Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо » Нутгийн дэвжээнд монгол хөвгүүд босоо үлдэв

GD Star Rating
loading...

Хаваид, Лос-Анжелест мэргэжлийн сүмогийн үзүүлэх барилдаан боллоо гэхэд эх орондоо энэ арга хэмжээг нь зохион байгуулчих юмсан гэсэн хүсэл монгол хүн бүрийн дотор төрж байсан нь лав. Нутгийнх нь хөвгүүд арлын орны үндэсний спортод ноёлж байгаа болохоор арга ч үгүй. Харин Монгол дахь жюнгёгийн эхний өдөр хөгжөөн дэмжигчид зөвхөн монголчуудаа биш, зочдодоо ч хүндэтгэл үзүүлж чаддагаа харуулав.

Цаг ягштал барьдаг сүмогийн үзүүлэх тэмцээн товлосон хугацаанаасаа даруй 45 минут хоцорч эхэллээ. Нийт цолтой бөхчүүд болон Японы сүмогийн холбооны жюнгёгийн хэлтсийнхэн, Япон талаас зохион байгуулагч компанийн удирдлагууд Улсын циркэд цугласан үзэгчидтэй мэндчилснээр үзүүлэх тэмцээн албан ёсоор нээсэн. Урьд өмнөх жюнгёгоос энэ удаагийнх зохион байгуулагч орны бүр сүмоч багтсанаараа онцлогтой. Их сүмод хамгийн олон төлөөлөгчтэй байгаа манай улсын цолтнуудаас гадна макүшитагаас доод зиндааныхан хүрэлцэн иржээ.

Тэр бүр арлын орныг зориод байж чадахгүй монгол үзэгчдийн хүслийг биелүүлэхээс гадна цолд хүрэхээс наана нутагтаа буцах эрхгүй олон сүмочийн эх нутагтаа хөл тавих боломжийг нээснээрээ “Монгол башё” онцлогтой боллоо. Тиймээс ч жюнгёгийн хөтөлбөрт доод зиндааныхны барилдаан багтсан. Гэхдээ макүүчигийн тэмцээн шиг түрүү бөхийг тодруулсангүй, чансаа ойролцоог нь халз оноогоод барилдууллаа.

Макүшитагаас доошхи зиндааны бөхчүүд
Тоорүгава Д.Ууганбаатар
-Торанояма Г.Бат-Ундрал
Сакигакэ Я.Баттүшиг-Дэвахикари Ө.Цолмон
Дайонами Б.Ууганбаяр-Сэйро А.Өнөболд
Кагамио Б.Нанжид-Тайка С.Шаравнямбуу
Ониараши Ө.Өлзийжаргал-Хошизакүра М.Алтангэрэл
Кёкүшюүхо Т.Эрдэнэбаатар-Араваши Э.Дөлгөөн
Широнорюү Э.Одгэрэл-Сэншё Э.Баярбат
Дайтэншё Н.Аюурзана-Хошиказэ Б.Амармэнд
Шёотэнро Д.Нямсүрэн-Токүсэгава Б.Ганболд

Жюүрёогийн бөхчүүд
Мооконами Г.Базарсад
-Дайюүбү Д.Ундрах
Хакүба А.Өнөржаргал-Рюүо Э.Санчирболд
Тамаваши Б.Мөнх-Оргил-Хошихикари Д.Лхагва

Үүний өмнө ёкозүна Асашёорюү их аваргын бүс бүслэх ёслолыг үзэгчдэдээ харуулах хүсэлт гарган гүйцэтгэв. Бэлтгэлийн өрөөнд, олны нүднээс далд болдог энэхүү ёслол Монгол жюнгёг тодотгох бас нэгэн зүйл билээ. Тэгэхдээ аваргын бүсийг дэвжээнийхэн нь биш, Шёотэнро, Токүсэгава нарын цолд ойрхон ирсэн нутгийн сүмочид нь зангидсанаараа бүр онцгой байв.

Мөн үзүүлэх тэмцээний салшгүй нэг хэсэг сүмочид болон хүүхдүүдийн хамтарсан бэлтгэл барилдаан үзэгчдийг багагүй хөгжөөсөн. Их аваргууд, уран барилдаант монгол сүмочдынхоо хойчийг залгах хүсэлтэй хөвгүүд хэдий биеэр эрс зөрүүтэй ч үлэмж биетнүүдээс үл бэргэн чин сэтгэлээсээ ялах эрмэлзэл дүүрэн барилдсан нь монголчуудын зан чанарын илэрхийлэл болж байсан.

Энэ бүх арга хэмжээн явагдсаны дараа 14:45 цагт макүүчигийн бөхчүүдийн дэвжээний ёслолоор тэмцээн эхлэв. Хасагдах тэмцээнийг тэр бүр харж байгаагүй бидний хувьд энэ удаа урьд өмнө харагдаагүй сонин тохиолуудын гэрч боллоо. Тухайлбал, башёгийн тухайн өдрийн барилдааныг хаадаг уламжлалтай их аваргууд макүүчигийн доод хэсгийнхэнтэй зэрэгцэн сууж, нэг дэвжээний бөхчүүд хоорондоо барилдах гэх мэт өвөрмөц тохиолдоыг харлаа. Макүүчигийн 42 сүмочоос асуудал үүсгэсэн оросууд ирээгүй ба озэки Котомицүки бие нь чилээрхсэнээр дэвжээнд гарах боломжгүй болжээ.

Эхний өдрийн тэмцээний хамгийн эхний барилдаанд Какизоэ, Кимүраяма нар хүч үзэн Кимүраяма ялсан бол монголчуудаас Коорюү Э.Мөнх-Оргил салхи хагалж Масацүкаса орхив. Мөн энэ барилдаанд анхны кэншё гарсан. “Мөнхийн үсэг” компаниас гурван далбааг бэлтгэжээ. Монголын бараг бүхий л телевизээр шууд дамжуулан үзүүлсэн болохоор “Монгол жюнгё”-гийн эргэн тойрон дахь онцлог баримтуудыг тоочин сонирхуулъя.

Фүкүока=Улаанбаатар
Жил бүрийн арваннэгдүгээр сард төрсөн нутагтаа хөгжөөн дэмжигчдийнхээ уухайн доор барилддаг озэки Кайо түүнээс дутахааргүй дэмжлэгийг энд хүлээж байна. Монгол сүмочдоосоо илүү Кайог дэмжиж, дээгүүр үзээсэй гэсэн хүсэл нь Асасэкирюүтэй хийсэн барилдааны үед тод харагдсан. Анх дэвжээний ёслол хийх үед нь л Кайогийн нэрийг хэлэн хоолой нийлүүлэх дэмжигчид Циркийг нураах дөхөж, дохёд гарах бүрт нь өрсөлдөгчийнх нь зүрх үхэм хүчтэй уухайлцгааж байлаа.

Чиётайкайгийн хилэн
Эхний өдрийн шөвгийн наймын барилдаанд ёкозүна Хакүхо, озэки Чиётайкай нар хамгийн сүүлд гарсан. Тэднийг дэвжээн дээр ёслол хийж байх үед танхим дахь япон тайлбарлагч “Озэки Чиётайкайтай ёкозүна ЧиёхакҮхо” хэмээн эндүүрэн зарлав. Дохёгийн булангаас давс атгаад эргээд алхаж байсан арслан үүнийг анзааран эргэж хараад залруулга хий гэсэн бололтой гараараа хэд зангасан ч тайлбарлагч дуугарсангүй. Байж боломжгүй энэ алдаанд уурссан Чиётайкай дэвжээний гол руу алхахдаа “Бака” (Японоор тэнэг гэсэн утгатай үг) гэж хэлэх нь тун тод сонсогдлоо.

Өглөөний луунууд
Шөвгийн наймд ёкозүна Асашёорюү нэг дэвжээний бөх Асасэкирюүтэй оноолт тааран барилдлаа. Хоёроос дээш төлөөлөлтэй дэвжээнийхэн түрүү, үзүүрийн барилдаанаас өмнө хоорондоо таарах магадлал зөвхөн энэ байсан ба Асасэкирюү япончуудын ирээдүй гэгдэж буй Кисэносато, хашир арслан Кайо нарыг ялснаар биеллээ олов. Энэхүү барилдаанд Улаан луу мурих мэхээр ялж хагас шигшээд шалгаран үлдсэн.

Дэвжээний эздийн илт давамгайлал
Жюнгёгийн гурвын даваа буюу шөвгийн 16-гийн барилдаан дөнгөж талдаа ороход Монголын дор хаяж нэг бөх үзүүр, түрүүнд шалгарах нь тодорхой болсон. Ёкозүна Асашёорюү Такэказэг, Асасэкирюү озэки Кайог, сэкивакз Ама Такамисакариг нэмэлт барилдаан хийж, Токитэнкү Котошёогикүг тус тус ялснаар дунд шөвгийн доод хэсэг монголчуудаар дүүрсэн. Мөн нөгөө талд Монголын гурван сүмоч наймд үлдэх боломж байсны хоёр нь даваа ахиулсан. Улмаар их шөвгийн бүх суудлыг нутгийн эзэд эзэллээ.

Монголчуудын дуэль
Энэ өдөр хоёрын даваанд ёкозүна Хакүхо, маэгашира Коорюү нар таарсан нь нутаг нэгтнүүд хоорондоо таарсан анхны  тохиолдол байв. Үүнээс хойш дунд шөвөгт гурав, хагас шигшээд хоёр удаа монголчуудын хоорондын барилдаан боллоо. Түрүү байрын төлөө мөн л нутгийн эзэд шалгаран үлдэж, Хакүхо буйр заан давснаар эхний өдрийн ялагч болов. Өнөөдөр хэрэв түүнээс өөр бөх түрүүлбэл ялагчдын хооронд үнэмлэхүй аваргын төлөө барилдаан болно.

Монгол жюнгёг үзэхээр Нью-Йоркоос ирсэн хатагтай нар
Улсын циркэд монголчуудаас гадна манай оронд амьдардаг гадаадынхан цөөнгүй цуглав. Үүний дундаас алтлаг үстэй хоёр хатагтайн дэмжлэг тун содон байлаа. Сүмогийн талаарх мэдлэг нэлээн гүнзгий нь бөхчүүдийн нэрээс гадна овгийг нь, мөн өмнө хэрэглэж байсан нэрийг нь хэлэх нь өөрийн эрхгүй анхаарал татсан. Тэдний нэгтэй нь “Монгол башё”-гийн талаар болон сүмогийн талаар цөөн хором хөөрөлдлөө.

-Юуны өмнө та өөрийгөө танилцуулна уу?
-Намайг Барбара Анн Клейн гэдэг. АНУ-ын Нью-Йоркоос ирсэн. Одоо тэтгэвэрт байдаг ч боломжоороо төслийн зөвлөх хийгээд явдаг.

-Таны сүмогийн мэдлэг нэлээн өндөр гэдэг нь сая анзаарагдлаа. Сүмог хэзээнээс үзэж байна вэ?
-20 жилийн өмнө Японд ажлаар явж байхдаа Осакагийн нисэх онгоцны буудал дээр телевизээр анх үзсэн. Түүнээс хойш шимтэн сонирхсоор өдийг хүрсэн.

-Монголд анх удаа ирж байна уу? Манай орны талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Би хоёр дахиа ирлээ. Энэ удаагийн аяллын гол зорилго энэ үзүүлэх тэмцээнийг үзэх. Тэгээд боломжийг ашиглаж хөдөө нутгаар аялна. Монгол хүмүүс, байгаль нь намайг соронзон шиг татдаг. Бас бууз, банш, боодог нь тун амттай.

-Сүмо үзэхээр тодорхой хэмжээгээр япон хэл сурдаг. Та японоор хэр ярьдаг вэ?
-Муу муу. (Үүнээс хойш тэр японоор ярилаа) Гэхдээ ойр зуурын зүйлээ ярьчихна. Чи яагаад миний дэмждэг бөхийг асуухгүй байна?

-Яг асуух гэж байсан юм…
-Би Асашёорюүгийн улаан фэн. Түүний барилдааныг үзэхээр эрч хүч, зориг мэдрэгддэг. Харамсалтай нь өнөөдөр ялагдчихлаа. Маргааш түрүүлэх байлгүй дээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. Eba says:

    tiimee bidnii tursun nutag MONGOl buhnees saihan shuu

    GD Star Rating
    loading...
  2. khuyag says:

    MONGOL XVNEEC SURVALJLAGA AVAXGVI YAACAN UM BE? GADAADIINXAND BITGII DOLIGONOJ BAI !!!!!!!!!!!!!!!!!!!!!!BID ,TEDNEEC ILVV UXAANTAI XVCHTEI

    GD Star Rating
    loading...
  3. batkhuyag says:

    MO

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: