loading...
Шанхайд зохион явагдаж байгаа талбайн теннисний эрэгтэйчүүдийн оны шувтаргын тэмцээн АТР-Мастерс-Кап-ын хоёр дахь өдөр анхны дуулиант үйл явдал боллоо. Улаан хэсэгт өрсөлдөж байгаа 21-р зуунд теннисний ертөнцөд тасралтгүй шахам ноёлсон Рожер Федерер Францын залуу теннисчин Жиль Симон-ыг ялж чадсангүй. Гэмтлийн улмаас Шанхайд хүрэлцэн ирээгүй Надалийн эзгүйд дэлхийн чансаанд 2-т бичигдэж байгаа Швейцарын теннисчин тэмцээнд түрүүлэх магадлалтай тамирчдын жагсаалтыг тэргүүлж байсан. Мастерс-ийн цомд 4 удаа түрүүлэхдээ сүүлийн хоёрт нь нэг ч хожигдож байгаагүй Федерер энэ удаад гараагаа амжилтгүй хийлээ. Тэрээр Надалийн оронд тэмцээнд оролцож байгаа 23 настай Францын теннисчний эсрэг эхний үед 6-4-өөр ялалт байгуулсан хэдий цаашид санаачлагыг гараасаа алдсан байна. Дараагийн сет-д Симон өрсөлдөгчийнхөө давуулалтыг хоёр удаа талдаа шийдэж, хариуд нь ганцхан брейк хийх боломж олгосноор 6-4-ийн харьцаатай хожлоо. Шийдвэрлэх үед Францын теннисчин Федерерийн 3 брейк-пойнтыг хамгаалж, харин өөрөө нэгийг ашиглаж чадсанаар 2 цаг 7 мин үргэлжилсэн тулаанд нэр алдар туршлагаар илт давуу өрсөлдөгчөө энэ онд хоёр тоглож хоёр дахь удаагаа буулган авсан байна. Дэлхийн чансааг 280 гаруй долоо хоног тэргүүлж байсан Швейцарын алдарт теннисчин энэ хожигдсоныхоо дараа өрсөлдөгчдөө баяр хүргэж, энэ өдөр Симон үнэхээр илүү байсан, харин түүнд бага зэрэг дадлага дутагдсан, одоо түүнд алдах боломж байхгүй гэж ярьжээ.
Энэ хэсгийн хоёр дахь тоглолтонд талбайн теннисний шинэ, залуу үеийн төлөөлөгч Энди Мюррей өөрөөсөө 5 ах Энди Роддикийн эсрэг ялалт байгууллаа. Дэлхийн №4 Их Британийн теннисчин Роддиктой нийт 6 тоглож, 4-т нь хожоод байсан. Энэ удаад тэрээр эхний үед 6-4-ийн харьцаатай өрсөлдөгчөө буулган авсан ч дараагийн сет-д нэг үе дэлхийн чансааг тэргүүлж байсан Америкийн теннисчин хариуг нь барьсан байна. Роддик өөрийн гол зэвсэг хүчтэй давуулалтаа ашиглан, энэ үед Мюррей-д ганцхан оноо авах боломж олголоо. Шийдвэрлэх үед 21 настай Шотландын залуу од биеэ дайчилж чадсанаар 6-1-ээр хожиж, улирлын 56 дахь ялалтаа байгуулсан байна. Дараагийн тойрогт тэрээр Симонтой учраа таарсан бөгөөд энэ тоглолтын ялагч хагас шигшээд өрсөлдөх болзлыг хангана. Харин Федерер, Роддик нарт заавал хожиж байж энэ боломжоо хадгалж үлдэх болоод байна.
loading...



