Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Загас » “Илбэт” цурхайн тухай өгүүлэхүй

GD Star Rating
loading...

(О.Одгэрэл)Манай сэтгүүлийг уншигч загас сонирхогчиддоо хандан бид загасны буланд тавтай морилно уу хэмээн урьж байна. Та бүхэнтэй хамтран өөрсдийнхөө санаа бодлоо хуваалцах “Загасчдын цонх” нэртэй клуб байгуулах санал дэвшүүлж байна. Та бүхнийг идэвхитэй оролцон бидэнд өөртөө тохиолдсон сонирхолтой явдал, шинэ мэдээ болон бусад сониноосоо хуваалцана гэж найдаж байна. Учир нь загасчин болгон өөрийн гэсэн бүхэл бүтэн ном бичихээр түүхтэй байдаг учраас сэтгүүлийнхээ буланд загасны тухай “маргаан” дэгдээж туршлагаасаа хуваалцах хүн болгоныг бид хүсэн хүлээж байна. Загасчин болгон өөрийн гэсэн ертөнцтэй байдаг учир бидний бичсэн зүйлтэй санаа нийлэхгүй байж болно. Тиймээс загас барих хамгийн оновчтой “томъёог” хатдаа гаргая хэмээн уриалаад та бүхний захиаг тэсэн ядан хүлээж байна.


… Өглөөний манан дөнгөж хөөрөн нарны хурц гэрэл Тавтын голын мандал дээр тусах тэр агшинд миний “meps”-ийг хэн нэгэн нь хүчтэйгээр дугтран гүнрүү ухас хийв. Би огцомхон татаад уурт уурганыхаа уян хатан байдлыг ашиглан хүчтэй өрсөлдөгчөөсөө метр метрээр зай хожин дамартаа сатуркаа хурааr эхлэв. Гол нь үүнээс өмнө би дөрвөн том зэвэг, нэг “улаан сүүлт” барьчихаад байв. Тиймээс тэд хэрхэн дугтардгийг нь таамаглаж байсан боловч энэ удаад чухам ямар гээч “амьтан” миний дэгээнд орсныг ойлгохгүй байснаас сэтгэл минь дэгэлзэж байв. Япон сатурк, “Mustad” фирмийн сайн гурван салаат бүхий “meps”-тээ итгэлтэй байсан учир өрсөлдөгчөө хүчээр татаж гаргахыг оролдсон боловч энэ нь тийм ч амар зүйл биш гэдгийг ойлгов. 8-9 минут хиртэй ноцолдсоны эцэст бага багаар хүч нь суларсаар голын хайрган дээр 95 см урттай цурхай гулжиганан гарч ирэв. Ийм түргэн урсгалтай уулын голоос цурхай барьсандаа гайхах, бахдах сэтгэл төрж байлаа. Үүнээс урьд нь би цурхайг Сэлэнгэ мөрнөөс л “донк” тавин барьж байсанаас халбагаар барьж үзээгүй байв. Ийнхүү анх удаа голын хүчтэй махчин загаснуудын нэг цурхайтай учирч билээ…

Монгол орны гол, нууруудад хоёр зүйл цурхай амьдардаг ба ердийн болон Амарын гэж хоёр ангилагдана. Ердийн цурхай нь бар мэт хөндлөн зураастай бол Амарын цурхай нь ирвэс мэт цоохор зургатай байдаг. Их бие нь шувтан “торпед” хэлбэртэй учраас маневр хийх чадвар нь нэн өндөр, чоно мэт шунахай, барс мэт шуурхай энэ загас нь спорт агнуурын хувьд дэлхийд дээгүүрт ордог загас юм.

Тулыг бодвол цурхай нь илүү урт өргөн амтай бөгөөд хэмжээ хязгааргүй мэт хоолойтой. Нэг удаа Сэлэнгэ мөрөн дээр загасчилж байхдаа усны мандал дээр овоо том цурхай дээшээ харан хөвж явахыг ажиглаад дэгээдэн эрэг дээр гаргатал өөрийнхөө толгойноос том хэлтэг загасыг умхээд хахаж үхсэн 70 см урттай цурхай байв. Хэтэрхий их шуналаасаа болон хахсан цурхайг хараад “миний халбагыг үмхэхгүйдээ” хэмээн бодож билээ.

