Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Талбайн теннис, Ярилцлага » Анастасия Мыскина: Теннистээ эргэн ирэх боломж олдохгүй л байна

GD Star Rating
loading...

Б.СОНДОР (2008-10-06) Дэлхийн шилдэг теннисчдийн нэг, орос бүсгүй Анастасия Мыскина спортын ертөнцдөө хэзээ эргэн ирэх бодолтой буй тухай, мөн хувийн амьдралынхаа талаар дараах ярилцлагыг өгчээ.

-Та тенниснээс хөндийрөөд чамгүй хугацаа өнгөрлөө. Одоогийн теннисчин бүсгүйчүүдийн тоглолтыг үзэгчдийн суудлаас харж суухад өөрт тань хэцүү санагддаг уу?
-Үгүй дээ. Энэ бүхэн надад тийм ч хэцүү санагддаггүй. Учир нь би өөрийн гэсэн амьдралтай хүн. Теннист бүхнээ зориулж явсны хувьд тэмцээнүүдийг алгасалгүй үзэхийг хичээдэг. Нутаг нэгт бүсгүйчүүдээ ялалт байгуулж байгаа агшныг харах дуртай. Ялангуяа Динара Сафинаг. Би багадаа өдрийн ихэнхийг түүнтэй өнгөрөөдөг байлаа. Динара миний багын найз. Тэр одоо олон тэмцээнд түрүүлж яваад тун их баярладаг.

-Та одоо бэлтгэл хийж байгаа юу?
-Өөрийнхөө хэмжээнд бэлтгэл хийхийг хичээж байна.

-Хэрэв та спортдоо эргэн ирвэл хүүдээ цаг зав гаргаж чадах болов уу?
-Мэдээж хэрэг, би бүх зүйлийг зохицуулна. Ялангуяа гэр бүл, үр хүүхдэдээ ихэнх цагаа зарцуулсан хэвээр байх болно.

-Та хэзээ теннистээ эргэн ирэх вэ?
-Хэлж мэдэхгүй байна. Архаг гэмтэл спортын амьдралд маань чөдөр болж байгаа нь үнэн. Мөрөнд авсан хүнд бэртэл надад урьдын адил өндөр түвшинд тоглох боломж олгохгүй байгаа. Зөвхөн дур сонирхол маань спортдоо буцан ирэх хангалттай шалтгаан болохгүй байна.

-Ер нь таны шүтээн хэн бэ?
-Шүтээн… Энэ бол явцуу ойлголт. Теннис тоглож эхлэхдээ би хэн нэгнийг шүтэн биширч байгаагүй. Харин одоо Динара Сафинаг балиашигладаг. Энэ тухай олон ч удаа ярьсан даа. Тэр миний сайн найз, сайн тамирчин.

-Та “Ролан Гаррос”-т түрүүлсэн үеэ дурсах дуртай байх. Тэр үед ОХУ-ын теннисчид туйлын хүчирхэг байлаа.
-Одоо ч гэсэн бид энэ байдлаа алдаагүй хэвээр. Үүгээрээ бахархах ёстой. Бас Серб, АНУ-ын залуу үе түрэн орж ирж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Энэ бол байх л ёстой өрсөлдөөн. Хэрэв хүчтэй тамирчид бүгдээрээ Оросынх бол сонирхолгүй биз дээ.

-Гэвч харамсалтай нь өнгөрсөн таван жилийн дотор ОХУ-аас теннисний цоо шинэ од олноор төрсөнгүй…
-Энэ бол маш нарийн асуудал. Теннис тоглолгүй удсан учраас энэ тухай шүүмжилж чадахгүй нь. Шинэ од төрөөсэй гэсэн бодол надад төрж байгаагүй. Цаг нь ирэхээр болох биз дээ. Одоо кортондоо гялалзаж байгаа теннисчдийг хараад бурхан тэдэнд амжилт гаргах боломж олгосонд баярлаж явдаг. Эрүүл байна гэдэг хамгийн чухал. Харин би спортдоо эргэн ирэхийг ихэд хүсч явдаг боловч боломж олдохгүй л байна.

-Дээр үед танаас ярилцлага авахдаа ОХУ-ын теннисчдийн амжилтын нууц юу вэ гэж асуухад та хариулаагүй. Одоо энэ асуултыг дахин тавья.
-Ярилцлага бүхэнд л сэтгүүлчид энэ тухай асуудаг юм. Би энэ асуултад шударга өрсөлдөөн амжилт гаргах гол нөхцөл гэж хариулмаар байна.

-Та хүүгээ теннисчин болгох уу?
-Мэдэхгүй байна. Гэхдээ хүү минь тамирчин болох ирээдүйтэй байж магадгүй. Харж л байя.

-Тамирчин болох авьяас хэдэн настайд нь тодрох бол?
-Би зургаан настайгаасаа теннис тоглож эхэлсэн. Хүүхдийн спортын авьяас 5-6 настайд нь илэрдэг гэж боддог.

-С.Кузнецова Москвад ирж бэлтгэл хийх хүсэлтэйгээ ярьсан байсан. Таны хувьд Москвад бэлтгэл хийхэд хэр тохиромжтой вэ?
-Гэртээ байх сайхан л даа. Гэхдээ заримдаа Европын аль нэг хотод бэлтгэл хиймээр санагддаг үе бий. Учир нь Москва хэтэрхий шуугиантай нүсэр санагддаг. Светагийн хувьд төрөлх хотоо санасан байх. Хаана бэлтгэл хийх нь хувь хүний асуудал.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: