loading...
Б.ӨГДЭЙ (2008-10-06) Спортын партизан Мижидийн Тэрбиш гуай 91 настай. Түүнийг тамирчид “чемпион” хэмээн тодотгох нь бий. Өөрөөр хэлбэл, спортын /тухайн үед хэрэглэлийн гэдэг байсан/ гимнастикийн анхны УАШТ-д түрүүлснээр ийм тодотгол авсан юм.
Бас нэг сонирхолтой баримт гэвэл Тэрбиш гуай БТСУХ-ны орлогч даргаар ажиллаж байхдаа жанжин Ж.Лхагвасүрэнтэй гар нийлэн хөдөлмөрлөж явжээ. Тэр цагт өдгөөгийн СТО-ы суурийг тавилцсан гэдэг.
Эдгээр сонирхолтой түүхээсээ буурал тамирчин ийн хуваалцав.
-Гимнастикийн УАШТ-д түрүүлсэн үнэмлэх тэмдэг танд өнөө ч байгаа юу?
-Байсан юм. Харин тэдгээр зүйлийг саяхан БТСУХ-ны музейд хүлээлгэж өгсөн. Түүх түүхээрээ л үлдэг.
-Та тэр тэмцээнд хэдэн настайдаа түрүүлж байсан хэрэг вэ?
-30 шүргэж явахдаа түрүүлсэн юм.
-Эх орноо төлөөлөн ОУТ-д оролцож байсан уу?
-1955 онд Чехэд болсон социалист орнуудын фестивальд оролцож явсан. Тэрхүү фестивальд манайхаас 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид хүч сорьж монголчуудын ёс заншлыг харуулсан үзүүлэх тоглолт хийхэд гадаадынхан ихэд сонирхож байсныг мартдаггүй. Мөн бидэнтэй хурдан морь унадаг гурван хүүхэд оролцсон юм. Тэднийг би хариуцаж явсан.
-Жилийн дараа та БТСУХ-ны орлогч дарга болсон юм уу?
-Тийм ээ. Ж.Лхагвасүрэн жанжинтай хамтран ажиллаж байснаараа бахархдаг. Тэр үед Спортын төв ордон байгуулах нөр их ажилд оролцож билээ. Лхагвасүрэн жанжин Германд спортын арга хэмжээнд оролцохоор явсан үе. Түүний эзгүйд БНХАУ-ын барилгын мэргэжилтнүүд ирж теннисний заал барих тухай ярьдаг юм байна. Жанжныг ирэхэд энэ тухай уламжиллаа. Жанжин “Манай орон спортын иж бүрэн цогцолборгүй. Теннисний заалны оронд ийм цогцолбор байгуулъя” гэсэн. Тэгээд нөгөө мэргэжилтнүүд ч зураг төсөл гаргаж жанжин ч зөвшөөрөл бүхий бичиг хийж өгсөн.
-Төр засгаас энэ саналыг бүрэн дэмжсэн үү?
-Эхний үед ээдрээтэй явдал багагүй гарсан. Майдар сайд жанжин бид хоёрыг дуудаад “Дур зоргоороо яаж ийм шийдвэр гаргаж зүрхлэв” гээд загнаж билээ. Тэглээ гээд яахав. Нэгэнт баталчихсан юм чинь. Ингэж л СТО-ы шавыг тавьж, 1958 онд ашиглалтад орсон түүхтэй.
-Та БТСУХ-ны орлогч даргаар хэдэн жил ажилласан юм бэ?
-Хоёр жил гаруй ажилласан. Улмаар БХТН-д орж, радио спортын төв зөвлөлийн дарга болсон. Миний амьдрал спорттой мөнхийн холбоотой.
-Та тэтгэвэрт гараад хэдэн жил болж байна, амьдрал дажгүй юу?
-Гавьяаныхаа амралтад суугаад 31 жил болж байна. Одоо охин, зээ хүүгийнхээ хамт сайхан л амьдарч явна.
loading...



