loading...
Одоогоос 100 гаруй жилийн тэртээ Францын нийслэлд зохион байгуулагдсан Олимпийн 2 -р наадам , түүхэн дэх бусад наадмуудаас нэлээд онцлогтой явагджээ. Орчин үеийн олимпизмыг үндэслэгч ноён Пьер де Кубертен тухайн үедээ дэлхийн нийтэд Олимпизмыг дэлгэрүүлэх, түгээн таниулах зорилгоор 1900 онд Парист явагдсан олон улсын үзэсгэлэн яармагтай хамтруулан олимпийг зохиохоор шийджээ. Нэг талаараа де Кубертений зөв байсан ч, нөгөө талаараа энэ нь олимпийг спортын арга хэмжээ, наадам гэсэн утгыг нь алдагдуулсан байна. Жишээлбэл наадмын албан ёсны нээлт, хаалтын ажиллагаа гэж явагдаагүй ба бараг 5 сарын турш сунжран явагдаж , дээрээс нь тамирчдад медалийн оронд цом , дурсгалын зүйлсийг гардуулж байсан гэх мэт. Зарим тамирчдийн шагнал бүр дараа жил нь шуудангаар ч эзэддээ ирж байсан түүх бий. Дэлхий нийтийн хэвлэлийнхэн Парисын олимпийг “Олон улсын тэмцээн”, “Олон улсын наадам” , “Парисын наадам”, “Парисын яармагийн гранпри” гэх мэтээр нэрлэж байв.
Гэхдээ ямар ч байсан Парис 1900 амжилттай болж өнгөрсөн гэж зохион байгуулагчид нь дүгнэдэг. Сонирхуулахад наадмын дунд үеэс ОУОХ, өөрсдийн хяналтаа бараг алдаж, хаана ямар тэмцээн зохион байгуулагдаж, хэн түрүүлж байгааг нэгтгэн дүгнэхэд тун хүндрэлтэй байсан гэж, тэр үеийн удирдлагууд дурсчээ. Ерөнхийдөө үзэсгэлэн яармагийг зохион байгуулагчид хэт дураараа авирлаж байснаас спортын төрлүүдийг “албан ёсны”, “албан ёсны бус” үзүүлэх тоглолт гэж ангилахад хүрснийг де Кубертен сүүлд дурссан байдаг.
Онцлох :
Оролцсон орон : 24
Оролцсон нийт тамирчид : 997 (22 эмэгтэй ,975 эрэгтэй)
Нийт 20 спортын 95 төрлөөр авхаалж самбаагаа сорьжээ
Гол цэнгэлдэх хүрээлэн – Vélodrome de Vincennes
Эртний олимпийн үеэс үйлчилдэг байсан хүйсээр ялгаварлах үзэл, энэ наадмаас эхлэн үгүй болсон нь 2 -р олимпийн нэг дэвшилтэт тал юм. Ингээд Английн хорьхон настай залуу бүсгүй Шарлот Күүпер, талбайн теннисний ганцаарчилсан болон холимог төрөлд аваргалснаар олимпийн түүхэн дэх анхны эмэгтэй аварга гэсэн гуншинг зүүжээ. Тухайн үеийн дүрмээр теннисний холимог төрөлд өөр өөр улсын тамирчид нэг баг болон орж болдог байсныг дурьдах нь зүйтэй болов уу.
* АНУ -н хөнгөн атлетикч Элвин Краензлеин - уртын харайлт ,110 м , 200м -н саадтай , 60 м -н богино зайн гүйлтэд тус тус аваргалж эх орондоо 4 алтан медаль авчирчээ. Хөнгөн атлетикийн төрөлд нэг олимпоос 4 алт авсан, түүний энэ амжилтыг 2004 он хүртэл хэн ч авдээгүй нь Элвинийг ямархуу агуу тамирчин байсныг нотлож байгаа бизээ.
* Марафон гүйлтийн төрөлд аваргалсан Францын тамирчин Майкл Теотог тэмцээний дараа Люксембүргийн иргэн байсныг тогтоожээ. Гэвч ОУОХ хуралдаад энэ медалийг нь Францынх гэж шийджээ. Энэ мэтчилэн үзэсгэлэн яармагаар далимдуулан олимпийн наадамд хууль бус зүйлс цөөнгүй гарчээ.
* 8 сарын 26нд сэлүүрт завины хос төрлийн ид уралдаан явагдаж байв. Гэтэл Нидерландын багийн нэг тамирчин нь гэмтжээ. Өөр аргагүй болсон тэд тэнд байсан нэгэн Франц хүүг авч, тэмцээнээ үргэлжлүүлэн барианд орсон байна. Хэдийгээр тэр хүүгийн нэр болон насыг мэдэж амжаагүй ч олимпийн наадамд оролцсон анхны насанд хүрээгүй хүүхэд гэж тооцдог. Ойролцоогоор 7 -10 насны жаал байсан гэж тамирчид нь ярьжээ.
Спорт
Парисын олимпийн спортууд дөрвөн жилийн өмнөх олимпоос эрс ялгаатай байжээ. Юуны өмнө хүндийг өргөлт ба бөхийн төрлүүд хасагдаж крикет, хөлбөмбөг, талбайн теннис гэх мэт 13 шинэ төрөл нэмэгдсэн байна. Дээр та бүхэнд спортын төрлүүдийг ОУОХ албан ёсны болон албан ёсны бус гэж ангилахад хүрсэн учрыг хэлсэн. Эдгээр албан ёсны спортуудад :
1. Байт харвааа
Байт харваа бол шинээр нэмэгдсэн 13 -н нэг. Энэ төрөлд гурван улсын (Франц ,Бельги,Голланд) 153 тамирчид цэц мэргэнээ сорьсноос Франц 12 медаль ,Бельги 6 медальтай буцсан байна.
2. Хөнгөн атлетик
Олимпийн хамгийн олон медальтан тодордог энэ төрөлд нийт 15 орны 1147 гаруй тамирчид оролцсон.
3. Баску Пелоте
Испанаас гаралтай энэ спорт ганцхан удаа л олимпод албан ёсоор багтсан нь энэ. Харин 1924,1968, 1992 оны олимпуудад үзүүлэх тоглолт хийх байжээ.
4. Крикет
5. Крокет
Эрт дээр үеэс ихэс дээдсүүдийн тоглоом гэгддэг байсан Крокет мөн л анхны бөгөөд сүүлчийн удаа олимпод багтсан нь энэ.
6. Дугуй
6 улсын 72 тамирчид хурд хүчээ үзжээ. Дугуйн төрөлд маш зайд уралдаан болсон ОУОХ ердөө 2000 м болон 25 км- н зайг л тэмдэглэн авчээ.
7. Морин спорт
8. Туялзуур жад
276 тамирчид 19 оноо төлөөлөн оролцсон ба нутгийн эзэд 15 медальтайгаар тэргүүлжээ.
9. Хөлбөмбөг
Хөлбөмбөгийн спорт анх удаагаа олимпт багтсан нь энэ. Гэхдээ шигшээ багууд бус тухайн улсаа төлөөлсөн клубууд хоорондоо өрсөлдсөнөөрөө онцлог ажээ. Жишээлбэл Их Британы Аптон парк , Бельгийн Брюсселийн их сургуулийн баг гэх мэт.
10. Гольф
Эрэгтэй, эмэгтэй нийлсэн 4 орны 17 тамирчид оролцож , АНУ 4 , Их Британи 2 медальтай буцав.
11. Гимнастик
8 орны 135 гимнастикчид өрсөлдсөн ба эдгээр тамирчдыг авсан оноогоор нь жагсаан эхний 3 -т орсон тамирчдыг шалгаруулжээ. Тэдгээр нь бүгд Францынх байсан юм.
12. Поло
13. Сэлүүрт завь
Афины 1-р олимпод багтсан ч цаг агаараас болж явагдаагүй энэ төрөл, анх удаагаа амжилттай явагдсан ба 8 орны 108 тамирчид оролцжээ.
14. Регби
15. Далбаат завь
16. Буудлага
Мөн л дугуйн спортын адил буудлагаар олон тэмцээн болсон ч , ОУОХ есийг нь албан ёсоор бүртгэжээ.
17. Усанд сэлэлт
12 орны 76 тамирчид өрсөлдсөнөөс Их Британи, Герман, Франц, Австралийн тамирчид л аваргалсан байна. Сонирхолтой нь нийт 7 төрлийн зай дотор усан доогуур сэлэх төрөл багтжээ.
18. Талбайн теннис
Талбайн теннисний төрөлд маш олон шилдгүүд нэг дор өрсөлдсөн болохоор, өрсөлдөөн ч тун ширүүн байсан гэдэг.
19. Олс таталт
Олс таталтын төрөлд 3 орон орох байсан ч ,АНУ -н багийн тамирчдын өөр төрлийн төрлийн спортын хуваарьтай нь давхцсан учир хасжээ. Ингээд Mixed team буюу холимог багийн тамирчид нутгийн эздийг ялжээ.
20. Усан поло
Энэ төрөлд ихэнх орны урдаа барьдаг , усан спортын клубууд ирж өрсөлджээ. Жишээ нь Их Британий Озборн усан спорын клуб ,Бельгийн усан спорт ,полоны клуб гэх мэт.
Харин албан ёсны бус төрлүүдэд машины уралдаан ,загасчлах, их дууны буудлага, тагтааны уралдаан гэх мэт сонирхолтой төрлүүд багтаж байжээ.
Ингээд эцэст нь Парис 1900 -н медаль хүртсэн орнуудыг танилцуулъя. Хэдийгээр албан ёсоор медаль гардуулаагүй ч та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс, ингэж бичиж байгааг ойлгоно бизээ.
1. Франц 26 алт ,41 хүрэл , 34 хүрэл (101)
2. АНУ 19 алт ,14 мөнгө , 14 хүрэл (47)
3. Их Британи 15 алт ,6 мөнгө ,9 хүрэл (30)
4. Нэгдсэн улсууд 6 алт ,3 мөнгө ,3 хүрэл (12)
5. Швеицарь 6 алт ,2 мөнгө , 1хүрэл (9)
loading...





1 Сэтгэгдэл