loading...
Америкийн нээлттэй тэмцээн өндөрлөх дөхөж байна.
Одоогийн байдлаар эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрлийн хагас шигшээд шалгарагсад түрүүчээсээ тодроод байна. Эрэгтэйчүүдийн хувьд дэлхийн тэргүүн теннисчин Испаний Рафаель Надаль шөвгийн 8-д эзэн орны Мерди Фиштэй тоглож, хэдийгээр эхний сетийг алдсан ч дараагийн 3 сетийг дараалан авч 3-6 6-1 6-4 6-2 харьцаагаар хожин, шөвгийн 4-т шалгарлаа. Ийнхүү тэрээр Америкийн нээлттэй тэмцээний хагас шигшээд анх удаа үлдэж байгаа юм. “Хагас шигшээд үлсэндээ баяртай байна. Эндэхийн корт надад ямагт их хэцүү байдаг” гэж Надаль ялалтынхаа дараа хэлжээ. “Их дуулга”-ын 5 түрүүтэй Надаль өнгөрсөн сард Рожер Федерерийн 4 жил хагасын ноёрхлыг унаган дэлхийд рейтингээрээ 1-т бичигдэх болсон.
Надалийн хагас шигшээгийн өрсөлдөгч нь Британий ганц нь болоод байнаа 23 настай Энди Мюррей. Тэрээр өмнөх шатанд Аргентиний Хуан Мартин дел Потрог 7-6 (7/2) 7-6 (7/1) 4-6 7-5-аар буюу 4 сетэд 4 цагийн хугацаа зарцуулж байж буулган авсан юм. Мюррей мөн л анх удаа хагас шигшээд шалгарлаа.
Өнөөдөр шөвгийн дөрвийн нөгөө 2 теннисчин тодрох бөгөөд энэ эрхийн төлөө Новак Жокович – Энди Роддик, Рожер Федерер – Гиллес Мюллер нар тоглоно.
Америкийн нээлттэй тэмцээнд түрүүлж байсан Роддик өрсөлдөгчөө бодвол хавьгүй хялбархан хагас шигшээд шалгарсан. Тэр Чилийн Гонзалесийг 6-2, 6-4, 6–ээр амархан ялсан байна. Харин Жокович Томми Робредотой хүнд хэцүү 5 сетийн тулаан хийж байж 4-6, 6-2, 6-3, 5-7, 6-3-аар хожжээ. 21 настай Серб од хангалттай амарч чадахгүй Роддиктой тоглох хэдий ч энэ нь муу тоглоно гэсэн үг биш. Түүний олон талт, бүхнийг чаддаг тоглолтын ур чадвар Роддикийн эхний асар хүчтэй давуулалтыг буулгаж авч чадах байх. Роддик Жоковичийг “Тэр хамгийн зоригтой, дайчин залуу” гэж үнэлжээ. Энэ 2 хоорондоо 2 тоглож, хожлын харьцаа одоогоор тэнцүү байгаа юм. Серби өнгөрсөн жил Канадад хожиж байсан бол энэ жил Дубайд Америк нь хожиж байж.
Рожер Федерерийн хувьд энэ тэмцээнд цойлсон Люксембург залууг хожих байх. Ер нь энэ жил Федерер нэг ч “Их дуулга”-д түрүүлээгүй байгаа тул энэ удаа хамаг хүчээ шавхан зөвхөн түрүүлэхийн төлөө тэмцэх биз ээ.
Эмэгтэй ганцаарчилсан төрлийн шөвгийн 8-д эгч дүү Уиллиамсууд таараад байсан билээ. Тэдний тоглолт эн тэнцүү явагдсан ч 2 сет дараалан тай-брейкээр буюу 7-6 (8/6) 7-6 (9/7)-оор 26 настай дүү нь хожлоо. Серена 1999, 2002 оныхоо амжилтыг энэ удаа давтаж чадах юм бол 57 долоо хоногийн дараа дахин дэлхийн номер 1 болно.
Одоо түүнийг хагас шигшээд Италийн Флавиа Пеннеттаг 6-2 6-3-аар ялсан ОХУ-ын Динара Сафина хүлээж байна. Мөн хагас шигшээд ОХУ-ын Елена Демьентьева – Сербийн Елена Янкович нар тоглох болно.
loading...





