loading...
Иорданис Аренсибиа Вердечиа
1980 оны нэгдүгээр сарын 24-нд Кубын Лас-Тунас хотод төрсөн. Биеийн өндөр 168 см, жин 68 кг. 66 кг-ийн жинд барилддаг.
Амжилт
Олимпийн наадам
2 хүрэл (2004, 2008)
ДАШТ
1 мөнгө (2007), 3 хүрэл (1999, 2001, 2003)
Залуучуудын ДАШТ
1 алт (1998)
Пан-Америкийн АШТ, наадам
5 алт (2002, 2003, 2006-2008)
3 мөнгө (1998, 2001, 2004)
2 хүрэл (1999, 2007)
Дэлхийн болон Супер дэлхийн цомын цувралаас 7 алт, 4 мөнгө, 14 хүрэл медаль авсан.
Кубын жүдочид хэзээнээсээ хүчтэй өрсөлдөгчид тооцогдож, жин бүрт медаль авах гол хүнээр тамирчид нь нэрлэгдэж ирсэн. Ялангуяа “бүдүүн Роналдогийн бүжигчин охид” гэж алдаршсан эмэгтэйчүүдийн баг нь бүх жинд медальтай буцахад гайхахааргүй жигд бүрэлдэхүүнтэй. Олимпийн дөрөв, дэлхийн долоон медальт Дриулис Гонзалес, ДАШТ-ий алт, мөнгө, “Бээжин-2008” олимпийн мөнгөн медальт Янет Бермой гээд шигшээ багийн гишүүдээс нь олимп, ДАШТ-ий медальгүй хүн бараг үгүй.
Кубын эрчүүд мөн л дэлхийд хүчтэйд тооцогдох ч бүсгүйчүүдийнхээ дэргэд ёстой “ичмээр” амжилттай. Харин тэдэн дундаа дориун нэгэн байдаг нь Иорданис Аренсибиа Вердечиа юм. Түүний хувьд оролцсон тэмцээнээсээ ганзага хоосон буцсан нь хуруу дарам цөөн. Хэдий том тэмцээнээс тогтмол медаль зүүдэг ч тэдгээрт нь алтлаг, мөнгөлөг нь харин хуруу дарахаар. Амжилтыг товчооныг нь харахад олимпийн хошой, ДАШТ-ий гурван хүрэлтэй. 2007 онд ганц удаа “дассан”-аасаа өөр өнгийн медаль авч үзсэн.
1980 оны нэгдүгээр сарын 24-нд Кубын Лас-Тунас хотод төрсөн тэрбээр 1998 оныг хүртэл дотоодын болон бүсийн тэмцээнээс хэтэрдэггүй байжээ. Харин 1998 оны эхээр Эрх чөлөөний арлынхны “хаврын тойрон аялал” хийх багт багтаж, ертөнцтэй танилцаж, нүд тайлсан байна. Европ дахь анхны тэмцээн нь Парисын “А” зэрэглэлийн ОУТ (одоо Супер дэлхийн цом гэх болсон) байв. ДАШТ-ий дайтай болдог энэ тэмцээнд VII байр эзэлсэн Аренсибиа долоо хоногийн дараа Австрийн Лундингэд анх удаа медалийн төлөө өрсөлдөөд ялагдсан бол Мюнхений ОУТ-ээс хүрэл медаль зүүсэн. Тэр жилдээ залуучуудын дэлхийн аварга болж, Пан-Америкийн АШТ-д дэд байр эзлэн ирээдүйтэй хэмээн үнэлэгдсэн тэрбээр харамсалтай нь өнөөг хүртэл олимп, дэлхийн дэвжээнээс алтын бараа хараагүй явна.
Анх 1999 онд Английн Бирмингемд болсон ДАШТ-д оролцож Азербайжаны Чахин Арзуманов, Ираны Араш Миресмаэли нарын шилдгүүдийг буулгаж авсан ч Венесуэлын Людвинг Ортист хожигдчихжээ. Азаар нөгөөх нь группийн аварга болсноор куба эрд дагах боломж гарч улмаар анхны хүрэлдээ хүрч байв. Ингэхдээ хүрлийн өмнөх барилдаанд манай шилдэг жүдочдын нэг П.Нямлхагвыг буулгаж авсан. 2001 онд Мюнхены ДАШТ-д бас л Португалын Жоао Пена, Туркийн Хусейн Озкан, Голландын Брайан ван Дийк нарын жингийн шилдгүүдээ хожин хагас шигшээд шалгарчихаад Украины Муса Настуев гэгч тооцоогүй нөхөрт “тоосоо гөвүүлээд” хоёр дахь хүрэл дээрээ бууж байлаа.
2003 онд Осакагийн ДАШТ-ий гурадугаар тойрогт ОХУ-ын Магомед Жафаровт дийлдээд медалийнхаа өнгийг өөрчлөх хөг нь өнгөрсөн. Дагах барилдаанд өмнөх ДАШТ-д өвдөглүүлсэн Озкан, Пена нарыг дахин ялж гурав дахь хүрлээ хүртсэн түүхтэй.
Өнгөрсөн жил Рио-де-Жанейрод болсон ДАШТ-д тэр ид хавтай, аваргын энтэй барилдсан. Эхний гурван учраагаа гарын “үзүүрээр” ялсан тэрбээр группийн аваргын төлөө Унгарын Миклош Унгвари, зооны финалд Ираны Араш Миресмаэлиг тус тус хожсон. Алтан медалийн төлөө барилдаанд эзэн орны бөх Жоао Дерлиг гарцаагүй цэвэр буулгасан ч шүүгч үнэлгээг нь өгөлгүй, илт нөгөө талыг дэмжсээр ялагдуулж байв. Том тэмцээнд цорын ганц удаа аваргын төлөө өрсөлдөөд ялагдсан нь энэ юм. Аренсибиа “Сидней-2000″ олимпийн наадам, “Каир-2005″ ДАШТ-ээс л медальгүй буцаж байв. Австралид эхний тойрогт Гүржийн Георгий Вазагашвилид хожигдоод тэмцээнээ дуусгасан бол Египетэд гурав ялаад Бразилийн Жоао Дерли, Унгарын Миклош Унгвари нарт дийлдэн есдүгээр байрт шалгарч байжээ.
Өнгөрөгч олимпийн наадамд “хүрэлжсэн” куба жүдоч маань аваргаа хамгаалах учиртай Үчишибад хагас шигшээд ялагдан, ОХУ-ын Алим Гадановыг хожоод ээлжит хүрэл медалиа хүртсэн.
loading...



