Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бокс, Спорт-номын сан » Рингэнд мөнхөрсөн залуу нас (8-р хэсэг) ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД

GD Star Rating
loading...

ОЛИМПИЙН ДЭВЖЭЭНД
Мюнхен. 1972 он
Мюнхений олимпийн XX их наадамд В.Батбаяр, В.Ганбат, Х.Алтанхуяг, С.Гомбо, Д.Банди, Г.Зориг, Т.Баатар, Н.Батсүрэн, Д.Батсуурь нар оролцож дасгалжуулагчаар Б.Олзот, Р.Барс нар явжээ. Манай боксын баг тамирчид олимпийн их наадамд анх удаагаа оролцсон хэдий ч Испани, Камерун, Аргентин, Замби, Гана улсын боксчдыг ялж, бокс өндөр хөгжсөн АНУ, Болгар, Турк, Югославын боксчдод ялагдсан. Шүүгчид шударга үнэн шүүсэн бол Б.Ганбат, Х.Алтанхуяг, С.Гомбо нар медальт байранд орох боломж байсан.
Б.Ганбат АНУ-ын боксчин Р.Каррестай тэнцүү буюу арай илүү тоглон оноогоор ялагджээ. Р.Каррес нь дараа нь ганцхан ялаад хүрэл медалийн болзол хангасан. Х.Алтанхуяг 1, 2-ийн даваанд өрсөлдөгчөө илт давуу ялаад 3-ын даваанд Туркийн боксчныг ногдаунд оруулан тоглолтыг дуусгасан боловч шүүгчид 3:2-ийн харьцаагаар эсрэг талд ялалт өгчээ. Ялсан, ялагдсан гээд бичих амархан. Яаж ялсан, ялагдсаныг нүдээр үзсэн хүнд харамсмаар, хайрламаар, өрөвдмөөр, уйлмаар тохиолдол дасгалжуулагч, тамирчин хүнд маш их тохиолдоно.
Тухайн үед МБТСЭ-ийн Төв Зөвлөлийн дарга асан олон улсын Олимпийн хорооны гишүүн Ш.Мавган гуай манай боксчид ихэнх нь хүчтэй цохилт хийж өрсөлдөгчөөсөө илүү давуу байсан боловч, шударга биш үйл ажиллагаа манай боксчдын медальт байранд орох боломжийг алдагдууллаа гэж Мюнхений Олимпийн их наадамд Монголын тамирчид хэрхэн оролцсон тухай дүнгийн хурал дээр хэвлэл мэдээллийнхэнд мэдэгдэж байлаа.
Монреалъ. 1976 он
Р.Отгонбаяр, Х.Алтанхуяг, Д.Банди, С.Гомбо, С.Батсүх, Д.Олзвой, дасгалжуулагчаар Б.Мишигдорж, шүүгчээр Ш.Сүрэндорж явсан. Европ тивийн хошой аварга Унгарын боксчин Д.Гедо Олимпийн хүрэл медальт Польшийн боксчин Н.Шерба, Кубын боксчин, дэлхийн аварга Р.Гарбей нартай сугалаа таарч тоглон медальт байранд шалгарч чадаагүй билээ.
Москва. 1980 он
В.Баясгалан, Н.Нарантуяа, Ц.Нармандах, Р.Отгонбаяр, Г.Батбилэг, Х.Жамган, Т.Баттөр, дасгалжуулагчаар В.Батбаяр нарын баг тамирчид
оролцсон.
Манай боксчид Иран, Ангол, Данийн боксчидтой оноо тааран ялж, Мексик, Кубын боксчдод гол төлөв ялагджээ.
Олимпийн наадамд анх удаагаа оролцож буй Г.Батбилэг, эхний даваанд Анголын тамирчинг 5:0 оноогоор, 2-ын даваанд Данийн тамирчинг 4:1 оноогоор тус тус илт давуугаар ялаад, Монголын боксчдоос анх удаагаа Олимиийн их наадмын шөвгийн наймд шалгаран олимп, дэлхийн аварга Кубын алдартай боксчин Л.Эререатай хүрэл медалийн төлөө өрсөлдөн арга техник, алдар нэрээрээ дэлхийд цуутай тэр том боксчинг хүнд цохилтонд оруулж тоолуулсан юм.
Гэвч дараагийн раундад манай тамирчин Кубын боксчинд оноо алдаж олимпийн медалиас ганцхан хуруу дутсан юм. Кубын боксчин А.Эррера Батбилэгийн баруун гарын хүчтэй цохилтоос азаар гарч цааш төвөггүй явж олимпийн их наадмын хоёр дахь алтан медалиа зүүсэн.
Гавана.1984 он
Олимпийн наадам АНУ-ын Лос-Анжелес хотод болсон юм.
Энэ наадамд тухайн үеийн социалист хэмээн нэрлэгдэж байсан улс гүрнүүд оролцоогүй юм. Үүний учир социалист орнууд “Найрамдал” хэмээн нэрлэсэн томоохон тэмцээнийг спортын төрөл тус бүрд зохион байгуулсан.
Боксын тэмцээнийг Куба улсын нийслэл Гавана хот зохион байгуулж манай улсаас О.Дэмбэрэл (48 кг Н.Нарантуяа (51 кг), Ц.Амаржаргал (54 кг), Д.Отгонбилэг (57 кг), Н.Энхбат (60 кг), Х.Гантулга (67 кг) нарын тамирчид, В.Батбаяр дасгалжуулагчтай оролцсон.
Тэмцээнд оролцсон тамирчдын нэлээд хэсэг нь тив, дэлхий, олимпийн их наадмын аварга, алдар цуутай боксчид байлаа. Олимпийн их наадмын хэмжээний энэ тэмцээнд дэлхийд боксоороо гайхуулдаг Куба улсаас 12 боксчин орж арга техник, ур чадвараараа давамгайлан 11 боксчин нь алтан медалийн эзэн боллоо.
Манай тамирчин Н.Энхбат Болгар, Германы боксчдыг ялж, алтан медалийн төлөө Кубын алдарт боксчин дэлхийн хошой аварга Олимпийн наадмын алтан медальт А.Эррератай гурван үеийн турш давамгайлсан боловч 3:2-ын саналаар ялагдаж мөнгөн медалийн болзол хангасан. Спортын мастер Д.Отгонбилэг дэлхийн хошой аварга Кубын боксчин А.Ортатай өрсөлдөн ялагджээ.
Сеүл 1988 он.
Өмнөд Солонгосын Сөүл хотод болсон Олимпийн их лаадамд О.Дэмбэрэл, Ц.Цэрэнням, Н.Алтанхуяг, Ц.Амаржаргал, Н.Энхбат, С.Алтансүх, Х.Гантулга, дасгалжуулагчаар В.Батбаяр, Х.Алтанхуяг хоёр явсан.
48 кг-ийн жинд тоглосон ОУХМ О.Дэмбэрэл японы тамирчин М.Куройваг нокаутаар ялж 2-ын даваанд Сальвадорын боксчин Э.Мартинестай тоглох байсан боловч шүүгчид эсрэг талд үйлчлэн будлиантуулж, Мароккийн боксчин М.Жирнтэй тоглож хажуугийн 5 шүүгчийн 2 нь О.Дэмбэрэлд, гурав нь эсрэг талд ялалт өгч ялагдсан. О.Дэмбэрэл тоглох ёстой байсан Мартинестай тоглосон бол монголын талд ашигтай байсан биз ээ.
Спортын мастер Ц.Цэрэнням Сөүлийн олимпийн их наадмын аварга болсон Өмнөд Солонгосын боксчин Ким-ван-Сумтай эн тэнцүүхэн тоглож ялагджээ. Спортын мастер Н.Алтанхуяг (54 кг), нэгийн даваанд гоц мөргөж хоёрын даваанд Польшийн, гурвын даваанд Ирландын боксчныг ялж шөвгийн 8-д үлдэн хүрэл медалийн төлөө Тайландын боксчинтой тоглож оноогоор ялагдсан. Ер нь Тайландын боксчдыг өвөрмөц өөрийн гэсэн арга барилтай, их эвгүй тоглолттой гэж ярьцгаадаг.
57 кг-ийн жинд тоглосон ОУХМ, хашир туршлагатай боксчин Ц.Амаржаргал нэгийн даваанд Канадын боксчинтой оноо тааран тоглож Сөүл хотын “Чамшил” хэмээх том ордонд, олон орон, олон хэлийн түм буман хүний нүдэн дээр гурван удаа нокдаунд оруулан тоолуулж ялсан юм. Гэтэл Канадын талын гомдлоор Ц. Амаржаргалын ялалтыг хүчингүй болгосон туйлын харамсалтай шийдвэр гарч, монголын бокс сонирхогчдын сэтгэлийг гонсойлгосон явдал болсон юм. Энд шүүгчдийн шударга бус найрааны асуудал явагдсан гэж бид үздэг.
Учир нь монголын боксчин Ц. Амаржаргалын дараагийн учраа хэн ч байлаа гэсэн хамгийн осолтой өрсөлдөгч болох нь тодорхой харагдсан.
Тийм болохоор медалийн төлөө зайлшгүй өрсөлдөж мэдэх нэг өрсөлдөгчийг эртхэн дарж авах гэсэн аль нэгэн улс гүрний боксын хамт олны далд явуулга байсан болов уу.
Н.Энхбат нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Венесуэлын, гурвын даваанд Унгарын, дөрвийн даваанд Мароккийн боксчныг ялж, монголын боксчдоос
анх удаагаа Олимпийн их наадмаас хүрэл медалийн болзол ханган эх орондоо том бэлэгтэй буцаж ирсэн. Спортын мастер С.Алтансүх нэгийн даваанд Тайландын, хоёрын даваанд Угандын, гурвын даваанд Кенийн боксчныг илт давуугаар буюу олимиийн тоглолтод гурав ялаад хүрэл медалийн төлөө, ХБНГУ-ын Р.Гилтэй тоглож оноогоор ялагджээ.
Спортын мастер Х.Гантулга нэгийн даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Ямайкийн боксчинг илт давуугаар ялж гурвын даваанд, Сөүлийн Олимпийн их наадмын аварга болсон Кенийн боксчин Р.Вангилатай тоглож оноогоор ялагдсан.
Барселон. 1992 он
Испанийн нийслэл Барселонд болсон Олимпийн их наадамд В.Батбаяр дасгалжуулагчтай Э.Цогтжаргал, С.Эрдэнэбат, Н.Баярсайхан, Н.Алтанхуяг, Б.Алтангэрэл, Д.Зул нарын баг тамирчид оролцсон.
Э.Цогтжаргал нэгийн даваанд Колумбын боксчинг ялж, хоёрын даваанд Барселоны Олимпийн их наадмын аварга болсон Кубын боксчин Р.Марселтэй гурван үеийн турш эн тэнцүүхэн тоглож оноогоор ялагджээ.
Спортын мастер С.Эрдэнэбат 57 кг-ийн жинд тоглож, нэгийн даваанд өрсөлдөгчөө ялж хоёрын даваанд Өмнөд Солонгосын боксчинд оноо алджээ.
Спортын мастер Н.Баярсайхан эхний даваанд гоц мөргөж, хоёрын даваанд Гватемалын, гурвын даваанд Танзаны боксчдыг ялаад шөвгийн наймд үлдэж олимпийн их наадмаас хүрэл медаль авсан Монголын хоёр дахь боксчин. Н.Баярсайхан мөнгөн медалийн төлөө тоглох байсан боловч, Танзаны боксчинтой тоглож байхдаа үл ялих гэмтэл авсан хөмсгөөр нь шалтгаалан эмч шүүгч тоглуулаагүй. Энэ бол бас л шүүгчдийн найраа юм.
Сөүлийн Олимпийн их наадмын шөвгийн наймд үлдэж байсан Н.Алтанхуяг нэгийн даваанд Лаосын боксчинг илт давуугаар ялаад, хоёрын даваанд Их Британийн боксчинд оноо алджээ. Ийнхүү монголын боксчид Олимпийн их наадмаас хоёр дахь хүрэл медалиа хүртсэн юм.
Атланта. 1996 он, Сидней. 2000 он, Афин 2004 on
Эдгээр олимпийн наадмуудад оролцсон тамирчид медальт байранд шалгарч чадаагүй болно.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: