Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Жүдо, Ярилцлага » П.Лхамдэгд: Олимпод барилдахгүй буцах харамсалтай санагдаад багш, эмч нарын хоригийг зөвшөөрөөгүй

GD Star Rating
loading...

Ж.БАТМӨНХ (2008-09-11)

Монголын жүдочид наймдугаар сарын 14-нийг “Жүдочдын өдөр” хэмээн албан бусаар нэрлээд байгаа. Чухам энэ өдөр л “Афин-2004”-т Монголын багийн нүүрийг тахалсан хүрэл медалийг гавьяат тамирчин Х.Цагаанбаатар авч, Монголын олимпийн түүхэн дэх анхны алтан медалийг Н.Түвшинбаяр Бээжингээс авчирсан билээ. Анхны аваргын дуулианд дарагдаад өнгөрсөн өөр нэгэн баримт бол жүдоч бүсгүйчүүдийн олимпийн дэвжээнд эзэлсэн анхны шагналт байрын амжилт юм. Энэхүү амжилтын эзэн -78 кг-ийн жинд хүч үздэг Пүрэвжаргалын Лхамдэгдтэй уулзаж ярилцлаа.

-Олимпийн дараа хэсэг амарсан жүдочид маань бэлтгэлдээ ороод байна. Та сайн амарч чадав уу?
-Яг 14 хоног амраад нэгдэхээс бэлтгэлдээ орлоо. Есдүгээр сарын 8 сайн өдөр байсан юм билээ. Тэгээд багш нар дараагийн олимпийн циклийн бэлтгэлийг албан ёсоор эхлүүлсэн. Урьд нь ачаалалтай бэлтгэлийн үед амрахсан гэж их бодогддог байсан. Хоёр цаг унтахад хоёрхон минут л болсон юм шиг санагдана. Амралтыг тэгж их хүсч байсан мөртлөө саяын хэд хоногт бэлтгэл хиймээр санагдаад, бүр кимоногоо өмсөөд гүйж байна гэж зүүдэлсэн. Хөдөө сайхан амарлаа.

-“Бээжин-2008” таны анхны олимп. Энэ олимпийн наадмын тухай яриагаа нээлтийн ёслолоос эхэлье. “Алтан” гэж үнэлэгдсэн энэ олимпийн талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
-Олимпийн наадмын нээлтэд багийн жагсаалд орж явах үнэхээр сайхан юм билээ. Манай багийн нэлээн хэдэн тамирчин нээлтийн маргааш эндээс явах хуваарьтай байсан. Багш нараас гуйж байгаад 7-нд явж, нээлтэд жагссан. Манайх 188-д гарсан болохоор хүлээж зогсох нь хэцүү байлаа. Их халуун, бүгчим. Зузаан гутал, хувцас өмссөн Жавхаа ахад (М.Баяржавхлан) бүр хэцүү байсан байх.

-Манай жүдочид түүхэндээ хамгийн өргөн бүрэлдэхүүнтэйгээр энэ олимпод оролцсон. Таны хувьд олимпийн эрхийг Азидаа нэлээн дээгүүр орж авсан байх аа?
-ДАШТ-ий медальтнууд шууд олимпийн эрх авсан. Япон, БНСУ-ын бөхчүүд үүнийг биелүүлснээр би Азиас оноогоороо нэгдүгээрт бичигдсэн. Дохагийн Азийн наадмаас хүрэл, 2007, 2008 оны Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл медаль авсан.

-Та 2005 оноос жиндээ ¹1 болсон бил үү?
-2003 онд УАШТ-д 63 кг-д орж байсан бол дараа жил нь 70 кг-д үзээд 2005 оноос энэ жиндээ барилдаж байна. 2004 онд анх удаа улсын аварга болж, Алматыд болсон Азийн АШТ-д оролцож байлаа.

-Тэр тэмцээнд олимпийн эрх олгосон. Та хэрхэн барилдаж байв?
-Тэгэхэд би эхний тойрогт Тайванийн бөхтэй таарч ялагдсан. Хэрэв тэрийг л ялчихсан бол олимпийн эрх авах байсан юм билээ. Тэр үед цаашдаа хичээж, Бээжингийн олимпод заавал орно гэсэн зорилго тавьж байсан. Ямар ч байсан үүндээ хүрлээ.

-Бээжингийн олимпод Монголын анхны олимпийн аварга төрсөн өдөр та жиндээ шагналт VII байр эзэлсэн. Энэ нь манай эмэгтэй жүдочдын олимпийн наадмын анхны шагналт байр. Үүнийг та мэдсэн үү?
-Үнэндээ тэр өдөр би VII байрт орсноо ч мэдээгүй. Хүрлийн өмнөх барилдаанд Бразилийн бөхөд ялагдчихаад уйлаад явж байсан. Сүүлд нь багийнхнаасаа эхний наймд орсноо сонссон.

