loading...
Дугуйт тэшүүрийн 13 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн БНХАУ-ын Хайнин хотноо аравдугаар сарын 13-нд эхэлж 22-ны өдөр өндөрлөлөө. Тэмцээнд нийт 11 орны 200 гаруй тамирчид өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид гэсэн гурван ангилалд өрсөлдөж байна. Тэмцээн битүү болон задгай талбайд болж дүнгээ гаргалаа.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тэшүүрчин өсвөр үеийн ангилалд өрсөлдсөн. Охидын 300, 500, 1000 м-ийн задгай, битүү талбайд өрсөлдсөн 47-р сургуулийн сурагч О.Амарзаяа улсын рекорд амжилтыг зургаан зайд шинэчлэн тогтоож ирээдүйтэй тамирчин болохоо харуулсан. Мөн бусад тамирчид хувийн амжилтаа ахиулсан байна. Монголын баг тамирчдыг дугуйт тэшүүрийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Г.Болд, ахлах дасгалжуулагч Л.Цэнд нар ахлан оролцжээ.
Үүсгэн байгуулагдаад гурван жилийн нүүр үзэж буй МДТХ нь өнгөрсөн есдүгээр сард баг тамирчдаа Испани улсад болсон ДАШТ-д оруулсан. Мөн 2006 онд Тайваньд зохиогдсон Азийн АШТ-д анх оролцохдоо багийн буухиа төрөлд дөрөвдүгээр байр эзэлж байв.
Олимпийн наадмын албан ёсны төрөлд багтахаар хэлэлцэгдэж байгаа энэхүү төрөл нь манай улсад шинэ тутам хөгжиж буй спортын төрөл юм. Энэ удаагийн дугуйт тэшүүрийн Азийн АШТ-д оролцсон багийн бүрэлдэхүүнд охидод 40-р сургуулийн сурагч О.Амарзаяа, 1-р сургуулийн А.Энх-Ариун, Булган аймгийн Э.Оюумаа, хөвгүүдэд 38-р сургуулийн М.Бадмаараг, Дархан-Уул аймгийн Энхтайван, 16-р сургуулийн С.Дархан-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн оролцлоо.
loading...



