loading...
Ж.БАЯРЖАРГАЛ (2008-10-23) Германы хөлбөмбөгийн 70-аад оныхны том төлөөлөгч Пол Брайтнер замналаа арын хагас хамгаалагчийн байрлалаас эхэлжээ. Мөн хамгаалагчийн байрлалд үе үе тоглож арын шугамны универсиаль тоглогч болохоо харуулж байв. Гэтэл он цаг улирах тусам дасгалжуулагчид түүнийг довтолгоонд түлхүү оролцуулах болсон байна.
Тэгэхдээ бүр плеймэйкерийн үүргийг хүлээлгэж, бүх ачааллыг түүнд ногдуулдаг байв. Тиймээс өрсөлдөгчид нь урт үст “Афро”-гийн (Брайтнерийг ийн хочилдог байв) эсрэг байдаг хүчээ дайчлан бүх эрчээрээ хамгаалдаг болсон гэдэг.
Пол 19 настайдаа домогт “Бавари” багт очин тэр дороо үндсэн бүрэлдэхүүнд багтжээ. Мөн тэрхүү ондоо ХБНГУ-ын шигшээ багийн гишүүн болсноор дэлхийн хэмжээний од болох аянаа эхэлсэн. Брайтнер 23 нас хүрэхдээ хүртэж болох бүх алдарт хүрч, хөлбөмбөгчин бүрт заяадаггүй ховор замналыг бүтээсэн юм. Тэдгээрээс хамгийн өндөр оргил нь дэлхийн болон Европын аварга, Аваргуудын цомын алтан цом билээ. 1972 оны тэрхүү Европын аварга шалгаруулах тэмцээнд Пол гэмтэлтэй Берти Фогтсыг орлон төвийн хамгаалагчийн байрлалд тун сайн тоглосон бөгөөд үүнийг Фогтс ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Брайтнер 1974 оны ДАШТ-д ч одтой тоглон түрүүлсэн.
Ийнхүү алдар суугаа мандуулангуутаа Мадридын “Реал”-д очих хүсэлтээ илэрхийлсэн байна. Тэрбээр Принейн хойгт гурван улирлыг үдэхдээ Испанийн аваргаар хоёр, тус улсын цомын эзнээр нэг удаа шалгарсан авч Бундестимийн бүрэлдэхүүнд багтаж чадахгүй байв. Учир нь тэрбээр хэт биеэ тоосон зан, адайр аашаасаа болж Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Хельмут Шён болон хамтран зүтгэгчидтэйгээ муудалцаж 1975-1981 оны хооронд нэг ч тоглолтод оролцоогүй юм.
Испаниас эх нутагтаа ирэн “Бундеслиг”-ийн “Айнтрахт” багтай гэрээ байгуулж. Тэгэхдээ бас л дуугүй байсангүй, Бундестимийн удирдлага болон тоглогчдыг шүүмжлэн хэргийн эзэн, хэнгэрэгийн дохиур болдог ажлаа үргэлжлүүлэв. Үүнийхээ зэрэгцээ орон нутгийн нэгэн сонинд өөрийн буланг хөтөлж, рекламанд тоглож, кинонд дүр бүтээж байлаа. Ингээд 1982 оны ДАШТ дөхөхөд Бундестимийн шинээр томилогдсон ерөнхий дасгалжуулагч Юпп Дерваль түүнийг бүрэлдэхүүндээ багтаах шийдвэр гаргав. Гэхдээ ноён дасгалжуулагч сайхан сэтгэлийн үүднээс дээрх алхмыг хийсэндээ бус, тэр үед Брайтнер мэтийн лидер багт нь ус, агаар шиг хэрэгтэй байснаас энэхүү шийдэлд хүрчээ.
Пол Испанид зохиогдсон тэмцээнд ид үеийнх шигээ одтой тоглон багаа мөнгөн медальд хүргэсэн. Тэгэхдээ хоёр ч ДАШТ-ий алтан медалийн төлөөх тоглолтод гоол хийсэн гурав дахь хөлбөмбөгчнөөр (Пеле, Вавагийн дараа) тодорсон билээ. Энэхүү уран тоглолтыг нь биширсэн “Бавари” багийн эзэд түүнийг клубтээ элсүүлснээр Брайтнер тэнд спортоо орхих хүртэлх таван улирлыг үдсэн юм.
Тэрбээр хөлбөмбөгөө орхисныхоо дараагаар сэтгүүлчийн ажилд хүчээ үзэж, хүүхдийн сангийн удирдагчийн ажил эрхлэх болжээ. Харин 1998 оны ДАШТ-ий дараа Германы шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчийн албанд томилогдов. Гэвч 17 цагийн дараа албан ёсоор халагдсан юм. Учир нь Германы хөлбөмбөгийн холбооны гишүүд ерөнхийлөгч Эгидиус Брауныг ятгасаар байгаад шийдвэрийг нь өөрчлүүлжээ. Өдгөө Брайтнер “Бавари” багийн скаутуудын албанд ажиллаж байна.
loading...