-Олимпод хүч үзсэн бөхчүүдтэй урьд нь барилдаж байсан уу?
-Миний жинд өрсөлдсөн 21 бөхийн 13-тай нь барилдаж үзсэн. Яг гар зөрүүлсэн дөрвөөс Канад, Кыргызстаны жүдочидтой урьд нь таарч хожиж байсан. Хятад, Бразилийн бөхчүүдтэй барилдаж үзээгүй ч ерөнхийдөө барилдааныг нь мэднэ. Европын тэмцээнүүдэд оролцож явахдаа хийсэн бичлэг, интернетээс хуулсан материалуудаа үзээд судалгаа хийдэг. 7-нд сугалаа татсанаас хойш долоо хоногийн дараа барилдсан болохоор таарч болзошгүй өрсөлдөгчдийн талаар нэлээн их судалсан.

-Бразилийн жүдочийн гаднах төрхийг хараад монголчууд Лхамаа эрэгтэй хүнтэй барилдчихав уу гэж ярилцахыг сонссон. Танд өөрт тань ямар санагдсан бэ?
-Би ч гэсэн гайхсан. Барилдах гээд зогсож байхдаа дэвжээ андуураад гаргах гэж байгаа юм биш биз дээ гэж бодсон. Сүүлд багийнхан маань ч гэсэн тэгж хэлж байлаа. Сая хөдөө амрах гээд очиход, бас бэлтгэл дээр хүмүүс чи эрэгтэй хүнтэй барилдсан уу гэж асууж байлаа. Гэхдээ энэ бол тоглоом хийж байгаа хэрэг л дээ.

-Барилдааныхаа өмнөх өдөр өөрт тань золгүй явдал тохиолдсон гэж сонссон. Чухам юу тохиолдсон юм бэ?
-Тэр өдөр орой хоолонд ороод сууж байтал миний хажууд ирж суусан хүн цаасан аягатай буцалгасан усыг хөдөлгөөд асгачихсан. Сандраад байрандаа гүйгээд очтол нэг ч хүн байгаагүй. Тагтан дээр гартал гадаа М.Бундмаа явж байхад нь дуудсан. Удалгүй Эрка эгч (Х.Эрдэнэт-Од), Хандаа эгч (Д.Цэрэнханд) нар ирсэн. Тэд нар багшид хэлээд эмчид үзүүлье гэхээр нь аягүй бол барилдуулахаа больчихно, нууя гэж гуйлаа. Тэгээд саван, элсэн чихэр түрхээд анхан шатны эмчилгээг өөрсдөө хийсэн.

Гэтэл Болдоо багш (Х.Болдбаатар) мэдчихээд юу болов гээд ороод ирсэн. Багш дагуулж яваад Олимпийн тосгоны эмнэлэгт үзүүлэхэд “Бид нар энэ гэмтэлд эмчилгээ хийж чадахгүй. Гэхдээ наад хүнээ маргааш барилдуулж болохгүй” гэсэн. Тэгээд хотын төв ороод нэг том эмнэлэгт үзүүлэхэд бас л “битгий барилд, чөлөөлсөн бичиг хийж өгье” гэж байна. Энэ үед олимпод ирчихээд барилдахгүй буцах гэж үү гэсэн бодол төрж өөрийн эрхгүй уйлаад зугтаачихсан. Үүдэн дээр Болдоо багш барьж аваад “Ядаж боолтоо хийлгэчихээд явъя” гээд жаахан эмчилгээ хийлгэсэн. Буцаад тосгон руугаа явж байхдаа өөрийгөө ямар азгүй юм бэ гэж хараан уйлаад л явж байлаа. Шөнө нь түлэнхийдээ халуураад сайн амарч чадаагүй. Жин дээр зогсоход арьсны үзлэг бас хийдэг. Азаар намайг шалгаагүй. Жингээс буугаад оролцогчийн хуудсанд гарын үсэг зурсны дараа гайгүй тайвширсан шүү.

-Мэдээж гүн түлэгдэлт авчихаад зузаан боолттой байхад явахад ч хүнд. Бие халаалт, барилдаан дээр их өвдөлт мэдрэгдсэн үү?
-Тэгэлгүй яах вэ. Ядаж байхад эхлээд таарсан Хятадын бөх мэдсэн юм шиг дандаа өмднөөс атгаж барилдсан. Өмднөөс татангуут хамаг бие халуу оргиод хөдлөхөд ч бэрх болсон. Хэдий ийм хэцүү байсан ч манай багийнхан, эгч нар “Гар, хөл хугарсан биш. Шүд зууж тэсээд хичээж сайн барилдаарай” гэж зоригжуулж байсан нь их дэм болсон.

-Одоо гайгүй эдгэсэн үү?
-Дажгүй ээ. Бүрэн эдгээгүй ч бэлтгэл хийж болж байгаа.

-Ингэхэд жин хэр хасдаг вэ?
-63 кг, 70 кг-д ордог байхдаа л жин хасдаг байсан. Харин -78 кг-д барилдах болсноосоо хойш хасч үзээгүй. Хэвийн үедээ 75 кг орчим байдаг юм. Сая олимпод жин үзүүлсэн өглөө 73 кг-тай байсан.

-Монголын олимпийн багаас жүдогийнхон хамгийн олуулаа байсан. Тиймээс ч медалийн найдлага та нар дээр илүү тусч байсан гэж хэлж болно. Таны барилдах өдрийг хүртэл медаль авч чадаагүй байхад юу бодогдож байв?
-Манайхан эхний өдрүүдэд тааруу барилдаж, 12-нд Д.Нямхүү ах медалийн төлөө ялагдсаны дараа их хүнд байсан. 13-нд болсон 70 кг, 90 кг-д манайх бөхгүй байсан учир багаараа яриа хийж, сүүлийн дөрвөн хүнд их хариуцлага ирж байгааг хэлсэн. Бид ч дор бүртээ үүнийг ухамсарлаж, хичээсэн. Тэгээд Түвшээ ах аварга болж, Хандаа эгч хүрлийн төлөө барилдаад ялагдлаа. Үүнтэй холбогдуулаад нэг зүйл хэлмээр байна. Би барилдах өдрөө хүртэл жингийнхээ бөхчүүдийн талаар мэдээлэл авах гэж багийн штабын өрөөнд интернет үздэг байлаа. Ингэхдээ хааяа Монголын вэбүүдийг үзнэ. Тэнд уншигчдын оруулсан сэтгэгдлийг харахад үнэхээр хэцүү байсан. Тамирчин хүнд юу ч тохиолдож болно, ялалтыг хүссэнээрээ хялбархан байгуулдаггүй гэдгийг мэдээсэй.

-2005 оноос хойш та тив, дэлхийн АШТ-д тогтмол оролцож ирсэн. Жингийнхээ шилдгүүдтэй гар зөрүүлж үзсэний хувьд энэ олимпод өөртөө ямар зорилго тавьж байв?
-Медаль авах зорилготой байсан. Санасандаа хүртэл барилдаж чадсангүй. Гэхдээ эндээс өөрт боломж байгааг мэдэрсэн. Дараа, дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хичээнэ. Олимп, ДАШТ-ээс медаль авах зорилгыг тавьж бэлтгэлээ хийж байна.

-Жүдогийн хүнд жинд өрсөлдөгч, бэлтгэл хангагч учир дутагдалтай юм шиг санагддаг. Монголд болон олимпод хэнтэй голчлон барилдааны бэлтгэл хийв?
-Энд бол эрэгтэйчүүдийн 66 кг-аас дээш барилддаг бүх хүн л бэлтгэл хангалцдаг. 81 кг-ийн Г.Түвшинжаргалтай түлхүү барилдана. Бээжинд Хандаа эгчтэй бэлтгэл хийж байсан. Ер нь өөрөөсөө илүү хүмүүстэй барилдаж байж л хөгжинө шүү дээ. 2005 онд анх удаа -78 кг-д УАШТ-д ороход арваад хүн барилддаг байсан. Жил ирэх тусам оролцогчийн тоо цөөрөөд байх юм.

-Хэдий хүссэн амжилтаа гаргаж чадаагүй ч барилдсан өдөр тань Монголын анхны олимпийн аварга төрсөн болохоор сэтгэл өег байсан биз?
-Цагаанаа ах урьд нь энэ өдөр хүрэл медаль авч байсан. Яг тэр өдөр нь Түвшээ ах олимпийн аварга боллоо. Ийм сайхан өдөр олимпийн дэвжээнд хүч үзсэндээ бэлгэшээж байгаа.

-Олимпод оролцсон тамирчид, ялангуяа медальтнуудыг хэвлэлийнхэн их хоргоож байна. Тань руу хэр олон хүн утас цохиж байна даа?
-Зарим сониноос ярьсан. Бас манай багийнхан сонины сурвалжлагч болж яриад их “явуулдаг”. Цагаанаа ах эмэгтэй хүний хоолой гаргаж их шоглодог. Хамгийн сүүлд Эрка эгч ярьсан. Гэхдээ би барьц алддаггүй юм аа.

-Цаг зав гарган илэн далангүй ярилцсанд баярлалаа. Дараа, дараагийн тэмцээнүүддээ амжилттай оролцож, зорьсон амжилтдаа хүрэхийг хүсье. Уламжлал ёсоор тусалж, дэмждэг хүмүүстээ талархлын үгээ дамжуулах байх, үүгээр ярилцлагаа өндөрлөе.
-Байнга тусалж дэмжиж байдаг бүх хүнд баярлалаа гэж хэлмээр байна. Тэднийхээ итгэлийг алдалгүй, амжилт гаргах юмсан. Холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга ах, шигшээ багийн таван багш, мөн бусад дасгалжуулагч, бэлтгэл хангагч, багийн хамт олон, эмч нар, жүдочдоо амжилт гаргуулахын төлөө хөлс хүчээ зориулсан бүх хүнд талархлаа илэрхийлье.

GD Star Rating
loading...
П.Лхамдэгд: Олимпод барилдахгүй буцах харамсалтай санагдаад багш, эмч нарын хоригийг зөвшөөрөөгүй, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. he he says:

    hicheegeerei suuliin temtseendee amjiltai oroorai amjilt husii chi shuu

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: