loading...
1908 онд Будант альбионд зохион байгуулагдсан 4 -р зуны олимпийн наадмын талаар дурсахын өмнө , энэ наадмаас 2 жилийн өмнө болж өнгөрсөн нэгэн чухал үйл явдлыг дурьдахгүй өнгөрч боломгүй мэт.
Олон улсын олимпийн хороо (ОУОХ) сууриа тавьж анхдугаар олимпийн наадам зохион байгуулагдах үеэс л нэг маргаан гишүүдийн дунд гарч байж. ‘Олимп гэгч спортын наадам Грек улсаас гаралтай эртнээс энэ улсад зохиогдож ирсэн учир ер нь Олимпийг 4 жил тутам үргэлж Афинд зохион байгуулж байвал ямар вэ’ ‘ гэсэн саналыг хэсэг нөхдүүд гаргаж ирж байсан ба гэвч олонхийн дэмжлэг авч чадалгүй тэгсгээд намжсан аж. Энэ саналыг эсэргүүцэгчдийн дунд хамгийн нөлөөтэй нь ноён Пьер де Коубердин байсан , тэрээр аль нэг улсад наадмыг үргэлж зохион байгуулах нь олимпизмыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэхэд саад болно гэж үзэж байв. Тиймээс ч хоёрдугаар наадмыг Парист болгож чадсан. Гэвч Франц дахь наадам амжилтгүй болсны дараа жилээс энэ асуудал дахин сөхөгдөж ,бүр олонхийн дэмжлэгийг авах болж ОУОХ ны гишүүд 2 талцаад байв. Нэг хэсэг нь эртний Грекийн уламжлалыг үргэлжүүлэх ,нөгөө хэсэг нь Коубердиний санааг дэмжсэн хэвээр. Ингээд хуралдаж хуралдаж эцэст нь орчин үеийн олимпоос 2 жилийн зайтай Грекийн олимп гэж зохион байгуулагдаж байхаар тогтжээ. 1901 онд болсон уг хурлын үеэр Анхдугаар ‘завсрын’ олимпийг 1906 онд хийхээр болжээ. Учир нь тухайн үед дотоодын хямралтай байсан Грек ийм том хэмжээний наадам зохиох чадалгүй байсан хэрэг. За тэгээд Сэнт Луис – н бүтэлгүй олимпийн дараа ‘жинхэнэ’ наадмыг зохион байгуулагчид ажилдаа шамдан орж 2 жилийн дараа нь Грек 1906 хөшгөө нээсэн байна. Нэгэн зүйл дурьдахад ‘Завсрын уг наадам маш амжилттай зохион байгуулагдаж өнгөрсөн. Сүүлд 1949 оны эхээр Унгарын Ференч Мезо тэргүүтэй эрдэмтэд Грек 1906 -г албан ёсоор 4 -р олимп гэж батлуулах гэж оролдсон ч бүтээгүй билээ.
За ингээд бүгдээрээ Лондоны наадмын талаарх яриандаа эргэн орьё.
Уул нь энэ наадам Наполи хотод зохиогдох ёстой байлаа. Италичууд ч олимпийн наадамд чадах ядахаараа бэлдэж хөл хөөр болж байтал ,хотын ойр оршдог Везуви галт уул сэргэсэн болохоор зохион байгуулагчдад хотод шилжүүлэхээс өөр сонголт үлдсэнгүй. Ингээд Берлин ,Милан зэрэг бусад нэр дэвшигчдээ ялан гарч ирсэн хот нь Лондон. Бүр тодруулбал Лондоны ‘Цагаан хот’ гэж нэрлэгддэг хэсэгт явагдахаар тогтсон ба одоо уг газар дэлхийд алдартай BBC телевизийн байр болон QPR багийн цэнгэлдэх оршдог аж.
Ер нь англичууд эх орондоо зохиогдох гэж буй дэлхийн хэмжээний энэ наадамд ихээхэн ач холбогдол өгч байсан ба бараг аравхан сарын дотор Цагаан хот (White City) хэмээх гайхамшигтай стадионыг босгосон зэргээс үүнийг мэдэж болно. Ойролцоогоор 60 мянга орчим фунтийн хөрөнгөөр боссон энэ цэнгэлдэх олон мянган хүн шингээх чадалтайн дээр төв хэсэгтээ усан сан ,усанд үсрэлтийн тавцан ,бөх болон гимнастикийн хэсэгтэй ,олон шинэлэг техник технологийг ашиглан бүтээсэн гээд тэр үедээ ‘ тасарчихсан цэнгэлдэх’ байлаа.
Хэдийгээр Лондонгийн олимпийг өнөөх л Дэлхийн үзэсгэлэн яармагтай хамтруулан зохион байгуулсан ч ,өмнөх наадмуудаа бодвол хамаагүй зохион байгуулалт сайтай ,орчин үеийн шинэлэг техник технологийг авч тусгасан ,шүүлтийн тал дээр маргаан бага гарсан гээд ер нь бол амжилттай болсон гэж судлаачид үздэг. Үүнд нэг талаараа 2 жилийн өмнө нь болсон ‘Завсрын олимп’ холбоотой ба нээлтийн арга хэмжээний үеэр тамирчид улс орныхоо төрийн далбааны араас жагсан орж ирэх болсон нь эндээс эхтэй ажээ. Гэхдээ бүх зүйл бас тийм сайхан болсон гэвэл эндүүрэл болно.
Оросын эзэнт гүрний хэсэг болоод байсан Финляндын тамирчид тэдний туган дор жагсахаас татгалзаж туггүй жагсаж орж ирсэн бол Шведийн тамирчид ямар нэгэн шалтгаанаар нээлтэд оролцсонгүй. Мөн АНУ -н төрийн далбаа ч цэнгэлдэх намираагүй , үүний учир нь Цэнгэлдэхэд орж ирсэн тугчид Royal box буюу Язгууртнуудын суух хэсэг руу тугийг хандуулж бөхийлгөх ёстой байтал Америкчууд үүнийг эсэргүүцэн том толгой гаргасан нь энэ аж. АНУ -н багийн ахлагч Мартин Шеридан ‘Манай орны төрийн далбаа энэ дэлхийн ямар ч хааны өмнө бөхийхгүй’ гэж мэдэгдэж байсан нь тухайн үеийн улстөрийн байдлийг бас харуулж байгаа байх.
Тоо баримт
Оролцсон орон : 22
Оролцсон нийт тамирчид : 2008 (1971 эрэгтэй,37 эмэгтэй)
22 спортын 110 төрлөөр өрсөлдөв.
Нээлтийн ажиллагаа : 1908.4.27
Хаалтын ажиллагаа : 10 сарын 31
Нээж үг хэлсэн : Английн хаан VII Эдвард
Гол цэнгэлдэх : White City Stadium
Лондон 1908 -Онцлох үйл явдлууд
* Марафон гүйлтийн гарааны зурвасыг Уйндсор шилтгээний (Windsor Castle) дэргэд гэж товлосон байсан ч ,Гүнж Меригийн хүсэлтээр Язгууртнуудын хүүхдийн цэцэрлэгийн дэргэд болгосон байна.
Гэтэл бас АНУ -н тугч Ральф Рөүзийн нээлтийн ажиллагаан дээр гаргасан үйлдлийн хариу болгож барианы зурвасыг Хааны өмнө байснийг өөрчилжээ. Эдгээр бүх шалтгаануудаас болж анх 25 миль (40км) – р тогтоосон марафоны зай арай урт буюу 26 миль 385 яард болсон. (42.195kм) Үүнээс хойш энэ зай өөрчлөгдөлгүй байсаар өнөөг хүрсэн билээ. Мөн сонирхуулахад энэ олимпоос марафоны тамирчдийн эцсийн бариаг цэнгэлдэхэд болгожээ.
