loading...
Бразилд зохион байгуулагдаж байгаа футзалын зургаа дахь ДАШТ-ий шигшээд мэргэжилтнүүдийн таамагласан ёсоор Бразил, Испанийн шигшээ багууд шалгарлаа. Гэхдээ тэдэнд энэ болзлыг хангахад тийм ч амар байсангүй.
Зохион байгуулагч орныхон хэсгийн шатанд 7-0-ийн харьцаатай бут ниргэж байсан ОХУ-ын багтай хагас шигшээд учраа тааран өрсөлдлөө. Манай хойд хөршүүд эхний тойрогт гаргасан алдаагаа давтахгүйг хичээн, тоглолтыг идэвхтэй эхэлсэн хэдий ч 4 дэх минутанд Шумахер энэ өдрийн гоолын салхийг хагалсан байна. Үүнээс хэдэн хормын дараа Бразилын шигшээ багийн супер од Фалькао эсрэг багийн тоглогчдын алдааг ашиглан, тэмцээний 15 дахь бөмбөгөө хийснээр Оросуудыг зөвхөн довтлохоос өөр аргагүй байдалд орууллаа. Зүүн Европчууд улмаар тэмцээний шилдэг мэргэн бууч, Бразил гаралтай довтлогч Пула-гийн 16 дахь гоолын ачаар тооны харьцааг завсарлахаас 2 минутын өмнө 2-1 болгосон байна. Гэхдээ тэднийг баярлаж байх хооронд талбайн эзэн багийн Виничиус тооны зөрүүг эргэн хоёр бөмбөг хүртэл өсгөлөө. Сүүлийн 20 минутанд Бразилчууд хамгаалах тактик сонгож идэвх муутай тоглосныг Оросын шигшээ багийн ахлагч Дамир Хамадиев шийтгэснээр тооны харьцааг 3-2 болгосон байна. Цаашид талбайн эздээс илүү Оросууд гоол хийх магадлалтай байсан хэдий ч тэдний замд энэ өдөр гайхалтай хамгаалсан хаалгач Тиаго байлаа. Тоглолтын төгсгөлд тэмцээний шилдэг мэргэн бууч Пулагийн алдааг ашиглан Бразильчууд ялагчийн хувь заяаг өөрийн талд бүрэн шийдсэнээр ДАШТ-ын түүхэнд тав дахь удаагаа аваргын төлөө өрсөлдөхөөр болоод байна.
Тэдний өрсөлдөгчөөр дэлхийн хошой аварга Испанийн шигшээ шалгарлаа. Иберийн арлын баг дөрвөн жилийн өмнө аваргын төлөө учраа таарч байсан Италийн багийн эсрэг нэмэлт цагт 3-2-ын харьцаатай ялалт байгуулсан байна. Энэ тоглолтын эмгэнэлт баатраар Италийн шигшээ багийн 10 дугаартай тоглогч Адриано Фолья тодорлоо. Тэрээр хоёрдугаар үед испаничууд баг 1-0-ий харьцаатай хошуучилж байхад тэнцээний бөмбөгийг оруулж, багаа аварсан. Италийн хөгжөөн дэмжигчдийн харамсалд нэмэлт цагийн төгсгөлийн сүүлийн хоромд Фолья өөрийн хаалганд гоол хийж, багаа ялагдалд хүргэжээ. Испанийн баг ийнхүү 3-2-ын харьцаатай азтай хожсоноор дөрөв дэх удаагаа дараалан футзалын ДАШТ-ын шигшээд өрсөлдөх болзлыг хангалаа.
loading...





