loading...
Парист эхэлсэн талбайн теннисний АТР Мастерс цувралын энэ оны сүүлийн тэмцээний эхний тойрогт чансааг тэргүүлэгч 16 теннисчин гоц мөргөлөө. Эдгээрийн тоонд багтаж чадаагүй дэлхийн чансаанд зөвхөн 31-т бичигдэж байгаа ОХУ-ын супер од Марат Сафин тэмцээний 1-р тойрогт Аргентиний Хуан Монакотой өрсөлдсөн байна. Цагтаа дэлхийн №1 асан Сафин Парис-Мастерс-д 3 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэж байсан. Энэ удаад тэрээр урьдын амжилтуудаа давтаж чадсангүй. Чансаагаараа дэлхийд 49-т бичигдэж байгаа Аргентиний теннисчин эхний үед Сафинд нэг ч оноо авах боломж олголгүй бут ниргэсэн байна. Дараагийн сет-д манай хойд хөрш улсын теннисчин биеэ дайчилж, алдаагаа багасгасан хэдий ч шийдвэрлэх тай-брейкт 7-4-өөр хожигдсоноор тэмцээнийг орхилоо. 28 настай Оросын алдарт теннисчин ялагдсаныхаа дараа зодог тайлж болзошгүй гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сафин хожигдсоноос өөр гэнэтийн үйл явдал Парис Мастерс-ийн эхний тойрогт болсонгүй. Түүний нутаг нэгт Игорь Андреев Францын Поль-Анри Матье-г 7-6, 6-3-аар хожиж, шилдэг 32-ын шатанд шалгарлаа. Энэ тэмцээний 2005 оны аварга Чехийн Томаш Бердих Америкийн Робин Жинепри-г 6-4, 7-5-ны харьцаатай буулган авснаар дараагийн тойрогт Швейцарын Станислас Вавринкатай өрсөлдөхөөр болоод байна. Киприйн Маркос Багдатис Жинепригийн нутаг нэгт Сэм Куэрри-гийн эсрэг тоглолтын 3-р үед гэмтлийн улмаас бууж өгөхөд хүрчээ. Куэрри энэ онд хоёр Мастерс-д түрүүлээд байгаа Их Британийн залууод Энди Мюррей өрсөлдөгчөөр тодорсон байна. Нэг үе Топ-5-д багтаж байсан Германы теннисчин Николя Кифер Хорватын үлэмж биетэн Иво Карловичийн эсрэг мөн адил хоёр сет-д ялалт байгуулж, энэ оны 23 дахь хожлоо авлаа. Хүчтэй давуулалтаараа өрсөлдөгчдөө айлгадаг Карлович уламжлал ёсоор 12 эйс хийсэн хэдий ч Киферийн давуулалтан дээр зөвхөн 4 оноо авснаар 6-4, 7-5-аар хожигдсон байна. БНП Парибас Парис-Мастерс тэмцээний шагналын сан 2 сая 270 мянган евро бөгөөд түрүүлсэн теннисчин үүнээс 363 мянгыг буюу манай ханшаар 525 сая төгрөг хүртэх юм байна.
loading...



