loading...
Нэр : Усайн Болт
төрсөн огноо : 1986.8.21
Иргэншил : Ямайк
Өндөр : 1.96см
Амжилт :
Бээжин 2008 олимпийн наадам
100м – алтан медаль
200м – алтан медаль
4×100м -алтан медаль
Дэлхийн аварга (Осака 2007)
200м -Мөнгө
4×100м – мөнгө
Идэрчүүдийн дэлхийн аварга (2002 Кингстон)
200м – Алтан медаль
4×100 – Мөнгө
4×400 – мөнгө
Олимпийн дээд амжилтыг гурвантаа (Бээжин 2008) , Дэлхийн дээд амжилтыг дөрвөн удаа (Бээжин 2008 ,Рибок Гран При 2008) тус тус эвдсэн.
Карибын тэнгисийн бяцхан арлын улс Ямайк эртнээс хурдан гүйгчдээрээ алдартай. 1948 оны Лондоны олимпийн аварга Артур Винтээс авахуулаад Георг Роден, Дон Куаррие, Деон Хеммингс, Афины олимпийн аварга Вероника Кэмпбэлл гээд л. Тэгвэл эдгээр алдарт тамирчдынхаа нэр төрийг унагалгүй, харин ч өндөрт өргөн авч яваа хүн бол Усайн Болт. Бээжингийн олимпийн наадамд төрийн дууллаа гурвантаа эгшиглүүлж, гурвантаа олимп, дэлхийн рекордын шинэчилсэн түүнийг өнөөдөр нутагт нь ардын баатраар өргөмжлөн, авьяас чадварыг нь дэлхий даяар магттан шагшиж байна.
Анх спортын гараагаа крикет тоглон эхэлж байсан хүүг, үнэхээр хурдтай болохыг нь ажиглаж мэдсэн дасгалжуулагч нь гүйлтийн спортод уруу татсан гэдэг. Туршлагатай дасгалжуулагчид болох Пабло МакНейл, Дуэйн Баррет нарын удирдлаган дор гүйлтээр хичээллэж эхэлсэн нь Болтын хувьд цаашид өөрийгөө хөгжүүлэхэд нь тун хэрэг болсон. Дашрамд дурьдахад түүний сурч байсан Уйлиам Книбийн нэрэмжит сургуулиас алдартай гүйгчид төрөн гардгаараа алдартай ажээ. Үеийнхнээсээ харьцангуй өндөр биетэйн дээр биеийн хөгжил сайтай Усайны хувьд өөрөө л хичээх юм бол дэлхийд нэрээ гаргах боломж, чадвар байна гэдгийг багш нар нь үргэлж сануулж зааварладаг байсан сургуульдаа шилдэг нь түүнд болоход асуудал байсангүй. Харин олон улсын тавцан гэдэг бол өөр хэрэг. Улс бүрээс шилдэг тамирчид цугларан хүч чадал, нөөц бололцоо бүх л зүйлсээ шавхан өрсөлддөг болохоор улсынхаа аварга болохоос хамаагүй шалгуур өндөр нь мэдээж.
2002 онд Хөнгөн Атлетикийн Дэлхийн идэрчүүдийн аварга шалгаруулах тэмцээн Ямайкийн Кингстонд болсон. Нутагт нь болж байгааг ч хэлэх үү 15 настай Болтын хувьд өөрийгөө дэлхийн тавцанд харуулах сайхан боломж олдлоо. Бүх зүйл яг л бодож байсан шиг минь, гайхалттай өрнөсөн гэж тэр энэ тэмцээний талаар дурсдаг.
200 метрийн төрөлд 20.61секундын амжилтаар алтан медаль зүүж, 4×100м, 4×200метрийн гүйлтэд хос мөнгөн медаль хүртэж аварга жаалхүүгийн нэр хүнд ч суга өсөв. Уг ялалтын нь дараа Пума груп түүний спонсороор ажиллах болсон, одоо ч тэд хамтран ажилладаг хэвээрээ.
Усайны хамгийн уралдах дуртай төрөл 200м.
Яагаад ч юм 200метрт гүйхэд надад сайхан санагддаг учраас энэ төрлийн рекордыг багаасаа эвдэхийг хүсдэг байж билээ гэж ярих түүний мөрөөдөл эхнээсээ л биелж эхэлсэн гэж хэлж болно. 2003 оны Залуучуудийн дэлхийн аваргад түрүүлэхдээ домогт Майкл Жонсоны рекордыг эвдэж 20.40 сек хурдалсан бол дараа нь үүнийгэээ Пан Америкийн АШТ -д 20.13 болгожээ. Энэ нь алдарт Рой Мартиний амжилттай эн зэрэгцэн очсон гэсэн үг.
Дараа жил нь 16 хүрч мэргэжлийн гүйгч боллоо. Мэдээж дасгалжуулагч ч нэмэгдэж, орлого ч нэмэгдэнэ. Ялалт амжилт ч ээлжилсээр. 200метрт хориос доош секунд хурдалсан анхны өсвөрийн тамирчин болж, улсынхаа бүх дээд амжилтыг эвдэж нэр алдар нь түгсээр байсан Усайныг Америкийн олон их дээд сургуулиуд тэтгэлэгтэйгээр суралцуулах хүсэлт тавьдаг байв. Гэвч эх орондоо бэлтгэлээ хийж, амьдрахыг илүүд үзжээ. 2004 оны Афины олимпод бэртлийн улмаас оролцоогүй болохоор дараа жилээс алдсан цаг хугацаагаа нөхөхөөр Болт шаргуу хөдөлмөрлөсөн. Шинэ дасгалжуулагч Глен Миллсийн туслалцаатайгаар дэлхийн шилдгүүдтэй бэлтгэл хийж, өөрийгөө хөгжүүлээд 2005 оны Хельсинк дэх дэлхий аваргыг зорилоо. Харамсалтай нь бэртлээ сэдрээж алдрын оргилд хүрэх мөчөө түр хүлээх хэрэг болов. 2006 онд хувийн дээд амжилтаа шинэчилж 19.88 болгож мөн ондоо Хөнгөн Атлетикийн Гран Прид ирээдүйн их өрсөлдөгч Тайсон Гейийн дараа орж хүрэл медаль авжээ. Гэхдээ л Глен Миллс илүү ихийг шаардах болсон ба нэн ялангуяа ганцхан 200м гээд байлгүй 100метрд ч өөрийгөө маш сайн бэлдэхийг шаарджээ. Ихээхэн хичээсний эцэст 100метрийн хувийн дээд амжилтаа 10.03сек болгосон ба энэ амжилтаа Бээжингийн наадамд 9.69 хүртэл сайжруулж олимпийн аварга болсон билээ.

Мөн 200м-т ч дэлхийн рекордыг эвдсэнээр дэлхийн хамгийн хурдан хүн болсон энэ залуугийн өмнө их амжилт ялалтын ирээдүй харагдаж байна. Гэр бүлийн хувьд эцэг эхийг нь Женнифер Болт, Уйлислей Болт гэдэг мөн Шиерин хэмээх нэг эгчтэй. Хүү нь олимпийн аварга болсных нь дараа Уйлислеигийн өгсөн ярилцлагаас сонирхуулья.
‘Уралдаан эхлэхийн өмнө би маш их санаа зовж байлаа тэгэхдээ, хоёр хоногийн өмнө Усайнтэй ярихад ‘Битгий санаа зовдоо ааваа, би таны төлөө ялна’ гэж хэлсэн болохоор хүүгээ түрүүлнэ гэж итгэж байсан’ ‘хүүг минь түрүүлдэг шөнө маш шуугиантай энд тэндгүй бөмбөр нүдэж их шуугиантай байсан ,ард түмнийг аз жаргалтай болгосoн хүний аав гэдгээрээ их бахархаж байж билээ гэжээ.
Сонирхуулахад Усайныг “цахилгаан” Болт гэж нэрлэдэг ба Нью Йоркод нэгэн удаа тэмцээнд оролцоод түрүүлж ирэхэд нь тэнгэр дуугаран цахилгаан цахилж байсан учраас энэ хочийг сэтгүүлчид түүнд өгчээ.
loading...




loading...