loading...

Г.БАЯРСАЙХАН (2008-09-15)
Боксчид хөнгөн жинд амжилт гаргах хэцүү гэж ярьдаг. Учир нь Ази тив хөнгөн жингийн боксчдоороо алдартай тул энэ дундаас торойн гарч ирэх нь бэрх даваа. Манай хөнгөн жингийн ширэн бээлийтнүүдээс гавьяат тамирчин Э.Цогтжаргал 1993 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн нь оргил амжилт байв.
Харин өнгөрөгч олимпод 23 настай залуу боксчин Пүрэвдоржийн Сэрдамба гялалзтал хүч үзэн мөнгөн медаль хүртсэнээр боксын спортын түүхэнд нэгэн шинэ хуудас нээсэн юм. Ингэхдээ тэр боксын спорт өндөр хөгжсөн орны тамирчидтай халз тулж, өөрийгөө ямархуу зиндааны тамирчин болохоо харуулсан билээ. Олимпийн дараа гавьяат тамирчин Сэрдамбатай тухтай уулзаж амжилгүй явсаар өдийг хүрлээ. Харин өнгөрсөн баасан гаригт шинэхэн гавьяат маань манай сонины редакцид зочилсон юм.
-Олимп өндөрлөснөөс хойш энд тэнд их уригдав уу?
-Нэлээд газраар явсан. Бараг өдөр бүр л дуудлагатай байлаа. Олигтой ч амарч амжсангүй.
-Хэзээнээс бэлтгэлдээ орох вэ?
-Ирэх долоо хоногоос бэлтгэлдээ орно.
-Шинэ байрандаа нүүж очсон гэсэн. Тохижиж чадав уу? Хэнтэйгээ амьдарч байна?
-Гайгүй тохижсон. Одоогоор эхнэртэйгээ л амьдарч байна. Дулаан ирэхээр аав ирнэ.
-Эхнэрээ манай уншигчдад танилцуулаач? Хэзээ, яаж танилцсан бэ?
-Эхнэрийг маань С.Золзаяа гэдэг. Одоо 20 настай. “Зохиомж” дээд сургуулийн оюутан. Бид хоёр танилцаад дөрвөн жил болж байна. Манай найз нар л танилцуулсан юм.
-Удахгүй хүүхэдтэй болох гэж байгаа гэл үү?
-Эхнэр маань одоо дөрвөн сартай жирэмсэн.
-Шагналын мөнгөө яаж үрж байна даа?
-Мөнгө ч дорхноо явчих юм аа. Сая гэртээ тавилга авсан. Бас зарим хэсгийг нь хүнд зээлүүлчихсэн.
-Хоёулаа баахан мөнгө ярьчихлаа. Одоо үндсэн сэдэвтээ орох уу? Олимпийн эрхээ яаж авсан, бэлтгэлээ яаж хангасан талаар сонирхуулаач?
-Гуравдугаар сард Казахстаны Астанад болсон тэмцээнээс мөнгөн медаль хүртэж олимпийн эрхээ авсан. Дараа нь хэсэг амарч бэртлээ эмчлүүлж байгаад зургадугаар сард Эрдэнэт рүү явж суурь бэлтгэлээ базаасан. Тэнд ачаалал сайн авсан.
-Олимпоос өмнө Украин руу тэмцээнд явсан байх аа?
-Украинд 51 кг-д ороод дөрвөн тоглолт хийсэн. Их өндөр зэрэглэлийн тэмцээн байсан болохоор сайн бэлтгэл болсон шүү. Харин дараа нь боксын холбооны 60 жилийн ойд зориулсан тэмцээнд оролцон түрүүлсэн. Ер нь том тэмцээний өмнө өөр тэмцээнд орчиход зүгээр юм билээ.
-Мөрний гэмтлээ Казахстанд тоглож байхдаа авсан билүү?
-Эрхийн тэмцээнд хүрэл медалийн төлөө Ираны боксчинтой тоглож байгаад мөрөө гэмтээчихсэн. Эрхийн төлөө Кыргызстантай бараг өрөөсөн гараараа тоглосон доо. Өөр тэмцээн байсан бол тогломооргүй л байсан. Гэсэн ч яг эрхийн өмнө тулаад ирчихсэн болохоор шүд зуугаад л үзсэн. Тэр тоглолтод их ядарсан. Харин Тайвань явж эмчилгээ хийлгэсэн нь их үр дүнтэй болсон шүү. Тэр эмчилгээний ачаар л өдий зэргийн амжилт гаргалаа.
-Тамирчдын нэг том бэрхшээл нь жин хасах. Ялангуяа хөнгөн жинд тоглодог таны хувьд жин хасахын зовлонг олон жил эдэлсэн байх?
-Олон жил тоглосон болохоор жингээ яаж хасах, хэдийд жиндээ орох гээд нарийн зүйлийг мэддэг болчихдог юм билээ. Эртнээс бага багаар хасвал гайгүй. Заримдаа 200 грамм хасах гэж зовно шүү дээ. Сая олимпод орохдоо Украины тэмцээнээс хойш жингээ барьсан. Жингээ нэг тавьчихвал буцаад хасах гэж их ядардаг юм. Жин барьж байгаа үед бүх л юмнаас татгалзаж байгаа юм чинь. Гэхдээ энэ нь миний сонгосон амьдрал болохоор яая гэхэв.
-Жирийн үед жин хэдтэй байдаг вэ? Яваандаа 51 кг-д орох уу?
-Тааваараа хоол ундаа идээд байвал 56 кг гараад явчихна. Гэхдээ би 48 кг-д тоглож байгаад дуусна гэж боддог. Энэ жинд амжилт гаргах боломж арай илүү юм шиг. Гэхдээ зарим олон улсын тэмцээнд 51 кг-д орох байх.
-Олимпийн бэлтгэл ямархуу байв?
-Бэлтгэл ерөнхийдөө гайгүй. Миний хувьд эхний тоглолт их хүнд болсон. Эхний хоёр үед гайгүй тоглочихоод сүүлийн үеүдэд ядраад хэд хэдэн оноо алдчихсан. Харин дараагийн тоглолтуудаас бие тавираад амар болсон.
-Олимпийн наадамд хийсэн тоглолтуудаа нэг бүрчлэн ярьж өгөхгүй юу?
-Миний сугалаа ерөнхийдөө хатуу талдаа байсан. Куба, Тажикистан, Тайланд, Орос, Украин гээд миний жингийн ихэнх гайгүй боксчид нь манай хэсэгт орсон юм. Эхэлж тоглосон Угандагийн боксчин их хүчтэй, шахаж ажилладаг юм билээ. Би сугалаагаа сугалчихаад “Уганда ч дээ, амархан ялах юм байна” гэж бодож байтал их хүнд тоглолт болсон. Ер нь ямар ч тамирчныг басч болдоггүй юм билээ.
Дараа нь таарсан америк их дайчин, ойрын зайнаас сайн ажилладаг хүн байсан. Гуравдугаар үе дуусахад оноо тэнцүү болсныг мэдээд тактикаа өөрчилсөн. Тулж зодолдолгүй зайнаас тоглосон чинь нэг их сайн ажиллаж чадаагүй. Медалийн төлөө тоглосон тайланд эр хүлээж тоглодог боксчин байсан. Би урагшаа явж тоглосон бол түүнд гарцаагүй хожигдох байсан. Адилхан хүлээгээд, алдааг нь хараад байхаар тоглолтоо гаргаж чаддаггүй юм билээ.
-Медалийн төлөө тоглох үед сэтгэлзүйн бэлтгэл ямархуу байв? Шөнө нь нойр хүрэв үү?
-Хожно л гэж гарсан. Ер нь сэтгэлзүйн бэлтгэл сайн байлаа. Тоглохын урд өдөр их сайн унтсан ч медаль авсны дараа нойр хүрдэггүй. Шөнө гуравхан цаг унтсан. Харин медаль авчихаар дотор уужраад, тайван болчихсон. Ер нь ямар ч хүн тоглохын өмнө их, бага хэмжээгээр эмээдэг. Харин хүрэл медалийн болзол хангасны дараа маш тайван, шийдэмгий болчихдог юм билээ. Үүнийг сая олимпод орох үедээ л мэдэрлээ.
-Кубын боскчидтой урьд нь тоглож байсан уу?
-Анх удаа тоглож байгаа нь тэр. Мөнгөн медалийн төлөө тоглолт их хүнд болсон. Эхэндээ хожиж явсан ч нэг л мэдэхэд хоёр оноо дутуу болчихож. Тэр үед хамаагүй дайралгүй, харж байгаад оновчтой, даацтай цохилт хийе гэж бодож байлаа.
Сэрдамба олимпийн рингэнд нийт таван тоглолт хийсэн. Эхний даваанд Угандагийн Рональд Серугог 9:5-аар, дараа нь АНУ-ын Лиус Янесийг 8:7-гоор ялж, медалийн төлөө тоглох эрхтэй болсон билээ. Улмаар ДАШТ-ий хүрэл медальт, Тайландын Амнат Руанроенгийг 5:2-оор буулган авч Монголын багийн медалийн тоог нэгээр нэмсэн юм. Манай тамирчин энэ амжилтандаа ханалгүй цааш амжилттай хүч үзэн Кубын Ямпиер Эрнандесийг туслах оноогоор (үндсэн цагт оноо 8:8 болон тэнцсэн) ялж, олимпийн наадмын шигшээд шалгарсан билээ. Харин финалд дэлхийн хошой аварга, Хятадын Зоү Шиминьтэй тоглох байсан ч гэмтлийн улмаас хоёрдугаар үед тоглохоос татгалзсан юм.
-Мөрөө хэдийд хөндсөн юм бэ?
-Кубатай тоглохдоо сүүлийн үед зууралдаж байгаад эвгүй болгочихсон. Тэр үед хоёр оноогоор хоцорч байсан болохоор гэмтлээ хайхрахтай манатай, хоёр оноо авчих гээд.
-Оноо тэнцээд, шүүгч ялагчийг зарлах үед юу бодогдож байв?
-Тэнцсэн үед эвгүй юм билээ. Гараа өргөөд байсан ч дотроо бүрэн итгэлгүй байлаа. Доошоо харж байгаад шүүгч рүү харахад яг улааныг өргөсөн. Тэр үед л их баярласан даа.
-Баярын нулимс унагав уу?
-Нулимс ерөөсөө унагаагүй (инээв). Би ер нь сэтгэл хөдлөлөө дарж чаддаг. Тэгсэн мөртлөө зарим үед их уярамтгай. Заримдаа кино үзэж байгаад л уйлчихна шүү дээ. Сая хошин шогийн тоглолт үзсэн чинь найзуудын тухай нэг хэсэг гарсан. Тэрийг үзээд хоолой зангираад бараг уйлах дөхсөн шүү.
-Олимпийн мөнгөн медаль авсан ч гэсэн эцсээ хүртэл тоглож чадаагүй болохоор харамсах сэтгэл төрж байв уу?
-Гайгүй ээ. Олимпоос мөнгөн медаль авлаа. Энэ бол хүн бүр хүрээд байдаггүй том амжилт. Тиймээс сэтгэл хоёрдсон зүйл алга. Амжилтандаа сэтгэл хангалуун байгаа.
-Аваргын төлөө тоглох үед эмч нар хориглосон уу?
-Тоглоод хэрэггүй гэж байсан. Би өөрөө зөрсөөр байгаад рингэнд гарсан юм. Уг нь сайхан үзчихье гэж бодсон ч үнэхээр болоогүй.
-Хятадын Зоү Шиминь өнгөрсөн олимпийн циклд ганцхан танд ялагдсан гэсэн байх аа? Тиймээс тоглохдоо бэргэж байсан байх?
-Хоёр хожигдсон. Надтай хүрлийн төлөө тоглодог Тайландад бас хожигдож байсан юм. Ер нь надаас бэргэж байсан байх. Энэ нь рингэн дээр гарахад мэдрэгдэж байна лээ. Тэр дайрч байгаа хүнийг амархан хожчихдог. Харин над шиг хүлээж, хамгаалдаг хүнтэй таарахаар тоглолтоо бүрэн гаргаж чаддаггүй. Би Зоү Шиминьтэй эхэлж тоглохдоо юугаа ч мэдэхгүй сандарсаар байгаад хол хожигдож байсан. Харин дараа нь овоо гайгүй үзэж, оноо ойролцоо хожигдож байсан юм. Ер нь түүнтэй тоглох тусам алдаан дээр нь ажиллаад, сул талыг нь мэддэг болоод байгаа. Сая ч хожих боломжтой гэж бодож байсан.
-Бээжингийн олимпийн боксын ордон монголчуудаар дүүрэн байсан нь та нарын тоглолтод нөлөөлсөн үү?
-Хөгжөөн дэмжигчдийн нөлөө байлгүй яахав. Хэдий олимп ч гэсэн Монголдоо байгаа юм шиг сэтгэгдэл төрж байлаа. Намайг ийм олон хүн харж, дэмжиж байгаа шүү гэж бодохоор нэг л сайхан. Танхимд орж ирэхдээ нөгөө хэд рүүгээ нэг харчихаад л рингэнд гарахад урам зориг сэргэх шиг болно.
-Олимпоос ирсний дараа баруун гар чинь сойлттой байсан. Одоо зүгээр үү?
-Ч.Насанбат эмч хэсэг хугацаанд хөдөлгөөнгүй сойчих гэж хэлсэн юм. Хөдөлж, хөндөх тусам эдгэх нь удаан байдаг гэсэн. Зөөлөн эдийн гэмтэл болохоор тийм ч хурдан эдгэхгүй байх. Одоо сунгалт голдуу хийж, хааяа гараа хөндөхгүйгээр хөнгөн бэлтгэл хийх байх.
-Сайн өрсөлдөгчтэй байж тамирчдын амжилт дээшилдэг. Таны хувьд дотооддоо хүчтэй өрсөлдөгч хэр байна?
-Яг үнэнийг хэлэхэд сайхан дөрвөн үе тэнцүүхэн үзчих өрсөлдөгч алга. Энэ нь миний жингийн нэг онцлог гэж болно. 48 кг хамгийн хөнгөн жин болохоор хүүхдүүд гарч ирээд удалгүй дээшээ жин өгсөөд явчихдаг. Ер нь над шиг хөнгөн жинд олон жил тоглож байгаа боксчин үгүй байх.
-Сэрдамбын ирээдүйн зорилго юу вэ?
-Авч үзээгүй тэмцээнүүдээсээ медаль авах хүсэлтэй. Өөрөөр хэлбэл ДАШТ, Азийн наадмаас медаль авах зорилго тавьсан. Би хэдийгээр олимпоос мөнгөн медаль авсан ч олимпод надтай тоглоогүй олон сайн боксчин байгаа. Тэр бүгдийг басч болохгүй.
-Дахиад хэдэн жил бокс тоглох вэ?
-2012 оны олимпийг үзчихээд л больё гэж бодож байгаа. Эрүүл мэндээ ч бодъё. Энэ хугацаанд бэлтгэлээ сайн хийж, монголчуудаа дахин баярлуулахыг хичээнэ дээ.
-Дөрвөн жилийн дараа боксоо орхихоор ямар ажил эрхлэх бол?
-Төлөвлөсөн юм үнэндээ алга. Одоохондоо бокстоо бүхнээ зориулж явна. Дөрвөн жилийн дараа болох байлгүй дээ.
-Олимпоос ирсний дараа хүмүүсийн хандлага их өөрчлөгдсөн үү?
-Хүмүүс их таньдаг болсон байна лээ. Хаа ч очсон инээгээд л угтана. Би өөрөө инээмтгий хүн болохоор дагаад л инээчихнэ. Зарим хүн намайг “энэ байнга л инээж явах юм” гэж боддог байх.
-Ерөнхийлөгч Н.Энхбаяр та нарыг хүлээж авах үедээ таныг нүүрийн баясгалантай, улс төрд хүч сорьсон бол амжилт гаргах хүү гэж магтаж байсан…
-Ерөнхийлөгчөөсөө ийм үг сонсох сайхан л юм билээ. Ер нь олон хүн Ерөнхийлөгчөөс магтаал сонсдоггүй байх. Би нэг сонинд ярилцлага өгөхдөө яг үүнийг асуухаар нь “Яваандаа улс төрд орох бодолтой” гээд тоглоомоор хэлчихсэн чинь тэрүүгээр нь гарчиглачихсан байна лээ.
-Ингэхэд өөрөө аль нутгийн хүн билээ?
-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат юм билээ. Сүүлд эмээгээсээ асууж мэдсэн. Гэхдээ би нутгийн хамаатнууд дээрээ очиж үзээгүй. Харин аав саяхан төрийн ордонд орохдоо “Аль нутгийх вэ?” гэж асуухаар нь сандраад Архангай гээд хэлчихсэн гэсэн. Үүнээс болж “Сэрдамбыг Ар, Өвөр хангайнхан булаацалдаж байна” гэсэн яриа гарсан байна лээ.
-Аав чинь хүнд өвчтэй, группт байдаг гэсэн. Одоо гайгүй эмнэлэгт эмчлүүлэх үү?
-Аав астамтай юм. Уг нь эмчлүүлмээр л байна. Даанч одоо эдгэрэхэд хүнд гэсэн. Хэн ч гэсэн аавыгаа илүү олон жил наслуулахыг бодолгүй яахав. Өвлийн цагт өвчин нь улам хүндэрдэг юм. Хотын агаараас болдог байх. Тиймээс аавыгаа цэвэр агаартай газар амьдруулах юмсан гэж боддог.
-Өөрөө ямар аав болох бол?
-Гайгүй ээ. Би аав болоход бэлэн байгаа. Сайн аав болох байх аа.
-Зав гарган ярилцлага өгсөнд баярлалаа.
loading...




Ser damba chi bol Mongolyn zorigt hovguudiin soruudyn neg shuu! Ene amjiltaa hadgalah hundtei hetsuu uureg chamd bii shuu beltgelee sain hii!!!!!!!!
loading...