Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо, Ярилцлага » Г.Наранбат: Намайг үнэмлэхүйд барилдуулахгүй гэсэн, харин би хэмжээгээ харууллаа

GD Star Rating
loading...

Аравдугаар сарын 11-12-нд Эстонийн Раквере хотод болсон сонирхогчийн сүмогийн ДАШТ-д Монголын гурван бөх оролцож, бүгд медаль зүүцгээн багаараа гуравдугаар байр эзэлсэн билээ. ДАШТ-д оролцсон “шадар гурав”-аас дэлхийн хошой аварга, Эстонийн дэвжээнээс хүрэл авсан Дайшочи У.Бямбажав АНУ, залуучуудын дэлхийн аварга, сая мөнгөн медаль зүүсэн А.Баасандорж Японыг зорин, дэлхийн шинэ аварга Г.Наранбат эх орондоо ирээд байна. Мэргэжлийн сүмод дээгүүр барилдах ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж байгаад хүнд гэмтлийн улмаас зодог тайлсан тэрбээр ДАШТ-д анх барилдаад ийнхүү алтан медаль авсан юм. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Юуны өмнө дэлхийн аварга болсонд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэе. ДАШТ-ий сонин хачнаас хуучилна уу?
-Баярлалаа. Эстонийн ДАШТ-д гучаад орны сүмочид хүч үзлээ. Ерөнхийдөө өмнөх тэмцээнд хүч үздэг бөхчүүд очсон ч Европт болсон гэдгээрээ тэр үү, тэндхийн олон орон анх удаа оролцож байна лээ. Сүмо бөх Европт улам бүр хүчтэй хөгжиж байгаа нь мэдрэгдсэн.

-Таны хувьд ДАШТ-ий хувийн төрөлд анх удаа оролцсон байх аа?
-Өнгөрсөн жил Тайландын Чианмайд болсон ДАШТ-д багийн тэмцээнд оролцсон. Энэ удаа хувийн төрөлд анх удаа хүч үзээд түрүүллээ.

-Монголчууд өнгөрсөн жил хувийн болон багийн тэмцээнд хоёр өөр баг барилдуулаад нэлээн өргөн бүрэлдэхүүнтэй явсан. Харин сая гурвуулхнаа оролцлоо…
-Энэ бол цэвэр Монголын сүмо бөхийн холбооны менежерийн алдаа. Азаар би хагас сарын бэлтгэл хийхээр Японд очоод байх үедээ визээ хөөцөлдөж авч чадсан. Үнэндээ хоёр долоо хоног бэлтгэл хийх гэж очоод виз, бичиг баримт гэж явсаар тавхан өдөр л дэвжээн дээр гарсан. Холбооны менежер виз болон ДАШТ-ий мэдүүлгийн хугацааг оройтуулснаас Монголын баг Эстони руу явж чадаагүй.

-Хэрэв манай багийн виз гарсан бол та хувийн төрөлд барилдах байсан уу? Өнгөрсөн жилийнх шиг багийн тэмцээнд үзээд өнгөрөх байсан болов уу?
-Магадгүй. Манайхаас +115 кг-д У.Бямбажав барилдах нь тодорхой. Харин бусад жинд хэн зодоглохыг Сүмогийн холбооны дасгалжуулагч Ц.Мягмарсүрэн шийддэг. Энэ жил намайг үнэмлэхүйд барилдуулахгүй, багтаа л ор гэж байсан.

-Ирэх жил дэлхийн аваргаа хамгаалахаар явна биз дээ?
-Ямар ч байсан өөрийн хэмжээгээ харууллаа. Ирэх жилийн ДАШТ-д хэнийг барилдуулахыг мэдэхгүй л байна.

-Эстонид барилдсан гурваас та эх орондоо ганцаараа ирснийх нөгөө хоёроо төлөөлөөд хэрхэн барилдсаныг нь ярих уу?
-Ер нь манайхан сайн барилдсан. У.Бямбажав Чехийн Ячек Ярач, Голландын Сидни Карти нарыг илүүрхэж хаясан. Тэгээд аварга болсон Японы бөхөд уналаа. Тэр барилдаан дээр эрүү рүүгээ хоёр удаа хүчтэй мөргүүлж байгаа харагдсан. Тэр нь нөлөөлсөн байх. А.Баасандорж маань бас л харамсалтай ялагдсан. Манай хүн баруун талтай. Эхлээд зүүн золгочихоод талаа солиод ашигтай барьц нь ороод ирэхээр яарсан уу, тосгуулж хавсраад даруулчихсан.

-Баасандорж өнгөрсөн жил -100 кг-д дэлхийн аварга болж байсан, сая яагаад хүнд жинд үзэв?
-Жин их нэмсэн байна лээ. 120 кг жинтэй болохоор хүнд жинд орохоос аргагүй л дээ.

-Та өөрөө хэрхэн барилдаж аварга болов?
-Эхлээд хонконгтой таарч түлхээд гаргасан. Дараа нь Унгарын Дешо Либор гэж 200 кг татсан нөхрийг түрж байгаад шилдэж татаад давсан. Тэгээд байнга тэмцээнд оролцдог нэг болгарыг ошидашигаар яллаа. Хагас шигшээгийн нөгөө барилдаанд Оросын Алан Караев бараг 2 метр орчим өндөртэй чехэд тонгоруулаад уначихсан. Аваргын төлөө тэр чехийг би нэг их түүртэлгүй ялсан.

-Багийн тэмцээнд яаж барилдсан бэ?
-Багийн тэмцээнд орох гэж бас их асуудалтай байлаа. Бааска маань залуучуудын ангилалд мэдүүлгээ өгсөн болохоор бид хоёртой нийлж болохгүй байсан. Сүүлд нь бүр Олон улсын холбооны ерөнхийлөгчтэй уулзаж байж зөвшөөрүүлсэн. Мэдүүлгээ оройтуулж өгсөн, бас тамирчдаараа ийм асуудал шийдүүлэх гээд явж байдаг ямар холбоо байдаг юм гээд их л дурамжхан байна лээ.

Тэмцээний эхний хоёр тойрогт Хонконг, Италийг гарын үзүүрээр ялаад хагас шигшээд ОХУ-ын багт 1:2-оор дийлдсэн. Би эхэлж барилдаад түрж яваад татуулчихсан. Дараа нь Бааска үзээд ялагдсан. Уул нь тэгэхэд Оросын бөх хориотой мэх хийсэн юм. Хоёр удаа хүчтэй алгадуулаад манай хүн жаахан манарах шиг болсон. Сүүлчийн барилдаанд Бямбаа хялбархан ялж байна лээ. Ингээд хүрлийн төлөө Болгартай үзэж, 3:0-ээр ялсан. Нөгөө талд польшууд Гүржтэй ана мана үзэж, ялсандаа баярлаад уйлж байхад манайхан инээгээд л болгаруудыг өнхрүүлж өгсөн дөө.

-Хоёр ДАШТ-д оролцлоо. Өрсөлдөөн хэр ширүүн байна вэ?
-Сүмо бөх их эрчтэй хөгжиж байна. 2016 оны олимпийг Токио авах юм бол олимпийн хөтөлбөрт ч багтаж магадгүй. Тэр үүднээс сүмог сонирхох хүрээ хурдтай тэлж байгаа юм билээ. ДАШТ анх Японд л болдог байсан бол одоо бусад орнуудад зохиогдож байна. Өнгөрсөн жил Тайланд, сая Эстонид боллоо. Ирэх жил Египетэд явагдана гэсэн. Оролцогчдын чансаа ч гэсэн сайн. Болгарын шигшээ баг байнга “Садогатакэ”-д очиж бэлтгэл хийдэг юм билээ. Стоянов нь Котоошюүг гаргадаггүй гэж байгаа. Мэргэжлийн сүмогийн озэкиг ялдаг хүн сонирхогчийн ДАШТ-д оролцож байна гэхээр чанар, чансаа нь харагдах байх. Оросууд ч ялгаагүй, Рохо, Хакүрозан нар дээр очоод бэлтгэл хийдэг. Харин нөгөө хоёр нь сүмогоос хөөгдчихлөө.

Би энэ жил Европт хоёр ОУТ, тэгээд ДАШТ-д оролцоод сүмо бөх асар хурдацтай хөгжиж байгааг биеэрээ мэдэрсэн. Хэрэв манайх тэмцээнээс сарын өмнө цуглаж, багахан бэлтгэл хийчихээд оролцдог энэ маягаараа байвал хоцрогдох нь гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байлаа. Үнэндээ Монголын сүмо бөхийн холбоо тун идэвхгүй ажиллаж байна.

