loading...
Талбайн теннисний “Америкийн нээлттэй тэмцээн”-ий эмэгтэйчүүдийн шигшээ тоглолтонд АНУ-ын Серена Уилльямс, Сербийн Елена Янкович нар шалгаран үлдсэнийг манай сайт мэдээлж байсан. Уг шигшээ тоглолтонд талбайн эзэн теннисчин бүсгүй Серена 6-4, 7-5 харьцаагаар хожсоноор “Их дуулга” цувралд нийтдээ 9 дэх удаагаа, энэ тэмцээнд 3 дахь удаагаа түрүүллээ.
“Их дуулга”-д хамгийн сүүлд 2007 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-д аваргалж байсан ба энэ удаагийн ялалтынхаа дараа “Миний хувьд шинэ кареер эхэлж байгаа юм шиг л байна” гэжээ. Мөн энэ улиралд маш их хөдөлмөрлөснөө ярьжээ. “Би бүх л жилийн турш маш их хөдөлмөрлөсөн. Заримдаа бүр өглөө 6 цагт босоод бэлтгэлдээ явах үе ч байсан, ингэх мэдээж хэцүү байлаа” гэжээ. Серена энэ жил том тэмцээнүүдэд хүссэн амжилтаа гаргаж чадаагүй. Австралид Янковичэд, Роллан Гарросд Катарина Среботникт, Уимблдонд эгчдээ, олимпод Демьентьевад тус тус ялагдаж байлаа.
Шигшээд ялагдсан Янкович өрсөлдөгчийнхөө ялалтыг хүлээн зөвшөөрсөн байна. “Түүнд бүх хүч чадал байна. Тэр агуу тамирчин. Чи түүнийг ялахыг үнэхээр хүсч байвал өөрийнхөө хамгийн сайн тоглолтноосоо ч илүү тоглох шаардлагатай”. Гэхдээ Янковичэд боломж огт байгаагүй биш. Тэр 2-р сетэд олон удаа сет пойнт алдсан юм. Янкович шигшээд ялагдсанаар аварга цол, мөн дэлхийн номер 1 гэсэн алдар, бас 750 000 америк доллар алдаж байна.
Уилльямс аварга болсноор 1 500 000 ам.доллрын шагнал хүртэж байна. “Их дуулга”-д 9 дэхээ түрүүлснээр Моника Селештэй зэрэгцсэн бөгөөд Билли Ж. Кингээс 3, Крис Эверт, Мартина Навратилова нараас 9 цомоор дутуу болж байна. Серена “Би 2 оронтой тоог хүсэж байна” гэсэн нь ямар ч гэсэн ойрын зорилго нь 10 дахь “Гранд слам”-аа авах явдал гэж ойлгож болохоор байна.
Борооны улмаас хойшлогдоод байсан эрэгтэйчүүдийн хагас шигшээгийн Рафаель Надаль – Энди Мюррей нарын тоглолт “Артур Эйш” цэнгэлдэхэд үргэлжилж 6-2, 7-6 (5), 4-6, 6-4 буюу 3:1 сетийн харьцаагаар Британи теннисчин ялснаар анхнынхаа “Их дуулга”-ын шигшээд шалгарлаа. Түүгээр зогсохгүй шигшээ тоглолтын үр дүнгээс үл хамааран одоо гарах шинэ чансааны номер 4-т буюу дэлхийн шилдэг 3 теннисчин болох Надаль, Федерер, Жоковичийн ард бичигдэх болно.
Тоглолт борооноос болж хойшилсон тухай Надаль “Надад энэ нь бага зэрэг азтай явдал болсон. Өчигдөр би ерөөсөө сайн тоглож чадаагүй. Өнөөдөр өөр тоглолт болсон. Би өмнөхөөсөө бага зэрэг илүү энерги, эрч хүчтэй байсан. Өчигдөр тэр эрч хүч хаана байсныг мэдэхгүй. Мюррей маш сайн тоглолоо”.
Хэдий Надаль энэ тоглолтонд хожигдсон ч энэ улирал түүний хувьд маш сайхан улирал болж байна. 4 дэхээ дараалан Роллан Гаррост түрүүлсэн, Уимблдонд анх удаа түрүүлсэн, Олимпийн аварга болсон, “Olympus US Open Series”-т түрүүлсэн гээд.
21 настай Энди Мюррейгийн хувьд ч гэсэн амжилт ялалтаар арвин нэгэн улирал үргэлжилж байна. “Их дуулга”-ын шигшээд шалгарч чадсанаар өөрийн кареертаа шинэ хуудас нээж байна. Уг нь мань Мюррей “US Open”-д тэртээ 2004 онд түрүүлж байлаа. Гэхдээ хөвгүүдийн ангилалд.
Энэ амжилт дээрээ томчуудын аварга цолыг нэмж чадах уу, эсвэл Рожер Федерер 13 дахь “Их дуулга”-даа түрүүлэх үү гэдэг асуултын хариу тун удахгүй тодрох болно.
loading...





