Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Сумо, Ярилцлага » Аран: Амрахыг умартан бэлтгэл хийсний хүчинд макүүчид дэвшлээ

GD Star Rating
loading...

Г.БАЯРСАЙХАН Орос бөхчүүд хар тамхины хэрэгт холбогдон сүмогоос хөөгдсөн ч тэднийг залгамжлах залуус доороос гарч ирсээр буй. Тэдний нэг нь Алан Габараев буюу Аран юм. 2007 оны нэгдүгээр сард их сүмод хөл тавьсан тэрбээр хамгийн хурдан буюу  11 башё зарцуулж дээд зиндаанд дэвшсэнээр Котоошюүгийн дээд амжилтыг эвдсэн билээ.

Тэр хамгийн сүүлд 12-3 амжилтаар жюүрёо зиндаанд түрүүлж, макүүчид дэвших нь тодорхой болсон. Тэр хүүхэд ахуйдаа чөлөөтөөр хичээллэж, сонирхогчийн сүмогийн дэлхийн аварга болж явсан болохоор мэргэжилд хурдан зохицож чадсан нь аргагүй юм. 185 см өндөр, 140 кг жинтэй түүний барилдааныг бид Кюүшюү башёгийн үеэр шинжих боломжтой. Аран башёгийн дундуур нутагтаа ирээд байхад нь “Спорт экспресс”-ийн сурвалжлагчид уулзаж ярилцжээ. Энэ ярилцлагыг товчлон хүргэе.

-Аран, Аки башёгийн үр дүнд сэтгэл хангалуун байна уу? Та өнгөрсөн сард амжилттай барилдсаны хүчинд дээд зиндаанд дэвшихээр боллоо.
-Тийм ээ. Тэмцээнд сайн бэлдсэний үр дүн юм даа. Би амралтаа хүртэл гаргуунд хаяж, зөвхөн бэлтгэлээ хийж байлаа.

-Макүүчи зиндаанд хүч үзэхэд бэлэн үү?
-Мэдээж бэлэн байна. Хамгийн гол нь бэлтгэлээ сайн хийж, дээд зиндаанд тогтмол амжилт гаргах хэрэгтэй.

-Бэртэл, гэмтэл гайгүй юм аа даа?
-Бурхны авралаар хүнд гэмтэл намайг тойрч байгаа шүү.

-Хойд Осетид сүмо тийм ч түгээмэл спорт биш. Харин та яагаад сүмог сонгосон юм бэ?
-Би 17 нас хүртлээ чөлөөтөөр барилддаг байлаа. Яг тэр үед сүмо бөх манайханд танил болж ирсэн юм. Надад ч их сонирхолтой санагдсан. Ингээд хэдэн найзынхаа хамт ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд орохоор Москваг зорилоо. Гайхалтай нь би сүмогийн тэмцээнд анх удаа ороод л түрүүлчихсэн. Мэдээж чөлөөтөөр барилддаг байсан нь үүнд нөлөөлсөн байх. Үүний эцэст шийдвэр гаргах цаг ирэхэд би чөлөөт биш, сүмог сонгосон юм.  Анх мэргэжлийн сүмод орсны дараа чөлөөтийн суурь бэлтгэл надад их тус болсон шүү. Тиймдээ ч зиндаа хурдан ахисан.

-Сүмод ямар зорилго тавин барилдах вэ? Ёкозүна цол санаанд чинь багтаж байна уу?
-Тамирчин бүр олимпийн аварга болохыг хүсдэг. Үүнтэй нэгэн адил сүмо бөх болгон ёкозүна болохыг мөрөөддөг юм. Би ч тэдний нэг.

-Сүмо бөх олимпийн хөтөлбөрт орох боломж хэр вэ?
-Харамсалтай нь сүмо дэлхий дахинд тийм ч өндөр хөгжөөгүй. Яг одоогоор тоотой хэдхэн оронд л эрчимтэй хөгжиж байгаа. Би хувьдаа олимпийн хөтөлбөрт орчихоосой гэж их хүсэж байна. Гэхдээ энэ хүсэл маань биелэх эсэхийг мэдэхгүй.

-Бээжингийн олимпийг үзсэн биз дээ?
-Тэгэлгүй яахав. Энэ чинь том үйл явдал шүү дээ. Харамсалтай нь Хасан Бароев финалд Кубын Лопест ялагдчихсан. Харин Б.Сайтиев олимпоос гурав дахь алтаа авахад их баярласан. Энэ хүн чөлөөт бөхийн түүхэнд домог болон үлдэх агуу бөх.

-Японд өнгөрүүлсэн амьдралынхаа талаар яриач. Эхэндээ хэцүү байв уу?
-Би мэргэжлийн сүмод хөл тавихаасаа өмнө энэ оронд хэд хэд ирээд үзчихсэн байсан. Тиймээс бусадтай харьцуулахад арай хурдан дассан гэх үү дээ. Гэхдээ мэдээж хэцүү зүйл гаралгүй яахав. Ер нь гадны хүн Японд амьдрах хэцүү шүү.

-Бусад орос сүмочидтойгоо уулздаг уу? Сая хар тамхи хэрэглэснээс болж сүмогоос хөөгдсөн Сослан, Батраз Баразов болон Сослан Гаглоев нартай ямар харилцаатай байв?
-Бид хоорондоо их дотно байсан. Ялангуяа Сослан Баразовтай их сайн найзууд. Гэтэл гэнэт тийм зүйл гараад ирсэн. Үүнийг сонсоод эхэндээ итгээгүй.

-Тэд хэзээ нэгэн цагт сүмод эргэж ирэх үү? Эсвэл бүрмөсөн хөөгдсөн юм уу?
-Би япон хэл сайн мэдэхгүй болохоор хэвлэлд гарсан зүйлийг бүгдийг нь гүйцэд ойлгож чадаагүй. Эргэж ирэх боломж хомс байх аа.

-Та Аки башёд 252 кг жинтэй Ямомотоямаг ялсан. Гэтэл та 140 кг жинтэй. Тэгэхээр сүмод жин хамгийн гол биш бололтой?
-Би өмнө нь түүнтэй долоон удаа барилдаж үзсэн болохоор арга барилыг нь сайн мэднэ. Хүнд жинтэй бөхөд нэг бариулчихвал их хэцүү. Гэхдээ тэднийг хурдаар аргалж болдог юм. Түүнээс гадна бага зэрэг заль хэрэгтэй л дээ. Монголын ёкозүна Асашёорюү л гэхэд том биетэй биш мөртлөө эзэн хааны цомыг 22 удаа хүртсэн. Тэр сүмод орохоосоо өмнө жүдогоор хичээллэж байсан юм билээ. Тиймээс сүмод их хурдан зохицож чадсан.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: