Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Автоспорт, БТСГ, Ярилцлага » Авто спортын мастер Шархүүгийн Гомбодорж: Дагваа аваргыг бэлгэшээгээд “68” дугаарыг сонгосон

GD Star Rating
loading...

Монголын автомастеруудын холбоо 2006 оноос цуврал уралдаан зохион байгуулж буй. Энэ уралдаан өдгөө авто спорт сонирхогчдын хүсэн хүлээдэг тэмцээн болжээ. Тус уралдаанд оролцогчдын хамрагдах хүрээ өдрөөс өдөрт тэлсээр байгаа. Энэ оны цуврал уралдааны нэг “Мон бэт мастер Кросс-2008” уралдаанд спортын мастер Ш.Гомбодорж аваргалж, дөрөв дэх түрүүгээ авсан. Ур чадвар нь улам бүр ахиж буй түүнтэй уулзаж дараах ярилцлагыг хийлээ.

-Та хэдэн оноос авто спорттой нөхөрлөв? Анхны тэмцээндээ хэрхэн оролцож байсан бэ?
-2003 оноос авто спортоор хичээллэж эхэлсэн. Анх Монголын авто спорт аяллын холбооноос зохион байгуулдаг “Батхүлэг”, “Их сорилго”-д оролцож байлаа. Анхны уралдаандаа залуу тамирчин оролцоод дөрөвдүгээр байр эзэлж  байсан. Ингээд эр зоригийн шагнал хүртэж байлаа.

-Эр зоригийн шагналыг ихэнх тохиолдолд уралдааны явцад осолдсон тамирчдад олгодог. Та хэрхэн уралдаж энэ шагналыг хүртсэн бэ?
-Эхний уралдаандаа оролцоод шууд дөрөвдүгээр байр эзлэхэд “Эр зоригийн шагнал” олгосон. Харин хоёр дахь шагналаа “Батхүлэг-2008” УАШТ-ий шувтаргын уралдаанаас авсан. Энэ тэмцээн миний хоёр дахь уралдаан байсан юм. Тэр тэмцээн дээрээ онхолдоод барианд орж чадаагүй. Түүнээс хойш 2005 онд “Батхүлэг-сэтгүүлч” уралдаанд мөн “Эр зоригийн шагнал” хүртсэн.

-2003 онд уралдсанаасаа хойш тэмцээн өнжиж байв уу?
-Кросс уралдаануудыг нэг ч алгасаагүй, бүгдэд нь оролцсон. Ажилтай байсан ч ямар нэг аргаар зохицуулаад уралддаг. Авто спортод нэгэнт орсон хүн гарах аргагүй юм билээ.

-Таныг авто спорт руу хэн хөтөлж оруулав?
-Манай ах надаас өмнө уралддаг байсан юм. Авто спорт сонирхогчид ерөнхийдөө андахгүй. Спортын мастер Ш.Гансүх бол миний төрсөн ах л даа. Ганаа ах маань, намайг авто спортын тамирчин болгосон хүн. Анх сонирхогчдын бооцоот уралдаанд оролцохыг зөвлөсөн юм. Түүний дагуу уралдсан. Харамсалтай нь техникийн саатлаар барианд орж чадаагүй. Тэр тэмцээнээс л авто спортод дур сонирхолтой болсон доо. Сонирхогчидтой уралдаад барианд ороогүй хэдий ч дараагийн тэмцээнээс нь мастеруудтай өрсөлдөх болсон.

-Анхны багш тань хэн бэ?
-Анх намайг уралдах үед ОУХМ Ц.Жаргалсайхан ах миний машиныг бэлдэж өгч байлаа. Жагаа ах уралдааны автомашиныг хэрхэн бэлдэхийг заасан, авто спортын анхны багш маань юм. Тэгсэн одоо би өөрөө шавьтай болчихож. Сүүлд “Мон бэт мастер кросс-2008” уралдаанд мөнгөн медаль хүртсэн Б.Дашдаваа миний шавь. Би түүний машиныг бэлдэж тэмцээнд оруулсан юм. Дөрөв дэх тэмцээндээ оролцоод медальт байр эзэлнэ гэдэг өндөр амжилт шүү. Цаашдаа улам их амжилт үзүүлэх байх.

-Таны хувьд хэр удаж анхны түрүүгээ авсан бэ?
-Би гурван жил уралдсаны эцэст анхны түрүүгээ авсан. 2006 оны арваннэгдүгээр сард Монголын авто мастеруудын холбооны анхдугаар тэмцээнд түрүүлсэн. Үүнээс өмнө намайг авто спортын хүрээнийхэн азгүй гэж гоочилдог байлаа. Тэгээд дараагийн тэмцээндээ дахин түрүүлсэн.

-Анхны медалиа хэзээ авч байв?
-2004 онд Сэлэнгэ аймагт ОУХМ Ш.Эрдэнэбилэг ахын нэрэмжит тэмцээнд анхны хүрэл медалиа авч байлаа. 2005 онд мөн тус тэмцээнд амжилтаа бататгасан.

-Анхны медаль хамгийн дурсгалтайд тооцогддог. Таны хувьд…
-Үнэхээр хүрэл медалиа авсан мөчийг хэзээ ч мартахгүй. Тэр уралдаанд би маш хүнд нөхцөлд уралдсан. Автомашины маань нэг цлиндр доголдоод гурван цлиндртэй барианд орж ирсэн юм. Тэр мөчид үнэхээр их баярлаж билээ. Манай автынхан амжилтынхаа гарааг хүрэл медалиар эхлэх нь сайн гэж ярьдаг юм. Энэ үүднээсээ миний хүрэл медаль булган сүүлтэй шүү.

-Харамсалтай уралдаан олон гарна биз?
-Баярлуулах уралдаанаас харамсалтай нь олон. 2004 оны хавар Дархан-Уул аймагт гурав дахь тэмцээндээ би мөнгөн медалийн болзол хангасан түүхтэй. Гэтэл шүүгч нарын буруу шийдвэрийн гайгаар дөрөвдүгээр байр эзэлсэн. Энэ явдлын дараагаар надад уралдахаа больдог ч юм уу гэсэн бодол төрж байсан. Тэр уралдаан дээр аз харьсан юм шиг санагддаг. Машинд маань нэг хэсэгтээ л саатал гараад байсан юм.

-Одоо автомашиныг тань хэн засч сэлбэдэг вэ?
-Манай “Алтайн бугат” компанийн механикч нар бий. С.Эрдэнэ, Ц.Эрдэнэбат гээд сайн механикууд миний машиныг бэлддэг.

-Өнгөрсөн жил авто мастеруудын холбооны цуврал уралдаанд нийлбэр дүнгээрээ хэддүгээр байр эзэлсэн бэ?
-Нийлбэр дүнгээрээ гуравдугаар байр эзэлсэн. 2007 онд Ц.Болдбаатар түрүүлж, П.Дарханжаргал ах бид хоёр удаалсан. Энэ жилийн хувьд гурван тэмцээн үлдээд байгаа. Эдгээр тэмцээнд амжилттай уралдвал эхний гурван байрт орох боломж бий.

-Таны гол өрсөлдөгч хэн бэ?
-”Морьт хангай” компанийн тамирчин Д.Болдбаатар гол өрсөлдөгчдийн нэг. Аав, ах нар нь сайн механикчид. Өөрөө ч сайн тамирчин. Миний хувьд П.Дарханжаргал ах, Д.Болдбаатар хоёрын уралдааны арга барилыг бусдаасаа илүү гэж дүгнэдэг. Тэдний уралдааны бичлэгээс их зүйл сурдаг.

-Авто спорт бол эр зоригийн спорт. Анхны тэмцээндээ орохдоо хэрхэн сандарч байв?
-Анхны уралдаан дээр сэтгэл хөөрөөд огтхон ч сандраагүй. Ш.Гансүх ах маань айж болохгүй шүү гэж захиж байсан. Хэрвээ айвал битгий уралд гэж хэлсэн. Хамгийн гол өмнөх тамирчнаа гүйцэх сэтгэлийн тэнхээтэй байх нь чухал. Би энэ үгийг шавь Дашкадаа ч хэлдэг юм.

-Хүндэлж явдаг тамирчин бий юу?
-Авто спортын ууган мастеруудын нэг ОУХМ Х.Ганхүү ахыг хүндэлж явдаг. Х.Ганхүү ах надад уралдааны арга барил дээр багагүй зүйл зааж сургасан хүн.

-Авто мастеруудын холбооны тэмцээний талаар ямар бодолтой байгаа вэ?
-Шинэ байгуулагдсан холбооны тэмцээнүүд үнэхээр чанартай чансаатай болж байгаа. 10 хүрэхгүй машин уралддаг байсан цаг саяхан. Гэтэл одоо 30 хүрч мэдэхээр болжээ.

-Танай “Алтайн бугат” компаниас одоо хичнээн тамирчин уралдаж байгаа вэ? Уралдаанд оролцоход ивээн тэтгэгч ихээр шаардагддаг. Энэ бүгдийг хэрхэн зохицуулдаг вэ?
-Ах маань л намайг ивээн тэтгэдэг. Манай “Алтайн бугат” компаниас одоо таван тамирчин уралдаж байна. Ах бид хоёроос гадна Ж.Төрмөнх, Б.Дашдаваа, Б.Нямаа нарын тамирчид харьяалагддаг.

-Танайхан тэмцээний өмнө хэрхэн бэлтгэлээ базаадаг вэ?
-Уралдааны өмнө бид тав Цахилгаан станцын ойролцоо шулуун замд автомашиныхаа хүчин чадлыг шалгадаг. Түүгээр машиныхаа тохиргоог тааруулж, засаж сэлбэдэг юм.

-Таны уралдааны байнгын дугаар “68”. Энэ нь ямар нэгэн утга агуулдаг уу?
-Намайг анх уралдаж эхлэх үед Асашёорюү Д.Дагвадорж аварга Японы 68 дахь ёкозүна цолтон болсон. Үүнийг бэлгэшээж “68” дугаарыг сонгон уралдаж байгаа.

-Цаашдын зорилт юу вэ?
-Сайн уралдаж өөрийгөө хөгжөөн дэмждэг хүмүүсээ баярлуулж явахыг хичээдэг. Мөн холын зайн раллид оролцохоор төлөвлөж байгаа. ОХУ руу очиж тус орны тамирчидтай өөрсдийнх нь техникээр уралдаж, ур чадвараа сорих юмсан. Удахгүй энэ мөрөөдлөө биелүүлнэ.

-Ярилцсанд баярлалаа. Сүүлчийн асуултыг танд үлдээе.
-Танай сониноор дамжуулаад төрүүлж өсгөсөн аав, ээжийгээ хүндэлж хайрлаж явдгаа илэрхийлье. Мөн авто спорт руу хөтөлсөн ах Ш.Гансүх,  анхны багш Ц.Жаргалсайхан болон механикч, найз нөхөддөө талархаж явдаг. Би эдгээр хүмүүсийн тусламж дэмжлэгээр өдий зэрэгтэй уралдаж байгаа гэж боддог. Мөн дээлийн минь захыг мушгиж суудаг хайрт хань Т.Сэлэнгээгийн маань үүрэг их бий.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Uuganaa says:

    Amjilt husie tsaashdiin medaliin buuhi tani urgelj Altan shargal ungutei baig.

    GD Star Rating
    loading...
  2. gvjh says:

    jagaa ahad bi ch gesen hairtai

    GD Star Rating
    loading...
  3. erka says:

    Bayar hurgie..
    FROM CANADA…………………..

    GD Star Rating
    loading...
  4. hit says:

    ………. goodluck for your drive ………

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: