loading...
Г.БАЯРСАЙХАН (2008-11-03) Хөлбөмбөгийн нэгэн шинэ улирал эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Европын лигүүд 10 орчим тоглолт хийгээд байгаа бөгөөд энэ нь багуудын өнгийг шинжих хангалттай хугацаа юм. Урьдчилан таамаглаж байсан ёсоор шилдэг багууд улсынхаа лигт өнгөлж яваа бол санаанд оромгүй “жижиг” багууд тэдэнтэй ана мана өрсөлдөж, лигийг сонирхолтой болгосон тохиолдол цөөнгүй гарлаа. Тиймээс шинэ улиралд сюрприз дэлгэсэн багуудын талаар товч сонирхуулья.
Хоффенхайм
Энэ жил Бундеслигт дэвшихээс нь өмнө тэднийг хэн ч мэддэггүй байлаа. Гэтэл нэгэн сураггүй баг гарч ирээд л Германы шилдгүүдийн толгой дээр цахиур хагалаад эхлэв. Бундеслиг эхлээд 11 тойрог өнгөрхөд “Хоффенхайм” найман хожил, нэг тэнцээ, хоёр хожигдолтойгоор лигийн тархинд давхиж явна. Ингэхдээ бусдаас хамгийн олон гоол оруулсан нь аргагүй анхаарал татлаа. 11 тоглолтод 31 гоол оруулсан (нэг тоглолтод бараг 3 гоол!) баримт нь гүн сэтгэгдэл төрүүлж байгаа биз. Ер нь тэдний тоглолтын хэв маягийг няцаагдашгүй довтолгоо гэж болно. Тэд хоёр хожигдохдоо “Байер”-т 5:2-оор, “Вердер”-т 5:4-өөр дийлджээ. Харин бусад тоглолтын ихэнхэд нь илт давуу ялалт байгуулсаар явна.
Хамгийн сонирхолтой нь “Хоффенхайм” 100 гаруй жилийн түүхэндээ хэзээ ч ийм өндөр амжилт гаргаж байгаагүй явдал. Тэд шинэ зууны эхэнд буюу 1999-2000 оны улиралд Германы тавдугаар дивизионд анхлан дэвшчээ. Улмаар хоёр улирал дараалан зиндаандаа түрүүлснээр 2001 оны эхэнд гуравдугаар дивизионд хүч үзэх эрхтэй болсон байлаа. Харин тэндээ зургаан улирал тэмцсэний эцэст 2007 онд түүхэндээ анх удаа Германы хоёрдугаар дивизионд дэвшсэн аж.
Гэхдээ доод лигээс орж ирлээ гээд балчирдсангүй, зиндаандаа хоёрдугаар байр эзэлсэн тул шууд Бундеслигт орж ирсэн юм. Ердөө жилийн өмнө хоёрдугаар дивизионд гарчихаад баярлаж байсан “Хоффенхайм”-чууд ийн дэлхийн нийтэд танил болох нь тэр. Сонирхуулахад Хоффенхайм бол Германы нэгэн жижиг тосгон. Гуравхан мянган хүн амтай тосгоноо “Хоффенхайм” баг нь олны танил болгож чадсан нь гайхалтай. Тэдний энэ амжилт дасгалжуулагч Ральф Рангниктэй салшгүй холбоотой.
Тосгоны жижиг багийг 2006 онд хүлээн авсан тэр багаа жил бүр зиндаа ахиулсаар өнөөгийн өндөрлөгт хүргэсэн юм. Мөн хоёрдугаар дивизионд дэвшсэн жилээ Боснийн Ибишевич, Сенегалын Ба гэсэн хоёр довтлогчийг авсан нь өдгөө багийн довтолгооны цөм болж байна. Олон багийн сэлгээний суудлыг элээсэн 24 настай Ибишевич шинэ улирал эхэлснээс хойш 13 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж яваа. Сүүлийн үед түүнийг сонирхох баг олширсон нь санамсаргүй хэрэг биш юм. Харин 23 настай Демба Ба зургаан гоол хийж, багийнхаа ялалтад тодорхой хувь нэмэр оруулсаар байна.
Шинэ улирлын хамгийн том сенсаацыг дэгдээсэн “Хоффенхайм”-чууд энэ давамгайллаа удаан хадгалахгүй ч байж магад. Гэхдээ л гэрлийн хурдаар Бундеслигт дэвшиж, лигийн эхний хэдэн тойрогт тэргүүлж явсан тэдний амжилт түүх болон үлдэх нь тодорхой.
Халл Сити
“Халл Сити”-гийн амжилт “Хоффенхайм”-тай бараг адил. Өөрөөр хэлбэл хэдхэн жилийн өмнө доод лигт хүч үзэж яваад гэрлийн хурдаар зиндаа ахисан юм. Тодруулбал 2003-2004 оны улиралд “Division 3” буюу Английн дээрээсээ дөрөв дэх лигт хоёрдугаар байр эзэлж, дээш өгсөх боломжтой болжээ. Дараа жил нь мөн хоёрдугаар байр эзэлсэн тул “Championship” буюу хоёрдугаар дивизионд гарч ирсэн юм.
Гэхдээ энд орж ирсэн эхний хэдэн жил дээш ахих бус, буцаад доош уруудчих гээд байлаа. 18, 21-р байр эзэлж, арайхийн зиндаандаа тогтож үлдэв. Харин өнгөрсөн улиралд тэд жинхэнэ цахиур хагалсан. Камеруны Окоча, “МЮ”-ийн Ф.Кэмпбелл зэрэг довтлогчийг авчирснаар амжилт нь эрс ахиж, дивизиондоо гуравт оров. Ингэснээр Премьер лигт дэвшихийн тулд плей-оффын тоглолтод орох эрхтэй болжээ. Энэ нь тэдний бүх үеийн түүхийн хамгийн шилдэг амжилт аж. Тэд 1909-10 оны улиралд мөн гуравт орж байсан боловч тухайн үед плей-оффын систем байгаагүй тул зиндаа ахиж чадаагүй юм.
Харин өнгөрсөн жил плей-оффын эхний шатанд “Уотфорд”-ыг 0:2, 4:1-ээр, финалд “Бристол”-ыг 1:0-ээр буулган авч, түүхэндээ анх удаа Премьер лигт дэвшсэн юм. Финалын тоглолт “Уэмбли”-д болсон бөгөөд тэд тус цэнгэлдэхэд анх удаа тоглож үзсэн нь тэр аж. Премьер лигт гарч ирээд үзүүлсэн амжилт нь ч гайхалтай. Лигийн эхний есөн тоглолтоос зургаан хожил авч, 20 оноотойгоор хүснэгтийн гуравдугаар байрт заларч байлаа.
Ялангуяа хүчирхэг “Арсенал”-ыг нутагт нь 2:1-ээр дийлсэн явдал тэдний нэр хүндийг өндөрт өргөсөн билээ. Харин сүүлийн хоёр тоглолтод “Челси”, “МЮ” гэсэн акулуудад дараалан дийлдсэнээр байр ялимгүй ухарсан. Гэхдээ л өнгөрсөн жилийн аварга “МЮ”-тай талбайд нь ширүүн тэмцэж, 4:3-аар ялагдсаныг онцлохгүй өнгөрч боломгүй. Өнгөрсөн зун “Манчестер Сити”-гээс авчирсан Жиованни тэдний гэнэтийн өндөр амжилтын салшгүй нэг хэсэг нь гэж болно.
“Сити”-д гологдсон бразил довтлогч Жиованни лигийн эхний тоглолтдоо л “Фулхэм”-ийн хаалганд гоол оруулж, тус тоглолтын шилдэг тоглогчоор тодорч байлаа. Мөн “Арсенал”-тай хийсэн тоглолтод 30 орчим метрээс гайхалтай гоол хийн багтаа ялалт бэлэглэж байв. Дараа нь “Тоттенхэм”-ийг 1:0-ээр хожиход мөн л алсын цохилтоор тус тоглолтын хожлын бөмбөгийг хийж байжээ. Өдгөө тэр есөн тоглолтод таван бөмбөг оруулсан амжилттай явна.
Юутай ч хамгийн түрүүнд зиндаа уруудна гэгдэж байсан “Халл Сити”-чүүд шинэ улирлын томхон сенсаацыг дэгдээж чадлаа. Тэд энэ янзаараа тоглоод байвал лигтээ дундаж хэмжээнд тооцогддог хэрнээ ямар ч багийг айлгадаг “Эвертон”, “Тоттенхэм”-ийн замналаар явах бүрэн боломжтой.
Наполи
Нөгөө хоёроосоо ялгаатай нь “Наполи” гайхуулах амжилт, урьдын од тоглогчдоороо алдартай. Домогт Диего Марадонагийн тоглож байсан баг гэдгээр нь хүмүүс илүү мэдэх байх. 1984 онд тухайн үедээ дэлхийн дээд амжилт болсон их мөнгө амласны хүчинд Диегог “Барса”-гаас урвуулан авч байлаа, тэд. Марадонаг тоглох ахуйд “Наполи” “Сери А”-д хоёронтаа түрүүлж, Европын шилдэг багуудын тоонд орж байв.
Гэвч энэ бүхэн өдгөө түүх болон үлджээ. “Сери В”-д л таваргаж явсан “Наполи” 2007 онд дээд лигт эргэн ирсэн юм. Тэр жил шийтгэл амссан “Ювентус” “Сери В”-г өнгөлсөн бөгөөд “Наполи” тэдний ард жагссан. Харин дээд дивизионд дэвшсэн эхний жилээ наймдугаар байр эзэлж, Интертотогийн цомд хүч үзэх эрхтэй болсон нь олныг гайхашруулж байв. Гэтэл тэр амжилт нь өнөөгийнхтэй харьцуулахад жижигхэн зүйл байжээ. Тэд шинэ улирал эхэлснээс хойш зургаан хожил, хоёр тэнцээ, ганц хожигдолтойгоор лигийн гуравдугаар байрт давхиж явна.
Ингэхдээ “Фиорентина”, “Ювентус”, “Лацио” зэрэг лигийн шилдэг багуудыг хожиж, өдгөө лигийг тэргүүлж буй “Удинезе” болон “Рома”-тай эвийн гэрээ байгуулсан байна. “Наполи”-чууд 2007 онд “Брешиа”-гаас словак довтлогч Марек Хамшек, энэ жил “Индепьенденте”-гээс аргентин эр Герман Денисийг авчирсан нь өдгөө багийнхаа довтолгооны гол ачааг үүрч байгаа. Мөн Аргентиний залуучуудын шигшээгийн довтлогч, Бээжингийн олимпод шигшээ багтайгаа түрүүлсэн Э.Лавессиг 2007 онд “Сан-Лоренцо”-гоос 6 сая еврогоор авсан нь тэдний ирээдүйг улам гэгээлэг болгосон юм.
Өдгөө “Наполи”-гийн хөгжөөн дэмжигчид Лавессиг “шинэ Марадона” хэмээн нэрлэж, шүтэн бишрэх болжээ. 23 настай энэ залуугаас “Наполи”-гийн ирээдүй хамаарах нь тодорхой. Энэ улиралд “Наполи” эхний дөрөвт ордоггүй юм аа гэхэд ноднингийн амжилтаа ахиулах зорилготой байгаа биз ээ. Мөн UEFA-гийн цомын хэсгийн тоглолтод шалгарсан тэд энэ тэмцээнд ямар ч сенсаац дэгдээж болзошгүй юм.
loading...




ene sariin 30nd Mongol-Zo urlagiin ulsiin avarga shalgaruulah temtseen bolno gej sonsson. Ene talaar delgerengui medeellej ogooch
loading...
уефа-д ороод хусуулцан Бенфика гээд том багтай таарсан даа Наполи
loading...
Hoffenhaim jinhen alj bna aa
loading...
Goyo medeelel bn . Xusnegtend medegdexgui baaxan bag ortson bsan . Gaixaad bsan ashgui todorxoi medeeleltei bolloo. Thks ! sportnewsiinxeN .
loading...