loading...
Монголчууд бүл нэмэв
Мэргэжлийн сүмод дахин нэг монгол бөх хүч үзэх болжээ. Кюүшюүгийн мэдээлэл, технологийн дээд сургуулийн гуравдугаар курст суралцдаг, 21 настай Сандуйжавын Тодбилэг гэдэг залуу “Таманои” дэвжээнд орох болсныг аравдугаар сарын 14-нд тус дэвжээний ояката батламжлав. С.Тодбилэг нь энэ оны зургадугаар сараас сургуулийнхаа сүмогийн клубт бэлтгэл хийж эхэлсэн аж.
Дээд сургуулийн хичээлийн улмаас тэр ирэх башёд их сүмод хөл тавьж амжихгүй бөгөөд 2009 оны нэгдүгээр сарын тэмцээнээс эхлэн барилдах гэнэ. “Таманои” дэвжээнд хоёр бразил сүмоч харьяалагдаж байгаад Аки башёгийн дараа зодог тайлснаар тус дэвжээ гадаадын бөх шинээр авах эрхтэй болсон юм.
Африкчууд сүмо үзнэ
Спортын бизнес, менежментийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Total Sports Asia” ХК энэ сарын 13-нд Японы сүмогийн холбоотой Африкт телевизээр шууд дамжуулах гэрээг байгууллаа. Хоёр тал “TSA”-гийн хиймэл дагуулын “GTV” сувгаар жилийн хугацаанд нийт 30 цагийн (нэг башёд 5 цаг) нэвтрүүлэг цацах тохиролцоонд хүрчээ.
“GTV” суваг нь Сахарын цөлийн өмнөд хэсгийн 15 оронд гардаг ба энэ хавийн улсууд сүмог тэр бүр мэддэггүй аж. Ийнхүү тус суваг сүмог дамжуулах болсноор мэргэжлийн төдийгүй сонирхогчдын сүмог хөгжихөд түлхэц болно хэмээн дүгнэжээ.
Котомицүки хандивын тэмцээнд түрүүллээ
Японы сүмогийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Хандивын тэмцээн аравдугаар сарын 11-нд Токиод боллоо. 41 дэх жилдээ зохиогдсон энэ тэмцээнд озэки Котомицүки Тоёоношимаг ялснаар хоёр дахиа түрүүлсэн байна. Энэ өдөр олсон тэмцээний орлогыг Сүмогийн холбоо Бүх Японы замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах нийгэмлэгт хандивлажээ.
Арслангуудыг байцаав
Аравдугаар сарын 11-нд худалдаанд гарсан “Шюүкан Гэндай” сэтгүүлд Ваканохо “Чиётайкай, Кайо нараас мөнгө авч унадаг байсан” хэмээн ярилцлага өгсөн билээ. Үүнтэй холбогдуулан Японы сүмогийн холбоо 14-ний өдөр нэр дурдагдсан арслангуудыг “Рёогокү Кокүгикан” ордонд дуудан байцаав.
Чиётайкай “Худал мэдээлэл цацагдсантай нь адил сонин, хэвлэлээр залруулгаа хүргэвэл олон нийтэд зөв ойлголт өгөх нь хурдан байх. Ойрын хугацаанд ийм арга хэмжээг зохион байгуулахыг хүсье” гээд “Миний хувьд 8, 9 л ялаад байгаа нь хардлага төрүүлэх үндэс байж болох юм. Тиймээс Кюүшюү башёд урьд урьдынхаас илүү хичээж барилдана” хэмээсэн байна.
Кайо озэки ч мөн дээрх нийтлэлд гарсан мэдээллийг үгүйсгээд өөрсдийн үнэн гэдгээ батлах бололцоо бүхнийг хийнэ хэмээн мэдэгджээ. Кайогийн багш Томозүна ояката “Ярилцлагыг уншихад Ваканохо яриад байгаа мэт боловч цаана нь хэлж, зөвлөх нэгэн байгаа бололтой” хэмээжээ.
loading...



