loading...
Хэн түрүүлэх вэ гэсэн асуулт башё бүрийн эхэнд эн тэргүүнд тавигддаг бол Кюүшюү башёд Ама озэки болж чадах уу гэдэг нь ярианы гол сэдэв болж байна. Хэдийнэ арслангийн энтэй барилдаан үзүүлж эхэлсэн тэрбээр энэ башёд 11-12 ялахад л цол ахих юм. Цолны болзол сонсохоороо бөхчүүд биеэ барьж, бүрэн хүчээ дайчилж чадахаа больдог тал бий.
Сүмогийн холбооны тэргүүн Мусашигава ояката энэ талаар “Озэки цолны болзлыг биелүүлсэн ч тэр эрэмбийн хэмжээний дайчин, сайхан барилдаан үзүүлээгүй бол цол ахиулахгүй байж болдог. Харин Амагийн хувьд энэ тал дээр хэдийнэ цолны болзлыг хангасан. Одоо түүнд давааны тоогоо гүйцээхэд л хангалттай” хэмээн өндөр үнэлгээ өгчээ.
Башёгийн эхний өдөр Ама өөрийн хамгийн эвгүй өрсөлдөгч Котошёогикүтэй таарсан. Урьд нь тэд 18 удаа таарахад Ама тавд нь л ялж байв. Хэдий ялалтын харьцаа ийм хол зөрүүтэй ч Котошёогикү бяраар аагласандаа биш, барилдааны явцад ялимгүй аз таарснаар арай илүү давсан билээ. Энэ удаа Ама түүнээс ур чадвараар хол тасарсан гэдгээ харуулж, гурван ч удаа давлаа. Гарцаагүй ялалтын барьц авахад нь Аки башёгоос эхлэн мөрдөж буй тачиаи хийхдээ хоёр гараа заавал дэвжээнд хүргэнэ гэсэн дүрмийн дагуу шүүгчид зогсоогоод байв.
Таван удаа тулсны эцэст барилдаан үргэлжлэхэд Ама барьцны хувьд дутуу болсон ч дэвжээний захад мухар тонгороод ялсан. Энэ барилдаанд дээрх дүрмийг ягштал баримтлахыг хичээсэн шүүгчид бусад үед нэг гараа тулж, нөгөө гараа өвдгөн тус газраа барин боссон олон тохиолдлыг “харалгүй” өнгөрсөн нь гайхмаар. Тухайлбал, Котомицүки яг ийм байдлаар Гоэйдог ялсан.
Гурав дахь башёдоо дараалан түрүүлэх зорилготой ёкозүна Хакүхо комүсүби цолоо эргүүлэн авсан Аминишикид хөмрүүлээд шороотой хутгалдлаа. Түүний хувьд өнгөрсөн жилийн сүүлийн хоёр тэмцээнд эхний өдөр унасан ч түрүүлж байв.
Энэ башёгийн өмнө олны анхаарлын төвд байсан нэгэн асуудал бол Асашёорюү аварга башёд зодоглох эсэх байсан. Харин ёкозүна энэ сарын 5-нд Японд очоод тэр өдөртөө башёг өнжих хүсэлтээ хобоонд өргөн барьжээ. Хэдий тийм ч тэр өглөөний бэлтгэлд оролцоод эхэлсэн байна. Зүүн тохойны гэмтэл нь бүрэн илааршаагүй гэж байгаа ч цүриотоши гэх мэт хүч, бяр шаардсан мэх хийж, эр бяраа харуулж буйг нь Японы хэвлэлүүд онцолжээ.
Гэсэн атлаа аваргыг үргэлжлүүлээд Хацү башёг ч өнжинө гэсэн мэдээг тараах болов. Мөн Холбооны зүгээс, албаны хүний амнаас ямар нэгэн мэдэгдэл гараагүй байхад арлын орны сонин, хэвлэлүүд “Асашёорюү нэгдүгээр сарын тэмцээнд зодог тайлах эсэхээ шийднэ” гэсэн ор үндэсгүй мэдээг нийтлэж, олон нийтэд сөрөг ойлголт өгөхийг хичээж буй мэт аяглах болов. Аваргын багш Такасаго ояката “Асашёорюү Хацү башёг өнжихгүй. Тэр есдүгээр сард уналтын үе нь таарсан. Одоо өнгө орж, бие нь сайжирч байна. Өвлийн тойргийн барилдаанд оролцохоо ч амласан” хэмээжээ.
Ёкозүна Асашоёрюү гурван башё дараалан барилдаагүй нь энэ бөгөөд эхний өдрөөс дэвжээнд гараагүй (2007 оны IX, XI сар тэмцээний торгуулийг оруулаагүй) анхны тохиолдол нь болж байна. Гэхдээ энэ бол тийм ч ноцтой үзүүлэлт биш юм. 1968 оны Аки башёгоос гурван тэмцээн дараалан өнжөөд эргэн ирснийхээ дараа домогт Тайхо аварга дараалан гурван удаа уналгүй түрүүлсэн (45-0) түүх бий. Асашёорюүгийн хувьд уналгүй биш юм гэхэд дахин хэд түрүүлж чадах арангатай аварга билээ.
Кюүшюү башёгийн нэг онцлог нь сүмогийн үзэгчдийн уламжлал болсон үзэгдэл олбогоо шидэх явдлыг таслаан зогсоох тухай юм. Том цолтнууд унасан барилдаануудад ихэвчлэн гардаг уг үйлдлийг энэ тэмцээний үеэр хийвэл цагдаагийн байгууллагад саатуулах хүртэл арга хэмжээ авахаа сануулаад байна. Урьд нь нэг олбог дээр хоёр хүн суудаг байсан бол одоо дөрвөн хүний дунд нэг олбог өгөх болжээ. Олбог томорсны хэрээр жин нь ч нэмэгдэж, шидсэн тохиолдолд бөхчүүд гэлтгүй урдуур суусан үзэгчдийн биед гэмтэл учруулах магадлалтай болсноос ийн хатуу анхааруулга өгөх болсон аж.
loading...



