Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Буудлага, Ярилцлага » Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт Доржсүрэнгийн Мөнхбаяр: Монголчууд хэн бэ гэдгийг дэлхийд харуулж чадлаа

GD Star Rating
loading...

Ц.ЭНХТҮВШИН (2008-08-18)
Монгол Улсын гавьяат тамирчин, Олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази болон Европ тивийн аварга, дэлхийн цомын аварга Доржсүрэнгийн Мөнхбаяртай утсаар товч хөөрөлдсөн өө толилуулья.

-Мөөгий, юуны өмнө Олимпийн хошой медальтай анхны монгол хүн болсонд баяр хүргэе! Шагналын тавцанд зогсож байхад, Монгол, Германы далбаа намирч байхад юу бодогдож байв даа?
-Үнэхээр үгээр гаргаж хэлэхэд хэцүү мэдрэмж төрж байсан. “Барселона-1992” олимпийн наадамд хүрэл медаль хүртээд алтан соёмбот далбаагаа мандуулж байсан мөч минь хэзээ ч мартагддаггүй. Монголын тамирчин бүсгүйчүүдээс анх олимпийн медалийг авч, монгол эмэгтэй олимпийн медаль авч болох юм гэдгийг мэдрүүлж, замыг нээж өгсөн. Энэ амжилт маань тохиолдлынх байгаагүй гэдгийг нотолж, олимпийн медалиа ихэрлүүлэх юмсан гэж бодож, олон жил тууштай хөдөлмөрлөсний хүчинд өнөөдөр хоёр дахь медалиа авлаа. Олимпийн шагналын тавцанд хоёр монгол бүсгүй зогсох ямар сайхан байсан гээч. Би төрсөн эх орон Монгол Улсдаа тив, дэлхийн аварга, олимпийн медаль гээд авч болох бүх л медалийг авчирч байсан. Германы иргэний харьяалалтай болсноос хойш одоо амьдарч байгаа орондоо бас л тив, дэлхийн аварга, олимпийн медалийг нь авч өглөө. Монгол Улс маань ч, Герман орон ч надад аль аль нь гомдохгүй байх гэж бодож байна.

-“Бээжин-2008” олимпийн наадмаас Монгол Улс олимпийн аваргатай боллоо. Улс орон даяараа, дэлхийд тархан суусан монголчууд элгэн саднаараа баярлаж, эх орноороо бахархаж байна.
-Тиймээ, үнэхээр сайхан түүхэн үйл явдал гэж үүнийг л хэлнэ. Хятадууд монголчуудаас айж Их цагаан хэрмийг барьсан түүхтэй. Үүнийг эзэн Чингисийн маань цэргүүд давж байсан. Тэгвэл өнөөдөр манай Монголын тамирчид давж чадлаа. Монгол Улс, монголчууд хэн бэ гэдгийг дэлхий даяар таниулж чадсан Түвшинбаяраар хүн бүр бахархаж байна. Би таван олимпод оролцсон болохоор олимпийн медаль бүү хэл ганц ялалт ч ямар их үнээр, ямар их хүч хөдөлмөрөөр ирдэг болохыг сайн мэднэ. Үнэхээр гайхамшигтай л гэхээс өөр юу хэлэх вэ? Монгол Улс энэ хүүгээ үеийн үед бахархаж хүндэлж байх хэрэгтэй.

-Таныг олимпийн медаль авсанд Герман улс бас л их хүндэтгэн хүлээн авч, сонин хэвлэлээр их бичиж байгаа гэж сонслоо. Энэ талаар мэдсэн биз дээ?
-Германчууд урьд өмнө нь гар бууны төрөлд олимпоос медаль авч байгаагүй юм билээ. Тэгэхээр миний саяын авсан медаль анхных нь болж байгаа юм байна. Тэгээд нэлээд хүндэтгэлтэйгээр хүлээн авч байгаа байх. Охиноос минь хүртэл сурвалжлага авсан гэнэ лээ.

-Одоо олимпийн тосгондоо л байна уу? Хэзээ нутаг буцах вэ? Герман явахаасаа өмнө төрөлх эх орон Монголоороо очих уу?
-Би олимпийн наадам дуусгаад наймдугаар сарын 25-нд Герман руу шууд Мюнхен ниснэ. Монголдоо очих болрмжийг бол ер нь алддаггүй шүү. Жилдээ ямар ч байсан 1-2 оччихдог. Харин энэ удаа чадахгүй нь. Учир нь наймдугаар сарын 28-нд Германы улсын аварга шалгаруулах тэмцээн эхэлнэ. Тэр тэмцээнд оролцох учиртай.

-Баярын мэндчилгээнд хэр “булуулж”, медалиа хэр “угааж” байна?
-Өө, Гүндэгээ мөнгө, би хүрэл авсан өдрөөс л монголчууд маань баяр хүргээд маш сайхан байна. Маргааш нь Монголын маань тамирчин олимпийн аварга болоод ер хэд хоног унтах завгүй шахуу л байлаа. Монголоос манай үе үеийн буудлагын тамирчдын төлөөлөгч хориод хүн баяр хүргэх гэж зориуд хүрч ирлээ. Тэдэнтэйгээ уулзаад нулимс дусаахгүй байхын аргагүй байна. Бас гэр орныхон, найз нөхдүүд маань ч ирсэн. Дэлхийн өнцөг булан бүрээс элэг нэгт монголчууд маань баяр хүргэж, сэтгэлийн дэм өгч байгаад маш их баярлаж байна. Ямар олон оронд монголчууд маань байдаг юм бэ. Дэлхийг ер нь монголчууд эзэлчихсэн юм биш үү?

-Буудлагын спортод нас чухал биш. Өөрөөр хэлбэл таны өмнө дахиад ч хэд хэдэн олимп байгаа. Тэгэхээр дараа дараагийн олимпод улам амжилтаа ахиулж, алтан медаль авахыг хүсэн ерөөе!
-Ерөөл бат оршиг! Баярлалаа. Мэдээж амжилтандаа ханах болоогүй ээ. Тиймээс дараагийн олимпийн бэлтгэлээ энэ олимпийн дараахнаас л эхлэх санаатай Германы улсын аваргын тэмцээнд оролцох гэж байна. Амжилтад хүрэхийн тулд маш олон жил хөдөлмөрлөх хэрэгтэй гэдгийг манай залуу тамирчид ойлгож, бэлтгэл сургуулилтаа тогтмол хийх хэрэгтэй. Эцэст нь намайг ойлгож, урам өгч, сэтгэлээрээ өөдрөг байлгадаг бүх монголчууддаа хайртай шүү гэж хэлье.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Sato says:

    Mongol khun 2 medal avch boldgiig batallaa. Mongol Emegtei medal avakhiig 16 jiliin omno batalsan, 16 jiliin daraa dakhin medal avakhiig kharuullaa.

    5 olympiin togloltond oroltsloo. dakhiad orno gedegt naidaj baina

    Unekheer bakharkhaj baina. Amjilt khusei!

    GD Star Rating
    loading...
  2. davka says:

    Hi tanid amjilt husie ta tiv delhiid neree dursaj yavaa ch gesen mongoloo gesen neg zurhtei bna shuu

    GD Star Rating
    loading...
  3. UNM says:

    Hyazgaargui ih hairtai tand. yund ch bitgii buuj ogoorei

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: