Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бээжин 2008, Жүдо, Ярилцлага » Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр: Сугалаа хатуу таарсан нь миний амжилтын хөшүүрэг

GD Star Rating
loading...

Ярилцсан Ж.БАТМӨНХ /Бээжин. 2008.VIII.16/ Наймдугаар сарын 14 монголчуудад ээлээ хайрласан өдөр. Дөрвөн жилийн тэртээ Афины олимпийн наадам дөнгөж эхэлсэн энэ өдөр Монгол Улсын гавьяат тамирчин Х.Цагаанбаатар хүрэл медаль хүртсэн бол “Бээжин-2008”-д манай улсаас олимпийн анхны аварга төрсөн. Дөчин жил биднээс “зугтсан” алтан медалийг жүдо бөхийн -100 кг-ийн жинд хүч үзсэн Найдангийн Түвшинбаяр хүртсэн билээ. Бямба гаригийн шөнө эх орон руугаа нисэхийнх нь өмнө Монгол Улсын залуухан хөдөлмөрийн баатартай уулзаж ярилцаа.

-Яг аварга болсон тэр өдөр, тэр орой надаас ч, танаас ч үг гарахгүй байсан болохоор уулзах хугацаагаа алгуурласаар өнөөдрийг хүрлээ. Одоо хэд хоночихлоо, хэлэх үг цэгцрээд гайгүй болж байгаа биз?
-Тэгэлгүй яах вэ. Үнэндээ тэр өдөр юу хэлэхээ мэдэхгүй тэвдэж байсан. Түүнээс хойш олон хүний үгийг сонсож, тэр бүгдээс тусгаж аван, өөрөө ч гэсэн хэлэхсэн гэсэн зүйлээ тунгаалаа. Одоо уулзахад бэлэн байна.

-Энэ олимпод монголчууд медаль авна, аваргатай болно гэсэн итгэл дүүрэн байлаа. Тэр дундаа жүдогийн багт том хариуцлага ногдож байсан. Гэвч эхний өдрүүдийн барилдаанаас ёстой гал дээр ус хийх гэдэг шиг цочролд оруулж, бараг хүн болгон бухимдалтай явсан. Өдөр бүр интернетэд орж Монголын вэбсайтууд дахь мэдээлэл болон түүний доорх сэтгэгдлийг уншихаар бүр ч их мэдэрсэн. Энэ нь танд чухам яаж нөлөөлж байв?
-Эхний өдрүүдэд манайхан доогуур даваанд ялагдахад “Би багаа авч гарах ёстой, амжилт үзүүлнэ” гэж хариуцлагыг өөр дээрээ тусгаж авсан нь нөлөөлсөн байх. Мөн барилдах хүртлээ олон шилдэг тамирчинг ялж, ялагдахыг хараад энэ бол спортын хууль гэдгийг ойлгон урам зориг авч байсан.

-Оноолт чамгүй хатуу таарсан шүү?
-Энэ ч бас миний амжилтын нэг хөшүүрэг гэж болно. Олимпийн аваргаа хамгаалах гэж ирсэн хүнтэй эхний тойрогт таарсан нь өөрийгөө улам хурцалж, боломжоо зөв үнэлэн хичээж зүтгэхэд нөлөөлсөн байх. Барилдах өдрөө хүртэл бэлтгэлийнхээ хажуугаар зав чөлөөг өөртөө олголгүй бичлэг үзэх, өрсөлдөгчийнхөө дутагдлыг судлах зэргээр унтахаас бусад цагийг барилдаандаа зориулсан.

-Жүдогийн тэмцээний сугалаа наймдугаар сарын 7-нд гарсан. Харин та үүнээс хойш долоо хоногийн дараа барилдлаа. Энэ хооронд таарах хүмүүсээ тооцоолж л байсан байх. Өрсөлдөгч нар бодсоноор чинь байв уу?
-Яг л тооцоолж байсан хүмүүстэйгээ барилдсан.

-Гэхдээ Казахстаны Житкеевтэй финалдчихна гэж тооцоогүй байх?
-Би зөвхөн өөрийнхөө хэсгийг л харж байсан. Нөгөө зооныг бол тооцоогүй ээ. Тэндээс хэн ч гарч ирж болно шүү дээ.

-Казахууд нэг таагүй цуурхал дэгдээгээд байна. Энэ талаар тайлбар өгнө үү?
-Монголын бөх сэргээш хэрэглэсэн гээд тэдний дасгалжуулагчид ярьж байна гэсэн. Барилдахаар гарахын өмнө улаан өнгөтэй витамин уусан. Түүнийг л хэлсэн байх. (Ингэхэд шигшээ багийн дасгалжуулагч, гавьяат тамирчин Х.Болдбаатар цүнхнээсээ нэг зүйл гаргаж ирээд надад уншууллаа. Түүн дээр нь олон улсын лабораторийн зөвшөөрөлтэй витамин гэсэн байв)

-Тэр бөхөд энэ жилийн Азийн АШТ-д будлиантайхан ялагдсан гэж дуулсан юм байна?
-Ер нь үнэлгээ өгчихөөр хэд хэдэн мэхэнд минь оноо заагаагүй. Тэгээд цаг сунгахад би өчүүлж ялагдсан. Би өөрөө мэх хийгээд үнэлгээ авчихлаа даа гээд биеэ суллатал гарт өччихсөн. Сургамжтай барилдааны нэг болсон.

-Сая таарсан хүмүүстэйгээ урьд нь барилдаж байсан уу?
-Энэ жинд барилдсан 32 бөхийн 12-той нь гар зөрүүлж, ялж ялагдаж байсан. Есийг нь ялж, мөн дөрөвт нь дийлдэж байв. Гэхдээ ихэнхтэй нь ганц удаа барилдсан.

-Аварга болох хүртлээ таван удаа дэвжээнд гарахдаа нэг барилдаанаа тэр бүр давтаагүй байх аа? Магадгүй энэ нь өрсөлдөгчийнхөө тактикийг эвдэхэд нөлөөлсөн байж болох юм.
-Тийм ээ. Миний хувьд багш нартайгаа зөвлөөд тухайн барилдаан бүрт тохирох тактикийг боловсруулж байсан.

-Японы Кэйжи Сүзүкиг давхар хамж далаар нь буулгасныг эндхийн сонинд “rugby tackle” (регбийн мэх) гэж нэрлэсэн байна лээ?
-Энэ бол П.Ганбаяр багшийн зааж сургасан мэх. Бөхийн өлгий гэгддэг Булган аймгийн Сайхан сумаас улсын цол авсан хамгийн сүүлчийн бөх болохоороо ч тэр үү, дараагийн хүнээ гаргахыг тэр үнэхээр их хүсч хичээж байсан байх. 2005 оноос Э.Энхбат бид хоёрыг удирдан өглөөний бэлтгэл хийлгэх болсон. Уул нь бид нутгийнх нь гэхээс өөрөөр багштай ямар ч холбоогүй хүмүүс. Тэгэхэд хамаг л цаг заваа бидэнд зориулж байсан. Өвөл ямар ч хүйтэнд өглөө 07.00 цагт бэлтгэл хийх газраа зогсож байдагсан. Жаахан л хоцорвол нэлээн хүнд шийтгэл хүлээнэ шүү. Ингэж биднийг хоёр жил гаруй бэлтгэл хийлгэсэн. Миний энэ амжилтад П.Ганбаяр багшийн минь хувь нэмэр бий.

-Хэсгийн аваргын төлөө барилдаан тун хүнд болсон. Ер нь цаг сунгах гэдэг алдсан боломжоо нөхөх аргагүй хэцүү шүү дээ. Эвгүйхэн суучихад л оноо алдана…
-Би эхний таван минут дуусахад нэлээн ядарсан. Гэхдээ өөртөө “Энэ хүнд надаас хэцүү байгаа, өрсөлдөгч маань надаас илүү ядарсан шүү” гэж хэлж, зоригжуулсан. Нэмэлт цаг эхлэхэд үнэхээр тийм байсан нь мэдрэгдэн давуу байгаагаа ойлгосон болохоор хожно гэдэгтээ итгэлтэй байсан. Мовлуд Миралиевтай би урьд нь хоёр удаа барилдаж хожиж байлаа. Энэ нь сэтгэлзүйгээр давуу байхад нөлөөлсөн байх.

-Хэзээ хэрхэн барилдаж байсан бэ?
-Анх 2007 онд Парисын Супер дэлхийн цомд таараад тэр хүний хоёр гарыг биширч байлаа. Маш их бяртай, мод шиг хатуу байж билээ. Хэдий тийм ч миний барилдаан таараад хожоод байдаг юм. Тэр жилийнхээ намар Бразилд болсон ДАШТ-ий үнэмлэхүй жинд дагах барилдаанд ялсан. 1974 онд төрсөн, надаас яг арав ах бөх. Энэ олимпоор зодог тайлж байгаа юм билээ.

-ДАШТ гэснээс тэгэхэд -100 кг-д тааруухан үзээд үнэмлэхүйд медалийн төлөө барилдсан…
-Тэгэхэд өрсөлдөгчийн судалгаа ямар их хэрэгтэй вэ гэдгийг ойлгосон. Нэг ялчихаад хоёрдугаар тойрогт гарсан. Надтай таарсан хүнийг би ерөөсөө мэдэхгүй. Тулаад үзэхэд боломжийн санагдаад бариад автал яг дархан мэхнийх нь үндсэн барьцанд орчихсон байсан. Сүүлд сонсоход намайг ялсан тэр бөх ДАШТ-ий мөнгөн медальтай Украины Виталий Бубон байсан юм билээ.

-Хэсгийн аваргын төлөөх нөгөө талын барилдаанд Голландын Хенк Грол ялагдсан. Тэр бөхийн талаар хэр мэдэх вэ?
-Европын АШТ, Австрийн дэлхийн цомд түрүүлэхийг нь харсан. Сүүлийн нэг жилийн дотор огцом гарч ирж байгаа залуу. Олимпийн наадам хүртэлх нэг жилийн хугацаанд нийт 24 барилдаан хийхдээ ердөө хоёр ялагдсан гэсэн статистик байна лээ.

-Олимпод хэр жин хасч оров?
-106 кг-аас бэлтгэлээрээ хассаар төлөвлөгөөний дагуу жиндээ орсон. Үүнээс болж ядарсан зүйл байхгүй.

-Та урьд нь олон улсын тэмцээнд нэг ч удаа түрүүлж үзээгүй байх аа?
-Тийм ээ. Азийн АШТ, Супер дэлхийн цом болон Дэлхийн цомуудаас дандаа л мөнгө, хүрэл медаль авч байсан. Гадаадын тэмцээнд түрүүлж үзэхсэн гэсэн хүслээ ингээд олимпод биелүүлчихдэг сайхан байна аа.

-Сарын өмнө их том амлалт өгч байсан гэсэн? (Олимпийн аварга болчихоод туг барина хэмээн хэлжээ)

-Зүгээр л мөрөөдлөө хэлж байсан хэрэг.
-Гэхдээ хэр баргийн хүн олимпийн аварга болох тухай бодохгүй шүү дээ. Тэгэхээр өөртөө боломж бололцоо байгааг ойлгоод ингэж хэлсэн байх. Чухам хэзээнээс энэ боломжтой зүйл гэдгийг мэдэрсэн бэ?
-Сүүлийн нэг жилийн хугацаанд гэж хэлж болно. Олимп, ДАШТ-д сайн барилддаг, жингийнхээ шилдэг нь гэгддэг бөхчүүдтэй барилдан ялж, ялагдаж, хожигдохдоо ойролцоо, тэнцүүхэн үзэхээр хэрэв тохироо нь бүрдвэл юунд ч хүрнэ гэдгийг ойлгосон.

-Барилдах өдөр хүртлээ бэлтгэлээ хэрхэн базааж байв? Хэн бэлтгэлийг тань хангаж өгсөн бэ?
-Миний энэ амжилтад манай багийн бүх хүний оролцоо бий. Бүгд л өөр өөрийн чадах зүйлээрээ тусалж дэмжиж байсан. Бэлтгэлийн тухайд Э.Энхбаттай түлхүү барилддаг. Олон жил нэг дор бэлтгэл хийсэн болохоор харилцан бие биеэ сайн ойлгож, мэх давтахад үр дүнтэй байдаг.

-Алтан медаль авсан тэр шөнө Монгол даяараа баярлаж хоносон гэсэн. Энэ тухай мэдээж сонссон байх…
-Тийм ээ. Ийм ард түмний хүү нь болсноороо, Монгол орноороо, аав, ээжээрээ, эх орныхоо бүхий л зүйлээр бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрсөн.

-Өмнөх ярилцлагуудад хэлж байсан ч яг аварга болсон энэ мөчдөө анхны багшаа дурсах нь зүйтэй болов уу?
-2000 онд бөхийн секцэнд орох гээд зүрх хүрэхгүй заалны үүдэнд зогсож байхад минь Ш.Эрдэнэ-Очир багш хараад дуудаж оруулсан. Эндээс л миний бөхийн замнал эхэлсэн. Шавь нарынхаа төлөө, амжилтад хүргэхийн төлөө их хичээж зүтгэдэг хүн. Мөн түүнчлэн шигшээ багийн таван багш маань байна. Энэ бүх хүний тус дэмээр өдий зэрэгт хүрсэн.

-Монголчуудын хүсэн хүлээсэн алтан медалийг анх авчирсан танд Монгол Улсын ерөнхийлөгч олон шагналыг зэрэг олгох зарлиг гаргасан. Энэ өндөр шагналуудыг гардаж амжаагүй байгаа ч сэтгэгдлээ хуваалцана уу.
-Энэ бол маш том хариуцлага. Ард түмний хүсэн хүлээсэн олимпийн алтан медалийг авсан би цаашид үүнийгээ дааж явах ёстой. Үүнийг л гүнээ ухамсарлаж цааш цаашдын тэмцээнд амжилт гаргана.
-Аймгийн арслан цолтой хүний хувьд үндэсний бөхийн талаар ямар бодолтой байна? Олны дунд янз бүрийн яриа, таамаг явж байна л даа.

-Би ч бас сайн мэдэхгүй л байна. Ойр дотны хүмүүстэйгээ ярьж байгаад л шийднэ дээ. Уул нь үндэсний бөхийн бэлтгэл, барилдаан жүдод их сайн нөлөөтэй байдаг юм.
-За ингээд ярилцлагаа өндөрлөе. Бөхөд хайртай Монголын ард түмнээ амжилтаараа дандаа баярлуулж яваарай.

-Баярлалаа. Эцэст нь нийт Монголын ард түмэндээ, аав, ээж, ах дүүс, гэр бүлийнхэндээ, шигшээ багийнхан, найз нөхдөдөө, багш нартаа, МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга ахдаа талархлаа илэрхийлье.

GD Star Rating
loading...
Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр: Сугалаа хатуу таарсан нь миний амжилтын хөшүүрэг, 8.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Amaraa.N says:

    goyo yariltslaga bna.

    GD Star Rating
    loading...
  2. tiime, saihan yariltslaga bn. Batmonh er n huntei goy yariltslaga hiidg zaluu yum.

    GD Star Rating
    loading...
  3. Аагий says:

    “Олимпийн аварга Найдангийн Түвшинбаяр: Сугалаа хатуу таарсан нь миний амжилтын хөшүүрэг

    нээрээ л тийм байх даа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: