Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » БТСГ, Ярилцлага, Үндэсний бөх » Т.Амартүвшин: Өөрийнхөө барилдааныг бүрэн гаргахыг хичээсэн

GD Star Rating
loading...

А.ТҮМЭНБАЯР (2008-09-18)

Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадмын үндэсний бөхийн барилдаан урьд өмнөх жилүүдээс онцгой сайхан болсон. Энэ жил улсын арслан, гарьд, заан, харцага, начин цолтон төрсөн учир олон жил бөх сонирхогчдын ярианы сэдэв болох нь гарцаагүй.

Шинээр хоёр харцага цолтон төрсөн бөгөөд бөх сонирхогчдын хүрээнийхний анхаарлын төвд байдаг хоёр залуу энэ цолд хүрсэн. Харцага цолтны эгнээнд өнөө жил Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын харьяат улсын начин Түмэннасангийн Амартүвшин багтсан билээ. Бөх сонирхогчдын анхаарлыг цэргийн заан цолтойгоосоо татсан түүнийг “ТЦ-ийн Бөхийн өргөө” буландаа урин ярилцлаа. Тэрбээр “Бээжин-2008” зуны олимпийн наадмын аварга Н.Түвшинбаярт зориулсан наадамд зодоглохоор Булган нутгийг зорихоосоо өмнө бидэнтэй хөөрөлдсөн юм.

-Улсын харцага цол хүртсэнд баяр хүргэе.
-Баярлалаа.

-Ховд аймгийн бөхчүүд өнөө жил хоёр хуваагдан галд гарсан. Шинэ харцага маань наадмын бэлтгэлээ хаана базаав?
-Би Орхон аймгийн Эрдэнэт хотноо нутгийнхаа залуучуудын хамт гал болон бэлтгэл сургуулилтаа базаасан. Манай галыг улсын заан Ч.Бямбадорж багш маань ахлан гарсан юм. Эрдэнэтийн цагдаагийн амралтад аймгийн арслан Н.Батзаяа, Г.Алтангэрэл, аймгийн заан Ц.Цогбаяр, Н.Баттөмөр, аймгийн начин Б.Заяамандах, Ю.Батсайхан гэх мэт бөхчүүд бэлтгэлээ жигдрүүлсэн.

-Танай галаас хичнээн бөх цолоо ахиулав. Хэдий хугацаанд бэлтгэл сургуулилт хийсэн бэ?
-Манай галынхан энэ жил нэлээн эрт наадмын бэлтгэлдээ гарсан шүү. Зургадугаар сарын 5-нд Эрдэнэтэд очсон. Надаас гадна манай галаас аймгийн арслан, начин, тус бүр нэг төрлөө.

-Өнгөрсөн өвөл та заалны барилдаанд тэр бүр гараагүй. Сар шинийн барилдаанд мөрөндөө бэртэлтэй харагдсан. Наадмын өмнө заалны барилдаанд зодоглов уу?
-Өнгөрсөн жил мөрний гэмтэл сэдрээд заалны барилдаануудад олон гарч чадаагүй. Энэ жил наадмын бэлтгэлдээ эрт гарсан болохоор шавар эмчилгээ зэргийг хийн гамнаж барилдсан. Одоогоор бүрэн эдгээгүй байгаа. Удахгүй сайтар эмчлүүлэхээр төлөвлөж байна.

-Наадмаар бэлтгэл хэр хангагдсан бэ? Бэртэл тань барилдаанд нөлөөлсөн үү?
-Энэ жил наадмын галд эрт гарсан учраас бэлтгэл дажгүй хангагдсан. Манай галынхан наадам болохоос найм хоногийн  өмнө “Сүүж” уулын амралтад “Хүч” спорт хороо болон нутгийнхаа бусад бөхчүүдтэй нэгдэж бэлтгэл сургуулилт хийсэн. Улсын заан Ц.Мягмарсүрэн, Ч.Батзориг тэргүүтэй нутгийн маань бусад бөхчүүд “Сүүж”-д төвлөрсөн байсан.

-Хоёулаа ярианы сэдвээ наадмын барилдаануудад тань хандуулъя. Хоёрын даваанаас хэнтэй хэрхэн барилдав?
-Хоёрын даваанд би нутгийнхаа цэргийн начин Х.Рэнцэннямтай таарч давсан. Харин гурав дээр намайг Увс аймгийн Зүүнговь сумын харьяат улсын начин Ж.Алтансүх амласан. Түүнийг шуудагны барьцнаас мордоод давсан даа.

