loading...
Формула-1 ийн 2008 оны улирлын ололт амжилт, бас алдаа дутагдалыг дүгнэж, энэ жил хэн ахиж, юу уруудсан бэ? гэдгийг өөрийн бодлоор дугаарлахыг оролдлоо.
Нэмэх оноотой зургаан зүйл
1.Бразилийн Гран При
2008 оны финалын төгсгөл зүрх дэлслүүлж, сэтгэл догдлуулсаар дуусав. Магадгүй ийм төгсгөл Формула-1 ийн түүхэнд дахин давтахгүй бизээ. Уралдаан үзүүштэй, сонирхолтой байснаас гадна Формула-1 ийн нэр хүндэд эергээр нөлөөлж байгаа юм.
2.Себастьян Феттель
Монцад, Торро Россогийн нэрийг өндөрт өргөж, Гран При ялсан хамгийн залуу нисгэгч болсон билээ. Тун удахгүй топ нисгэгчидтэй ана, мана үзэлцэх, ширүүн өрсөлдөгч болохоо харуулсан юм. Торро Россо энэ жил Ред Буллээс арван оноо илүү авсан байна.
3.Фернандо Алонсо
Рено 2007 оныг нийт 51 оноотой дуусгаж байсан бол энэ жил Алонсо дангаараа 61 оноо авчээ. Реногийн хөдөлгүүрийн хүчийг Феррари, Маклареныхтай харьцуулбал 40-50 морины хүчээр бага гэж тооцдог. Ингэхээр Ф.Алонсо Реног хэрхэн хөдөлгөж байсан нь харагдана. Тэр сүүлийн зургаан уралдаанд, хамгийн их (42) оноо авсан нисгэгч бөгөөд хоёр Гран При ялж, гурван удаа шагналын тавцанд гарч, сайн нисгэгч гэдгээ нотлов.
БМВ Зауберийг гуравдахь хүчээр тодруулахад Р.Кубицагийн хүчин чармайлт их үүрэгтэй байв. Өнгөрсөн жил аймшигтайгаар осолдсон Канадын Гран Прид анхныхаа ялалтыг авсан юм. 2008 онд 75 оноотой жагсаалтын дөрөвдүгээрт бичигдлээ.
5.Макларен Мерседес
Зохион бүтээгчдийн аварга болж чадаагүй ч дэлхийн аваргатай болж, машиндаа нэг дугаарыг авлаа. Л.Хэмилтоны (өөрийнх үйлдсэн алдаануудыг тооцоогүй ) машинд техникийн эвдрэл бараг гарсангүй. Макларений техникчид механик алдааг цөөн гаргажээ. Тэдний уураг тархи, удирдлагын төв нь, оновчтой зөв стратегийг хэрэгжүүлж байв. Рон Деннис, Мартин Уитмаршийн гайхалтай тактикаар Макларенийх Силверстоун, Монакод ялж байлаа.
6.Сингапурын Гран При
Анхны шөнийн уралдаан нь Формула-1 д шинэ ертөнцийг нээж, шинэ мэдрэмжийг төрүүлэв.
Хасах оноотой зургаан зүйл
1.Макс Мосли
FIA-гийн толгойлогчийн секс дуулианы тухай Английн нэгэн шар сонинд нийтлэгдэн, видео бичлэгийг нь интернэтээр цацав. Энэ явдлын дараа автомашины томоохон үйлдвэрлэгчид, мөн нилээд хэдэн улсын автоспортын холбоодоос түүнийг албан тушаалаасаа огцрохыг шаардаж байв. Макс Мосли хувийн амьдрал, нэр хүндэд нь халдсан хэмээн уг сонинг шүүхэд өгөөд, ялсан юм. Гэхдээ урьдын сайн нэр хүндээ эргүүлэн олохоо өнгөрсөн гэдэг.
2.Феррари
Феррари 10 жилийн дотор найман удаа аваргын титэм хүртэж чадав. Гэвч тэдний гаргасан алдаа, техникийн эвдрэл нь даанч олон байлаа.
3.Кими Райконен
Дэлхийн аварга цолоо хамгаалж чадсангүй. Заримдаа хайнга ,тоомжиргүй алдаануудыг хийсээр л байна. Ирэх улиралд аваргын төлөө хүчээ дайчилна гэж ам гарсан байгаа.
4.Хейкки Ковалайнен
Түүнийг Макларенд ирснээр амжилт гаргана гэж олон хүн итгэж байсан байх. Од муутай байлаа. 53 оноогоор жагсаалтын долдугаарт бичигдэв. Л.Хэмилтоны сүүдэрт өнгөрүүлсэн эхний жил нь хүлээж байсан хэмжээнд хүрсэнгүй. Хүнд ослоос бэртэлгүй гарсан нь азтай .
5.Магни Кур
Магни Курт автоспортын анхны Гран При зохиогдож байсан гэдэг. Олон жилийн уламжлалтай тойрог зам Формула -1 ийн хуанлигаас хасагдсан нь тун харамсалтай.
6.Супер Агури
Далайн хүчтэй давалгаа хөлөг онгоцных нь далбаа, шургааг нь эвдэж хаясантай адил гамшиг энэ багт тохиолдсон юм. 2008 онд дөрвөн уралдаанд оролцсоны дараа гол хөрөнгө оруулагчийн мөнгө, санхүүгийн бэрхшээлээс болж аргагүйн эрхэнд дампуурлаа зарласан билээ.
2008 онд Формула -1 ийн улирал 11 баг, 22 нисгэгчтэй гараагаа хийж, нэг баг, хоёр нисгэгч замын дундаас саллаа. Долоон өөр нисгэгч Гран Пригийн ялагч болж, шинэ дэлхийн аварга төрөв. Энэ жил машинуудад электрон дэмжлэг буюу зүтгүүр, жолоодлогын хяналтгүй уралдсан болохоор нисгэгч нарт бэрхшээлтэй байсныг бүгд анзаарсан байхаа. Гэхдээ техникийн эвдрэл, ослоос болж уралдаанаас гарсан тоо өмнөх жилээс цөөрсөн, дундаж багуудын оноонд бага зэрэг ахиц гарчээ. Форсо Индиагийн А.Сутил уралдааныг хамгийн олон (11) удаа цагаасаа өмнө дуусгасан бол, БМВ Зауберийн Н.Хайдфелд бүх гараанд барианы шугамыг давж чаджээ.Түүхийн хуудас эргүүлсээр энэ жил бас нэгэн амжилт байгааг олж мэдэв.1950 оноос хойшхи Формула-1 ийн түүхэнд нэг улиралд 14 нисгэгч арваас дээш оноо авсан түүх байгаагүй ажээ. (Рубенс Барикелло 11 оноотой 14 -р байранд оров) Л.Хэмилтон хамгийн их (98) оноог авч, Ж.Баттон хамгийн бага (3)оноотой хүснэгтийн 18 д бичигдлээ.
FIA-гийн байцаагч нар энэ улиралд нилээд ширүүн байсныг дурьдах хэрэгтэй. Нисгэгчдийн дийлэнх нь, байцаагчийн албанд хуучин уралдааны жолоочдоос томилох саналыг дэмжиж байв. Формула-1 ийн хуучин нисгэгчид болон мэргэжилтнүүд, оноож байсан зарим торгуулийг хатуу шүүмжилсэн юм.
Формула-1 д алба хашигчид зөвхөн FIA болон бусад эрх баригчдад хувь заяагаа даатгахыг хүссэнгүй. 2008 оны 7сарын 29 нд Формула-1 багууд FOTA ( Formula One Teams Association ) эвслийг байгуулснаар дүрмийн өөрчлөлт, санхүүгийн бодлогод өөрсдийн саналаа тусгах боломжтой болжээ.
loading...




