Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Спорт-номын сан » Рингэнд мөнхөрсөн залуу нас (6-р хэсэг)

GD Star Rating
loading...

ХОЁР ДАХЬ ҮЕИЙН

ШИГШЭЭ БАГ

1970- аад он.

Манай боксчид нилээд хэдэн олон улсын тэмцээнд оролцож, зохих туршлага эзэмшсэн 1971 онд хоёр дахь үеийн шигшээ баг байгуулагдлаа. Учир нь, манай баг тамирчид Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагaa оролцох боллоо. Энэ удаагийн аварга шалгаруулах тэмцээн Иран улсын Тегеран хотноо болоход тоотой хугацаа үлдээд байлаа.

Монголын бокс дөнгөж сэргэж байсан тэр үед манай шигшээ багийн тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох, тэмцээний туршлага, дадлага багатай байсан хэдийч төрийнхөө алтан соёмбот далбааг харийн нутагт нэг биш удаа мандуулсан юм.

Ийнхүү том тэмцээний салхийг хагалан амжилттай тоглож, залуу үеийн олон шилдэг мастеруудыг араасаа дагуулан манлайлсан энэ үеийн боксчдыг манай урлаг,соёлын алтан үеийн мастеруудтай адилтган жиших нь зүйд нийцэх бизээ.

Одоогоос 30-аад жилийн өмнө од шиг гялалзаж, сум шиг дүүлэн тоглодог байсан эдгээр залуус цагийн эрхээр насан тогтож, тэргүүнд нь цагаан cop суусан ч боксын спортын залуу үеийг хүмүүжүүлэх, өсгөн төлөвшүүлэхэд өнөөдөр ч хүчин зүтгэсээр л байна.

Боксын дэвжээнд танил болсон хоёр дахь үеийн шигшээ багийнхны сэтгэлд танил залуу үеийнх нь дүр зургийг олон жилийн дараа дахин нэг толилуулж буйд баяртай байна.

Боксын улсын шигшээ багийг дараахь бүрэлдэхүүнтэй байгуулжээ.

Дасгалжуулагч Б.Олзот

В. Батбаяр /48 кг/

Г.Батбилэг /51 кг/

Б.Ганбат /54 кг/

Т.Ринчендорж /57 кг/

С.Батболд /57 кг/

Х.Алтанхуяг /60 кг/

С.Гомбо /63.5 кг/

Д.Баяр /67 кг/

Н.Цэнд-Аюуш /71 кг/

Г.Зориг /81 кг/

Вандуйн Батбаяр

Өтгөн хар хөмсөгтэй, хаанаас нь ч харсан өөгүй намхан цагаан залуу. Хөөрхөн ааштай, архи тамхи хэрэглэдэггүй. Тоглолтын арга барил сайтай, өөрөө намхан болоод тэр юм болов уу, босоо зогсолттой, шулуун цохилттой, их цэвэрхэн тоглоно. Батбаярын гол өрсөлдөгч нь тухайн үед “Алдар”-ын С.Батсүх, Сайнсүрэн, Н.Сэрчиндэмид нар байсан юм.

В.Батбаяр хэзээний үг яриа цөөтэй. Яривал боксоо л ярина. Батбаярын олон улсын тэмцээнд оролцсон болгоныг нэг бүрчлэн бичих боломжгүй л дээ. Тоймтойгоос нь хэлэхэд, 1971 онд Ираны Тегеранд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн, 1972 онд Мюнхенд болсон олимпийн их наадамд 48 кг-ийн жинд тоглосон. 1975 онд Япон улсын Иокогама хотод болсон Ази тивийн аваргаас

хүрэл медаль хүртсэн. Манай улсын хөнгөн жингийн нэг биш удаагийн аварга тамирчин.

Буянгийн Ганбат

Б.Ганбат 1963 онд нийслэлийн арван жилийн зургадугаар дунд сургуулийн аравдугаар ангийг төгсөх жилээ шигшээ багийн бүрэлдэхүүнд орж, Зөвлөлт Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотын 40 жилийн ойн нэрэмжит боксын тэмцээнд оролцож хамгийн уран гоё тоглолттой боксчны тусгай шагналыг авч, анхныхаа гарааг амжилттай эхэлсэн боксчин билээ.

