loading...
Ж.БАЯРЖАРГАЛ (2008-10-06) 1875 оны гуравдугаар сарын 3-нд Канадын Монреаль хотын “Victoria Skating rink” хэмээх цогцолборт хоккейн түүхэн дэх анхны битүү талбайн тоглолт болсон. Эндээс үүдэн 1937 оны ЗХУ-Канадын клубүүдийн тэмцээнийг “Victoria cup” хэмээн нэрийдсэн билээ. Олон улсын хоккейн холбоо 2008 онд тохиож буй 100 жилийнхээ ойд зориулан энэхүү эртний уламжлалт тэмцээнийг сэргээн зохион байгуулж буйгаа зарласан.
Гэхдээ “Викториягийн цом”-д хоёр орны олон баг өрсөлдөж байсан журмыг өөрчлөн Канад, Оросоос тус бүр нэг клуб оролцуулахаар болсон юм. Тэрхүү баг нь NHL-ийн “Нью-Йорк Рейнжерс”, ТХЛ-ийн “Металлург МГ” юм. “Рейнжерс”-ийг сонгох болсон шалтгаан нь түүхэн улбаатай байлаа. Нэгд, 1975 оны “Викториагийн цом” “Рейнжерс”, “ЦСКА”-гийн тоглолтоор эхэлсэн. Хоёрт, чухам тус клуб NHL-ийн түүхэнд анх удаа Европоос легионер авчирч байв.
“Металлург”-ийн тухайд түүх, уламжлалтай ямар ч холбоогүй юм. Тэгээд ч 1970-аад онд тийм нэртэй клуб ЗХУ-ын хоккейд сураггүй байсан. Энэхүү нэр хүндтэй цомын төлөө Орос орныг төлөөлөн өрсөлдөх боломж олгосон цорын ганц үндэслэл нь 2007 оны Европын “Аваргууд лиг”-ийн аварга болсон явдал юм. Харин ирэх жилээс эхэлж, NHL, ТХЛ-ийн багаас гадна гуравдагч клубийг оролцуулах төсөл боловсруулагдсан байна.
Тэрхүү баг нь тухайн жилийн Европын “Аваргуудын лиг”-ийн тэргүүн клуб байх юм.
Сэргэн мандсан “Викториягийн цом” өнгөрөгч лхагва гаригийн үдэш Швейцарийн нийслэл Берн хотод зохиогдсон. Хойд Америкчууд тоглолтыг ширүүн эхэлсэн ч хэт нээлттэй тоглосноор эхний үед хоёр шайб алдав. Дээрх шайбыг Маленьких, Чигстов, Платоновоос бүрдсэн “Метталлург”-ийн нэгдүгээр гурвал оруулсан.
Тоглолтын хоёрдугаар үеийн 10 дахь минутад оросууд гурав дахь гоолоо оруулснаар ялалт тэдний талд ирэх нь ойлгомжтой болоод байв. Гэтэл санаанд оромгүй явдал боллоо. “Рейнжерс”-ийн нэгдүгээр тавтын дэмжлэгтэйгээр Друри тоог 1:3 болгож ойртуулсны дараагаар тоглолтдоо эрс өөрчлөлт хийн довтолгоог бөөндсөн хэлбэрээр гүйцэтгэсэн.
Үүний дүнд Фритше, Друри шайб оруулан тоог тэнцүүлэн Швейцарийн үзэгчдэд жинхэнэ супер хоккей бэлэглэв. Оросууд овертаймд тоглохоос өөр гарцгүй боллоо хэмээн төсөөлж байх үед “Рейнжерс” дахин гоол хийснээр цом болоод нэг сая швейцарь франкийн эзэн болжээ.
Энэхүү шайб тоглолтын үндсэн цаг дуусахаас 20-хон секундын өмнө орсон тул “металлургчуудад” хариу довтлох боломж олдоогүй юм. “Рейнжерс”-ийн бүрэлдэхүүнд Хемрик, Лундквист, Скотт, Гомес, Маркус Нэслунд, Крис, Друри, Николай Жердев, Уэйд Руден, Михал Роживал зэрэг супер одод нь байсан нь Европ тивийн хоккей сонирхогчдын баяр бахдлыг төрүүлжээ.
IINF, NHL хоёр дээрх тэмцээнийг зохион байгуулах гэрээг гурван жилийн хугацаатай байгуулсан. Тиймээс хоккейн фанатууд “Викториягийн цом”-ыг багаар бодоход хоёр жилийн үзэж сонирхох боломжтой болжээ.
loading...



