loading...
Атлетико 4-0 Рекративо
Атлетикогийн ээлжит золиос энэ удаад Рекративо боллоо. Агуеро тоглолтын салхийг хагалж 8 дахь минутанд гоолдсон бол Манише 53, шинэ цэрэг Синама Поньолле 78, 89 дахь минутанд тус тус Рекративогийн хаалгыг мялааснаар Винсент Калдерон цэнгэлдэх хүрээлэндээ Атлетикочууд 50 мянган фэнийхээ өмнө улирлын 2 дахь ялалтаа 6 дахь оноогоо халаасаллаа. Тэд энэ улирал эхэлснээс хойш эсрэг багийнхаа хаалганд хамгийн олон буюу 9-н гоолыг оруулсан гэсэн үзүүлэлттэй байна.
Рекративог буулгаж авсан ялалт тэднийг хүснэгтийн 5-р байранд авчирлаа. Мөн тус багийн шинэ цэрэг Поньолле 3 гоолтойгоор Спортинг Гиёон Мэте Биличийн хамт мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байна. Өнгөрсөн долоо хоногийн дундуур болж өнгөрсөн Аваргуудийн Лигийн группын тоглолтонд Атлетико Холландын ПСВ багийн талбайд зочлон тоглож мөн л 3-0 ээр бут ниргэсэн билээ.
Эспаниоль 1-1 Хетафе
Каталоны баг Эспаниоль талбай дээрээ Хетафег хүлээн авч тоглосон тоглолт 1-1 ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө. Зочин багийн Ману 47 дахь минутанд торгуулийн цохилтоос гоолдож давамгайлж эхэлсэн бол үүнээс яг арван минутын хойно эзэн багийн Сержио Санчез тооны харьцааг тэнцүүлсэнээр Эспаниолчууд талбай дээрээ ялагдах аюулаас аврагдлаа.
Валенсиа 1-0 Оссасуна
Валенсиа өөрийн Местеяа цэнгэлдэх хүрээлэндээ Оссасунаг хүлээн авч тоглосон бөгөөд тоглолтын 64 дэхь минутанд Оссасунагийн Ацпилисуета улаан хуудас авсанаар багаа хүндхэн байдалд оруулсан байна. Тоглолтын 84 дэхь минутанд Валенсиагийн шинэ од Хуан Мануель Мата тоглолтын цорын ганц гоолыг оруулсанаар Валенсиачууд талбай дээрээ ээлжит гурван оноогоо авлаа. Ингэснээр Валенсиа нийт 7 оноотойгоор гурван тойргийн дараа ла лигийг тэргүүлж байна.
Реал Бетис 0-0 Севияа
Реал Бетис Эстадио Мануэль Руйз Де Лопера цэнгэлдэх хүрээлэндээ Севияаг хүлээн авч тоглосон тоглолт 0-0 харьцаатай гоолгүй тэнцээгээр өнөдөрлөлөө.
Алмериа 1-0 Малага
Алмериа энэ тойрогт Малагаг гэртээ хүлээн авч тоглож 75 дахь минутанд Реалын академиас төрөн гарсан Негредогийн оруулсан цорын ганц гоолын ачаар ялалт байгууллаа. Энэ тоглолт тун ширүүхэн тоглолт болж өнгөрсөн бөгөөд 2 багаас нэг нэг тоглогч улаан хуудас авч талбайг орхисон байна. 80 дахь минутанд Мигуэль Анхель Малагаагаас улаан хуудас авсан бол 6-н минутын хойно Алмериагийн Ортиз улаан хуудас авч талбайг орхижээ.
Атлетико Бильбао 2-0 Ваяадолид
Баскийн баг болох Бильбао өөрийн цэнгэлдэх Сан Меместээ энэ удаад Ваяадолидийг хүлээн авч тоглож 2-0 ийн харьцаатайгаар буулгаж авлаа. Тоглолтын 50 дахь минутанд Фернандо Лоренте тоглолтын салхийг хагалсан бол тоглолтын 80 дахь минутанд Андони Ираола торгуулийн цохилтоос гоолдож Баскчууд Сан Меместээ 3 оноогоо халаасаллаа.
Депортиво 0-0 Маяарько
Депортивогийн Риацор цэнгэлдэх хүрээлэнд болж өнгөрсөн уг тоглолт хэдийгээр гоол ороогүй ч шар улаан хуудсаар хурбуусан тоглолт болж өнгөрлөө. Депороос 5 тоглогч Маяарькогоос 4 тоглогч шар хуудсаар торгуулсан бол 2 багаас тус бүр нэг нэг тоглогч улаан хуудсаар шагнуулсан байна.
Нюмансиа 1-2 Виллареаль
Барселонаг хожиж Реалтай тэнцүүхэн тоглолт үзүүлсэн ла лигийн шинэ цэрэг болох Нюмансиа энэ удаад лигийн шилдэг багуудын нэг Виллареальтай нүүр нутагтаа туллаа. Тоглолтын салхийг сайхан хагалж эзэн багийн Горка Брит 43 дахь минутанд гоолдож багтаа тэргүүлэл авчирсан ч 2-р үе эхлээд удалгүй 50 дахь минутанд Испанийн шигшээ багийн залуу од Санти Казарло тооны харьцааг тэнцүүлсэн бол 76 дахь минутанд Ёосеба Лоренте багтаа тэргүүлэл авчирсанаар шар шумбагчид эсрэг багийн талбайгаас гурван оноо халаасалж чадлаа. Энэ ялалтыг тэд авснаараа хүснэгтийн 3-р байранд бичигдэж байна.
Рэсинг Сантандер 0-2 Реал Мадрид
Рубен Де Ла Ред болон Рүүд Ван Нистелрой нарын 2-р үеийн 54, 74 дэхь минутанд оруулсан гоолууд Реалд зочлон тоглосон тоглолтоос гурван оноо авах боломжийг олголоо. Рэсингээс энэ зун Реалд худалдагдсан ч буцаад Рэсингт нэг улирлын зээлээр тоглож байгаа Рэсингийн залуу од Гэрэй энэ тоглолтонд гэрээний нөхцлийн улмаас оролцоогүй. Гэрээний нөхцлөөр Гэрэй Реалын эсрэг тоглох ёсгүй юм. Энэ ялалт эзэн хааны багт тийм ч хямдхан олдсон 5-н тоглогчоо шар картаар мялаалгав.
Спортинг Гиёон 1-6 Барселона
Барселончууд багагүй хүлээсэн улирлын анхны ялалтаа гайхалтай авч чадлаа. Улирлын эхний 2 тоглолтоос ганцхан оноо аваад байсан Каталоны багийнхан энэ удаад ла лигийн шинэхэн цэрэг Спортинг Гиёон багийн талбайд зочлон тоглож 6-1 ээр бут ниргэжээ. Барсагаас Шави, Это, Иниеста нэр тус бүр нэг нэг гоолыг оруулсан бол Барсагийн 10 дугаар Месси дубль хийж Спортинг Гиёоны Гарсиа Торре өөрийн хаалгандаа мөн нэг гоолыг оруулсан байна. Спортингийн нэр төрийн ганц гоолыг Хосе Малдонадо оруулжээ. Спортинг Гиёоны Жерард улаан хуудас авч талбайг орхисон нь Барсагийн хожлыг улам ч баталгаажуулжээ.
loading...




