loading...
Ж.БАТМӨНХ (2008-10-30)
ОБЕГ-ын “Аврагч” клубийн дасгалжуулагч Ц.Шийрэвийн шавь нар аравдугаар сард медалийн арвин ургац хураалаа. Эстонид болсон сонирхогчийн сүмо бөхийн ДАШТ-ээс түүний гурван шавь алт, мөнгө, хүрэл медаль хүртэн, багийн тэмцээнээс мөн хүрэл авсан бол яг энэ үед Японд Б.Тэмүүлэн жүдогоор бүх Японы оюутны аварга болж, Узбекистанд Д.Төмөрхүлэг самбо бөхөөр өсвөр үеийн Ази болон ДАШТ-ий хос алтан медаль зүүж байв.
Сүүлд дурдсан хоёр Тайландын Бангкокт хоёр талаасаа уулзан, жүдо бөхийн залуучуудын ДАШТ-ээс мөнгө, хүрэл медаль хүртэцгээн, Монголын спортын түүхэнд шинэ хуудас нээсэн юм.
Хоёр долоо хоногийн дотор самбо бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, жүдо бөхийн залуучуудын дэлхийн дэд аварга болсон Д.Төмөрхүлэгтэй уулзаж ярилцлаа. Тэрбээр уран барилдаант улсын харцага Ч.Даваадоржийн хүү билээ.
-Цөөн хоногийн зайтай болсон хоёр ДАШТ-д амжилттай оролцсон танд баяр хүргэе.
-Баярлалаа.
-Цаг хугацааны дарааллаар нь самбо бөхийн тэмцээнээс эхэлж ярилцах уу?
-Тэгье. Узбекистаны Ташкентад аравдугаар сарын 6-9-нд самбо бөхийн Азийн АШТ, 10-13-нд ДАШТ болсон. Энэ хоёр тэмцээнд оролцоод хоёулангаас нь алтан медаль авлаа.
-Азийн АШТ нээлттэй болсон гэсэн. Тэгэхээр чанарын хувьд зөрүүгүй хоёр тэмцээн болсон байх?
-Тийм ээ. Оролцож байгаа улсуудын тоонд өөрчлөлт бараг гараагүй. Харин ихэнх улс хоёр өөр баг оруулж байна лээ.
-Та хэрхэн барилдаж алтан медаль авав?
-Азийн АШТ-д Узбекистан, Кыргызстан, Тажикистан, Латвийн бөхчүүдийг ялж түрүүлсэн. Харин ДАШТ-д Украин, Беларусь, Узбекистан, ОХУ-ын самбочдыг буулган авсан.
-Хоёр тэмцээнд хоёуланд эзэн орны бөхтэй барилджээ. Энэ хоёр барилдаан бусдаас өөр болсон байх?
-Тэгэлгүй яах вэ. Тэмцээн болсон зааланд тэр чигээрээ миний өрсөлдөгчийг дэмжсэн хүмүүс. Тухайн орны бөхтэй таарвал үзэгчтэй, шүүгчтэй нь хожих хэрэгтэй гэсэн яриаг олон удаа сонссон, сая биеэрээ мэдэрлээ. Гарцаагүй оноог өгөхгүй гүрийгээд, ямар ч байсан жижиг оноо, торгуулиар хожно гэж байхгүй юм билээ. Би Азийн АШТ-д таарсан узбекийг 12:0-ээр ялаад ДАШТ-д барилдсаныг 7:4-өөр буулгаж авсан.
-Хэд хоногийн зайтай барилдав? Жин хэр хассан бэ?
-Миний жин хэвийн үедээ 64 кг байдаг. Азийн АШТ-ий дараа хоёр хоног амраад дараагийн тэмцээнд жингээ үзүүлж, маргааш нь барилдсан.
-Узбекистанаас өглөө ирээд орой нь Тайланд явсан гэл үү?
-Ташкентаас наашаа зургаа хоног вагоноор явж ирсэн. Гэрийнхэнтэйгээ ч тухтай уулзаж амжилгүй тэр өдөртөө Тайланд руу ниссэн. Вагонд олон хоног яваад жин 5 кг-аар нэмэгдчихсэн байлаа. Бангкокт хоёр хоног амраад жингээ хасч залуучуудын ДАШТ-д орсон.
-Сая Тайландад болсон залуучуудын ДАШТ-д 84 орны 500 гаруй бөх оролцлоо. Энэ бол олимпийн хөтөлбөрт багтдаг спортын олон төрлийн насанд хүрэгчдийн ДАШТ-ээс ч илүү цар хүрээтэй болсон хэрэг. Та үүнийг хэр мэдрэв?
-Үнэхээр том тэмцээн болсон. Олимп, ДАШТ-ий медальтай, насанд хүрэгчдийн тивийн тэмцээнээсээ медаль авдаг олон хүн оролцсон. +100 кг-д манай Б.Сугаржаргал залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Тедди Риньетэй группийн аваргын төлөө барилдсан. Лондонгийн олимпод өрсөлдөх бөхчүүдийн том сорилт болсон гэж ярьж байна лээ.
-Та ДАШТ-ий сүүлчийн өдөр барилдсан. Өмнөх өдрүүдэд монголчуудынхаа барилдааныг үзэв үү?
-Бараг үзээгүй. Жин хасч байсан болохоор бүгдийг нь үзээд суух хэцүү. Тиймээс байрандаа л түлхүү байсан даа.
-Барилдаануудынхаа талаар ярина уу? Интернетээс дүн харахад дандаа л иппон, вазаригаар хожсон байсан.
-Эхний барилдаан их хүнд болсон. Жин хассан хүнд эхний тойрог хэцүү байдаг. Харин энэ оны долдугаар сард БНСУ-д болсон JIKJI CUP-т ялж байсан солонгостой таарсан. Барилдаад үзчихсэн, мэддэг хүнтэйгээ таарахад нэг бодлын амар. JIKJI CUP-т түүнийг цаг сунгаж ялж байсан, сая торгуулиар хожлоо.
-Хэцүү даваа, хэцүү өрсөлдөгчөө ялахаар дараагийн тойргууд гарын аясаар байсан биз?
-ДАШТ-д муу өрсөлдөгч байгаагүй. Гэхдээ эхний барилдааны дараа бие тавираад өөрт маань амар болдог. Хоёрдугаар тойрогт таарсан германд барилдаан эхлэнгүүт юүко адсан. Гэхдээ би сандралгүй цаг байна, хожно гэсэн итгэлээр тайван барилдаж ялсан. Дараагийн барилдаануудад Мексик, Бразил, Румыний жүдочдыг хожоод аваргын төлөө шалгарсан.
-Финалд их сандарсан уу? Барилдаан эхлэнгүүт ялагдсан болохоор тань би хувьдаа тэгж бодсон.
-Үнэхээр тэгсэн шүү. Румыний бөхийг ялсны дараа медаль авах нь тодорхой гэж бодоод, дээр нь хүн болгон ирж баяр хүргэхээр сэтгэл их хөөрсөн. Финалын барилдаан болох хүртэл 2, 3 цаг завсарласан. Энэ хооронд унтаж амрах гэсэн ч сэтгэл тогтож өгөхгүй, гадуур явмаар, эсвэл Монгол руу бушуухан буцмаар санагдаж байсан. Тэгээд барилдаан эхлэнгүүт түрүүлж дайраад хариу мэхэнд орж ялагдсан.
-Гараа яагаад гэмтээчихэв? Оросын бөх барьц тавиулахдаа хөшсөн гэсэн үү?
-Үгүй ээ. Хариу мэхэнд орж араараа өшиглүүлэхдээ үнэлгээ алдахгүй гэхдээ гараа эвгүй дараад уначихсан. Босоод иртэл гар даагддаггүй, харсан чинь тохой гарчихсан байсан.
-Хэр удаан эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байна?
-Лав л нэг сар болох байх. Өнөө өглөө Х.Цагаанбаатар ахтай нэг бариач дээр очиж үзүүлсэн. Гайгүй, хурдан эдгэнэ гэж байна лээ.
-Танаас бөхийн спортыг яагаад сонгосныг асуух нь илүүц биз. Бөхчүүд хүүхдээ хэдэн настайгаас нь эхэлж барилдуулахаа янз бүрээр шийддэг. Харин өөрийг тань нэлээн эрт барилдуулж эхэлжээ?
-Би багаасаа аавыг дагаж, бэлтгэл, барилдаан дээр очдог байсан. Наадмын галд гарахад нь ч хамт явна. Намайг арван настайд аав минь Ц.Шийрэв багш дээр авчирч өгснөөр би бөхөөр хичээллэж эхэлсэн.
-Яагаад Ц.Шийрэв багшийг сонгосон юм бол?
-Тэр үед Ц.Шийрэв багш Улаанбаатарын их сургуулийн спорт зааланд секц хичээллүүлдэг байсан. Аав гэр ойрхон гэж бодсон байх, бас өөрөө тэнд хааяа бэлтгэл хийдэг байсан.
-Анхны медалиа бөхөөр хичээллэснээсээ хойш хэр удаж байж авсан бэ?
-Нэг их удаагүй. Дарханд өсвөрийн тэмцээн болоход 27 кг жинтэй хүүхэд 29 кг-д барилдаж мөнгөн медаль авч байлаа.
-Аавыг тань бие жижиг ч хэнд ч бярдуулдаггүй уран барилдаант бөх гэдгийг Монголын ард түмэн мэднэ. Ааваараа заалгасан, өвлөж авсан мэх бий юу?
-Аав надад хонгодох мэхийг заасан. Энэ нь миний үндсэн мэх гэж болно. Ихэвчлэн хөмрөх, тохох, өмсөө, давхар хамах мэхийг хийдэг. Би ааваараа их бахархдаг. Ийм аавын хүү болж төрөөгүй бол ингэж барилдах байсан уу, үгүй юу бүү мэд.
-Нээрээ ч уран барилдаан нь удамшсан байх, их гоё үзүүштэй барилддагийг тань мэднэ.
-Баярлалаа. Аавынхаа, багшийнхаа заасан мэхийг төгс сурахыг хичээнээ. Би барилдааны бичлэг үзэх дуртай. Сая залуучуудын ДАШТ-ий өмнө Цагаанаа ахын бичлэгийг их үзсэн.
-Олимп, тив, ДАШТ-д Монголын жүдочдын хамгийн сайн барилддаг 60 кг, мөн олимпийн анхны аварга төрсөн -100 кг гэсэн хоёр жинд Тайландаас медаль авлаа. Лондонгийн олимпийн сорилго гэсэн энэ тэмцээнээс медаль авсан танд 2012 онд чиглэсэн зорилго, мөрөөдөл байгаа нь лавтай?
-Мэдээж олимпод оролцохыг бодолгүй яах вэ. Гэхдээ Монголын 60 кг, 66 кг-ийн өрсөлдөөн чанга шүү дээ. Хэн нь ч түрүүлж мэдэх тэнцүү, хүчтэй өрсөлдөгч олон. Хэн бэлтгэл сайн хийнэ, тэр нь л ялна. Олимпод барилдахын тулд маш их хөдөлмөрлөх хэрэгтэй байх.
-Энэ жил МБАТС-д хүрэл медаль авсан. Томчуудтай хэзээнээс барилдаж эхэлсэн бэ?
-Ноднингийн УАШТ-д анх насанд хүрэгчидтэй барилдсан. Тэгэхэд Б.Дамланпүрэв ахад хожигдоод хүрлээс мултарч байлаа. Барилдаан дуусахад 6 секунд дутуу байхад би хожиж явсан. Тэгээд дайрахад нь барьцгүй өмсөөд босоход 2 сек үлдсэн. Хүрэл авчихлаа даа гэж бодтол шүүгч намайг барьцгүй мэх хийсэн гэж торгоод хожигдож байлаа. Энэ жил зооны аваргын төлөө бас Б.Дамланпүрэв ахад ялагдаж хүрэл медаль авсан.
-Өсвөр үе, залуучуудын улсын аваргаар олон түрүүлсэн биз?
-Өсвөрт гурван удаа түрүүлсэн. Залуучуудын УАШТ-д олон ороогүй ээ. Хоёр удаа ороод алт, мөнгө авсан. Өмнө нь жин хүрдэггүй байсан юм.
-Таны хувьд ид өсөх насандаа яваа. Харин жингийн хувьд хэр тогтвортой байна вэ?
-Жин гайгүй ээ. Хэвийн үедээ 64 кг байдаг. Яг ийм болоод хоёр жил орчим барилдлаа. Цаашдаа нэмэгдэж шалихгүй байх.
-Аав тань үндэсний бөхийн улсын харцага цолтой. Та жүдогоос гадна үндэсний бөхөөр барилддаг уу?
-Аавынхаа нутагт зун очихдоо наадмын нэгийн даваанд аманд гарч байсан. 2006 онд зургадугаар сарын 1-ний хүүхдийн баярын барилдаанд шөвгийн наймд үлдсэн удаатай. Өөр нэг их барилдаагүй юм байна. Би өөрөө үндсээр барилдах сонирхол их. Суурь сайтай болно гэж аав хэлдэг юм.
-Нэлээн олон жилийн өмнө Японд хүүхдийн сүмогийн тэмцээнд ороод медаль авч байсныг тань санаж байна?
-Их бага байсан. Бөхийн секцэнд ч ороогүй байлаа. Энд 9, 10, 11 гэсэн гурван насны ангиллаар хүүхдийн сүмогийн тэмцээн болоход би есөн насанд нь түрүүлсэн. Тэгээд Японд очиж, өсвөрийн УАШТ-д нь оролцож хүрэл медаль, комүсүби цол авч байлаа. Би 30 кг хүрэхгүй жинтэй. Япон хүүхдүүд том том, 100 кг орчим нүсэр. Бүгдийг нь хөлд орж давсаар хагас шигшээд гарахад нэг япон хүүхэд миний барилдааныг мэдчихээд оруулахгүй түрсээр байгаад ялж байж билээ.
-Одоо ямар сургуульд сурч байна?
-Энэ хавар 68 дугаар сургуулийг төгссөн. Одоогоор их, дээд сургуульд ороогүй байгаа. Аав шигээ цагдаа болох сонирхолтой. Дараа жилээс Цагдаагийн Академид суралцах санаа бий. Би сая ДАШТ-ээс хүрэл медаль авсан Б.Тэмүүлэнтэй хамт Японд суралцаж байсан. 2007 оны тавдугаар сард яваад хагас жил болсны дараа аавын бие муудлаа гээд арваннэгдүгээр сард эргэж ирсэн.
-Одоо шигшээ багт бэлтгэл хийж байна уу?
-Тийм ээ. Зун Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа ах нарт туслаад олимпийн бэлтгэлд гарсан.
-Удахгүй бокс, жүдо, чөлөөт бөхийн шигшээ багийнхан сагсан бөмбөгөөр өрсөлдөнө гэж байгаа. Та сагс хэр тоглодог вэ?
-Сагс тоглох дуртай. Залуучуудын ДАШТ-ээс ирэхэд Цагаанаа ах багтаа оруулсан шүү гэж байсан. Даанч тохой гэмтэлтэй болохоор тоглож чадахгүй нь.
-Ам бүл хэд вэ? Ах, дүү нараас тань барилдаж байна уу?
-Ам бүл тавуулаа. Эгч, эрэгтэй дүүтэй. Дүү зургаан настай, үймээний эзэн бий. Бас л над шиг аавыг дагаад бэлтгэл дээр нь очдог байсан. Харин аав бие нь тааруу, сүүлийн нэг жил бэлтгэл хийсэнгүй. Дүүгээ арай жаахан томрохоор нь барилдуулна аа.
-Ярилцсанд баярлалаа. Цаашдын тэмцээн, уралдаандаа амжилттай барилдаж, олон удаа эргэн уулзахыг хүсье.
-Баярлалаа. Цаашдаа бэлтгэлээ сайн хийж, амжилтаа давтаж, ахиулахыг хичээнэ ээ. Энэ дашрамд байнга тусалж, дэмждэг аав, ээждээ, гэр бүлийнхэндээ, багшдаа баярласнаа илэрхийлье. Мөн МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга, ерөнхий нарийн бичгийн дарга М.Бөхбат, сургалт хариуцсан захирал Б.Пагва ах нар болон клуб, багийнхандаа талархал илэрхийлье.
loading...




chi teneg mataraa zailaach
loading...
Sain bna! Oshoo ih amjilt gargaarai!
loading...
minii naiz sain bn sho! oshoo ih amjilt husiii andaaaaaa
loading...
Namaig beltgel deer alchih geed bdag yum
Odoo jin ugsuhuus
loading...
хамгийн сайн нь бгаараа за амжилт
loading...
ma nz sn bna shuu…. urgelj iim shildeg ni bgarai…. ma nz chadnaaa…. amjilt…….
loading...
za amjilt hurdan idgeerei.
loading...