-Та мэргэжлийн сүмод барилдаж байсны хувьд энэ чиглэлээр секц, дугуйлан хичээллүүлэх бодол, төлөвлөгөө бий юу?
-Уул нь боддог юм. Үүнтэй холбогдох таньдаг мэддэг хүмүүсээсээ зөвлөгөө авах гэж асуудаг. Даанч “мэдэхгүй” нь олон юм даа. ДАШТ-д оролцох багийнхаа мэдүүлгийг явуулж мэдэхгүй, визээ авч чадахгүй байхаар Монголд сүмо яаж хөгжих вэ дээ. Эрх мэдэлтнүүд нь мэддэг хүмүүст боломжийг нь олгоосой. “Гүржүүд өнгөрсөн жил мавашигаа ч бүсэлж чадахгүй байсан. Коккайгийн дүү очоод шал өөр болжээ” гэж Бямбаа ярьж байсан. Аливаа ажлыг мэддэг хүмүүс нь хийхээр ахиц гардаг нь эндээс харагдаж байгаа юм.

-Гайгүй сайн амжилт гаргасан тамирчдад гадна, дотноос нэр дээрээсээ барилдах санал их ирдэг. Танд ийм зүйл тохиолдож байв уу?
-Манай У.Бямбажавт АНУ-аас иргэнээ болох санал ирсэн гэсэн. Миний хувьд тийм зүйл байхгүй ээ. Дасгалжуулагч болооч гэвэл юу юм гэхээс иргэншлээ сольж барилдахгүй. Харин сая ДАШТ-ий дараа Японы Ничидай их сургуулийн багш нэг хүн сургуульд нь ороод, клубээс нь барилдаач гэсэн санал тавьсан. Надад бол хэрэгтэй л санал. Сүмогоо барилдана, дипломтой ч болчихно.

Бямбаа Лос-Анжелест Калифорнийн сүмогийн холбоонд ажиллан, сүмо бөхийг сурталчилдаг. Тэгээд надтай хамтаръя гээд байгаа. Миний хувьд одоо эдгээрийн алийг нь сонгох вэ гээд бодол болсон л хүн байна. Ер нь Америкт ч тэр, Монголдоо сүмог хөгжүүлэх тал дээр ч ялгаагүй Бямбаатай хамтрах сонирхол илүү байна. Ерөнхийдөө надад ирсэн санал дандаа гадаадаас байгаа болохоор Монголдоо сүмог хөгжүүлнэ гэсэн бодол маань хойшлох гээд байна даа.

-Та мэргэжлийн сүмод хэрхэн орж байв? Япон руу явахаасаа өмнө энд бөхийн ямар нэг төрлөөр хичээллэж байсан уу?
-Монголд байхдаа сургуулийнхаа хэмжээнд үндэсний бөхөөр хааяа нэг барилдахаас зорьж хичээллэж байсангүй. Нэг удаа дүүргийн АШТ-д оролцоход Ц.Шийрэв багш намайг сүмогоор хичээллээч гэж байсан. Тэгээд ёкозүна Асашёорюүгийн суралцаж байсан “Мэйтокү” ахлах сургуульд орсноор сүмогоор хичээллэсэн гэж болно.

-“Мэйтокү”-д ямар замаар орсон бэ?
-Манай аав Д.Долгорсүрэн заан хоёр танил юм билээ. Дагваа ах өөрийн сурч байсан “Мэйтокү”-д хоёр хүүхэд авна гэхэд нь аав намайг дагуулаад Долгорсүрэн заан дээр очсон. Тэгж анх Дагваа ахтай танилцаж байлаа. 2001 онд Японд очиж, 2003 оны арванхоёрдугаар сард ахлах сургуулиа төгсөөд дараа жилийнх нь нэгдүгээр сараас мэргэжлийн сүмод орсон.

-Мэргэжилд ороход чинь бас аваргын нөлөө бий юу?
-Үгүй ээ. Намайг ах сургуулиа төгсөхөд “Таканохана”, “Такадагава”, “Нишикидо” гэсэн гурван дэвжээнээс санал ирсэн. Ахлах сургуульдаа манай баг гурван жил дараалан бүх Японы аварга болж, би хувийн төрөлд хоёр мөнгөн медаль авсан болохоор багш нарын хараанд өртсөн байх.

-Гурван дэвжээнээс “Такадагава”-г яагаад сонгов?
-Нөгөө хоёр нь тухайн үедээ дөнгөж шинээр байгуулагдсан болохоор гучаад жилийн түүхтэй “Такадагава”-д орсон. Энэ нь ч оносон гэж боддог. Сая л “Таканохана”, “Нишикидо” дэвжээнээс анхны макүшита төрж байна. Тэгэхэд би 2004 оны гуравдугаар сард банцүкэд бичигдээд Күюшюү башёд макүшитад орсон.

-Анх башё бүрт 6-1 амжилт үзүүлээд маш хурдан макүшитад гарч ирснийг чинь санаж байна. Харин гэмтлийн улмаас өнгөрсөн жил зодог тайллаа. Үргэлжлүүлээд барилдах боломж байсангүй юу?
-Үнэхээр ч эхлээд эхний зургаан барилдаандаа ялаад долоо дахид нь унаж явсаар дөрвөн башёгийн дараа макүшитад гарсан. Кюүшюү башёд макүшитад 5-2 амжилт үзүүлээд арванхоёрдугаар сард бэлтгэл дээр гэмтэл аваад “даший шог” болсон доо. Гүрийгээд хоёр башёд барилдаад 50 хувь хийж, тавдугаар сард өнжиж эмчилгээ хийлгэсэн ч сайн эдгээгүй. Нэгэнт хуучин шигээ болохгүй болохоор зодог тайлъя гэж шийдсэн.

-Тэр хүнд гэмтлийг яг яаж авав?
-“Мэйтокү”-д байхад л нуруу өвддөг байсан. Тэр нь явсаар нэг өдөр “дэлбэрсэн” юм шиг байна лээ. Манай дэвжээнд жюүрёод гарч байсан Дайрайдо гэж бөх байдаг. Бид хоёр ихэвчлэн бэлтгэл хийнэ. Тэр өдөр бэлтгэлийн барилдаанд Дайрайдо эрүүн дороос түлхээд дайрахад нь гэдийтэл нуруу тасхийгээд би гэдэргээ саваад уначихсан. Тэгээд тэр чигтээ биед наалдсан элс, хөлсөө ч арилгасан юм байхгүй гурав хоног хөдөлгөөнгүй хэвтсэн. Нурууны гурван үений зөөлөн эдийн гэмтэлтэй гэсэн онош гарсан.

Энэ гэмтэл гам барьж байж эдгэдэг гэнэ лээ. Намайг эмчилж байсан япон бариач энэ хэвээр үргэлжлүүлж барилдаад гэмтлээ байнга сэдрээвэл суумгай болж ч мэднэ гэсэн учраас мэргэжлээс больсон доо. Гэмтэлтэй, босч чадахгүй хэвтэж байхад доор бэлтгэл хийж байгаа хүмүүсийн чимээг сонсоод их бачимддаг байж билээ. Чих тавиад одоо тэр тэгж байна даа гэж бодоод л хэвтдэг байсан.

-Одоо нуруу чинь яаж байна?
-Гайгүй ээ. Гэхдээ бүрэн эдгээгүй л байна.

-Мэргэжилд байх үедээ бэлтгэлээ яаж хийдэг байв?
-Дэвжээ болгон өөрийн гэсэн арга барилтай. Манайх хатуу талдаа ордог. Өглөө 4.30 цагт босоод 5.00-аас 11.00 хүртэл бэлтгэл хийнэ. Багш хааяа уур нь хүрвэл бүр шөнө 2.00 цагт босгодог байсан. Тэгээд хоолоо идээд унтана даа. Сүмод бэлтгэл, хоол, унтах гурав нийлж байж таргалдаг. Түүнээс биш идсэний хэрээр жин нэмэхгүй. Би анх “Мэйтокү”-д очихдоо 125 кг жинтэй байсан. Зургаан сарын дотор 40 кг нэмсэн. Хэт их жинтэй байх нь дэмий гэж бодоод хоолоороо 160-165 кг-д барьж байна.