Ганбат босоо халимагтай, монхордуу хамартай,хөнгөн жингийн боксчинд жинхэнэ зохицсон бие галбиртай, биеэ их цэвэрхэн авч явдаг залуу байлаа.Аравдугаар ангиа төгсөөд л хуучнаар ЗХУ-ын Ташкент хотынБТДС-ын дасгалжуулагчийн ангид элсэн суралцаад хожим нь Москвад шилжин ирж сургуулиа төгссөн.Оюутан байхдаа ЗХУ-ын боксын спортын мастер болсон анхны монгол тамирчин юм. Уран гоё тоглодгоороо улсдаа нэрд гарсан боксчин. Хөл дээрээ гайхамшигтай сайн ажиллана. Яг л бүжигчин шиг найгаж байгаад л хуурна,бултана, цохино. Ер нь хувийн соёл сайтай залуу. Хошин шог ярианд муугүй, нөхдөө байнга инээлгэх ямар нэг зүйлийг олоод сэдчихсэн явдаг залуу байсан юм.

Галсандоржийн Батбилэг

Г.Батбилэг тэр үед бараг л арван жилийн сургуулийн ширээний араас боксын улсын шигшээ багт ирсэн туранхай шар хүү байлаа. Гэхдээ 1971 оны МБАТ-ний спартакиадын аварга болчихсон, МУИС-ийн эдийн засгийн салбарын оюутан, олон үггүй, даруухан залуу. Монгол улсын боксын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаагаа оролцсон юм. Баруун гарын хүчтэй цохилттой Г.Батбилэгээс гадаад, дотоодын олон боксчин цэрвэдэг байлаа.

Батбилэг Улаанбаатарт жил болгон явагддаг байсан олон улсын тэмцээний 6 удаагийн, улсын аварг шалгаруулах тэмцээний олон удаагийн аварга юм.

Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагий тэмцээн /1980 он/-д өрсөлдөгчөө гол төлөв нокаутаар ялж Ази тивийн аварга цол, алтан медалийн төлөө өмнөд Солонгосын боксчинтой өрсөлдөн нокаутаар ялж, Аз тивийн аварга болсон юм.

1980 онд ЗХУ-ын Москва хотод болсон олимпийн наадамд монголын тамирчдаас анх удаагаа шөвгийн наймд шалгаран үлдээд олимп, дэлхийн аварга тамирчин, Кубын А.Эррераг хүнд цохилтоор тоолуулж байсан тамирчин юм. Румынд болдог олон улсын “Алтан бүс” тэмцээнээс тэргүүн боксчны тусгай шагналыг хүртэж байв. Төр засаг боксын спортод Батбилэгийн байгуулсан гавьяаг үнэлж- “Алтан гадас” одонгоор шагнасан.

Сандагийн Батболд

Улаанбаатар хотод 1969 онд болсон боксын олон улсын тэмцээнд ЗХУ-ын спортын мастер В.Стрельниковтой алтан медалийн төлөө өрсөлдөөд мөнгөн медаль авч байсан цаг өчигдөрхөн мэт санагдана. С.Батболд агсан солгой өрөлттэй, зүүн гарын огцом хүчтэй цохилттой, булчинлаг өргөн цээжтэй, булцгар цагаан залуу байв.

Тухайн үед гадаад, дотоодод болж байсан хот, улс, олон улсын тэмцээнд амжилттай тоглож байсан ахмад мастеруудын нэг. С.Батболд “Алдар” нийгэмлэгт боксын дасгалжуулагч, хожим Цэргийн нэгдсэн дээд сургуульд биеийн тамирын багшаар ажиллаж байлаа. Батболд сэтгэлийн хөдөлгөөн багатай. Уурлах, баярлах нь тун ховоp. Гэхдээ их өөдрөг мөрөөдөмтгий хүн байсан. ЦНДС-д багшилж байхдаа “Өсвөрийн боксчдын сургалт,дасгалжуулалт”-ын талаар судалгаа тооцоо хийж эрдмийн зэрэг хамгаална гэж ярьдаг байлаа. Манай хүн тэр мөрөөдлөө биелүүлж ЗХУ-ын Москва хотод очиж ярьж байсан сэдвээрээ дэд докторын зэргийг амжилттай хамгаалсан.

Эрдэмтэн боксчин маань ид хөдөлмөрлөх насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн ч ахмад мастер, дэд цоктор С.Батболдыг монголын бокс мартахгүй юм.

Нямдашийн Батсүрэн

Энэ үеийн шигшээ багийн бүрэлдэхүүнд ухарна, болгоомжилно гэдгийг огт мэддэггүй хоёр боксчин байсны нэг Н.Батсүрэн, нөгөө нь П.Баатар юм. Батсүрэн аль ч улсынямар ч боксчинтой тоглосон урагшаа явсаар байгаад л тоглолтоо дуусгана. Өөрийнх нь бие галбир, царай зүс нь хүртэл ухрахад биш урагшаа давшихад зориулагдсан мэт санагддаг байлаа. Хүнийхээ хувьд их шулуун, шударга, зоримог. Батсүрэн Эрхүү хотод дээд мэргэжил эзэмшсэн, имженер хүн. 1963-1969 онд Эрхүүд суралцаж байхдаа Кустанай мужийн аварга, Сибирь алс Дорнодын Политехникийн дээд сургуулиудын аварга болж, ЗХУ-ын боксын спортын дэд мастер болсон. Батсүрэигийн гадаад,дотоодод оролцож байсан олон улсын тэмцээний хамгийн том нь 1972 онд Мюнхен хотод болсон олимпийн их наадам байв. Хот, улс, олон улсын тэмцээнд нэг биш удаа түрүүлж байсан тамирчин юм.

Т.Ринчэндорж

МУИС-ийн барилгын инженерийн оюутан Ринчендорж хэмээх даруухан цагаан залуу. 1960-аад оны сүүл үеэс боксын спортод хөл тавин улмаар улсын

шигшээ багийн бүрэлдэхүүнд орж улс эх орноо төлөөлөн гадаад, дотоодод болж байсан олон улсын тэмцээнд оролцож ирсэн. Ринчендорж 1967, 1969, 1971, 1973, 1975 онуудад хот, улс, олон улсын тэмцээнд гол төлөв 54, 57 кг-ийн жинд тоглож алт, мөнгөн медалиар энгэрээ мялааж байсан. Ринчендоржийн гол өрсөлдөгч нь спортын мастер Б.Ганбат. Тив, дэлхийн аварга, олимпийн их наадамд оролцохын тулд энэ хоёр өөр хоорондоо өрсөлдөн хэн ялсан нь явдаг байлаа. Аль аль нь тоглолтын арга барил, техник сайтай. Боксын дэвжээн дээр энэ хоёр ширүүн өрсөлддөг байсан ч амьдрал дээр үй зайгүй найзууд байлаа. Ринчендорж боловсрол, ухаан тэнцүүхэн, хэл яриа, бичгийн соёл сайтай залуу.

Барилгын сайн инженер хэдий ч боксын спортоо орхилгүй Монголын сонирхогчдын болон мэргэжлийн боксын холбооны ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульт ажлыг хийж, тив дэлхийн боксын холбоотой Монголын боксын холбоог ойртуулан нягтруулах, боксын холбооны шугамаар зохиогдох олон улсын хэмжээний олон хэлбэрийн ажлыг улам өргөжүүлэхэд өөрөөсөө шалтгаалах бүхнээ хийсэн юм. Боксын хувьд сайн мастер, барилгын хувьд муугүй инженер, хүний хувьд нөхөрсөг даруухан хүн болой.

Хайдавын Алтанхуяг

Ширвээ сахалтай, ширүүвтэр дүр төрхтэй бор залуу, бэлтгэл сургуулийг их эрчтэй хийдэг, ялангуяа кросс гүйлтэнд Алтанхуягийн урд ордог боксчин тэр үеийн шигшээ багийнханд байгаагүй гэдэг юм. Тоглож байх үедээ амьсгалаа маш зөв хуваарилж хамраараа сүн сүн хийтэл гаргаж байгаа нь одоо ч чихэнд сонсогдох мэт. 1971 онд Иран улсын Тегеран хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, тивийн аваргын анхны алтан медалийг эх орондоо авчирсан бол, 1975 онд Япон улсад Ази тивийн аваргын ҮП удаагийн тэмцээнд түрүүлэн тивийн аваргын хоёр дахь алтан медалиа зүүсэн юм. 1972 оны Мюнхений олимпийн наадам, 1974 оны Кубын Гаванад болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд жингийнхээ дэлхийн шилдгүүдтэй ана мана өрсөлддөг байсан тамирчин юм.

Содномын Гомбо

Олон улсын тэмцээний нэг биш удаагийн дайчин зоригтой боксчны тусгай шагнал авч байсан тамирчин. Дотоод, гадаадын олон боксчид С.Гомбоос эмээдэг байсан. Онцлог нь аль ч улсын, ямар ч алдар цуутай боксчинтой тоглохдоо айж эмээдэггүй, эр зоригтой тулдаг боксчин. Тоглолтын үед С.Гомбын зүрх чулуу болчихдог байлаа. Гомбо 1971 онд Иран улсын Тегеранд болсон Ази тивийн аварга, 1972 онд Мюнхенд, 1976 онд Монреальд болсон олимпийн их наадамд дараалан оролцсон. С.Гомбо 1973 онд ЗХУ-ын Ленинград хотод болсон олон улсын тэмцээнд мөнгөн медалийн төлөө сонирхогчдын боксын, дэлхийн мэргэжлийн боксын олон удаагийн аварга, Унгарын алдарт боксчин Ласло Папын шавь олимпийн мөнгөн медальт Бодоштой тоглосон. Бодошийг Ласло Пап өөрөө дасгалжуулан очсон юм. Гомбо тэр алдартай, хүч техниктэй боксчинтой гурван үеийн турш түрэмгий,зүрхтэй зоригтой тоглосон боловч Бодош алдар нэрээрээ арга буюу ялахад Ленинград хотын 15000 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэнд суусан үзэгчид гурван үеийн туршид Чингис вперёд, Чингис вперёд гэж чих дүлийртэл хашгиран Гомбыг дэмжиж байсан юм. С.Гомбо Ази тивийн спортын маадмын мөнгө, Улаанбаатарын олон улсын тэмцээний алт, мөнгөн медаль хүртэж байв.

Довдойн Баяр

Нийслэлийн арван жилийн нэгдүгээр дун сургуулийн аравдугаар ангийн сурагч, нуруулаг, даруухан банди боксын спортод хөл тавьсан. Уг нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг байж. Боксын спортод сэтгэл татагдан тэр спортоо орхиод боксын секцийн шинэхэн сурагч болсон гэдэг. Хүндийн өргөлтийн спортоор хичээллэж байсан учир биеийн ерөнхий хөгжил сайтай, хүнд цохилттой боксчин байлаа. 1971 онд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн олон улсын хэмжээний мастер хүн. Д.Баяр залуугаасаа алив юманд их буурь суурьтай болгоомжтой хандана. Тэр чанараараа бокс тоглохдоо их тооцоо судалгаатай хандан хааш нь яаж цохихоо мэдсэн шиг мэднэ. Боксынхоо спортод одоо ч гэсэн ямар ч их ажилтай байсан зав чөлөө гаргана. УБДС-ийн түүх, газарзүйн анги төгссөн.

Д.Баяр “Монголын бокс. 1948-2000 он” ном бичсэн юм. Энд тэндхийн олон боксчинтой гар зөрүүлж явсан Д.Баяр эх орныхоо эрт дээр үеийн түүх дурсгал, хөшөө чулууны талаар судалгаа шинжилгээний ажил хийж шинжлэх ухааны докторын зэргийг 2002 онд амжилттай хамгаалсан юм.

Паламдоржийн Баатар

П.Баатар монхордуу хамартай, шингэвтэр үстэй, дунд зэргийн нуруутай, ухаалаг маягийн өргөн духтай, харьцааны соёл сайтай, товч тодорхой яриатай, буриад залуу. Анхны шигшээ багийн гишүүн Д.Бямбаатай их үерхэнэ. Нэг нутаг /Дорнод аймаг/ байсан байх. Баатар хуучнаар ЗХУ-д дээд мэргэжил эзэмшсэн, уул уурхайн инженер хүн. Манай хашир туршлагатай мастеруудын нэг байлаа. Бокс тоглохдоо дээр бичсэнчлэн их шийдэмгий зоригтой, хоёр гараа эрүүнийхээ доор бариад л толгойгоороо түрээд л урагшаа яваад байна. Гадаад дотоодод эх орноо төлөөлөн оролцсон олон тэмцээнээс хамгийн том нь 1972 оны Мюнхены олимпийн их наадам юм.

П.Баатар оролцсон олон улсын тэмцээнээс ганзага хоосон ирж байсан тохиолдол ховор, зодог тайлсныхаа дараа олон жил боксын тэмцээн уралдаанд шүүгч хийж байсан. Энэ үедээ Баатар залуу зандан насандаа очиж байсан улс орон, тоглож өрсөлдөж байсан дотоод, гадаадын Боксчдоо дурсан ярьдаг байлаа.

Дуламын Батсуурь

Д.Батсуурь залуудаа бөлцгөр нүдтэй, эрүү шанаа өргөнтэй, ер нь монгол бөхийн нүүр царайны төрхтэй, шингэвтэр ширвээ сахалтай, тухайн үедээ өндөрт орох нуруутай, дуу шуу цөөнтэй боксчин байлаа. Манай улсад тэр үед хүнд жингийн боксчид ховор байсан учир Г.Зориг, Д.Батсуурь, Н.Цэнд-Аюуш, Д.Банди нар л 70-аас дээш жинд холио солиогүй явж, нүүр тахалдаг сайн боксчид байсан даа. Батсуурь гол төлов холын зайнаас өрсөлдөгчөө хүлээж тоглодог байсныг санаж байна.