-Дөрвийн даваанд та оноолтоор улсын начин Д.Лхагвадоржтой таарч барилдсан. Та хоёр өмнө нь учраа таарч байв уу?
-Бид хоёр олон таараагүй. Өмнө нь ганцхан удаа барилдахад би унаж байсан юм. Харин энэ удаад давхар ачаад давсан. Энэ мэхийг би тохироо нь бүрдсэн үед л хийдэг юм.

-Тавын даваанд та 2006 онд өвдөг шороодсон М.Өсөхбаяр начинтай барилдсан. Хэрхэн барилдахаар төлөвлөж байв?
-Өмнө нь улсын наадмын тавын даваанд М.Өсөхбаяр начинд анхаарал алдан дэвжээний голд дайруулаад уначихсан удаатай. Түүнээс хойш өнгөрсөн онд бизнес барилдаанд таарахдаа давсан юм. Энэ жил би Т.Өсөх-Ирээдүй, М.Өсөхбаяр, А.Бямбажав, Б.Соронзонболд, Ө.Даваабаатар таваас түүнийг амласан юм. Өсөхөө сэрвүүгээс салхитай, сайн ч барилддаг. Тиймээс барьцанд хүрч барилдахыг бодсон. Гэвч барилдаан санаснаас тэс өөр болсон шүү. М.Өсөхбаяр элэг бүс рүү шунаад дайрахад нь сэнжигний барьцнаас дунгуйлдаж татаад давсан.

-Харцага цолны даваанд аралтай заантай таарсан. Та өмнө нь ярилцлагадаа том биетэй бөхчүүдтэй илүү сайн барилддаг гэж хэлж байсан. Энэ нь цолоо ахиулахад нөлөөлсөн үү?
-Том биетэй бөхчүүдтэй сайн барилддаг нөлөө байсан байх. М.Баяржавхлан заан бид хоёр өмнө нь олон таарч байгаагүй. Тиймээс өөрийнхөө барилдааныг бүрэн гаргаж барилдахыг хичээсэн. Зааныг хавирахад нь зөрүүлээд бусгаад давчихсан байна лээ. Би уг нь хавирсан хүнийг зөрүүлээд өшиглөдөг гэмтэй. Тэгтэл бусгаад давчихсан байна лээ. Тухайн  үед ямар мэхээр давснаа өөрөө ч мэдээгүй. Сүүлд нь телевизээр хараад л мэдсэн.

-Зургаа даваад зааны даваанд хэрхэн барилдав?
-Долоогийн даваанд Б.Ганбат заанд амлуулсан. Өмнө нь нэг ч удаа Б.Ганбат зааныг давж байгаагүй. Тиймээс аль болох давхар шуудганд хүрч барилдахгүйг бодож гарсан. Гэтэл удахгүй л золгох цаг болчихсон байлаа. Тэгээд золгооноос мордуулаад унасан даа.

-Энэ жилийн  наадам ихээхэн сонирхолтой болсон. Таны хувьд наадмын өнгийг хэрхэн тодорхойлж байв?
-Энэ жил сайн барилдах болов уу гэж тооцоолсон олон залуу байсан. Мөн Г.Өсөхбаяр, Д.Сумъяабазар аваргуудыг дээгүүр хүч үзнэ гэж бодож байлаа. Гэхдээ наадмын таваас дээш даваа бүр цолтой болсон болохоор улсын начин төрөхөд ч бэрх болж. Тиймээс хойш хойшдын наадам ерөнхийдяөө иймэрхүү дүр төрхтэй болох биз.

-Харцага болсноор эрэмбэ нэлээд дээгүүр бичигддэг болоо биз?
-Миний эрэмбэ шууд зургаа давж харцага болсон бөхчүүдийн дээр бичигдэж байгаа. Би начин цол хүртээд Д.Баасандоржийн дараа эрэмбэлэгддэг байсан. Одоо ч мөн он жавынхаа доор эрэмбэлэгдэх боллоо.