————————————————————————————————–
* ‘Цагаан хотын’ олимпийн дэвшилттэй талуудын нэг бол шүүлтийн тал дээрх шинэчлэл. Зохион байгуулагч орны шүүгчид дийлэнх олонхи байсан урьдын уламжлалыг өөрчилж ,бусад улсын шүүгчдыг түлхүү оролцуулах болсон зохион байгуулагчдын шийдвэр зөв байсан ч бас л алдаа гаргажээ.
400 метрийн гүйлтэд өрсөлдсөн Британы гүйгч ,түрүүлсэн АНУ -н тамирчныг дүрэм зөрчсөн гэж заргалдав. Мэдээж америк эр үүнийг нь эрс эсэргүүцэх нь тодорхой. Гол учир нь дүрмэндээ байсан ба хоёр улсын дүрэм тус бүртээ ялгаатай байж, тамирчид ч өөрсдийн дүрмээрээ уралдаж. Ингээд шүүгчид учрыг нь олж хужрыг нь тунгаах гэсээр аль алийг нь буруутгаж чадсангүй тул дахин уралдуулах гэх мэтээр бүр холион бантанг нь хутгаж хаяад эцэст нь Английн гүйгч Уандхэм Хэлсүэл аврага гэж түүхэнд нэрээ үлдээсэн гэдэг.
————————————————————————————————–
* Тэгвэл үүнээс илүү шуугиан тарьсан үйл явдал Марафоны төрөлд өрнөсөн.
Марафон гүйлтийн тамирчид гараанаас гараад 2 цаг 43 орчим минутын дараа Италийн тамирчин Дорандо Пиетри цэнгэлдэхэд хамгийн түрүүнд орж ирлээ. Гэтэл хөдлөх ч тэнхэлгүй шахам болсон эр барианы зурвасаас огт өөр зүг рүү гүйж эхлэх нь тэр. ‘Цагаан хотод’ цугласан 70 орчим мянган үзэгчид юу болохыг амьсгаа даран харж байлаа. Тэмцээнийг шүүж байсан 2 шүүгч түүн дээр очин хоёр талаас нь дэмнэн ,барианы зүг явахад үзэгчид сэтгэл хөдлөн шуугилдаж байв. Үлдсэн 300 гаруйхан метрийг туулах гэж Пиетри арав гаран минут тэмцсэн ба замдаа хэд хэдэн унасан ч тэвчээр гарган гүйсээр барианд орсон юм. Мэдээж шүүгчдийн тусламж авсан болохоор 2 – т орсон Америкийн гүйгчид медаль очсон .
Гэхдээ хүн гэдэг ямар их тэсвэр тэвчээр гаргаж чадах сэтгэлийн их тэнхээтэй вэ ,ямар их шавхагдашгүй хүч чадалтай вэ гэдгийг харуулсан тэр Итали эр медалиас ч илүү зүйлийг авсан юм.
————————————————————————————————–
Өвлийн спортын төрөл анх удаагаа олимпт багтсан нь Лондон 1908 -с эхтэй. Бусад спортууд явагдаж дөндөрлөснөөс нилээд хэдэн сарын дараа уран гулгалын төрөл зохиогдсон гэдэг.
————————————————————————————————–
‘Ялалт байгуулах нь гол бус оролцох нь л Олимпийн хамгийн гол зүйл ‘ гэсэн тунхагийг анх энэ наадмаас эхлэн хэрэгжүүлж ,олон түмэнд зарлах болжээ.
————————————————————————————————–
Буудлагийн спортод өрсөлдөж аваргалсан жаран настай Оскар Сван (Швед) ,жаран нэгэн настай Жошуа Милнер (Их Британи) нар олимпийн түүхэнд дэх хамгийн настай медальтнууд гэж түүхэнд тэмцэглэгджээ.
————————————————————————————————–
Серб -Монтенегро орон олимпт ганц ч удаа оролцоогүй хэвээр байсан ч энэ улсын иргэн олимпийн аварга болсон ажээ. Лондон 1908 -д анх удаа. Пол Радмилович хэмээх энэ эр нь Их Британий усан поло -н шигшээ багтай хамт 1912 ,1920 оны Олимпийн алтан медаль хүртсэн шилдэг тамирчин юм.
————————————————————————————————–
Гүйлтийн багийн төрөлд түрүүлсэн АНУ -н шигшээ багийн Жон Теилор нь Олимпийн алтан медаль энгэрээ зүүсэн анхны Африк гаралтай тамирчин болжээ.
————————————————————————————————–
Зохион байгуулах хороонынхны мэдээлснээр уг олимпт нийт 15.00 фунт стерлинг зарлагаджээ. Харин 21,377 фунтын ашиг олсон бас үүний ихэнхийг хандивийн замаар олсон ба тасалбарын үнэнээс үүний 28% хувийг олсон гэсэн баримттай ажээ. ( White City Stadium -г барихад зарцуулсан 60.000 фунтыг тооцоогүй болно)
Спортууд
Лондон 1908 албан ёсоор 22 спортын төрлөөр явагдсан гэж үздэг ч үнэндээ 24 спорт юм. Зарим нэг спортуудыг нэгтгэн үзэж байв. Жишээлбэл : усанд сэлэлт ,усанд шумбалт ,усан поло зэрийг усны спорт гэж ,мөн хөлбөмбөг ,Регби хоёрийг ч нэгтгэн бичиж байв. Олс таталтыг хөнгөн атлетикт хамааруулж байв. Сүүлд ОУОХ хороо эдгээрийг засаж бичжээ.
1. Байт харваа
2. Хөнгөн атлетик
3. Бокс
4.Дугуй
5. Усанд шумбалт
6. Туялзуур сэлэм
7.Уран гулгалт
8. Хөлбөмбөг
9. Гимнастик
10. Хоккеи
11. Франц теннис (Jeu de paume)
12. Лакросс
13. Поло
14. Агаарын теннис
15. Сэлүүрт завь
16. Регби
17. Далбаат завь
18. Буудлага
19. Усанд сэлэлт
20. Теннис
21. Олс таталт
22. Моторт завь
23. Усанд поло
24. Бөх
Лондон 1908 – Медалийн байдал
Нийт оролцсон 22 үндэстнээс Аргентин ,Турк ,Швеицарь гэсэн орнуудас бусад бүх орон медаль хүртсэн ба Уэльс Шотланд Англи нэгдэж Их Британий нэрээр өрсөлджээ. Мөн Австрали ,Шинэ зеланд хоёр Австраласиа нэрээр Лондонд өрсөлджээ. Ерөнхийдөө зохион байгуулагч орон медалийн тоогоор давамгайлдаг байдал энэ олимпт ч давтагдсан юм.
байр ![]() |
Орон ![]() |
алт ![]() |
мөнгө ![]() |
хүрэл ![]() |
нийт ![]() |
|---|---|---|---|---|---|
| 1 | 56 | 51 | 39[1] | 146 | |
| 2 | 23 | 12 | 12 | 47 | |
| 3 | 8 | 6 | 11 | 25 | |
| 4 | 5 | 5 | 9 | 19 | |
| 5 | 3 | 5 | 5[1] | 13 | |
| 6 | 3 | 4 | 2 | 9 | |
| 7 | 3 | 3 | 10 | 16 | |
| 8 | 2 | 3 | 3 | 8 | |
| 9 | 2 | 2 | 0 | 4 | |
| 10 | 1 | 5 | 2 | 8 | |
| 11 | 1 | 2 | 2 | 5 | |
| 12 | 1 | 2 | 0 | 3 | |
| 13 | 1 | 1 | 3 | 5 | |
| 14 | 1 | 1 | 0 | 2 | |
| 15 | 0 | 3 | 0 | 3 | |
| 16 | 0 | 2 | 3 | 5 | |
| 17 | 0 | 0 | 2 | 2 | |
| 17 | 0 | 0 | 2 | 2 | |
| 19 | 0 | 0 | 1 | 1 | |
| нийт | 110 | 107 | 106 | 323 | |
Лондон 1908 – Зургийн цомог
loading...





















