loading...
Номын үргэлжлэл
АНХНЫ ШИГШЭЭ БАГ
Монголын боксчид 1958 оноос 1960 оныг хүртлэх хугацаанд өөрийн улс оронд болон гадаадад болж буй тэмцээнд оролцож байсан боловч албан ёсны шигшээ баг байгуулагдаагүй байлаа.
1960 оны есдүгээр сарын 13-нд тухайн үеийн Биеийн тамир ,спортын эвлэлийн төв зөвлөлийн шийдвэрийг үндэслэн Монголын боксын холбоо анхны шигшээ багийг албан ёсоор байгуулсан.Боксын улсын шигшээ баг байгуулах санаачилагыг МБТСЭ-ийн төв зөвлөлийн орлогч дарга байсан ахмад боксчин Р.Зориг холбогдох дээд байгууллагад удаа дараалан цөхрөлтгүй тавьж байж зөвшөөрүүлсэн юм билээ.Энэ материал нь МБТСЭ-ийн төв зөвлөлийн \тухайн үеийн нэр томьёогоор бичив\ архивт байдаг .Боксын улсын шигшээ багийг цалинжуулах асуудал МБТСЭ-ийн төв зөвлөлд хүндрэлтэй байсан учир хөлбөмбөг,боксын шигшээ багийг цэрэг армийг түшиглүүлэн БХЯ-ны биеийн тамир ,спортын “Алдар”нийгэмлэгт шилжүүлжээ.
Боксын анхны шигшээ багийн дасгалжуулагчаар Н.Лувсандорж ажиллаж байв.
Тамирчидын бүрэлдэхүүнд:
Н.Сүрэнжав / хамгийн хөнгөн жин/
Б.Мишигдорж /хөнгөн жин/
Р.Барс /хагас хөнгөн жин/
Д.Бямба /нэгдүгээр хагас дунд/
Д.Батмөнх /хоёрдугаар хагас дунд/
Ш.Сэрээтэр /хөнгөн/
Ш.Батхүү /хөнгөн/
Ц.Түвдэнсүрэн /дунд жинд/
Б.Олзот /нэгдүгээр дунд жинд /
А.Уртнасан /хоёрдугаар дунд жинд/
нарыг оролцуулан баталсан юм.
Анхны шигшээ багийхан “Алдар”нийгэмлэгийн тамирчид болж цэрэг ,дарга хувцас өмсөцгөөн их баярлацгааж билээ.Улс эх орон ,цэрэг армийг төлөөлөн боксын тэмцээн уралдаанд оролцох анхны тамирчид ийнхүү албан ёсоор томилогдов.Он цаг улиран дөч гаруй жил өнгөрсөн ч эдгээр залуусын дүр төрх ,ааш зан сэтгэлд тодоос тод үлдсэн учир анхны шигшээ багийн тамирчдаа эргэн нэг дурсахад таатай байна.
Намжимын Сүрэнжав
Арван долоо, найм орчим насны ,намхавтар нуруутай ,шингэвтэр шар үстэй залуу байлаа.Үсээ урагшаа самнана.Бокс тоглож байх үед нь үс нь үл мэдэг сэвс,сэвс хийсэх нь одоо ч нүдний өмнө харагдах шиг.Ер нь биеэ цэвэрхэн авч явдаг аятайхан залуу байлаа.Сүрэнжав бокс тоглохдоо техник сайтай,довтлохоосоо хамгаалах нь их ,тухайн үед жиндээ нэг биш удаа аваргалаж байлаа.
Балжиннямын Мишигдорж
Мишигдорж биднийг бодвол тэр үед 1958 БНАГУ-д болсон боксын олон улсын тэмцээнд оролцоод ирсэн хашир боксчин байлаа.
Гэр нь хуучнаар хоршоодын холбооны хоёр давхар шар байшингын нэгдүгээр давхрын баруун хойд талын хоёр өрөө байранд,гол төлөв ээжтэйгээ л байдагсан.
Мишигдорж фото зураг авах,сонсох донтой ,оросоор муугүй яриана.Тэр хавиар амьдардаг орос хүүхдүүдтэй их үерхэнэ.
Бокс тоглохдоо хошуугаа нуусан зараа шиг л юм явж байгаад л,боксын хэллэгээр гэнэт тэсэрч баруун гарын огцом хүчтэй цохилтыг эрүүнд гал маналзтал буулгана.Кросс гүйлтэнд Мишигдоржийг гүйцэх боксчин байхгүй .Тухайн үедээ хувийн соёл сайн эзэмшсэн залуу байсан.
Рэндоогийн Барс
Рэндоо генералын эрх дураараа өссөн хүү ,майгадуу хөлтэй ,өргөн цээжтэй ,булчинлаг бор залуу .Биеийн хэлбэр галбираараа Унгарын алдарт боксчин Ласло Паптай төстэй учир бид түүнийг Ласло хэмээн хочилно.Ер нь сэтгэл сайхантай,илэн далангүй ,хэнэггүй сайхан эр.
Боксын техник ,арга барил сайтай тамирчин .Монголын хамгийн анхны мастерын нэг.Боксын рингэн дээр Барс нэг бус удаа нөмрөгтэй гарч ирж байсан нь сүрлэг харагддаг байлаа.
Бид Алдарын тамирчид учир цэрэг ,ахлагч форм өмсөнө.Тэр үед ахлагч нарт шар товчтой шинель ховор байсан учир бид байлдагч шинель дээр шар товч хадаж гангардаг байсан.
Нэг өдөр жагсаалын үзлэг дээр аавынхаа Рэндоо генералын шинелийн төрийн сүлдтэй шар товчийг ярайтал хадаж ирээд бөөн инээдэм шуугиан болж билээ.Барсын оролцсон тэмцээнийг нэг бүрчлэн бичих илүүц бизээ.1972 онд улсын шигшээ багийг Олзотын хамт дасгалжуулан Мюнхэний Олимпийн их наадамд оролцсон юм.
Дондовын Бямба
Өтгөн хар үс,хөмсөгтэй,цайвар шар царайтай залуу байв.Анхны шигшээ багт Дорнод аймгийн 10 жилийн аравдугаар ангийг төгсөөд иржээ.Яриа хөөрөө товч тодорхой,алив юманд хөнгөн шуурхай,шулуун шудрага хандана.
Бокс тоглохдоо ихэвчлэн дундын зайнаас тоглоно.Их шартай ,хүчтэйхэн цохилт авчихвал хар хөмсгөө зангидаад л дайрчихна.Алдар нийгэмлэгийн цанын шигшээ багийн тамирчин ,спортын мастер Бадамхандтай гэр бүл болсон .Бадамханд цанын спортын амжилтын хувьд улсдаа дээгүүр ордог тамирчин байлаа.
Бямба ЗХУ-ын биеийн тамирын дээд сургуульд яваад сүүлд нь энд УБДС-ийн биеийн тамирын анги төгссөн.Олон жил бокс ,бөхийн чөлөөт барилдааны дэвжээ,рингэнд шүүгч хийсэн ,чадварлаг сайн шүүгч байсан .Хүний хувьд элдэв хуурамч зан байхгүй .За бол за ,үгүй бол үгүй.Дээр хэлсэнчлэн шулуун шудрага,гүдэсхэн.
Хувцсаа их цэвэрхэн өмсөөд ,сахал үсээ тогтмол засуулсан байдаг.Сахал нь өөрт нь их зохино.Тэрээр ухамсарт амьдарлаа монголд шинэ залуу тамирчдыг бэлтгэн гаргахад зориулсан ахмад туршлагатай багш байв.
Дашийн Батмөнх
Төрөлх нутаг Төв аймгийн Лүн сумынхаа наадамд барилдан найм давж үзүүрлэн ,сумын начин болчихсон бадриун шар залуу байлаа.Монгол улсын их сургуулийн оюутан.
Нэг мэдэхэд боксын шигшээ багийн тамирчин болж сургуулиа орхижээ.Үндэсний бөхөөрөө ч дахиж оролдсонгүй.Гэвч энэ эрхэм спортын ачаар түүнд харамсах зүйл гарсангүй.
Бокс хаагдсаны дараа сургуульд суралцаж ,УБДС-ийн биеийн тамирын анги,Ленинградын цэргийн биеийн тамирын дээд курс төгсчээ.
Монголын боксын холбооны анхны Ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж,монголын боксыг олон улсын төвшинд хүргэхэд хувь нэмрээ оруулсан хүн юм.
Шижээгийн Батхүү
Дүрлэгэр алаг нүдтэй ,дунд зэргийн нуруутай хөрслөг, бор залуу их даруухан,дөлгөөхөн ааш зантай монгол дээл өмсөх дуртай.
Цэвэрч нямбай,бэлтгэл сургуулийг их үнэнч хийдэг тамирчин байлаа.Ш.Сэрээтэрийн төрсөн дүү.Тоглолтын ур чадвар ахдаа хүрэхгүй ч их хичээнгүй тамирчин учраас жиндээ шилдэг боксчин болж чадсан юм.
Шижээгийн Сэрээтэр
Үе тэнгийхэн болон ахмад үеийнхэний дунд Бошимбой нэрээр алдаршсан бор залуу.Биднийг ахлан бэлтгэл ,сургууль хийлгэнэ.
Бэлтгэл сургууль хийлгэхдээ маш өндөр шаардлагтай, тогтмол орос хэвлэл ашиглана.Ер нь харьцааны соёл сайтай.Бэлтгэлийг хийсэн шиг хийнэ.
Бокс тоглохдоо Сэрээтэрийн толгойг онож цохидог боксчин тун ховор.Хоёр гар нь өвдөгнөөсөө доор,толгой нь ямар ч хамгаалалтгүй мөртлөө оногдоно гэж байхгүй.
Ш.Сэрээтэр,Р.Барс хоёр жингээр ойролцоо учир улс, хотын аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа нокаут хийж байсныг санаж байна.
Цанын улсын аварга шалгаруулах тэмцээнд 50 км зайд Сэрээтэр спортын мастерын болзол хангасныг манай ахмад үеийн цаначид сайн мэднэ.
Ц.Түдэвсүрэн
Булчинлаг өргөн цээжтэй.Дуу цөөтэй бор залуу.Нийслэлийн 18 дугаар дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөөд шууд шигшээ багт ирсэн .75 кг –ийн жинд улс,хотын нэг биш удаагийн аварга болсон. Бокс тоглохдоо техниктэй гэхээсээ хүч давамгайлан тоглоно.Хоёр хөл дээрээ барилдах гэж байгаа юм шиг бат зогсож байгаад баруун гараараа хажуугийн цохилтыг маш хүчтэй лантуугаар цохиж байгаа юм шиг буулгана.Б.Олзот агсан хууч хөөрч байхдаа,би олон удаа биш ч гэсэн хүчтэй, оновчтой цохилттой боксчидтой тоглож бэлтгэл сургууль хийж байсан.
Манай Түдэвсүрэнгийн баруун гарын цохилт хэнийг ч болов сандаргана шүү гээд л Түдэвсүрэнгийн цохилтыг өөрийн биеэр үзүүлж байгаад л ярина.Бодвоос мань хүн Түдэвсүрэнтэй тоглож байгаад хүнд цохилт амссан болов уу.
Түдэвсүрэн боксын рингийг орхисоноос хойш одоог хүртэл жолооны ард сууж эрүүл чийрэг,эсэн мэнд явна.
Анхны багийн гишүүн Бумуудэнгийн Олзотын тухай хойно бичих учир түр орхилоо.
А.Уртнасан
Боксын анхны шигшээ багт хамгийн хүнд жинд тоглохоор томилогдон ирсэн нуруу ,туруу мах мариа тэнцүүхэн буриад залуу байлаа.Нуруугаар нэлээд өндөр гол төлөв инээмсэглэж явдаг.
Буриад аялгуутай ярьдаг.Тэгэхдээ тийм их яриа биш.Шигшээд нэг их удаагүй .Уугуул нутаг нь Хэнтий аймаг байсан.Ямар ч байсан Уртнасан их ,бага хугацаагаар албан ёсоор шигшээ багийн гишүүн байсны хувьд монголын боксын түүхэнд бичигдэх ёстой хүн .
Ийнхүү 20 орчим насны дээрхи залуучууд монголын боксын шигшээ багийн тулгын чулууг тавилцсан анхдагч байсных нь хувьд цаг хугацаа өнгөрснийг үл харгалзан хойч үедээ дурсамж болгон үлдээхийг хичээлээ.
loading...





lungiin naadamd 512 buh barildaal ter nuhur 8 davj uzuurleed l ntr……….
loading...