Цурхайн тухай хэвлэл, ном, сонингийн мэдээлэлд цурхайг дэндүү шунахай гэж олонтаа бичдэг ч миний хувьд энэ үзэл бодолтой санал нийлдэггүй юм. Хахаж үхсэн цурхайг өөрийн гараар татаж гаргаж байсан ч цурхай нь өгсөн болгоныг зүүгаад байдаг загас бас биш юм. Ер нь цурхайг чонотой зүйрлэвэл нилээн дөхөх болов уу? Учир нь тэд нэн ашигтай загас бөгөөд дорой, өвчтэй, жижиг загаснуудыг барьж иддэгээрээ гол, нууруудын цэвэрлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Тэгсэн хирнээ өөрсдөө үржил сайтай байдаг бөгөөд загас олборлолтын хувьд өндөрт тооцогддог зүйл юм. Жишээ нь: Францад залуу цурхайн мах нь нэн өндөр үнэтэй байдаг учраас тэднийг булуу цагаанаар тэжээдэг ажээ.

Цурхай түргэн өснө. Эрдэм шинжилгээний судалгаагаар тухайн жил төрсөн цурхайн жин 200-400 граммд хүрдэг бол хоёр настай нь нэг кг хүртэл жин татдаг, гурван настай цурхай 1,5 кг хүрч загасчдыг баярлуулах хэмжээтэй болдог. Сэлэнгэ мөрөн, Өгий нуур, Тэрхийн Цагаан нуур зэрэг цурхайн “эх орон” болсон газруудад 1,5 метр урттай аварга цурхай барьж байсан талаар нутгийн иргэд домог болгон ярих нь олонтой тохиолддог. Хялганатын загасчин Бавуудорж ах нэг метр хорин см орчим цурхай барьсан тухайгаа ийн ярьж билээ: “Бараг 20 минут хиртэй хаймран завьтай маань нааш цааш чирч явсаар сүүлдээ ядарсан болов уу зогссон, тэр үед нь л би татсаар хайрагдуулж эрэг дээр гаргаж ирсэн юм.” ОХУ-ын Воронеж хотын дархан цаазат газрын музейд 1 м 25 см цурхайн чихмэл хийсэн байдгийг би өөрийн биеэр очиж үзсэн ба эдгээр нь миний харсан хамгийн том цурхайнууд юм.

Цурхай гол мөрнүүдэд төлөв дөлгөөн урсгалтай хэсэгт орших ба урсгалтай хэсэг рүү зөвхөн гол татран “хар ус”, тогтонги газруудын усны түвшин багассан үед л ордог. Нуур, цөөрөмд бол зэгстэй, усны ургамал ихтэй газар гол төлөв таарах ба иймэрхүү газрууд нь отоо хийхэд тохиромжтой байдаг бололтой. Нэн ялангуя усанд унсан мод, гуалингуудын доор идшээ хүлээн хэвтэх нь элбэг. Өвлийн улиралд цурхайг цунхээлүүдээс хайх шаардлагатай. Үржлийн үедээ нуурын эрэг, булан тохой, голын адаг орчмын намуун урсгалтай, өнгөрсөн оны ургамлын үлдэгдэл ихтэй, 0,5-1,0 м орчим гүнтэй хэсэгт хуран цугларна. 4-р сарын эцэс, 5-р сарын эхэн, дунд үед усны температур 4-6 хэмд хүрэхэд үржил нь эхэлнэ (Баасанжав, Цэнд-Аюуш, 2001).

Түрсээ шахаж дуусангуут цурхай эрэг орчимын гүехэн хэсэгт чепак, улаан нүдэн зэрэг жижиг загасаар хооллохоор ирнэ. Энэ үед дурын халбага, амьд өгөөш, модон жараахай, зөөлөн пластиc өгөөш зэргийг шуналтай авч эхэлдэг. Зуны улиралд цурхай идэвхитэй хооллосоор байдаг ч барихад нэн түвэгтэй болдог. Зуны дунд үед оройн сэрүүн, өглөөгуур огцом эрэг доогуур, усанд унасан мод, усны ургамлын зах орчмоор өгөөшөө хаяхад үр дүнтэй байдаг. Усны ургамал ид цэцэглэх үед цурхай тийшээ орон толгойгоо ургамлуудын дундаас цухуйлган хоолоо хүлээн хэвтдэг. Загасчид урамал дундын онгорхой хэсгүүдийг хэзээ ч өнгөрдөггүй бөгөөд яг дундуур нь амьд чепакаар өгөөш хийхэд нэн амжилттай байдаг. Энд тэнд жараахай бут усрэн тарж байвал усны матар хочтой цурхай маань ан хийж байна гэсэн үг. Яг тийш нь өгөөшөө явуулаад үзээрэй. Цурхай лав зүгээр өнгөрөөхгүй нь лав.

Намар жижиг загасаа даган цурхай гүнзгий цүнхээлүүд рүү шилжинэ. Цурхайн хамгийн идэвхитэй хооллодог үе нь усны ургамал хагдарч дуусаад яг мөс татахын өмнө эхэлдэг. Шөнөдөө тогоотой ус хөлдөөд хонодог 10-р сарын сүүл рүү голын эрэг дээр гал түлэхэд бургасны анхилүүн үнэр сэтгэлд яруу найргийн мөрүүд төрүүлэх энэ үед л жинхэнэ цурхайчид андаа гарна.

Том цурхай баригдсан газар гурав, дөрөв хоногийн дараа дахин шинэ загас ирсэн байдаг нь тийм ч ховор тохиолдол биш юм. Иймэрхүү “точкууд” нь цурхайд отолт хийхэд нь нэн тохиромжтой байдаг бололтой.

Цурхай том урт толгойтой ба доод эрүү нь илүү урт байдаг учраас “шаамий” дүртэй. Дээд уруул, хэлэн дээр нь олон жижиг зүлгүүр мэт шүднүүд байрлана. Доод эрүү нь соёо хэлбэртэй хурц шүднүүдтэй ба тэдгээр нь маш бөх суусан байдаг нь цурхайн гол зэвсэг нь болдог. Цурхайн аманд орсон загасанд хоолойгоор нь дамжин ходоодонд нь орох л ганц зам байдаг ч зарим тохиолдолд загаснууд шүднээс нь мултрах үе гарна. Цурхай шүдээ солих үе гэсэн ойлголт бас байдаг. Хуучин хурц шүд нь унаж оронд нь мөгөөрсөн шүд ургах ба тэдгээр нь ясжиж амжтал бас хугацаа ордог учир энэ л үед зарим загасанд цурхайн амнаас мултрах завшаан тохиолдоно. Цурхай томрох тусам доод эрүүн дээрхи соёо хэлбэрийн шүдний тоо нь нэмэгдэн илүү догшин дүр төрхтэй болдог. Цурхай санаатайгаар хүнийг хазна гэж байхгүй боловч болгоомжгүйгээсээ болон аманд нь гараа хийсэн загасчныг бол өршөөхгүй. Цурхайн шүд тусгай цус бүлэгнүүлдэггүй бодис агуулдаг учир шүдэнд нь өртсөн газрын цус нь барагтаа бол тогтдоггүй учир нэн болгоомжтой байх нь илүүдэхгүй.