-Өдөр болгон тийм хүнд бэлтгэл хийх хэцүү биз?
-Эхэндээ өглөө эрт босохоос эхлээд л хэцүү байсан. Дасчихаар гайгүй.

-Танай багш ямар хүн байдаг вэ?
-Тайхо аваргын үед озэки цолтой барилдаж байсан Маэнояма гэж хүн бий. Сүүлд Акиношима ирсэн. Хөгшин, залуу хоёр чанга хүний гараар орж, их юм сурсан. Сайхан бэлтгэл хийсний дараа бие хөнгөрөөд сайхан байдаг. Жаахан дутуу хийхээр нервтээд хэцүү шүү.

-Мэргэжлийн сүмод дэвжээгээ солино гэж байдаг юм уу? Акиношима уг нь “Фүтагояма”-гийнх биз дээ?
-Тийм ээ. Акиношима Таканоханатай муудалцаад, тэр нь сүүлдээ Сүмогийн холбоонд хүрч, Акиношимаг хөөх дээрээ тулаад байхад манай багш очиж зохицуулаад дэвжээндээ авсан. Түүнээс биш бөх ч тэр, ояката ч ялгаагүй дэвжээ солиод байж болдоггүй.

-Монголд ирснээсээ хойш мэргэжилд байсан шигээ өндөр ачаалалтай бэлтгэл хийж үзсэн үү?
-Үгүй. Тэгж бэлтгэл хийх орчин ч байхгүй. Харин ДАШТ-д яваад, тэмцээнээс өмнөх долоо хоногт У.Бямбажавтай овоо бэлтгэл хийдэг. Энд монгол бөхөөр барилддаг хүмүүстэй бэлтгэл хийхээр хэн хэнээ гэмтээчих гээд хэцүү байдаг юм. Миний анх хичээллэсэн бөхийн төрөл сүмо болохоор жүдо болон үндэсний бөхийн барил байдаггүй юм.

-Та Болгар, Оросын сүмогийн шигшээ багийнхан мэргэжлийнхэн дээрээ очоод бэлтгэл хийдэг гэж байсан. Үүн шиг манайхан Японд бэлтгэл хийе гэвэл сонголт их баймаар?
-Тийм ээ. Холбооноос зохион байгуулаад тамирчдаа аваад явбал тэндэх хэд маань дуртай л хүлээж авна. Арван хүн очлоо гэхэд бүгдийг нь өөр дэвжээнд байрлуулах чадал байгаа.

-Манайхан мэргэжлийн сүмо гэж их мөнгөний ертөнц гэсэн ойлголттой байдаг…
-Жюүрёогоос дээш гарвал Япондоо хамгийн өндөрт тооцогдох цалин авдаг, хэрэв чадахгүй бол дунджаас нь доогуур цалинтай тийм л хатуу ертөнц. Миний хувьд цолд хүрч чадаагүй болохоор цалин авч шалиагүй. Макүшитагийн сарын цалин 150 мянган иен байдаг. Гэтэл зүгээр л нэг улавч 30 мянга. Тэр нь сар болохгүй урагдаад дуусна. Ер нь бол цалин хэрэгцээндээ таараад л болдог доо.

-Бөхийн удамтай юу?
-Ээжийн талд байдаг гэдэг. С.Оргодол арслан, тэгээд Токитэнкүгийн аав Ж.Алтангадас начин, бас Ц.Гэрэлт-Од начин манайхтай хамаатан гэсэн. Сонссоноос биш уулзаж нарийн ширийнээ мэдээгүй л байна.

-Аав, ээжээс хэдүүлээ вэ? Танайхан ер нь ийм том биетэй юу?
-Таван хүүтэй айлын яг дундах нь би. Манай 1, 3, 5 дахь хүүхдүүд том талдаа. Миний ах надаас өндөр. Харин 2, 4 дэх маань жижиг биетэй. Бид нар ээлжээ андуураад гарчихсан гэж наргидаг юм.

-Гэр бүлтэй болж амжсан уу?
-Сая наймдугаар сард шинэ хүнтэй болсон. Өнгөрсөн зун эхнэртэйгээ танилцаж, одоо гурвуулаа болоод байна.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Barcik says:

    Наранбатад баяр хүргэе! Манай 13-ынx юм шдээ… хэхэ

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: