loading...
2007 оны нэгдүгээр сарын сүүлчээр Японы долоо хоног тутмын “Шюүкан гэндай” сэтгүүлд мэргэжлийн сүмогийн найраа гэсэн сэдвийг хөндөн бичсэнээс хойш энэ нь олны анхааралд байнга байсаар ирлээ. Ялангуяа энэхүү нийтлэлтэй холбоотой шүүх хурал эхэлснээс хойш Японы өдөр тутмын сонингуудад “найраа” гэсэн үг дугаар өнжилгүй гарах болсон. Зодог тайлсан, хөөгдсөн зарим сүмочийн үнэн, худал нь үл мэдэгдэх яриа үүнийг бүр дэвэргэв. Найраа гэгч огт яригдаж байгаагүй зүйл биш боловч одоогийнх шиг амны уншлага байгаагүй билээ.
Асашёорюү нэг давааг 6500 ам доллараар худалдаж авдаг гэх хардлагыг залгуулаад тэртээ 1975 онд озэки Таканохана, Китаноүмигийн тахимыг мөнгөөр нугалсан гэсэн сэжиг, Монгол аваргууд тохиролцсон барилдаан хийдэг гэсэн гүтгэлэг явсаар ирсэн. Улмаар сүмогоос хөөгдсөн Ваканохо өшөө хорсолдоо автан, бараг л барилдсан хүн болгондоо бууж өгсөн гэх нь холгүй байна. Энэ цаг үед бас нэгэн асуудал босч ирсэн нь япончуудын хайртай аварга Таканохана дээд зиндааны анхны түрүүгээ худалдаж авсан гэх яриа. Сонирхолтой нь энэхүү цуурхалын эхийг Таканоханагийн ээж тавьжээ.
1975 оны Нацү башёгийн сүүлчийн өдөр нэмэлт барилдаанд озэки Таканоханад унаж өгсөн гэж сэжиглэгдсэн Китаноүми шүүх хуралд мэдүүлэг өгсний дараа энэ сэдвийг хөндөн бичсэн сэтгүүлч Бүда “Би энэ яриаг Фүтагояма оякатагийн эхнэрээс өөрөөс нь сонссон. Баримтаа баталгаажуулж, шинэ зүйл гаргаж ирэх юм бол Риэко-сан өөрийнх нь хүү Таканохана аварга анх түрүүлэхдээ багагүй мөнгө зарцуулсныг ч ярьсан” хэмээн өгүүлжээ. Тэрбээр “Риэко-сан тэр үеийн тухай дэлгэрэнгүй ярьсан. Нөхөр нь тэр тэмцээнд түрүүлсэн баярын цайллагын дараа 4 сая иен аваад Китаноүмид өгөхөөр явсан гэсэн. Мөн 1992 оны нэгдүгээр сард хүү нь 19 нас 5 сартайдаа их сүмод анх түрүүлэхэд аавынх нь дэмжлэг их байсан гэж байсан” гэж нэмж ярьсан байна.
Нөхөртэйгөө таарамж муутай байдаг, олон эрчүүдтэй нэр холбогддогоороо сонин, хэвлэлийн баатар болсон Риэко-сан урьд нь хүүхдүүдээ муулсан ярилцлага нэг бус удаа өгч, үүнийхээ улмаас харилцаагаа таслахад хүрч байв. Түүний санамсаргүй, санаатай эсэх нь мэдэгдэхгүй хүүгийнхээ тухай ярьсан таагүй үгс хэл, ам, шуугианаас салахгүй байгаа нь Сүмогийн холбооны хар дансыг улам зузаатгалаа.
loading...



