loading...
Зуны олимпийн 29-р наадам өндөрлөж байна. Лондонгийн олимп хүртэл бид энэ олимпийн ялалт ялагдлуудын торгон агшин, агуу амжилт үзүүлсэн тамирчдын тухай ярилцах болно. Энэ удаагийн олимпод оддын дундаас гялалзсан одод, мөн дэлхий нийтийн анхаарлын төвд байсан үйл явдлуудаас сонирхоё.
- Олимпийн жинхэнэ “баатар” – Майкл Фелпс
Нэг хүн нэг удаагийн олимпоос 8 алтан медаль авахыг бид үзлээ, харлаа. Олимпийн 8-ын 8 алтан медаль гээд бодохоор гайхамшиг гэхээс өөр юу гэхэв. Харин зарим нэгэн шүүмжлэлүүд гарч байсан. Тэр нь усан спортын хэтэрхий олон ойролцоо төрөл зай олимпийн наадмын хөтөлбөрт багтаж байна гэж. Гэхдээ л тэр яах аргагүй олимпийн түүхэн дэх хамгийн агуу амжилт гаргасан. Фелпс энэ олимпод 100 метрийн эрвээхэй, 200 метрийн эрвээхэй, 200 метрийн холимог, 400 метрийн холимог, 200 метрийн өврөөр даллах, 4х100 метрийн холимог буухиа, 4х200 метрийн өврөөр даллах буухиа, 4х100 метрийн өврөөр даллах буухиад тус тус түрүүлсэн юм.
- Усэйн Болт – дэлхийн хамгийн хурдан хүн
Фелпс үнэхээр 8 алтан медаль авч магадгүй гэсэн бодол олон хүнд байсан. Харин Ямайк залууг ингэж гялалзанэ гэдэг тийм ч баталгаатай бус байлаа. Гэвч Болт жинхэнэ тод од байлаа. 100 метр, 200 метр, 4х100 метрийн буухиа гэсэн 3 төрөлд аварга болж, түүгээр зогсохгүй энэ бүгдэдээ дэлхийн дээд амжилт тогтоосон юм. Болт одоо дэлхийн мега од нэгэнт болсон.
- “Redeem Team” зорилгоо биелүүллээ
1992 оны АНУ-ын эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн багийг “Dream team” буюу “Мөрөөдлийн баг” гэдэг байсан. Харин энэ жилийн багийг “Redeem Team” буюу үгчилж орчуулбал “Алдагдсанаа эргүүлж авах баг” гэцгээж байлаа. 2000 оноос хойш удаа дараалан гутамшигт хожигдол амсаж байсан АНУ-ын сагсчид энэ удаагийн олимпод эртнээс хариуцлагатайгаар бэлдэж, зөвхөн алтан медаль аваад зогсохгүй алдагдсан нэр хүндээ эргүүлэн авахаар тэмцээнд оролцсон юм. Тэд үүргээ 100 хувь биелүүлсэн. Шигшээ тоглолт хүртэл бүх өрсөлдөгчөө илт давуу буюу дунджаар 30.3 онооны илүүгээр хожиж байсан тэд аваргын төлөө Испаний багтай тоглож, 117-108 харьцаагаар буулгаж авлаа. Тоглолтын дараа ахлах дасгалжуулагч Майк Шишевски “Бид ийм түүхэн тоглолтонд маш сайн характертай тоглож чадлаа, би үнэхээр баяртай байна” гэсэн байна. Америъийн багийн амжилтанд энэ дасгалжуулагчийн ззрэг оролцоо асар их юм. Супер оддыг тэр л нэг баг болгон зангидаж чадсан. Ер нь энэ алтан медаль тэдний сүүлийн 3 жилийн төслийн үр дүн гэж хэлж болно. Багийн ахлагч Ж. Кидд 2 олимпийн алтан медальтай АНУ-ын 13 дахь сагсан бөмбөгчин болж байна. Мөн түүний хувьд шигшээ багтаа 56 тоглож, бүгдэд нь ялалт авсан сайхан үзүүлэлттэй.
үргэлжлэл бий.
loading...






