loading...
Р.МАНЛАЙ (2008-09-18)
“Бээжин-2008” олимпийн хийн гар бууны 10 метрийн дасгалд шагналт VIII байр эзэлсэн ОУХМ Цогбадрахын Мөнхзултай манай сурвалжлагч уулзаж ярилцжээ.
-Олимпийн наадамд анх удаагаа оролцоод шагналт байрт шалгарсанд баяр хүргэе!
-Баярлалаа.
-Бээжингээс хэдний өдөр ирэв. Дараагийн олимпийн бэлтгэлдээ гарчихсан уу?
-Миний тэмцээн наймдугаар сарын 10, 13-ны өдөр болсон. 16-нд ирээд хэсэг хугацаанд амарлаа. Есдүгээр сарын 1-нээс бэлтгэлдээ орчихоод байна.
-Олимпийн наадмын медалийн төлөө өрсөлдсөн хийн бууны 10 метрийн тэмцээний талаар ярилцъя. Урьдчилсан буудлагад гурваар шалгарсны дараа юу бодогдож байв. Шигшээ буудлагад хэрхэн бэлдэв?
-Урьдчилсан буудлага дуусангуут зохион байгуулах хорооныхон финалд шалгарсан найман тамирчдыг дасгалжуулагчтай нь нэг өрөөнд оруулж буу шалгасан. Финал 12.00 цагаас эхлэх байсан болохоор биднийг 11.40 гээд заал руу авч явсан.
-Шигшээ буудлагыг Монголын ард түмэн шууд, бүрэн эхээр нь үзсэн. Гэхдээ болж өнгөрсөн процессыг өөрийнхөөрөө тайлбарлана уу?
- Хүмүүс «Ц.Мөнхзулыг буудах үед ерөнхийлөгч Н.Энхбаяр яг чанх ард сууснаас болж биеэ бариад олигтой буудаж чадаагүй» зэргээр ярьсан байна лээ. Үнэндээ бол би бол Улсын Ерөнхийлөгч ирснийг хараагүй л дээ. Финал эхлэхэд зааланд нэг нэгээр нь танилцуулж оруулахад би үзэгчид рүү хараагүй, зөвхөн дасгалжуулагч руугаа л харж байсан. Миний хувьд сэтгэлзүйн бэлтгэл жаахан дутсан. Өөрөө өөртэйгээ сайн ажиллаж чадаагүйгээс болоод л наймдугаар байр луу ухарсан гэж бодож байгаа.
-Сэтгэлзүйн бэлтгэл хэр хийсэн бэ. О.Гүндэгмаа «Найрамдал» зусланд бэлтгэлд гарахад сэтгэлзүйч нь яг л олимпод байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц бичил орчинг үүсгэж, дасан зохицох бэлтгэл хийсэн гэж сонсож байсан юм байна…
-Яг тийм нарийн юм байгаагүй ээ. Гэхдээ финалын болон бас бус бэлтгэлүүдийг хийсэн л дээ. Нэг хэсэг Боловсролын их сургуулийн сэтгэлзүйч багштай ажиллаж байсан. Сар орчим л хамтран ажилласан. Тэр хүний боломж, цаг зав хомс байсан болохоор удаагүй.
-Өнгөрсөн олимпийн мөчлөгийн хугацаанд ямар амжилт үзүүлсэн билээ?
-2006 оны ДАШТ-д хийн гар буугаар эхний зургаад орж, олимпийн эрх авсан. Хийн бууны Азийн аваргаас багаараа алт, хувиараа мөнгө авч, Дэлхийн оюутны Универсиад наадмаас мөнгө, Дохагийн Азийн XV наадмаас хүрэл медаль хүртсэн. Мөн Дэлхийн цомоос нэг алт, гурван хүрэл хүртлээ. Энэ дөрвөн медалийг дандаа 25 метрийн спорт гар буунаас авсан юм байна.
-Тийм болохоор олимпод 25 метрийн дасгалдаа илүү амжилт үзүүлнэ гэж тооцоолж байв уу?
-Бээжинд хоёр төрөлд хоёуланд нь л финалд шалгарч, цаашлаад медалийн төлөө өрсөлдөх төлөвлөгөөтэй очсон. Яагаад гэвэл бэлтгэл дээр жигд байсан л даа. Тэгээд хийн буундаа шагналт байр эзэлж, спорт гар буундаа финалдахад нэг оноо л дутлаа.
-Уг нь анхны томоохон амжилтаа хийн гар бууны 10 метрт үзүүлсэн байх аа…
-Анх 2005 онд Макаогийн Зүүн Азийн наадмаас алтан медаль авахдаа хийн буугаар авч байсан байхгүй юу. Тэгээд л хүмүүс хийн буундаа сайн гэж боддог болсон юм шиг байна лээ. Харин сүүлийн үед үзүүлж байгаа ихэнх амжилтуудын ихэнх нь спорт гар бууных.
-Олимпийн өмнөх бэлтгэл дээр онож байсан дундаж оноо чинь хэд вэ?
-Тэмцээн дээр хийн гар бууны 10 метрт бэлтгэл дээр онож байсан оноогоо авсан л даа. Харин 25 метрт 585-аас дээш үзүүлэлтэй байсан. Сая олимпод 581 оносон.
-Анхны олимп болохоор жаахан сандрах явдал гарсан уу. Эсвэл тив, дэлхийн хэмжээний бусад томоохон тэмцээнүүдээс ялгарахааргүй байв уу?
-Ялгаа байхгүй юм шиг л санагдсан. Байнга л өрсөлддөг нөгөө л хэдэн тамирчидтайгаа буудсан. Финалд л тэрхэн үедээ жаахан сандарсан байх.
-Телевизээр тайлбарлаж байсан буудлагын зарим багш нар «Мөнхзул анх гарч ирж байхдаа урьдчилсанд сайн буудааад финалд тааруухан бууддаг байсан. Гэтэл түүнийгээ сүүлийн жилүүдэд засаж чадсан. Харамсалтай нь олимпод тэр алдаагаа давтчихлаа» гэж байсан…
-Үүнээс болж нэлээн олон удаа медалиас мултарч байсан шүү. 2006 онд Германд болсон Дэлхийн цомд бүр нэгээр гарч ирчихээд медальгүй хоцорч байлаа. Дэлхийн цомд зөвхөн түрүүлж байж л олимпийн эрхээ авдаг. Миний хувьд тэрэн дээр л түрүүлчихсэн бол олимпийн эрхээ өвөртөлчих байлаа. Гэтэл финалд тааруу буудсанаар дөрөв рүү ухарч, Д.Мөнхбаяр эгч түрүүлэн «Бээжин-2008»-ын эрхээ авч байсан юм. Сая бол өөрөө мэдэхгүй ч гэсэн хэт хичээгээд алдсан байх гэж бодож байгаа.
-Олимп болсон тэр ордонд өмнө нь буудаж үзсэн үү?
-Дөрөвдүгээр сард тэнд болсон Дэлхийн цомоос хүрэл авч байсан. Ер нь олимп болох газар Дэлхийн цомын цувралын аль нэгэн гарааг заавал явуулдаг тогтсон жишиг бий.
-Буудлагын тэмцээн болж буй орчин чимээгүй байх ёстой. Гэтэл Хятадын хөгжөөн дэмжигчид шуугилдаж бусад орны тамирчдад саад болсон гэж сонссон. Энэ үнэн үү?
-Тийм юм болох нь болсон. Ялангуяа сүүлийн хэдэн суман дээр. Балиашиглаж буй хятадууд өөрийнх нь тамирчин буудаад дууссаны дараа чангаар орилж, дараагийнхаа тамирчдад саад болж байсан. Гэхдээ албаар тэгээгүй байх л даа, тамирчнаа балиашиглаж байгаа нь тэр юм байлгүй.
-Өөрийнхөө финалд буудаж байгаа хэсгийг зурагтаар давтаж үзсэн үү?
-Үзэж амжаагүй байгаа. Лав, намайг ирснээс хойш ямар ч телевизээр гараагүй.
-О.Гүндэгмааг финалд нэгээр гараад ирэхэд нь түрүүлнэ гэж бодож байсан уу?
-Түрүүлнэ гэдэгт итгэлтэй байсан. Гүндэгмаа хурдан, тогтоол аль алинд сайн бууддаг. Дээр нь финалд бүр сайн бууддаг онцлогтой. Арынх нь хүн буюу Д.Мөнхбаяр эгч гурав, Хятадын тамирчин бүр таван онооны дутуу болохоор арай ч бариулчихгүй байх гэж бодсон. Тэр хятад финалд үнэхээр сайн буудаж 208.4 оноо авсан. Энэ бол маш өндөр үзүүлэлт.
-Олимпоос ямар туршлага тээн ирэв. Сургалт, дасгалжуулалтдаа өөрчлөлт хийхээр юм байна уу?
-Ер нь бол өөрийнхөө авдаг дээд оноогоо л аваад байхад олимпийн медальд хүрэх боломжтой. Гол нь тэмцээн бүрт тэр онооныхоо хэмжээнд буудах нь чухал.
-Одоо ямар клубт харъяалагдаж, аль компанийн нэрийн гаргаж явдаг вэ?
-Техник спортын төв клубтээ данстай. Мөн «Спирт бал бурам» ХК-ийн тамирчин гэж явдаг.
-Сая олимпод амжилт гаргаад ирсэн тамирчдад шагналын хур буулгасан. «Эрдэнэт» үйлдвэр л гэхэд медаль аваагүй ч гэсэн шагналт байрт шалгарсан Д.Нямхүү, У.Мөнх-Эрдэнэ нарын тамирчдадаа байр бэлэглэсэн байна лээ. «СББ»-ынхан ч зүгээр байгаагүй байлгүй?
-Үгүй ээ. Гэхдээ тус компани намайг маш их дэмждэг гэдгийг зориуд хэлмээр байна. Ирэх сарын эхээр оюутны ДАШТ болно. Тэрний бүх зардал мөнгийг даахаар болсон.
-Дараагийн олимпийн эрх олгох тэмцээн хэзээнээс эхлэх вэ?
-Аравдугаар сард оюутны ДАШТ, арваннэгдүгээр сард Тайландад Дэлхийн цомын шигшээ тэмцээн болно. Дараагийн олимпийн циклийн тэмцээн ерөнхийдөө эхэлж байна гэсэн үг. Ирэх оны дөрөвдүгээр сараас эхлэн Дэлхийн цомын цувралууддаа оролцож эхэлнэ. Ирэх жилийн Дэлхийн цом Чанвон, Бээжин, Мюнхен, Миланд, финал нь Польшид болно.
-Долоо хоногийн хэдэн өдөр нь бэлтгэл хийдэг вэ. Нэг өдөр хэдэн сум «үрдэг» вэ?
-Зургаан өдөр. Заримдаа тэмцээн хол үед долоо хоногийн таван өдөрт нь бэлтгэл хийнэ. Өдөрт 100 сум бууддаг.
-Барьдаг буугаа танилцуулаач?
-25 метрт герман, хийн буунд австрали буугаар бууддаг. Герман буу нь 1500, нөгөөх нь 1000 орчим еврогийн үнэтэй.
-Чи анх урт буугаар бууддаг байсан байх аа?
-Тийм ээ, аав маань намайг 1994 онд Ганзориг багшид шавь оруулж байсан юм. Харин 1999 оноос Б.Алтанцэцэг багшийн удирдлагаар гар буугаар хичээллэх болсон.
-Тив, дэлхийд өндөр амжилт үзүүлдэг буудлагынхан маань дотооддоо хэр зэрэг өрсөлдөөнтэй байдаг вэ. Араас гарч ирж байгаа авьяаслаг хүүхдүүд байна уу?
-«Афин-2004» олимпийн дараа буудлагаар хичээллэх сонирхолтой хүүхдүүд олширсон. Ирээдүйд амжилт гаргах хүүхдүүд зөндөө бий. Тухайлбал Ц.Хонгорзул, Г.Хэрлэнцэцэг, Ганчимэг, Энхжин гээд олон хүүхдүүд ширүүн өрсөлдөх болсон. Урт буунд ч авьяаслаг олон хүүхэд байгаа. Тэдний хувьд аль болох олон тэмцээн уралдаанд орж байж л сайжирна.
-Ингэхэд Зулаа ямар мэргэжилтэй билээ?
-Өнгөрсөн хавар Боловсролын их сургуулийн харьяа БТДС-ийг багш, дасгалжуулагчийн мэргэжлээр төгссөн. Ямар ч байсан дараагийн олимп хүртэл буудаад дараа нь энэ мэргэжлээрээ ажиллана.
-Гадаадын орнуудаас өөрийнхөө нэрийн өмнөөс буудаач гэсэн санал ирж байсан уу?
-Хэд хэдэн орноос санал ирж байсан.
-Шигшээгийн тамирчин хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Анх 100 мянга байсан. Одоо цолны нэмэгдэл энэ тэртэйгээ нийлээд 250 мянгыг авдаг.
-Байртай юу?
-Үгүй ээ. Байнга ийш тийшээгээ нүүдэллэсээр байгаад одоо тодорхой хаяг ч үгүй байна даа.
-Баярлалаа, дараа дараагийн тэмцээнүүдэд чинь амжилт хүсье.
loading...