Цурхай түрсээ шахсаны дараа нэн идэвхитэй хооллож эхэлдэг ба “meps,” “blue fox” зэргийн эргэлддэг халбаганууд нэн үр дүнтэй байдаг. Мөн амьд чепак, улаан нүдэн, жижиг алгана, хэлтэг зэргийг уруулаар нь хамрынх нь нүхээр гарган сүлбээд хөвүүртэй уургаар барьхад үр дүн сайтай байдаг. Нэг салаа дэгээ илүү найдвартай байдаг бол хоёр юм уу, гурван салаат дэгээг цурхай үмхэх үедээ хатгуулан өгөөшөө хаях нь элбэг тохиолддог. Амьд өгөөшийг усны дээд хэсэгт юм уу, дунд хэсэгт байрлахаар хүндрүүлэх хэрэгтэй. Цурхай өгөөшийг үмхэнгүүт дугтрах шаардлага байхгүй. Харин сул сатуркаа хураагаад хэсэг зуур хүлээх хэрэгтэй. Цурхай гол төлөв амьд өгөөшийг хөндлөн зуудаг ба тэдгээрийг хөдлөхөө больсон үед нь амандаа хэд хэд эргүүлэн хагас цэвэрлээд залгина. Энэ үед сатурка жоохон татаад үзэхэд чичигнэсэн хөдөлгөөн мэдрэгдэнэ. Уг хөдөлгөөн нь дуусангүүт дугтрах хэрэгтэй. Цурхай өгөөшөө залгиад доошлох гэж байгаа тэмдэг нь энэ юм. Огцом дугтран дэгээгээ хатуу аманд нь сайтар зоож өгөөд л ямар ч зав өгөлгүй татах хэрэгтэй. Гол төлөв онцгой эсэргүүцэлгүй татагдан гарч ирнэ. Гэхдээ хэрвээ том цурхай орсон бол тийм ч амар бууж өгөхгүй. Энэ үед л таны уурга, дамар, сатуркны чанар танигдана.

Сэлэнгэ мөрний эрэг дагуу хуучин голын татуурга байгаад тасран нуур болон үлдсэн цөөрөм олон тохиолддог. Тэндхийн цурхай, алгана зэрэг махчин загаснууд нь бусад загасаа идэж дуусаад нэн өлөн байдаг онцлогтой. Тиймэрхүү газруудад өгөөшөө хаяад үзээрэй, зарим тохиолдолд үнэхээр аз дайрч магадгүй!

Нэг удаа би Сэлэнгэ дээр загасчилж яваад аварга цурхай үмхүүлсэн юм. Магадгүй тэндхийн цурхайнуудын өвөг эцэг нь ч байсан байж мэднэ. Гэвч тэр тулаан цурхайн ялалтаар төгссөн юм. Эхлээд миний телескоп уурганы үзүүр нь тэсэлгүй хугарсан бол тэрээр удалгүй 0.4 мм харьцангуй бүдүүн сатуркийг маань таслаан алга болсон. Гэхдээ би түүнийг харж чадсан, үнхээр том загас байх шиг санагдсан. Магадгүй загасчдын хэлдгээр “хамгийн томууд нь мултарч жижигүүд нь баригддаг юм” гэдэг ч үнэн байж мэднэ. Тиймээс томоос том цурхай барих мөрөөдөл маань намайг жил болгон голын эрэг рүү хөтөлсөөр…

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

3 Сэтгэгдэл

  1. cavs & barca says:

    sportnewsiinhen medee oruulahgui huuchin medeelluudiig ni unshij bna daaa gej. Tsurhai saihan zagas shuu ongorson jil Ogiin nuuraas dundaj tsurhai negiig barisan . Harin 2 tom tsurha aldsan shuu uneheer saihan amitan shuu. Ene bulandaa zagasnii iimerhuu medeelel hiigeerei ok

    GD Star Rating
    loading...
  2. Цогхүү says:

    Би Тэрхийн Цагаан Нуураас 2007 онд 1 метр орчим цурхайг гулбилздаг уургаар барьж билээ. Завьчин ах арай жижиг нэгийг эхлээд барьсны дараа би нэгийг авч билээ. Бичлэгийг нь үзэж болно шүү. Линкийг нь тавилаа.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: