Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Тэшүүр » Мөнхийн гавъяа байгуулсан Уралын охин

GD Star Rating
loading...

Б.Өлзийтогтох (2008-10-30)
Оросын нэрт тэшүүрчин Лидия Скобликова спортын ертөнцөд байгуулсан гавьяагаараа дэлхий нийтийн танил болсон нэгэн. Түүнийг шүтэн бишрэгчид нь мөсний хатан хаан хэмээн нэрлэдэг. Орос бүсгүйн мөсөн талбарт байгуулсан гавьяаг үнэлж, ОУОХ-ны ерөнхийлөгч Хуан Антонио Самаранч 1983 онд Олимпийн одонгоор шагнаж байжээ.

Домогт Скобликова 1939 оны гуравдугаар сарын 8-нд Златоуст төрсөн байна. Түүний аав ээж жирийн л хөдөлмөрчид байсан агаад таван хүүхэд өсгөж хүмүүжүүлжээ. Таван хүүхдийн гурав дахь нь Лидия Скобликова юм. Тэрбээр бага наснаасаа эцэг эхдээ тусалж ногооны талбайд ажилладаг байв. Чөлөөт цагаараа ойгоор зугаалж, харин өвөлдөө цанаар гулгана. Мөн тэрбээр өндөр уулнаас чаргаар буухдаа огт айдаггүй байв. Түүнийг гуравдугаар ангид орох жил буюу 1949 онд биеийн тамирын багш Борис Николаевич Мишин нь хөнгөн атлетик, сагсан бөмбөг, волейбол, уран гулгалт, усанд сэлэлтээр хичээллэх хүүхдүүдийг секцэнд шалгаруулж авчээ. Энэ секц бяцхан сурагчдын хувьд нэг ёсны нээлт болсон юм. Лида уран гулгалтын секцэнд орсон ч багш нь түүнийг хөнгөн атлетикаар хичээллэвэл илүү үр дүнтэй гэж үзжээ. Охин ч багшийнхаа хэлснийг дагав.

Түүний сонирхлыг татсан бас нэг спорт бол цана байв. Пионер сурагчдын дунд болдог цанын тэмцээнд охин хэд хэдэн удаа манлайлжээ. Шагналд авсан ширээний гэрлээ олон жил хадгалсан тухайгаа тэрбээр нэгэн ярилцлагадаа өгүүлсэн байдаг. Хөнгөн атлетикийн тэмцээнд ч Скобликова хэнийг ч урдаа оруулдаггүй байв. Тэрбээр 400, 800 м-т ихэвчлэн уралдана. Нэгэн удаа охин тэшүүрийн секцэнд найзтайгаа хамт очсоноор “ган хүлэг”-т дурлажээ. Тэр үед өсвөрийн тэшүүрчдийг Борис Михалович Лукин хэмээх дасгалжуулагч хичээллүүлдэг байв. Лида тэшүүрт дуртайгаа дасгалжуулагчдаа хэлж, энэ спортоор хичээллэснээр хотын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд хоёр удаа түрүүллээ. Дунд сургуулиа дүүргээд тэрбээр Челябинскийн Сурган хүмүүжүүлэх ухааны их сургуулийн биеийн тамирын ангид элсэн орсон юм.

Оюутан болоод буюу 1958 онд Свердловскт болсон ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын тэшүүрийн 1500 м-т хүрэл медаль хүртсэн нь түүнд урам хайрлажээ. Оюутан ахуйдаа тэрбээр ЗХУ-ын залуучуудын рекордыг найман удаа шинэчилсэн юм. Хоёрдугаар курст байхдаа Скобликова ЗХУ-ын шигшээ багийн гишүүн болсон. 1959 оны хоёрдугаар сард Свердловскт тэшүүрийн ДАШТ зохиогдоход орос бүсгүй 3000 м-т Финландын тамирчин, дэлхийн аварга Эви Хуттунентай хүчтэй өрсөлдсөн юм. Гэвч тэрбээр туршлагатай тамирчинг дийлээгүй билээ.

Тэрбээр ДАШТ-ий дараахан болсон Үйлдвэрчний эвлэлүүдийн спартакиадын 1500 м-т түрүүлжээ. Улмаар 1960 оны цагаан олимпод оролцох тамирчны тоонд зүй ёсоор багтсан. Олимпийн өмнөх жил олимпийн нормативыг хэд хэдэн удаа давуулан биелүүлсэн бөгөөд цагаан олимпийн өмнөх жил болсон тэшүүрийн ДАШТ-ээс мөнгөн медаль зүүсэн байна. Орос бүсгүй 1960 оны олимпоос алтан медаль хүртэх найдлагатай тамирчны тоонд төвөггүй орсон нь амжилт нь эрс өссөний илрэл байлаа. Олимпийн мөсөн замд Уралын уугуул тэшүүрчин уралдахдаа 1500, 3000 м-т түрүүлснээр ЗХУ-ын төрийн дууллыг хоёронтаа эгшиглүүлжээ. 3000 м-т дэлхийн дээд амжилтыг (5.14,3)  шинэчлэн тогтоосон юм. Олимпоос буцаж ирээд тэрбээр их сургуульдаа шамдан суралцав. Өвлийн шалгалтаа өгч амжаагүй түүнд сургуулийн захиргаа нэг жил өнжих санал тавьсан ч бүсгүй зөвшөөрсөнгүй. Анатоми, физиологийн шалгалт өгөхийн тулд эмнэлэгт дадлага хийж байжээ.

1961 оны ДАШТ-д тэрбээр олимпод үзүүлсэн шиг өндөр амжилт гаргасангүй. 500, 3000 м-т хүрэл зүүж, 1000, 1500 м-т дөрөвдүгээр байр эзлэв. Гэсэн ч тэрбээр Инсбрукийн олимпод гялалзсан билээ. Мэргэжилтнүүдийн таамаглаж байснаар “Инсбрук-64″ түүний олимп болж, дөрвөн алтан медалийг Австриас авчирчээ. Түүний өгүүлснээр хамгийн хэцүү уралдаан 500 м-т болсон аж. Томоохон тэмцээний 500 м-т тэр хэзээ ч түрүүлж байгаагүй юм. Харин олимпод оролцохдоо оновчтой тактик боловсруулсны хүчээр өрсөлдөгчдөө буулган авч чадсан. 1500 м-ийн уралдаан ч гэсэн түүний ялалтаар өндөрлөсөн. Тэрбээр энэ зайд олимпийн рекорд шинэчилсэн байна (2.22,6). 1000, 3000 м-т ч мөн л манлайлав. Скобликова тэшүүрээр хичээллэх хугацаандаа олимпоос зургаа, ДАШТ-ээс 12 алтан медаль хүртэж дэлхийн дээд амжилтыг найман удаа шинэчилсэн юм. Тэрбээр Инсбрукийн олимпийн дараа их спортоо орхижээ. Түүний нөхөр Александр Полозков ЗХУ-ын хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин.

1965 оны гуравдугаар сард Скобликова хүүгээ төрүүлсэн юм. Тэшүүрчин бүсгүй амьдралынхаа ихэнх хэсгийг эрдэм шинжилгээний ажилд зориулж 1982 онд биеийн тамир спортын чиглэлээр эрдмийн зэрэг хамгаалсан байна. Түүний нэрэмжит сургуулийг 1986 онд төрөлх хотод нь байгуулжээ.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: