loading...
Б.АВИРМЭД (2008-09-18)
Бөхөө хүндлэн дээдэлж бахархал болгодог ард түмэн маань чөлөөтийнхнийгээ олимп, дэлхийн дэвжээнд зодоглох бүрт нь медалийн дээжтэй ирэх болов уу, аваргын алдрыг хүртэх болов уу гэж харсаар, итгэл хүлээлгэсээр. “Бээжин 2008” олимпийн их наадмаас бүр илүү “горьдож” байлаа.
Хойд хөршид болсон “Москва-1980” олимпийн их наадмаас медалийн чамгүй ургац хурааж байсан уламжлалаа бодсон ч байх, энэ жилийн олимп газар зүйн байрлалын хувьд манай улсад хамгийн ойр оршдог, ижил уур амьсгалтай, цагийн зөрөөгүй урьд хөршид маань болж байгаа, олимпийн анхны медальтнууд чөлөөтийнхнөөс төрсөн болохоор “Бээжин 2008” олимпийн их наадмаас аварга төрнө хэмээн улам ч илүү итгэл хүлээлгэж байсан. Гэвч чөлөөтийнхөн маань ганзага хоосон ирлээ.
Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч нар бөхчүүдийг Бээжин явахын өмнө бэлтгэл сургуулилтынхаа түвшинд үнэлэлт өгч ярих болов уу гэсэн үг дуугараагүй. Энэ ч бас нэг тактик байсан байх. Олимпийн наадмын дараа Монгол Улсын ардын багш, гавьяат тамирчин, дасгалжуулагч Д.Сэрээтэрээс өөр хүн үгээ хэлсэнгүй. Бөх сонирхогч, уншигч олон чөлөөт бөхийн холбооны удирдлагууд, багш дасгалжуулагч нарыг Бээжингийн олимпийн дэвжээнд хэрхэн барилдсан тухайгаа, алдаа оноондоо дүгнэлт хийж ярих болов уу гэж харсаар л байна.
Бөх сонирхогчийн хувьд бөхчүүдийнхээ хэрхэн барилдсан тухай товчхон өгүүлж өөрийн санал бодлыг нэмэрлэе.
55 кг-ийн жинд хүч сорьсон манай гавьяат тамирчин Баяраагийн Наранбаатар эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт “Өст хүн өлийн даваан дээр” гэдэг шиг ОХУ-ын бөх, дэлхийн аварга Бесик Кудуховтой “гар зөрүүлэв”. Дэлхийн аваргын дэвжээнд ялж, Москвагийн дэвжээнд ялагдаж явсан Б.Кудухов манай Б.Наранбаатараас даагаа нэхэж барилдаад давав. Б.Кудухов, Оросын багш дасгалжуулагч нар манай Б.Наранбаатартай барилдах тактикаа зөв боловсруулжээ.
Х.Баянмөнх аварга “1975 оны дэлхийн аваргаар ганцхан В.Гулюткин (ЗХУ-ын бөх дэлхийн аварга)-тэй л барилдана гэж бодож бэлтгэл сургуулилтаа хийсний хүчинд Минскийн дэвжээнээс дэлхийн аваргын алдрыг хүртсэн дээ” гэж өгүүлсэн байдаг. Тэр ч байтугай эх орныхоо нийслэлд болсон “Интернационал” ОУТ-ий дэвжээнд В.Гулюткинтэй тактикийн барилдаан хийж, төдий л хүч гаргалгүй барилдан ялагдал хүлээж үзэгчдээсээ хүртэл зэмлэл сонсож явсан гэдэг. “Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг” гэж ярьдаг. Үүнийг л хэлэх байх.
66 кг-ийн жинд барилдсан Буянжавын Батзориг эхний тойрогт Өмнөд Африкийн бөхийг ялсан ч хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх И.Фарниевт оноогоор ялагдлаа. Б.Батзориг барилдааны эхний үеийн төгсгөлд шодолтоор барьц сонгож нэг оноо авч ялсан. Хоёрдугаар үеийн төгсгөлд бас манай бөх шодолтоор барьц сонгосон ч “чулуу болгож” чадаагүйгээр барахгүй бүр хариу мэхэнд орж ялагдлаа. Б.Батзоригт Оросын бөхийг ялах боломж бүрэн байсан.
84 кг-ийн жинд хүч сорьсон Чагнаадоржийн Ганзориг гялалзтал барилдаж чадсангүй. Эхний даваанд Азербайжаны бөх Н.Темрезовт оноог өм цөмөөр нь алдаж 6 оноогоор ялагдаж үзэгчдийн суудалд шилжлээ.
Эхний тойрогт тахимаа өгч хөгжөөн дэмжигчийн суудалд шилжсэн гурван эмэгтэй бөхийн тухайд ярих юм алга. Олимпийн эрх авсан нь их юм “хөөрхий” боллоо гэж хэлж бас боломгүй байна. Олимпийн эрхийг асар их үнээр авсныг бид мэднэ.
Эхний үед Б.Наранбаатарын техникийн алдаа гаргаж хожигдсоны, Б.Батзоригийн хожсоны дараах тэр түр амсхийх хоромд багш дасгалжуулагч нар нь бөхчүүдийнхээ сэтгэл зүрхэнд нь хүрч нөлөөлж чадах зөв оновчтой үг сургаалаа хэлж чадсангүй.
“Унгарт далаад оны сүүлчээр болсон нэгэн ОУТ-ий үеэр Унгарын бөхтэй барилдаж, барилдаан дуусахын өмнөхөн оноо 2:2 байхад Ж.Мөнхбат аварга дэвжээний хажуугаас “За Оюунболд минь ингэж барилдсанаас хэвтээд өгчих, эсвэл чи наадахаасаа хэдэн крон авсан юм бэ” гэж хашгирч байна. Уур хүрсэн гэж жигтэйхэн, битгий хуцаад бай гэж хэрэлдэнгээ нөгөө нөхрийг хумьж өгөөд түрүүлчихэж билээ. Тэгтэл Ж.Мөнхбат аварга “Цаад олгой шарын чинь шарыг нэг сайн хөдөлгөлөө дөө” гээд инээж байсан” хэмээн олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Оюунболд агсан нэгэн ярилцлагандаа тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр барилдахаар дэвжээнд гарахын өмнөх болон барилдаан завсарлаж түр амсхийх агшинд өгөх зөвлөгөө хичнээн ашигтай, үнэ цэнэтэй болохыг харуулж байна.
Мехикогийн олимпийн хүрэл медальт, нэрт дасгалжуулагч Ч.Дамдиншарав “Хүн болгон адилгүй, хүлэг болгон жороогүй” гэдэг их учиртай үг. Б.Болдтой ажиллах Д.Цэрэнтогтоход юм хэлэхээс өөр.
З.Дүвчинг сургах О.Энхтайваныг дасгалжуулахаас эрс ялгаатай. Д.Хадбаатарыг урамшуулах Н.Бүргэдааг итгүүлэхээс тэс өөр. Нарийн ширийн юмыг хүн хүнд тохирсон түлхүүрээр оролдоход хүрнэ. Хүн бүрт түлхүүр тааруулах амаргүй” гэжээ. Энэ бүхэн бол Ч.Дамдиншаравыг мэргэжлийн сэтгэл зүйчээс дутахгүй өндөр мэдлэгтэй болсоныг харуулж байна. Багш дасгалжуулагч нарыг ч сэтгэл зүйн зохих мэдлэг чадвартай болохыг анхааруулж, сануулж байгаа хэрэг. Бид бөх бүрийн, тамирчин бүрийн сэтгэл зүйд нөлөөлж, анхаарч ажиллах тал дээр алдаж байж ч мэднэ.
Манай бөхчүүд Бээжингийн дэвжээнд бэлтгэл, бяр хүч дутаад, туйлдаж ядраад ялагдаагүй. Өрсөлдөгч бөхөөсөө барилдааны арга техник, ур чадвараар дутуугүй нь харагдсан. Ганцхан шийдвэрлэх мөчид хожлын оноо авч чадаагүйгээс өвдөг шороодоцгоосон. Тэдэнд өөрсдийн зиндааны бөхчүүдэд хийх ёстой мэхээ хийж ялж байгаа мөртлөө тив, дэлхийн нэртэй бөхчүүдэд нөгөө мэхээ гүйцэд хийж чадахгүй ялагдаж байна. Энэ нь шийдвэрлэх мөчид өөрөө ч мэдэлгүй хийчихдэг уран даацтай дархан мэх дутагдаад байгааг харуулж байна.
“Бээжин 2008” олимпийн их наадмын бэлтгэлд төр засгаас чамгүй их харж үзсэний хүчинд хөрөнгө мөнгөөр гачигдахын зовлонг үзээгүй. 2004 оны олимпийн бэлтгэлд улсын төсвөөс 180 сая төгрөг олгож байсан бол энэ олимпийн бэлтгэлд 1,9 тэрбум төгрөг гаргасан. Мөн “Олимп хөгжил сан” байгуулагдаж орон даяар аялуулахад 226 сая төгрөг цугласан гэдэг. Төр засаг, ард түмний “хайр хишиг”-ийн буянаар жүдо, бокс, буудлага, чөлөөт бөх зэрэг төрлөөр гуч шахам тамирчин Бээжингийн дэвжээнд хүч сорих эрх авсан нь чамлахаар тоо биш ч чөлөөтийнхнөөс зургаахан бөх байгаа нь чамлахаар тоо.
Чөлөөтийнхөн олимпийн эрх горилон Азербайжаны ДАШТ, БНСУ-д болсон Ази тивийн АШТ, Швейцарийн Мартини, Польшийн Варшав хотод болсон ОУТ-үүдэд оролцсон ч Бээжинг зорих эрх нэмж авч чадаагүй.
Талийгаач Д.Оюунболд Н.Ганбаатар хоёр шиг хүүхдүүдтэй ажиллаж чаддаг, үнэхээр сайн тамирчинг төрүүлж чаддаг багш дасгалжуулагч өнөөдөр үгүйлэгдэж байна. 1980-аад оны дунд үед ялих шалихгүй шалтгаанаар өөнтөглөж УШБ-ийн дасгалжуулагч нарыг өөрчилж эхэлсэн. Тэр ч байтугай 1984, 1988 онуудад олимпийн мөчлөгийн хугацаанд ахлах дасгалжуулагчийг хоёр ч удаа сольж байв.
Шинэ мянганы босго алхсан хойно ч энэ халаа сэлгээ бас хийгдсэн. Энэ бүхнээс болж манай улсад тамирчид бэлтгэх тогтолцоо алдагдаж, амжилт гаргахгүй, амжилт буурсаар байна гэж боддог. Энэ муу үр дагаварыг өнөөдөр ч амссаар байна. Мөн зарим тамирчин бөхчүүд, чөлөөт бөхийн холбооны удирдлагын хоорондын таарамжгүй харьцаа, үл ойлголцох байдал энэ бүхэнд нөлөөлөөд байгаа юм биш байгаа.
Олимпийн их наадмын дэвжээнээс олимпийн анхны мөнгө, хүрэл медалийг эх орондоо авчирсан чөлөөтийнхөн маань Москвагийн олимпоос хойших долоон удаагийн наадмаас ганзага хоосон ирсээр байна. Энэ дутагдал олимпоос олимпод давтагдсаар байх уу. Чөлөөт бөхийн холбооны удирдлагууд үгээ хэлэх болоогүй юу?
Тэмдэглэлийн төгсгөлд жүдогийн талаар ганц зүйл хэлье.
60 кг-ийн жинд хүч сорьсон гавьяат тамирчин Х.Цагаанбаатар эхний тойрогт Израилийн тивийн аваргын хүрэл медальтай, төдий л нэр гараагүй Галь Екүтельд өвдөг шороодлоо. Х.Цагаанбаатарыг Афины олимпоос хүрэл медаль хүртсэнээс хойш Бээжингийн олимпийн аварга, дэлхийн нэг нойморын жүдоч гэх нь холгүй магтаж гарсан. Үүнийг бөхийн дасгалжуулагч, бөх мэддэг хүн бичээгүй, яриагүй. Энэ бүхэн Х.Цагаанбаатарт сэтгэл зүйн хүнд дарамт болсон нь мэдээж. “Манай Х.Цагаанбаатар Бээжингийн олимпод сайн барилдана, медаль авчирна, бүр олимпийн аварга болно” гэж итгэл хүлээлгэж байсан бид түүнийг анхны тойрогт ялагдаад үзэгчдийн суудалд шилжихэд нь сэтгэл гонсгор байлгүй яахав.
Монголчууд бидний ганц итгэл хүлээлгэж байсан Х.Цагаанбаатар олимпийн наадам эхлэхээс арав гаруйхан хоногийн өмнө долдугаар сарын 27-нд хавиргаа хугалж хүнд бэртэл авлаа. Олимпийн дэвжээнд зодоглох тамирчид бөхчүүдийн маань олон арван сар, жилийнхээ хөлс хүч шингэсэн хөдөлмөрийнхөө үр дүнг үзэх цаг хормоор ойртсон, бөхчүүд ч өөрсдийнхөө, багш нар нь бөхчүүдийнхөө алхах гишгэх бүхнийг цэгнэх, сахилга дэг журмыг чанд сахих ёстой торгон ирийг тааруулах үе бишсэн билүү. Уяач хүн наадамд уясан хүлгийнхээ идэш хоолыг тохируулахаас авахуулаад унтах нойроо хасаж багагүй хөдөлмөр зүтгэл гаргадгийг бид мэднэ. Олон сар, жилийнхээ хөдөлмөрийн үр дүнг “баллуурдсан” Х.Цагаанбаатар өөрөө буруутай юу, багш дасгалжуулагч нарын хэн нь буруутай вэ?
Хэн буруутайг тунгааж тогтоож, хариуцлагыг тооцох байлгүй. Хайр шагналыг харамгүй хүртээх ч ёстой, зэмлэл шийтгэлийг цаг алдалгүй оногдуулах ч ёстой. Үүнийг мартаж болохгүй. Олимпийн аваргын дуулинд дутагдал бүдгэрэх ёсгүй.
loading...




tiim shuu,zuv zuv,ter 66d barildah baisan hun bas baina,erh avchihsan geel lag tom tom yariad baisan ochson chini barildahgui bolchihdog,iimhen yomaa ch medehgui Judogiin holboo gej baij boloh uu?
loading...
zuv zuv/.
loading...