-Таны харьяалагддаг “Хүч” спорт хороо ямар цолоор шинэ харцагаа мялаасан бэ?
-Би “Хүч” спорт хороо, Дотоодын цэргийн 805 дугаар хороо, “Ану сервис” компанийн бөх гэж зарлуулдаг. Харцага цол авсны дараа “Хүч” спорт хорооноос надад ахмад цол олгосон. Өмнө нь би дэслэгч цолтой байсан юм. Энэ дашрамд танай сониноор дамжуулаад Дотоодын цэргийн 805 дугаар хорооны штабын дарга, хурандаа Т.Хүрэлбаатар, захирагч хурандаа Цогтбаатар болон  нийт хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье. Мөн “Ану сервис” компанийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

-Баруун бүсийн даншиг наадам өнөө жил Ховдод болсон. Наадмын дараа нутагтаа очив уу?
-Наадмын дараа нутагтаа очиж амарсан. Баруун бүсийн даншиг наадамдаа зодоглож Ч.Батзориг зааныг давж түрүүлсэн. Нутгийнхан маань даншиг наадмын үеэр намайг хүлээж авсан. Ирэх сарын 17-нд цолны мялаалга хийхээр товлоод байгаа.

-Баруун бүсийн даншиг наадмаас өөр барилдаанд оролцов уу.
-Түүнээс хойш барилдсангүй. Өнгөрсөн амралтын өдөр ХААИС-ийн ойн барилдаанд л барилдлаа.

-Өвлийн цагт та хэн багшийн удирдлагад хаана бэлтгэл сургуулилт хийдэг вэ?
-Хотод нутгийнхаа бөхчүүдтэйгээ хамт “Автобус-1” компани дээр болон “Хүч” спорт хорооны зааланд бэлтгэлээ базаадаг. Ч.Бямбадорж багш маань Эрдэнэт рүү суурьшсан болохоор бэлтгэлээ бие дааж хийдэг. Мөн улсын цолтой бөхчүүдээсээ ч зөвлөгөө авдаг. Бас залуу дүү нартаа мэддэг зүйлээсээ зааж сургадаг.

-Одоо бэлтгэлдээ орчихсон уу?
-Хараахан бэлтгэлдээ эрчимтэй ороогүй байгаа. Ерөнхийдөө долоо хоногийн хоёр өдөр хүчний бэлтгэл, гуравт нь барилдааныхаа бэлтгэлийг хийдэг.

-Танай нутгийн дараагийн улсын цолтон хэн болох бол…
-Аймгийн арслан Н.Батзаяа, Г.Алтангэрэл, аймгийн заан Б.Заяамандах, Ч.Цогбаяр гээд залуучууд бий. Эдгээр залуус л дараагийн улсын цолтнууд болно.

-Та хэр шүтлэгтэй вэ?
-Өөрийнхөө хэмжээнд шүтлэгтэй. Манай нутгийнхан бүгд Цамбагарав уулаа тахин шүтэж, өдөр бүр цайныхаа дээжийг өргөдөг.

-Ам бүл хэдүүлээ вэ?
-Дөрвүүлээ. Эхнэр Э.Ундрах-Эрдэнэ, охин А.Тунгалаг, хүү А.Энхмэндийн хамт амьдардаг.

-Өнгөрсөн сард монгол түмэн олимпоор амьсгаллаа. Монголын анхны олимпийн аваргаар бөх хүн тодроход юу бодогдож байв?
-Олимпийн аварга төрөхөд бүх монголчуудын сэтгэл хөдөлж, дээд цэгтээ хүртэл баярласан шүү дээ. Миний хувьд олимпийн аварга бөхчүүд бидний дундаас төрсөн болохоор бүр ч их  баярласан. Н.Түвшинбаярын барилдааныг телевизээр шууд хүлээн авч үзсэн. Ерөнхийдөө энэ удаагийн олимпийн наадамд оролцсон бүхий л тамирчдаа дэлгэцийнхээ өмнө хөгжөөн дэмжиж суусан.

-Ингэхэд олимпийн аваргатай барилдаж байв уу?
-Улсын цолгүй байхдаа бид хоёр нэг нэгийгээ давж, унаж л явсан. Өнөөдөр Булган руу Н.Түвшинбаярт зориулсан наадамд зодоглохоор явах гэж байна. (Ярилцлагыг IX.16-ны өдөр авав)

-Олимпийн аваргатайгаа уулзаж амжсан уу?
-Хараахан амжаагүй л байна. Наадам дээр нь очоод л уулзана даа.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. ЗОЧИН says:

    мэдээллээ шинэчлэхийг хүсье. Бямба гариг бүр Бөхийн өргөөнд барилдаан болж байгаа шүүдээ

    GD Star Rating
    loading...
  2. tsongooloo says:

    amraa chamaig demjdeg shuu altan nutag mini.hovd nutgiinhaa neriig bainga undurt duuduulj yavaarai.aa harin ih zan suuj bgui shuu za.he he

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: