loading...
Ж.БАТМӨНХ
Японы Токио хотноо болсон эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс 67 кг-ийн жинд хүч үзсэн Очирбатын Насанбурмаа хүрэл медаль хүртсэн билээ. Насыг нь бодвол гэнэт тодорч, медальд хүрсэн мэт боловч өнгөрсөн хугацаанд үзүүлсэн амжилтаас нь харахад энэ нь төдий л гайхаад байх зүйл биш юм. 20 хүрээгүй насандаа томчуудын ДАШТ-ээс медаль хүртсэн ховорхон хүмүүсийн нэг болсон түүнтэй өнгөрөгч баасан гаригт бэлтгэлийн дараа уулзаж ярилцлаа.
Авах ёстой УАШТ-ий медаль шиг санагдаад сэтгэл хөдлөөгүй
-Дэлхийн медальт бөх болсонд баяр хүргэе.
-Баярлалаа. Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс медаль авсан Монголын гурав дахь эмэгтэй бөх болсондоо баяртай байна. Ц.Энхжаргал, Д.Нармандах эгч нарыг ДАШТ-ээс медаль авч байхад нь тэднээр бахархаж, хэзээ тэдэн шиг ингээд зогсож байх бол гэж боддог байлаа. Харин санаснаасаа хурдан энэ амжилтад хүрлээ. Багшдаа л баярлаж байна. Т.Сүхбаатар багшийн ачаар би өдий зэрэгтэй яваа.
-Хэзээ цагдаа болчихоо вэ? Дандаа ингээд дүрэмт хувцсаараа гангардаг юм уу? (Дэслэгчийн мөрдөстэй цагдаагийн хувцастай байв)
-Би багын цагдаа болохыг мөрөөддөг байсан. Дунд сургуулиа төгсөх үед гэрийнхэн энэ замыг сонгохыг зөвшөөрөөгүй юм. Харин энэ зун мөрөөдлөө биелүүлж “Хүч”-д орсон. ДАШТ-д үзүүлсэн амжилтыг минь үнэлж, өнөө өглөө ЦЕГ-аас дэслэгч цол олголоо. Дүрэмт хувцсаа байнга өмсөөд байдаггүй ээ. Долдугаар сарын 15-нд “Хүч”-д орсон ч жинхэлж амжаагүй байсан.
-Дэслэгч болохоо хэзээ мэдсэн бэ?
-ДАШТ-д явахын өмнө “Хүч”-ийн дарга Эрдэнэбаяр ах “Сайн барилдвал цолтой шүү” гэж хэлж байсан. Түүний энэ үг медаль зөгнөсөн ч юм шиг. Ингээд “зураас”-ыг алгасаад шууд таван хошуутай болчихлоо.
-Цагдаагийн Академид суралцдаг уу?
-Үгүй ээ. Ээж, аав зөвшөөрөөгүй. Тэгээд ШУТИС-ийн Механик инженерийн сургуульд орсон. Одоо IV курсийн оюутан.
-Спортын амжилт сайтай оюутнууд сургуулийн нэр гаргасан гээд дүн өргүүлэх явдал байдаг гэдэг. Таны хувьд?
-Энэ нэр хүндтэй сургуулийг инженерээр төгсөх гэж байгаа хүн хоосон дүнгээр яах вэ дээ. Багш нар ч ийм хандлагатай байж, хичээлдээ шамдаарай гэж зөвлөдөг юм. Нэгэнт би мөнгөө төлж суралцаж байгаа юм чинь тэр хэмжээгээрээ мэдлэг олж авах хэрэгтэй биз дээ.
-Тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт гээд хичээл завсарддаг нь тодорхой. Энэ үед багш нар болон ангийнхан тань хэр тусалдаг вэ?
-Багш нарын хувьд ойлгох нь ойлгоноо. Манай ангийнхан надад их тусалдаг. Олон хоногоор тэмцээн гээд явчихаар хичээл дээр ойлгох, ойлгохгүй зүйл их гарна. Харин ангийнхан маань энэ хичээл дээр тийм юм орсон гээд зааж, зөвлөдөг.
-Одоо ДАШТ-ий медальд яаж хүрсэн тухай ярилцъя. Бид интернетээс тэр улсын бөхийг хожоод гэдгийг бол мэдсэн. Харин яаж гэдгийг өөрөөс тань сонсмоор байна?
-Би эхний тойрогт хийлээд Францын бөхтэй таарсан. Тэр бөх Бээжингийн олимпод хүрлээс мултарч байсан юм билээ. Түүнийг хоёр үед 2:1, 3:1-ээр хожсон. Дараа нь Хятадын бөхийг цэвэр ялсан. Жан Фенлью гэдэг энэ хятад ноднин залуучуудын ДАШТ-д намайг хүрэл авахад нөгөө зоноос мөнгөн медаль авч байсан. Энэ жил насанд хүрэгчдийн Азийн АШТ-д бас нөгөө хэсэгт ороод хоёулаа медаль авч байлаа. Сая анх удаа барилдаад ялж байна. Хэсгийн аваргын төлөө таарсан японд өмнө нь хоёр удаа ялагдаж байсан, дахиад л дийлдчихлээ. Цаашдаа түүнтэй олон удаа барилдах байх аа.
-Хүрэл медалийн төлөө барилдаанд гарахдаа хэр сандрав? Ялагдчихвал хоосон үлдэнэ гэдгээрээ хүрлийн төлөө тэмцэл сэтгэл зүйн бэлтгэл их шалгадаг гэлцдэг.
-“Том” Отгоо (55 кг-ийн Н.Отгонжаргал), О.Бурмаа эгч нар “Энэ орос муу бөх ш дээ. Чи ялна” гэж байсан. Гэхдээ би юм бодолгүй, тэр барилдааныг хүртэл тайван амрахыг хичээсэн. Эхний үед цаг дуусахын өмнөхөн баруун хөлийг нь авч нарийсган дэвжээнээс гаргаад 1:0-ээр ялсан. Хоёрдугаар үед хэн хэн маань оноо авалгүй шодоход надад аз таарсан. Их бяртай орос байна лээ. Европын АШТ-ий хүрэлтэй гэсэн. Тухайн үед ялах ёстой хүнээ ялж, зүгээр л УАШТ-ий медаль авсан юм шиг сэтгэгдэл төрж, сэтгэл ер хөдлөөгүй. Тэгээд багш нар луу хартал тэврэлдээд сүйд болж байна. Гэнэт “би томчуудын ДАШТ-ээс медаль авлаа гэж үү” гэсэн бодол төрж, багш дээрээ гүйж очоод үнсүүлж, тэр үед өөрийн эрхгүй нулимс гарсан.
Багш нүдний минь харцаар бэлтгэлийн өнгийг мэддэг
-“Бээжин-2008″ олимпийн наадамд Монголын чөлөөт бөхийн тамирчид амжилт муутай оролцсон гэж шүүмжлэлд өртөөд байгаа. Харин Токиогийн ДАШТ-д оролцсон эмэгтэй бөхчүүд, ялангуяа та энэ уур амьсгалыг тодорхой хэмжээгээр зөөллөсөн гэж болно. Энэ талаар таны бодол?
-Хүн бэлтгэлийн ирээ байнга барих хэцүү. Бас тэр өдрийн од мэднэ гэж ч ярьдаг. Бээжингийн олимпод манайхан жаахан азгүй байснаас муу барилдсан гэж би боддоггүй. Найз нөхөд маань хүртэл танай чөлөөтийнхөн муу байсан гэж хэлэхээр дотроо дургүйлхэж, өөр цаг ирнэ гэж боддог байсан. Сая Японд манай эмэгтэйчүүд сайн барилдсан. Ц.Энхжаргал, О.Бурмаа эгч нар маань медалийн оосроос атгаад алдсан. Багаараа VII байрт орлоо. Тэр үед багшаараа их бахархсан даа. Медалийн төлөө барилдсан гурван бөх бүгд Т.Сүхбаатар багшийн унаган шавь нар. Гараасаа ийм олон дэлхийн хэмжээний шавь бэлтгэсэн хүн ховор байх аа.
-Шинэ олимпийн цикл эхэлж байгаа энэ үед ДАШТ-ий медаль авлаа. “Лондон-2012”-т нэг зураглал харагдаж л байгаа байх даа?
-Тавьсан зорилго байгаа. Тэр хүртэл олон ДАШТ-д оролцоно. Дахиад медаль авах, өнгийг нь хувиргахын төлөө хичээнэ ээ.
-Залуучуудын ДАШТ-д хэд хүртэлх насныхан оролцдог билээ?
-20 хүртэлх. Одоо надад дахиад нэг жил залуучуудад барилдах хугацаа байна.
-Та залуучуудын ДАШТ-ээс хүрэл, мөнгөн медаль авч байсан. Амжилт ахисан үзүүлэлтээс харахад ирэх жил аварга болох ёстой юм байна?
-Авч үзээгүй нэг медаль бий. Түүндээ хүрэхийг хичээлгүй яах вэ.
-Таны өнгөрсөн хугацаан дахь амжилтыг харахад жин их сольдог юм шиг санагдсан?
-Өсвөр үеийн тэмцээнд 72 кг-д барилддаг юм. Жин хасахгүй гэж тэр. Одоо бол жин яг 67 кг болсон. Энэ жиндээ л барилдах байх. Бэлтгэл хийхээр буучих гээд байдаг юм. Тэгэхээр багш бэлтгэлээр жинг маань энэ хэмжээнд барьдаг.
-Яаж бэлтгэл хийлгэхээр тэгж барих вэ?
-Багш маань шавь нарынхаа бэлтгэлийн өнгийг нүдээр нь мэддэг гэдэг. Яаж нүдний харцаар тэгж мэдээд байгааг би ойлгодоггүй юм. “Чиний жин буух гээд байна уу, өнөөдөр амар” гээд хэлнэ. Яг л хэлснээр нь байдаг.
Анхны медалиа насанд хүрэгчдийн УАШТ-ээс авсан
-Урьд нь насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцож байсан байх аа?
-2005 онд 59 кг-д, 2006 онд 63 кг-д барилдаад тус бүрт нь XII байрт орж байсан. Намайг 15-тайдаа ОУХМ болоход багш маань баярлахдаа “Миний хүү 17-тойдоо гавьяат тамирчин болно” гэж хэлж байсан. Харин би ДАШТ-д XII байрт орчихоод “Багш надад худлаа хэлжээ” гэж бодож байж билээ. Сая Токиогийн ДАШТ-д медалийн тавцанд зогсож байхдаа багшийнхаа хэлснийг эргэж санаад хэрэв намайг шагнавал багшийн минь амжилтыг бас үнэлээсэй гэж бодсон.
-Бэлтгэлээ хэнтэй гол төлөв хийдэг вэ?
-Багш хэнтэй барилд гэнэ, түүнтэй л бэлтгэл хийдэг дээ. Ихэвчлэн клубийнхэнтэйгээ барилдана. Тогтсон партнер байхгүй. Эмэгтэй хүүхдүүдтэй ч барилдана, хөвгүүдтэй ч бэлтгэл хийнэ. Эрэгтэйчүүд биднээс хурд, хүчээр илүү учир тэдэнтэй бэлтгэл хийх үр дүнтэй болдог.
-Ингэхэд яагаад бөхийн спортоор хичээллэх болсон юм бэ?
-Эгч О.Мягмарсүрэн маань чөлөөт бөхөөр барилддаг байсан. Азийн АШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас хүрэл медальтай, ОУХМ бөх бий.
-Нээрээ тийм, мартчихаж. Хүндийг өргөлтөөс чөлөөт бөх рүү орсныг нь санаж байна.
-Тийм ээ. Таван жилийн өмнө эгчийгээ дагаад Сүхээ багш дээр ирж байлаа. Нэгэнт бөхийн спортыг сонгосных, гайгүй амжилтад хүрэг гэснийх үү, эгч маань бэлтгэл дээр их хатуу байдаг байж билээ. Багш “жаахан хүүхдэд битгий ширүүлээд бай” гээд өмөөрнө.
-Танайх хэр спортлог гэр бүл вэ? Та хоёроос өөр спортоор хичээллэдэг хүн бий юу?
-Долоон хүүхэдтэй айлын бага нь би. Манай ах нар хичээллээгүй л болохоос гайгүй барилдчихдаг. Манайх Биокомбинатынх. Ах нар Биогийн наадамд барилдаад түрүүлж, үзүүрлэдэг юм.
-Бөхөөр хичээллэгчид нэг төрлөөс нөгөө рүү орох нь цөөнгүй. Ялангуяа эмэгтэйчүүд. Танд өөр төрлөөр барилдах бодол төрж байв уу?
-Гурван жилийн өмнө найзуудтайгаа нийлээд самбын өсвөр үеийн УАШТ-д орж алтан медаль авсан. Тэр үед нэг дасгалжуулагч намайг самбо бөхөөр хичээллэх үү гэхэд татгалзаж байсан.
-Анхны медалиа хэзээ авсан бэ?
-2003 онд насанд хүрэгчдийн УАШТ-д 59 кг-д ороод хүрэл медаль авч байсан. Тэр үед эмэгтэйчүүдийн өсвөр, залуучуудын тэмцээн болдоггүй байсан юм. Өсвөр үеийн УАШТ 2005 оноос, залуучуудынх өнгөрсөн жилээс зохиогдож эхэлсэн.
-Одоо ямар тэмцээн хүлээж байна?
-Арваннэгдүгээр сарын 10-даар “Ерөнхийлөгчийн цом” ОУТ болно. Сая ДАШТ-ий үеэр улсуудад урилга тарааж байсан, их том тэмцээн болох байх аа. Одоо үүнд л бэлтгэж байна даа.
-Гадаад, дотоодын тэмцээнд цөөнгүй явлаа, найз нөхөд олон болж байна уу? Хэл ус ч сайжирч байгаа биз дээ.
-Би 2004 онд өсвөр үеийн Азийн АШТ-д анх оролцсон. Тэгэхэд таарсан тайвань, казахын охидтой сайн найзууд болсон. Одоо доод жинд барилдаж байгаа. Энд тэнд таарахаараа сүйд болдог юм. Бас хааяа и-мэйл бичдэг. Бид дэвжээн дээр өрсөлдөгч ч барилдааны дараа сайхан найзалж, нөхөрлөнө. Ер нь ингээд явахаар хэл сурах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Миний хувьд англиар тодорхой хэмжээнд ойлголцчихноо.
-72 кг-ийн Бурмаа та хоёрын овог ижил, нэр ойролцоо болохоор тэр үү, эгч дүүс гэж хэвлэлүүд андуурч бичиж байсан. Ийм тохиолдол хэр олныг мэдэх вэ?
-Бурмаа эгч, Мягмарсүрэн эгч, бид гурав хамт тэмцээнд явж байсан. Тэгэхэд эгч, дүү гурав гээд ярьж байхыг сонссон. Бурмаа эгч бид хоёрын нэр ойролцоо болохоор эгч, дүүс гэх нь бий. Гэхдээ одоо мэддэг болсон байх.
-Сайхан ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн, уралдаандаа хүссэн амжилтаа гаргахыг хүсье.
-Баярлалаа. Төгсгөлд нь тусалж, дэмждэг хүмүүстээ талархал илэрхийлж болох уу?
-Бололгүй яах вэ.
-Юуны өмнө багшдаа баярлалаа гэж хэлье. Бидний төлөө бүхнээ зориулж яваа хүн дээ. Мөн ЦЕГ, Эрдэнэбаяр даргатай “Хүч” спорт хороо, чөлөөт бөхийн шигшээ багийн хамт олон, найз нөхөд, аав, ээж, ах, эгч нартаа баярлалаа. “Ганьт” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбат, “Женко”-гийн Х.Баттуул ах нартаа мөн баярласнаа илэрхийлье. Энэ хүмүүсийн тус, дэмээр бид тэмцээн, уралдаанд оролцож, амжилт гаргадаг.
loading...



