсүрэн (Архангай)
1960 Ц.Санжаа (Өвөрхангай)
1961 Д.Гүрбадам (Хөвсгөл), Д.Барамсай (Хэнтий)
1966 Д.Түвшин (Дорнод)
1971 Д.Лхагвасүрэн (Булган) 6 давсан
1981 С.Хүрэлбаатар (Хөвсгөл) 6 давсан
1994 Б.Гантогтох (Увс)
1995 Г.Өсөхбаяр (Архангай)
2008 Б.Соронзонболд (Говь-Алтай)
Аавынхаа санаачилгыг хэрэгжүүлсэн ачит хүү
Улсын наадмын үеэр яригддаг цолны найрааны асуудлыг таслан зогсоохын тулд МҮБХ-ноос даваа бүрийг цолтой болгож, дөрвийн даваанд оноолтоор барилдуулан, амжилтаар эрэмбэлэх дүрмийг санаачлан хэрэгжүүлсэн. Энэ нь ч зохих үр дүнгээ өгснийг бид сүүлийн хэдэн наадмаас харж байна.
МҮБХ-ны тэргүүн Р.Нямдоржийн хүү Н.Ганбаатар дээрх санаачилгыг амьдрал дээр хэрхэн хэрэгжиж болохыг биеэрээ баталлаа. Шударга барилдаад цолд хүрдгийг тэр өнгөрсөн болон өнөө жилийн наадмаар бүгдэд харуулсан. 2007 онд даваа бүрт тунасаар харцага цолд хүрсэн Н.Ганбаатар энэ удаа амлаж, амлуулж, тунаж барилдсаар үзүүрлэв. Сонирхолтой нь тэрбээр аавынхаа шинээр бий болгосон харцага, гарьд цолыг жил дараалан хүртлээ.
Гурван жил дараалан арслан төрлөө
Долоогийн даваанд аваргууд өвдөг шороодсоноор энэ наадмаар арслан, гарьд цолтон төрөх нь тодорхой болсон билээ. Их шөвөгт үлдсэн бөхчүүд бүгд заан болон түүнээс доош цолтон байсан нь 1945 оноос хойшхи анхны тохиолдол боллоо (Үүнээс өмнөх наадмуудын оноо, данс бүрэн олддоггүй). Хүн бүрт боломж нээлттэй энэ байдлаас Б.Ганбат заан цолоо баталсан хэвээр үлдэж, До.Ганхуяг начин түрүүлэн, Н.Ганбаатар харцага үзүүрлэлээ.
Начин цолтой бөх улсын наадамд түрүүлсэн дөрөв дэх (мөн л 1945 оноос хойш) тохиолдол нь энэ бөгөөд хамгийн сүүлд До.Ганхуяг начны адил Өвөрхангайн уугуул, “Алдар”-аар овоглосон Б.Ганбаатар арслан ийм амжилтыг үзүүлж байв. Мөн 1956 онд Д.Дамдин аварга, 1961 онд С.Цэрэн аварга нар тус бүр начин цолтойдоо түрүүлж байсан юм. Үүнээс гадна 1955 онд улсын наадмыг сугалаагаар барилдуулахад Төв аймгийн заан С.Оргодол найм даван түрүүлж шууд улсын арслан болсон билээ.
Ийнхүү сүүлийн гурван жилийн наадмаар дараалан улсын арслангууд төрлөө.
Улсын цол хүртсэн бөхчүүд
Улсын арслан:
-Доржпаламын Ганхуяг-Өвөрхангай аймаг, Зүүнбаян-Улаан сум, “Алдар” спорт хороо, “АПУ” компанийн бөх, 32 настай
Улсын гарьд:
-Нямдоржийн Ганбаатар-Говь-Алтай аймаг, Чандмань сум, “Хүч” спорт хороо, “Туушин” компанийн бөх, 26 настай
Улсын заан:
-Баттулгын Соронзонболд-Говь-Алтай аймаг, Эрдэнэ сум, “Хилчин” спорт хороо, “Газар холдинг” компанийн бөх, 24 настай
Улсын харцага:
-Түмэннасангийн Амартүвшин-Ховд аймаг, Эрдэнэбүрэн сум, “Хүч” спорт хороо, “Ану сервис” компанийн бөх, 29 настай
-Өлзийбатын Даваабаатар-Төв аймаг, Баянцогт сум, Олимп дээд сургууль, “Итгэлт орших” группийн бөх, 24 настай
Улсын начин:
-Жадамбын Оргил-Завхан аймаг, Их-Уул сум, “Хүч” спорт хороо, “Алс” компаниийн бөх, 30 настай
-Шоовдойхүүгийн Тогтохбаяр-Говь-Алтай аймаг, Жаргалан сум, “Хилчин” спорт хороо, “Монгол тамхи со” компанийн бөх, 27 настай
loading...




Наадам сайхан болсон, ярих юм алга. Харж байхад барьц сонгуулах үед засуулууд сайн ажилламаар байх юм. Засуулууд бөхчүүдэд дүрмийн заалтын дагуу зогсоогоод барьцыг нь бариулахгүй тойроод л байх. Тэгээд яг барьц авсных нь дараа “барилд” гэж хэлдэг л баймаар. Зарим үед болоогүй байхад нь эхлүүлээд, эсвэл барилд гээгүй байхад нь эхлэх мэтээр будилаантай юм их болох юм. Эсвэл барьцаа өгөхгүй элдэв аяглаад л байгаа харагдах юм. Бичлэгээр харуулсан нь маргааныг таслах сайхан боломж олгож байсан учир үүнээс хойш албан ёсоор ашиглаж байя.
loading...
Мэдээллээ шинэчлээчээ
loading...
Энэ балай сайт мэдээллээ шинэчилдэггүй юм уу
loading...
шинэ мэдээ мэдээлэл алга уу
loading...