Батсуурь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медалийн төлөө нутгийнх нь өөрөөр хэлбэл тэмцээн явуулж байгаа эзэн айл Ираны боксчин Масуд Кешмиртэй таараагүй бол хүрэл биш мөнгөн медаль, ахиад нэг ухасхийвэл алтан медаль ч авах боломж байсан.Ц.Батсуурь 1972 оны Мюнхены олимпийн XX их наадамд оролцон зодог тайлсан.

Н.Цэнд-Аюуш

Хууз сахалтай, хөгжилтэй яриатай, тоглохдоо маш их болгоомжтой, няхуур нямбай. Өрсөлдөгчөө их өднө. Хатгана. Дундын зайнаас баруун, зүүн гарын шулуун цохилтыг гол төлөв хийнэ.

Үе тэнгийн боксчид нь Цэнд-Аюушийг Мухамед Али гэж хочилно. Үндсэн мэргэжил нь жолооч. Жолооны ард суухдаа цав цагаан бээлийтэй явна. 1960-аад оны дунд үе 1970-аад оны эхээр Монголд ирж байсан Куба, ЗХУ, Румыны хүчтэй техниктэй боксчидтой олон удаа гар зөрүүлж байлаа. 1971 онд Иранд болсон Ази тивийн аварга шалгаруулах Ү тэмцээнд Пакистаны боксчин Хабибур Рахмантай мөнгөн медалийн төлөө өрсөлдөн хүрэл медаль дээр буужээ. Цэнд-Аюуш зодог тайлснаасаа хойш боксын шүүгч хийдэг болсон.

Гомбын Зориг

Г.Зориг ханхар өргөн цээжтэй, нуруу өндөр, ер нь бүх юм нь тэгш сайхан залуу байжээ. Зоримог шударга зантай атлаа даруухан, тэр том ханхар биенд баймааргүй эелдэг зөөлөн зан ааштай, их нөхөрсөг. Өндөр мэдлэг боловсролтой хүн байсан юм.

Г.Зориг 1971 онд Тегеранд болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж. 1972 онд.Куба улсын Кордова Кордины нэрэмжит олон улсын тэмцээнд оролцон хүрэл медалиар энгэрээ мялааж байлаа. Мюнхений олимпийн их наадамд оролцож байсан.

Г.Зориг АУДС төгсөөд жирийн эмчээс эхлээд улсын хариуцлагатай албан тушаал олон жил хашихдаа шинжлэх ухааны ажилд хүчээ зориулан хойлог шувууны махыг эмчилгээнд хэрэглэх үр өгөөжийн талаар олон жилийн судалгаа шинжилгээ хийж дэд докторын зэрэг хамгаалах бүтээл туурвисан нь эрдмийн зэрэг цолын комисст өндөр үнэлэгдэж анагаах ухааны докторын зэрэг олгосон юм.

Харин энэ сайхан хүн ид бүтээж туурвих насандаа насан өөд болж монголын боксын гэр бүл нэгэн боксчноор дутсан юм.

Ийнхүү 30 гаруй жилийн өмнө Монгол улсаараа овоглон олон улсын дэвжээнд зодоглож явсан шигшээ багийн эдгээр залуусаас гадна дээрх тамирчидтай эн зэрэгцэн зүтгэж, боксын рингэнд олон жил амжилт гаргасан спортын мастер С.Батсүх, В.Баясгалан, Ш.Баярсайхан, А.Жадамба, Х.Жамган, Д.Батмөнх, Д.Олзвой, Батбаяр, Дэ.Ганболд, Б.Чулуунбат, Д.Пүрэвдорж, Нэргүй, Д.Эрдэнэ нарын олон шилдэг тамирчин Монголын боксын хөгжилд залуу нас, хүч хөдөлмөрөө зориулсан гавьяатай юм.

- - -

Миний өвгөдийн туулсан зам алс бөгөөд

эрэлхэг байсан юм

Миний удмын хөх түүх өнө бөгөөд

мөнх юм

Миний өвгөдийн дуулсан дуу уяхан бөгөод

хэрсүү билээ

- - -

Талын начин шонхорын

Сэлгээ уран дайралтаас

Хүрэн байцын бүргэд ч

Эмээж зайлдаг гэнэм

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. vive says:

    mash sonirholtoi tsuvraluud niitelj baigaad bayarlalaa. Urgeljlel baigaa gej naidaj baina. 80-90eed onii bolon odoogiin boxchidiin tuhai namtar tuuh, hen ni yamar clubd haryalagddag tuhai medeelel haanaas avch boloh ve?

    GD Star Rating
    loading...
  2. nomynhoourgeljleliig uzeerei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: