loading...
Ай дэлхий сонсоцгоо
Ай монгол туургатнууд сонсоцгоо
Ахиад бид аваргатай боллоо.
Дэлсэх зүрх минь оволзож
Дэлхий ертөнц ч дайвалзах шиг …
Талын морьтон баатруудын удам,дайчин монголын зоригт хөвгүүд ,эх орон,элэг нэгт түмнийхээ, магнайг тэнийлгэсэн жаргалтай, сайхан мөчийг харамгүй бэлэглэсэн та нартаа баярлалаа. Энэ гайхамшигт мөчүүд ,үеийн үед, өнө мөнхөд бидний сэтгэл зүрхэнд цог жавхланг бадрааж ,илчит туяагаа цацруулах наран адил гэрэлтэх болно. Монгол хүн болж төрсөндөө омогшин бахархаж ,азаргалан, дэврэх сэтгэлийн хөдөлгөөн ийм гайхамшигтай байдгыг урд өмнө амсаж мэдрээгүй л явжээ.
Эр хүн зүрхэндээ уйлдаг гэдэг ч одоо энэ нь хамаагүй ээ. Өөрийн эрхгүй урсах нулимсаа тогтоож үл чаднам ,хүсэл ч алга.
Энхбатын Бадарууган чамд баярлалаа. Алтан медаль,аваргын титмийг ааглаж авлаа. Итгэл найдвар ,хүсэл зорилгыг үүрэн Бээжинд очсон үеэс л монгол түмэн ,чихээ тавин ,нүдээ бүлтийлгэн тоглолт болгоныг нь шимтэн үзэцгээсэн билээ. Оновчтой цохилтоор оноо авах бүрд нь, ялсан ялалт болгонд сэтгэл зүрхээрээ уухайлан түрсэн монголчууд ахин нэг олимпийн аваргатай боллоо. Өнөөдөр монголын спортын түүхэн дэх,монголын боксын замнал дахь бас нэгэн алтан хуудас нээгдлээ.
Монгол баатар минь чамаараа бахархая бахдая!
Ялагдал гуниг авчирдаг ч зарим ялагдал ,ялалттай тэнцэхүйц өндөр үнэлгээтэй байдаг юм.
П.Сэрдамба маань урт бөгөөд хүнд, хэцүү замыг авьяас , чадвар, ур ухаан, зориг тэвчээрээр даван туулж гарсан билээ. Эхний тоглолтондоо Угандагын тамирчинг буулгаж авсан. Дараагийн өрсөлдөгч , Америкийн боксын багийн бас нэгэн медалийн найдвар гэж тооцогдсон Льюс Яннестай хийх болсон. Энэ тоглолтын өмнө арай л барахгүй болов уу гэсэн бодол төрж байсныг нуугаад яах вэ. Гэтэл энд П. Сэрдамбыг дутуу үнэлж байснаа ойлгов. П. Сэрдамба маань америк өрсөлдөгчөөсөө илүү толгойгоо ажиллуулж,маш сайн тоглож яллаа. Үүгээрээ тийм ч амар хоол биш гэдгээ харуулаад өгөв.
Дараагийн учраа муу биш байх нь ойлгомжтой.Тайландын боксчин Амнат Руэнроэнгтэй тоглож ,тактикийн тоглолтоо амжилттай хэрэгжүүлж ялав. Тэрхэн үед, манай хүн Банди багш, Батсүрэн дасгалжуулагчийг маш сайн сонсож, түүнийгээ хэрэгжүүлж чаддаг , ер нь чих зөөлөнтэй хүн юм болов уу гэсэн бодол төрж байлаа.
Даваа ахих тусам өрсөлдөгч хүчтэй болж байгаа ч Сэрдамбын боксдох арга барил нь улам нягт ,илүү сайн болж байлаа.
Хүрэл медалийн болзол хангахаар Кубын боксчин Ямпир Хернандэс хэмээх пан америкийн аваргатай тулалдахаар болсон. Манайхан Кубын боксчидтой урд өмнө таарч өгөө аваатай л явдаг байсан ч одоо хүч үзэх тамирчид нь ямар хэмжээнд байгаа нь гар зөрөхөөс нааш үл мэдэгдэнэ. Энхзориг маань Кубын тамирчинтай сайн тоглосон ч харамсалтай нь ялагдсан. Ингээд Сэрдамба маань яах бол гэж сэтгэл догдлон хүлээсэн юм.Эхний раундад ялж, дараа нь тэнцэж тун өрсөлдөөнтэй үргэлжилж эцэст нь цаг дуусахад оноо тэнцлээ. Ингээд шүүгч нар өөрсдийн саналаа нэгтгэн ялалтыг өгөх болов. Тэр мөч олон хүнийг догдлуусан билээ. Шүүгч нарын шийдвэрээр манай хүн яллаа .Энэ бол монголын боксын олимпын түүхэн дэх хамгийн анхны мөнгөн медалийн болзлыг хангасан ялалт байлаа. Ийнхүү Кубын алтан медаль авах нэгэн найдвар нь монголын шинэ үеийн хүчирхэг боксчдын ширүүн давалгаанд бут цохигдсон эхний тохиолдол болов.
Аваргын алтан медалийн төлөө урд нь хэд хэдэн удаа тулалдаж байсан хятдын боксын од болсон Зоу Шиминтэй тоглох болсон.
Харамсалтай нь тамирчин хүнд тохиолддог бас нэгэн хэцүү даваа болох гэмтлээс болж аваргын титмийг хүртэх байсан тоглолтоо дуусгаж амжсангүй. Тийм ээ, мөрний гэмтэл нь сэдрээгүй бол бас нэгэн алтан медаль монголынх болох байсан гэдэгт эргэлзээгүй итгэж байна. П. Сэрдамбын аваргын төлөө тулаан хийх хүртэл тоглосон тоглолт ,эсрэг өрсөлдөгчдийг эргээд бодохоор ямар их хүч, сэтгэлийн тэнхээ ,ур чадвар ,хөдөлмөр шингэсэн бэ гэдэг нь харагдана.
Сэрдамба ялагдаагүй ээ …Тэрээр өрсөлдөгчөө сэтгэл зүрхэндээ ялчихсан байсан юм. Баярлалаа Сэрдамбаа, чи монгол түмнийхээ хувьд ялагч нь билээ.
Бээжингийн олимпод амжилттай оролцсон Монголын боксын багийн ахлагч Доржийн Цогбаатар ,дасгалжуулагч багш Дамдинжавын Банди ,Дамдинбазарын Батсүрэн ,шүүгч Сандагийн Баясгалан , эмч Чулууны Насанбат болон Пүрэвдоржийн Сэрдамба, Энхбатын Бадар-Ууган, Зоригтбаатарын Энхзориг,Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ нартаа бахдам сайхан амжилт үзүүлсэнд нь гүн талархал илэрхиилье!
Монголын боксын холбооны 60 жилийн ойн жил энэ баярт үйл явдал тохиож байгаа нь баяр дээр баяр боллоо.Олон жил боксын спортын төлөө өөрсдийн амьдрал ,сэтгэл зүрхээ зориулан ажиллаж байсан багш,дасгалжуулагч ,тамирчид ,эмч нар,шүүгчид,боксын спортод дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүсдээ баярлалаа.Та бүхний нөр их хөдөлмөрийн үр шим гарцаагүй шингэсэн билээ.Баярлалаа та нартаа дахин дахин баярлалаа.
Монголын боксын алдар, гавьяа дуурсгал нь дэлхий дахинаа улам бадартугай!
loading...




Сайхан бичжээ… Бараг 4-н алттай ирэх байсан байх аа
loading...
goyo
loading...
mongol tuuragtnuud mongoloor baharhaj mongol ruu temyyleh tsag oirtoj bh shig bn shyy
loading...