loading...
Филадельфи хот спортын хувьд олонд гайхагдсан хот. Тэд Америкийн мэргэжлийн спортын дөрвөн лигт багтай цөөхөн хотуудын нэг. Энэ дөрвөн баг нь муу юу гэвэл бас тийм биш. Гэхдээ энэ хотын багийнхан аль ч спортоор нь АВАРГА гэдэг зүйлийг, АВАРГА гэдэг гуншинг хүртэлгүй бүтэн 25 жил болжээ. Хамгийн сүүлд сагсан бөмбөгийн Филадельфи 76 багийнхан 1982-1983 оны улиралд аварга болсон байна.
Түүнээс хойш энэхүү аварга гэдэг цолыг авах гэж дөрвөн баг мөн ч их хүлээсэн дээ. Энэ хугацаанд ДОЛООН ч удаа шигшээд шалгараад бүгдэд нь хожигдож байв. Тэгвэл энэ жил тэдэнд алтан боломж гарч ирсэн. Америкийн мэргэжлийн лигүүдээс улирал эхлээд хамгийн түрүүнд аварга нь тодордог MLB буюу бейсболын лигийн шигшээ тэд Тампа Бэй Рэйс багтай таарсан юм. Тэд энэ плей офф эхлээд учраа бүрээ талбай дээр нь хожиж, цуврал бүрээ тэргүүлсээр шигшээ хүрсэн. Эхний 4 тоглолтын дараагаар 3-1ээр цувралыг тэргүүлэн эхэлж, ер нь үүний дараа бүх статистик үзүүлэл, бүх баримт, дээрээс нь нутгийн үзэгчид Филличүүдийн талд ороод байсан. Тэд өнгөрсөн мягмар гарагт аварга болох байсан ч бороо орсны улмаас тэд тэмдэглэлт мөчөө хүлээхээс аргагүй болсон. Тэгвэл өнөөдөр цувралын тав дахь тоглолт Филадельфи хотын Ситизин Банк Паркад 45940 үзэгч үзсэнээр явагдаж 4-3ийн харьцаагаар Тампа Бэйн Туяанууд багийг хожсоноор тэд Филадельфи хотын үзэгчдийн 25 жилийн дараа баярлууллаа.
Хотдоо 1983 оноос хойшхи анхны аваргыг авчирснаас гадна тэд 1980 онд хамгийн сүүлд түрүүлж байсныг тооцох юм бол 28 жилийн дараа Дэлхийн Цувралын аварга болжээ.
Энэхүү цувралын Хамгийн үнэ цэнэтэй тоглогч MVP-ээр Коул Хамелз тодорсон ба тэрээр тоглолтын дараа “50 цагаар хойшилж аваргаа хүртэж байгаа ч гайхалтай байна. Бид чадлаа. Үзэгчид ч бас бидэн шиг энэхүү ялалтыг амталж байсан” гэж хэлжээ.
loading...



