loading...
ОХУ-ын хөлбөмбөгийн Спартак Москва багийн дасгалжуулагч болох хамгийн боломжтой, хамгийн магадлалтай хүн нь алдарт хөлбөмбөгчин асан Михаэль Лаудруп болоод байна.
Лаудруп гэж хэн бэ?
1964 онд төрсөн тэрээр юун түрүүнд алдартай хөлбөмбөгчин байлаа. 
44 настай Дани эр нутгийнхаа Брондбю багаас хөлбөмбөгийн гараагаа эхэлж байжээ. Анх Ювентуст ирж байсан ч амжилт олоогүй ба харин 1988 онд агуу Йохан Круйффын ялгуусан Барселонад ирж, энд жинхэнэ од, супер тоглогч болон дэлхий дахинд үнэлэгдсэн юм. Барсад байх хугацаандаа 4 улирал дараалан Ла Лигийн аварга болж, багийн лидер, сольшгүй тоглогч байсан ч сайхан цагт төгсгөл ирж, 1994 онд Лаудруп буурь сэлгэсэн ба ингэхдээ хамгийн заналтай дайсан, эвлэршгүй ривал Реал Мадридад очиж, хожмын нэгэн өдөр Фигугийн замнах жимийг зурайлгасан байна. 1998 онд Аяксаар тоглогчийн кареераа өндөрлөж байлаа.
Тэр шигшээ багтаа 37 гоолыг 104 тоглолтонд оролцож хийсэн ба шигшээдээ тоглосон тоглолтоороо 129 тоглосон Петр Шмейхель, 108 тоглосон Томас Хельвег нарын дараа бичигддэг юм.
1999 онд түүнийг сүүлийн 25 жилийн туршид Испаний лигт тоглосон гадаадын тоглогчдоос хамгийн шилдэг нь гэж өргөмжилсөн ба Данийн хөлбөмбөгийн холбоо Лаудрупыг 2003 онд “Алтан тоглогч”, 2006 онд бүх цаг үеийн хамгийн шилдэг Дани хөлбөмбөгчнөөр нэрлэжээ.
Дасгалжуулагчийн замнал нь тийм ч их биш. 2000-2002 онд Данийн шигшээд туслах дасгалжуулагчаар, 2002-2006 онд Брондбюд ерөнхий дасгалжуулагчаар, 2007-2008 онд Испаний Хетафед ерөнхий дасгалжуулагчаар ажиллаж байв. Одоо түүнийг Валерий Карпины тэргүүлж байгаа Спартак идэвхтэй сонирхож байна.
loading...



