loading...
Ж.БАЯРЖАРГАЛ (2008-11-03) Томаш Ванек хэмээх эр NHL-ийн “Баффало Сэйбрз” багт данстай. Зүгээр ч нэг харьяалагдах бус бүр хамгийн өндөр цалинт хоккейчин юм. Тэрбээр энэ статусаа 2007-2008 онд өргөжүүлэн NHL-ийн хамгийн өндөр цалинт тоглогчоор тодорсон. Кросби, Овечкин, Хитлигийн төвшинд хүрэх тоглолт гаргаагүй хүнд дээд амжилт тогтоох хэмжээний хөлс өгсөнийх нь төлөө “Баффало”-гийн эзнийг олон хүн буруутгасан.
Энэ шүүмжлэл өнгөрөгч улирлын турш яригдсаар 2008-2009 оны улиралд л намжлаа. Өөлөгчид ийн хүлээцтэй хандах болсонд хоёр шалтгаан бий. Нэгд, Овечкин, Хитли, Кросби нар гэрээгээ сунгаж Ванекаас илүү пүнлүү авах болсон.
Хоёрт, Томаш шинэ улирлыг тун сайн эхэлж, цалинтайгаа дүйцэх тоглолт хийх болжээ. Словак ээж, чех аавтай австри хоккейчин өөрийнхөө талаар доорх сонирхолтой ярилцлагыг ESPN-д өгчээ.
-Та Австрид амьдарч байхдаа NHL-ийн тухай мэддэг байв уу?
-NHL-ийн долоо хоногийн тоймыг аав, ахтайгаа хамт үздэг байв. Тэр үед хоккейн зурагт хуудас цуглуулж Марио Лемье, Яромир Ягрыг шүтдэг байлаа.
-Балчир үедээ АНУ-д очин өсвөрийн “Сиу Фолпс Стэмпид” багт тоглох болсон. Тэр талаараа яриач?
-14-хэн настайдаа далайн чанадыг зорьж гурван жилийн турш 20 настнуудтай мөр зэрэгцэн тоглосон. Ингэсний ачаар биеийн хүч, ур чадвараа эрс сайжруулж билээ.
-Одоо Австрид очиход тань хүмүүс хэрхэн хандаж байна?
-NCAA буюу Америкийн оюутны лигийн аварга болж, NHL-д тоглож эхэлснээр австричууд намайг сайн мэдэх болсон. Энэ нь сайхан санагддаг ч сэтгэл зовних үе гардаг. Учир нь Австрийн хэвлэлүүд өндөр шаардлага тавьдаг тул итгэж найдаж буй хүмүүсийнхээ сэтгэлийг гундаачихгүй юмсан гэж хичээж байгаа.
-Энэ улирлыг сайн эхэлж, 11 тоглолтод 11 шайб оруулаад байна. Дээрх амжилт тань юутай холбоотой вэ?
-Дасгалжуулагч Линдли Рафф надад итгэж, талбайд олон гаргаж байгаатай холбоотой. Дээр нь би өнгөрсөн жилүүдийнхээ алдааг засахыг хичээж байгаа.
-Рафф таныг NHL-ийн шилдэг тэгш тоглогчдын нэг болох нөөцтэй хэмээн үнэлсэн байна лээ?
-Дасгалжуулагч надад итгэж байна гэдэг чухал зүйл. Бусад нь ганцхан надаас л шалтгаална.
-Өнгөрсөн улиралд “Эдмонтон” баг танд 50 сая долларын хөлс амалж байсан. Гэсэн ч гэлээ та “Баффало”-доо үлдэж жилд 2013 он хүртэл дээрх хэмжээний цалин авах болсон. Энэхүү супер гэрээ танд сэтгэл зүйн дарамт болоогүй юу?
-Хэвлэлүүд мөнгө төгрөгний асуудал хөнддөг болохоос биш надад энэ огт хамаагүй. Гэвч харамсалтай нь 50 саяын гэрээнээсээ болж шаналах үе гарсан. Нэг удаа би 10 тоглолт дараалан гоол хийж чадахгүй байж билээ.
-Та өнгөрсөн улирлын хамгийн өндөр цалинт хоккейчин байсан. Энэ талаар мэргэжил нэгт нөхөд тань юу гэж хэлж байв?
-Бид энэ тухай ярилцаж байгаагүй.
-Өнөөгийн хамгийн сайн хоккейчноор хэнийг нэрлэх вэ?
-Кросби, Овечкин, Малкин, Дацюк, Зеттерберг. Ялангуяа сүүлийн хоёр хүнийг бүх талаар тэгширсэн манлай тоглогчид гэж боддог.
-Шинэ улиралд баг тань сайн тоглож байна. Энэ амжилт юутай холбоотой вэ?
-Бид бүрэлдэхүүндээ мэдэгдэхүйц өөрчлөлт хийсэн. Манай баг Крэйг Риве, Теппо Нумминен гэсэн өндөр төвшний хоёр хаалгачтай болсон нь амжилтад чухал нөлөө үзүүлж байна. Дээр нь баруун барилтай хамгаалагчтай болсноор гар нийлж тоглох тал дээр “Сэйбрз” эрс сайжирсан. Өнгөрсөн онд хамгаалалтын шугамаа дан зүүн барилтай хоккейчдоос бүрдүүлснээс болж бид сөрөг довтолгоонд шилжих тал дээр догдолсон юм.
-Улирал дууссаны дараа хаана амьдардаг вэ?
-АНУ-ын Миннеаполис хотод амьдардаг. Тэнд аюулгүй бас тав тухтай байх орчин төгс бүрдсэн. Эргэн тойрон нуур хүрээлээд л их сайхан газар шүү. Эхнэр маань тэндхийн унаган хүн болохоор бүр ч таатай санагддаг.
loading...



