loading...
Германы Бонн хотод үргэлжилж байгаа дэлхийн шатрын титмийн төлөөх халз тулааны ес дэх өрөгт Энэтхэгийн их мастер Вишванатхан Ананд тэнцэж чадсанаар аварга цолоо хамгаалахад томоохон алхам ойртлоо. Түүний өрсөлдөгч дэлхийн аварга асан ОХУ-ын их мастер Владимир Крамник өмнө нь гурав хожигдож, нэг ч ялаагүй байсан тул үлдсэн дөрвөн өргийн дор хаяж гуравт нь хожих ёстой болоод байсан. Тиймээс тэрээр ес дэх өрөгт хараар тоглохдоо славян хамгаалалтын нээлттэй хурц хувилбар сонгож, улмаар 17 нүүдлийн дараа илүү байрал олж авчээ. Энэ үед Энэтхэгийн шатарчин алдаа гаргахгүйг хичээн, тун болгоомжтой тоглож байсан хэдий ч Крамникт давуу байдлаа бататгах хэд хэдэн хувилбар олдсон байна. 26 дахь нүүдэл дээр тэрээр нэг хүүгийн илүүтэй болж чадсан хэдий ч цаашид цейтнот буюу цаганд баригдаж эхэлжээ. Улмаар 45 дахь нүүдлийн дараа их мастер эхний гэрээ байгуулснаар энэ халз тулаанд Ананд 6-3-ын харьцаатай тэргүүлсэн хэвээр бөгөөд тэрээр үлдсэн гурван өрөгт ганц удаа тэнцэхэд л ДА цолоо хадгалж үлдэх юм.
loading...



