loading...
Г.БАЯРСАЙХАН Эмэгтэй чөлөөт бөх манай улсад хөгжөөд арван жил ч хүрээгүй байна. Гэхдээ ахархан энэ хугацаанд амжилт, ялалтын хур чамгүй арвин байгаа. Манай бүсгүйчүүд хоёр ч олимпод зодоглоод үзсэний дээр ДАШТ-ээс гурван медаль хүртээд буй. Мөн Азийн наадам, Азийн АШТ, оюутны ДАШТ гээд том тэмцээнээс авсан медалийг үүн дээр нэмбэл энэ төрөл манай улсад хөгжих бүрэн боломжтой нь харагдана. Эмэгтэй бөхчүүдийн дээрх амжилтад олон хүний хүч хөдөлмөр шингэсэн нь ойлгомжтой.
Гэхдээ энэ дундаас Т.Сүхбаатар багшийн гавьяа илүү жин дардаг билээ. Анх “Замчин” клубт дасгалжуулагч байхдаа бэлдсэн шавь нар нь өдгөө шигшээ багийн гол цөмийг бүрдүүлэх болсон юм. Түүний бэлдсэн шавь нараас заримыг нь дурдвал, Ц.Энхжаргал, О.Насанбурмаа, О.Бурмаа, О.Мягмарсүрэн, Д.Баасанжаргал зэрэг шилдгүүдээс гадна одоо шигшээ багт данстай болсон, цаашид амжилт гаргах ирээдүйтэй Ч.Нарангарав, Ц.Одмаа, Б.Оюунсүрэн гээд олон хүн байна.
Харамсалтай нь Т.Сүхбаатар зэрэг олон сайн дасгалжуулагч өнгөрсөн олимпийн багийн бүрэлдэхүүнд багтаж чадаагүй. Үүний үр дүнд манай гурван бөх олимпод нэг ч ялалт байгуулсангүй. Энэ бүхэнд Сүхээ багш ихээхэн харамсаж, эмзэглэж явдаг аж. Хийсэн ажил, хэлэх үгтэй түүний юу бодож, юу хүсч явдгийг нь сонирхож ярилцсан юм. Манай чөлөөт бөх сүүлийн үед амжилт тааруухан байгаа ч зөв ажиллаж чадвал эргээд хурдан сэргэх боломжтой гэдгийг тэр хэлж байлаа.
Манай бөхчүүд олимпод тааруухан оролцоно гэдгийг мэдэж байсан
Өнгөрсөн олимпод манай гурван эмэгтэй эрхээ авч орсон хэдий ч сайн барилдаж чадсангүй. Би олимпоос өмнө манай бөхчүүд тааруухан барилдах нь гэсэн дүгнэлт хийгээд байсан. Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Манайхан сүүлийн хоёр жил дотооддоо маш бага бэлтгэл хийлээ. Юм л бол гадагшаа гараад явчихна. Гадны сайн бөхчүүдтэй хамтарсан бэлтгэл хийх уг нь сайн л даа. Гэвч хамтарсан бэлтгэл хийх улсаа буруу сонгосон. Турк, Болгар л гэж байна. Тэнд эрчүүд нь л гэхээс биш эмэгтэй бөх сайн хөгжөөгүй шүү дээ. Мөн олимп эхлэхээс өмнөхөн Японд бэлтгэл хийлээ.
Дөрвөн жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэх гэж байгаа тэр бөхчүүд олимпийн өмнө нарийн ширийн бүхнээ дэлгэхгүй нь тодорхой. Мөн сүүлийн хоёр жил шигшээгийн бэлтгэлд тамирчдын үндсэн багш нарыг огт оролцуулаагүй. Гараасаа улсын аварга тамирчин төрүүлж үээгүй багш нар л сая олимпод тамирчдаа авч орлоо. Ийм нөхцөлд амжилт горьдоод нэмэргүй байсан юм. Дасгалжуулагч нарыг сонгохдоо онолын мэдлэгээс гадна ажлын үр дүн, шавь нарынх нь амжилтыг харгалзан үздэг байвал зүгээр санагддаг. Нэг хэсэг эмэгтэй бөхчүүдийн амжилт эрчүүдийнхээсээ илүү байсан. Харин одоо эргээд муудчихлаа.
Гэхдээ амжилт гаргах боломж байна
Олимпоос хойш шигшээгийн бөхчүүдтэйгээ сар гаруй ажиллаж үзлээ. Амжилт дорхноо л гараад ирсэн. ДАШТ-д л гэхэд гурван бөх медалийн төлөө барилдаж, нэг нь хүрэл медаль зүүлээ. Гэхдээ энэ бол миний сайных биш юм. Олимпоос хойш бүх багш нар хамтарч, эв нэгдэлтэй ажилласны дүнд энэ амжилт ирсэн. Анхнаас нь авч явсан дасгалжуулагч л тамирчнаа яаж бэлдэх вэ гэдгийг мэднэ шүү дээ. Одоо эмэгтэй бөхөөр Америк, Канад, Хятад, Япон зэрэг цөөн хэдэн орон л толгой цохиж байна. Эд нар манайхыг эмэгтэй бөхийг барилдуулна гэсэн ойлголтгүй байхад хөгжүүлээд эхэлчихсэн юм. Тиймээс биднээс нэг алхмын урд яваад байгаа. Энэ тасарчихсан орнуудыг араас нь гүйцнэ гэдэг том асуудал.
Гэхдээ боломжгүй зүйл биш. Сая олимп эхлэхээс өмнө төр засгаас их дэмжлээ. Сүүлийн хоёр жилийнх шигээ анхаараад өгвөл манай хэд дорхноо л гараад ирнэ. Чөлөөт бөх чинь эр зоригийн спорт. Тийм ч учраас монгол эмэгтэйчүүдэд зохицсон байдаг. Үүн дээр зөв бэлтгэл хийлгээд, суурийг нь зөв тавиад өгвөл сайн тамирчин төрөх бүрэн магадлалтай. Одоо манайд өрсөлдөгч дутагдалтай байна.
Ялангуяа олимпоос хойш бүгд жүдо, бокс гээд чөлөөт бөхийг тоохоо болилоо. Уг нь олон клуб, секц дугуйлан хичээллүүлмээр байгаа юм. Гэхдээ л ийм цөөхөн тамирчинтай хэрнээ тив, дэлхийгээс медаль аваад байгаа нь нөөц байгааг харуулж буй хэрэг. Одоо дэлхийн медальтай гурван эмэгтэй бөхтэй болчихлоо. Тэднийг залгаад гарч ирэх авьяаслаг хүүхдүүд олон байгаа. “Хангарьд”-ын С.Нарангэрэл, Б.Даваасүрэн, Дарханы Д.Отгонцэцэг, “Алдар”-ын Э.Цэвэгмид болон Б.Оюунсүрэн нарыг би юм дуулгах болов уу гэж хардаг.
Эхэлсэн ажлынхаа үр дүнг нь үзэхээр хоргодоод байна
Эмэгтэй хүн бөхөөр хичээллэвэл бие нь эвдрээд муухай болчихно гэсэн ойлголт олны дунд байдаг. Гэхдээ энэ ойлголт буруу юм. Бөхөөр зөв хичээллэсэн хүний бие хэзээ ч эвдрэхгүй, харин ч хурд хүч, овсгоо самбаа, зорилготой болно. Спортод олон сайхан чанар бий шүү. Дээр нь богино хугацаанд амжилт гаргах боломжтой.
Нуулгүй хэлэхэд 2004 оноос хойш олон улс намайг дасгалжуулагчаар ажиллаач гэж урьсан. Үүнийг сонсоод зарим нь намайг онгироо амьтан гэж бодож магадгүй. Гэхдээ би энэ саналуудыг хүлээж аваагүй. Нэгэнт эхэлсэн ажлаа дуусгаж, үр дүнг нь үзэхийн төлөө хоргодоод байгаа юм. Миний шавь нар бүх л тэмцээнээс медаль зүүж үзлээ. Ганцхан олимпоос л авч чадаагүй. Хэрвээ аль нэг шавь маань олимпоос медаль авчихвал энэ яваа насны минь хүсэл мөрөөдөл биелэх нь тэр. Гэхдээ шигшээ баг сүүлийн хоёр жил шиг ажиллаад, тамирчдын амжилтыг доош нь татаад байвал сайхан зүйл хүлээгээд яахав. Тэрний оронд уриад байгаа газарт нь ажиллаад үздэг ч юм бил үү гэж бодогдох юм.
Хар PR яваад эхэлчихэж
Сая Японд болсон ДАШТ-д гайгүй амжилттай оролцоод ирсний дараа миний эсрэг хар PR яваад эхэлчихэж. Бодвол энэ хүн эргээд шигшээд ороод ирнэ гэж айсан юм байлгүй. Японд байхдаа хулгай хийж байгаад баригдсан хэмээн шар хэвлэлүүдээр бичсэн байна лээ. Би энийг захиалгатай зүйл гэж үзэж байгаа. Би ч яахав, энэ байтугай зүйл сонсож байсан болохоор тоохоо байчихаж.
Гэтэл цаана нь иймэрхүү яриа гэр бүлийнхэнд маань хүндээр тусаад байна. Мөн чөлөөт бөхийн хамт олны ч нэр хүнд унаж байгаа. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргино гэдэг биз дээ. Бусдын хийсэн алдааг над руу чихэх гээд байгаад нь харамсаж байна. Гэхдээ одоо манай улсад чөлөөт бөхийн том тэмцээн болох гэж байгаа болохоор би хэрүүл, шуугиан дэгдээмээргүй байгаа юм.
loading...




ter stuu yaria bashuugiin ajil… nuguu l mongolyn tamun togoony ulger
loading...
Suxeegees daxij oligtoi shavi toroxgui shuu,arxi xuuxen 2-t tolgoigoo meduulsen, gavityat bolox don shugelsen,ter shagnalii ni good zailuulbal taarna.
loading...
ih shan yariltslaga bnaa tanii shawi nariin chin dundaas delhiid neree duursgah tamirchin turuh boltugai
loading...